Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 1140

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2020/01140

Улаанбаатар хот


 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяангүний гудамж, 6 дугаар байрны 301 тоотод байрлах “ГКБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

       Хариуцагч Баянгол дүүрэг,  дугаар хороолол, дугаар хороо, дугаар байрны  тоотод оршин суух Довогт О И

 

            Хариуцагч Баянгол дүүрэг,  дугаар хороолол, дугаар хороо,  дугаар байрны  тоотод оршин суух Б овогт  Ү нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 46.555.757 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

     

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батгарьд, хариуцагч болон хариуцагч Г.Үы итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И, хариуцагчийн өмгөөлөгч Б.Шихихутаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

        

Нэхэмжлэгч “ГКБ” ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батгарьд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.Ү, О.И нар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ЗГ1702/04, ҮБГ1702/04 дугаартай “Зээл болон Барьцааны гэрээ” байгуулж, 25.000.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, О.Игийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205063421 дугаартай, Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 9 дүгээр хороо, 44 дүгээр байрны 57 тоот хаягт байрлалтай, 43.31 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл авсан.

 Мөн зээлдэгч нарын хүсэлтээр 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ҮГН1802/08 дугаартай “Зээлийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулан, хугацааг 12 сараар сунгасан.

Гэвч зээлдэгч нар гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул манай байгууллагаас холбогдох шаардлагыг амаар, бичгээр өгч, эвлэрүүлэн зуучлалд хандахад хариуцагч нар ирээгүй.

Ингэээд гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлд 24.978.405 төгрөг, хүү 19.096.155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.471.197 төгрөг, нотариатын зардал 10.000 төгрөг нийт 46.555.757 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

       

        Хариуцагч болон хариуцагч Г.Үы итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Миний хувьд гомдолтой байгаа. Би “ГКБ” ХХК-иас өмнө нь олон удаа зээл авч, эргэн төлж, найдвартай зээлдэгч байсан.

        Гэтэл миний зардаг тоолуур шиг тоолуурыг хятадын иргэн баталгаагүйгээр оруулж ирээд, хямд үнээр зарснаас болж бизнес маань давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүнд байдалд ороод зээлээ төлж чадахгүйд хүрч, цагдаа, прокурор хуулийн шүүхийн байгууллагаар явж байна.

        25.000.000 төгрөгийн зээл авсан явдалд маргахгүй. Гагцхүү энэ авсан зээл маань сарын 4 хувь, жилийн 48 хувийн хэт өндөр хүүтэй зээл юм.

       Иймээс хэрэгт баримтаар өгсөн банкнуудын байр барьцаалсан зээлийн хүү хэд байдгийг харьцуулахаар шторк өгсөн байгаа тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг 2-3 хувийн хүүгээр тооцон багасгаж өгөхийг шүүхээс хүсье.

        Би зээлэнд нийт 22.693.681 төгрөгийг төлмөөр байна. Байр барьцаалсан гэрээний тухайд үнэтэй байраа хямд өгмөөргүй байна гэжээ.

        ҮНДЭСЛЭХ нь:

 

       Нэхэмжлэгч “ГКБ” ХХК, хариуцагч Г.Ү, О.И нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 46.555.757 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

  

      Хариуцагч нар зээлийн хүү сарын 4 хувь, жилийн 48 хувийн өндөр хүүтэй байгааг зөвшөөрөхгүй мөн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс болоод зээлээ хугацаандаа төлж чадаагүй тул зээлэнд 22.693.681 төгрөгийг төлнө гэж маргаж байна.

       

         Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

      

         Хариуцагч нар “ГКБ” ХХК-иас 25.000.000 төгрөгийг, жилийн 48 хувийн хүүтэй, сарын 4 хувийн хүүтэй, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, ЗГ17/02/04, ҮБГ17/02/04 дугаартай “Зээл болон Барьцааны гэрээ” байгуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 9 дүгээр хороо, 44 дүгээр байрны 57 тоот хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205063421 дугаартай, 43.31 метр квадрат талбайтай, нэг өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, талуудын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

 

        Улмаар зээлдэгч нар зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г байгуулж, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 24.978.405 төгрөгийн үлдэгдэлтэйгээр 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл гэрээг сунгаж байгуулсан талаар хэн аль нь маргахгүй байна.

     

         Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасанчлан “Барьцааны гэрээ” бичгээр байгуулагдаж, Улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрхтэй.

     

         Хэрэгт авагдсан баримтаар, тус банк бус санхүүгийн байгуулага зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь хавтас хэргийн 5-6 хуудсанд авагдсан 0000097254 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 1/450 дугаартай “Тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээгээр батлагдаж байна.

 

         Иймээс Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу хариуцагч нар 25.000.000 төгрөгийг авсан болон зээлийг эргэн төлөх талаар маргаагүй бөгөөд харин зээлийн хүү төлөхөд маргаж, зээлийн гэрээний салшгүй хэсэг зээл төлөлтийн хуваарийг зөрчиж, төлбөрөө төлөөгүй нь тогтоогдсон тул зээлээ төлөх үүрэгтэй.

 

         Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч О.Иы “зээл төлөх хугацаагаа хэтрүүлсэн нь давагдашгүй хүчин зүйл буюу зээлийн хүү хэт өндөр байна” гэх тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаас харахад үл хөдлөх хөрөнгөө барьцаалан банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээний хүүгийн хэмжээ сарын 4 хувь байгаа нь зээлдэгч нарын эрх ашигт илт хохиролтой байна гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдоогүй тул шүүх уг заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна.

 

        Шүүх хариуцагч нарын зээлийн тооцоололыг бодоход:

     

      25.000.000 төгрөгийн жилийн хүү 48 хувь, сарын хүү 4 хувь байна.

      25.000.000 төгрөг х 4 хувь = 1.000.000 төгрөг / нэг сарын хүү/

      1.000.000 төгрөг х 12 сар =12.000.000 төгрөг /нэг жилийн хүү/

      25.000.000 төгрөг /үндсэн зээл/ + 12.000.000 төгрөг / нэг жилийн хүү/ = 37.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх гэрээнд төлөхөөр байна.

      Дээрх төлбөрөөс талуудын тайлбар, зээл төлөлтийн хуваариар үндсэн зээлд 21.595 төгрөг, хүүд 12.160.014 төгрөг нийт 12.181.609 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 24.978.405 төгрөг болсон талаар зохигчид маргахгүй байна.

 

      Харин хугацаа сунгасан нэмэлт гэрээгээр 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл

 

         24.978.405 төгрөг /үндсэн зээл/ х 4 хувь = 999.136 төгрөг / нэг сарын хүү/

         999.136 төгрөг х 12 сар =11.989.632 төгрөг /нэг жилийн хүү/

         24.978.405 төгрөг /үндсэн зээл/ + 11.989.632 төгрөг / нэг жилийн хүү/ = 36.968.804 төгрөгийг хариуцагч нар хуульд зааснаар төлөх ёстой байна.

 

      Үүнээс хариуцагч нар 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5.415.987 төгрөг төлснийг нэхэмжлэгч зээлийн хүүд тооцсон баримтаар нотлогдож байх тул 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сарын хүү 999.136 төгрөг / нэг сарын хүү/ х 12 /сар/ =11.989.632 төгрөг болж  нийт 24.978.405 төгрөг /үндсэн зээл/ + 18.763.107 /төгрөг /хүү/+2.471.197 төгрөг /нэмэгдүүлсэн хүү/+10.000 төгрөг /нотариатын зардал/= 46.611.511 төгрөгийг төлөхөөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 46.555.757 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

          

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 461.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.