| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1079/Э |
| Дугаар | 361 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 361
2020 03 26 2020/ДШМ/361
Б.О-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Ариунаа,
шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Н.Ганбат,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1906029041097 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ийн О, 1986 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгчийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчин 00 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 8 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,
2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил хорих ял шийтгүүлсэн,
2012 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
Б.О- нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт барилгын ажил хийж байсан Х.Ц-тай маргалдан хэвлий тус газар нь хутгалж, хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний 4, 5 дугаар сегмент, ходоодны гарах хэсгийн урд ханыг гэмтээсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.О-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 235 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогч Х.Ц- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5 жил хорих ял шийтгэж байсан. Улмаар давж заалдах шүүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн гомдол гаргахад бичиг, үсэг мэдэхгүй хүнийг өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Би өөрийн үйлдэлдээ гэмшиж учруулсан хор уршгийг ухамсарлаж байна. Хохирогч Х.Ц-т энэ хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Би гэмт хэрэг гарсан даруй эмнэлэг, цагдаа дуудсан, гэм буруугаар маргахгүй, энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 7 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.О- үйлдсэн хэрэгтээ гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлдэг. Тухайн үед хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгаж өгнө үү ...” гэв.
Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.О-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жил хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Sky resort” цанын баазын барилга дээр ажиллаж байсан Б.О-, Х.Ц- нар архидан согтуурч, маргаан болсны дараа хохирогч Х.Ц- нь хоолны ногоо арилган явган сууж байсан Б.О-ын араас өшиглөж унаган, нүүрэнд нь цохиж зодоон өдүүлсний улмаас Б.О- гартаа барьж байсан хутгаар Х.Ц-ын хэвлийд хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:
хохирогч Х.Ц-ын “... Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хүрхэрээ тур” хотхоны хажуугийн барилга дээр хамт ажилладаг Б.О-тай архи ууж байгаад ажлаас болж маргалдсан. Б.О-ыг явган сууж байхад нь араас нь жийж унагаад, нүүрэнд нь нэг удаа цохьсон. Гэтэл Б.О- хоол бэлдэж байсан хутгаараа миний хэвлийд дүрсэн. Цус маш их гарсныг Б.О- даавуугаар дараад, эмнэлэг, цагдаа дуудсан ...” /хх 15-16/,
гэрч Ц.Баярсайханы “... “Sky resort” цанын баазын барилга дээр ... Отгонжаргал, Х.Ц- нар хоол хийхээр контейнер руу орсон. Би элс асгачихаад араас нь орохоор явж байтал хүн ёолох чимээ гарахаар нь контейнер руу ортол Б.О- хутга барьчихсан байсан. Х.Ц- тонгойгоод “намайг хутгалчихлаа” гээд хэвлий орчмоос нь цус гарч байсан ...” /хх 22/,
шүүгдэгч Б.О-ын “... хамт ажилладаг Х.Ц-тай 0,75 литрийн архи хувааж уугаад хоорондоо маргалдсан. Би хоол хийх гээд хоолны ногоо арилгаад сууж байтал Х.Ц- хэл амаар доромжлон араас жийж унагаад нүүрэнд нэг удаа цохихоор нь би гартаа барьсан хутгаараа хэвлийд нь хутгалсан. Х.Ц-ын хэвлийнээс цус гарахаар нь даавуугаар дарж байгаад эмнэлэгт дуудлага өгөөд цагдаад мэдэгдсэн ...” /хх 141/ гэх мэдүүлгүүд,
хохирогч Х.Ц-т хэвлийн хөндийд нэвтэрч элэгний IV, V сегмент, ходоодны гарах хэсгийн урд ханыг гэмтээж, цусан хураагаар хүндэрч хатгагдсан, учирах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 87 дугаартай дүгнэлт /хх 31/ зэргээр нотлогдон, тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О- нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин өмнөх, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/1072 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.О-д оногдуулсан 5 жил хорих ялыг ямар хууль зүйн үндэслэлээр 7 жил хорих ял болгон хүндрүүлсэн нь ойлгомжгүй, энэ талаар анхан шатны шүүхээс тогтоолдоо тодорхой дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд хохирогч Х.Ц- нь шүүгдэгч Б.Отгонбаярыг араас нь өшиглөж унаган, цохиж зодооныг өдүүлснээр шүүгдэгч Б.О- ногоо арилгаж байсан хутгаараа хохирогч Х.Ц-ын хэвлийд хутгалж гэмтээн, тэр даруй эмнэлэгт дуудлага өгч, цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хохирогчийн цусыг тогтоох зорилгоор хэвлийн шарханд даралт үүсгэж тусламж үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд мөн гэж үзнэ. Мөн шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан хорих ялын хэмжээг 5 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Б.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... 7 ...” гэснийг “... 5 ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН