Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0120

 

 

                                                                                                   

 

 

 

                                            

Л.Ц, С.А нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар С.А, Л.Ц нарын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 127/ШШ2025/0016 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: С.А, Л.Ц нар

Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: С.А

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.А, Л.Ц нар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

Хэргийн индекс: 127/2025/0011/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 127/ШШ2025/0016 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.5.1, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч С.А, Л.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б Бд холбогдох, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 26-13 тоот өмчлөлийн газрыг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.

2. Гуравдагч этгээд С.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “... 3ахиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах хугацаа дууссан байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаар.

-5 дугаар хуудаст- А Хэнтий аймгийн засаг даргад өргөдлийг 2025.06.10-ны өдөр гаргасан байдаг. Уг өргөдөлд ... 2024 оны намраас хашааны маань ард нэгэн айл бууна гэж ирснээс хойш энэхүү маргаан эхэлсэн...Үүнээс өмнө газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Аймгийн засаг дарга, Авлигатай тэмцэх газар урьдчилан шийдвэрлүүлэх боломжийг ашигласан хэмээн дурдсан байдаг.

-6 дугаар хуудаст- Нэхэмжлэгч нар нь “Мэдээлэл харилцаа сүлжээ” ХХК тодорхойлолтыг 2024.09.26-ны өдөр авч байсан байна.

-72 хуудаст- Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын 2024.10.29-ний өдрийн 1/584 тоот албан бичигт “Иргэн А, Ц нарын ирүүлсэн өргөдөлтэй холбоотой 2 нэгж талбар нь тухайн үеийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна гэсэн албан тоот тус тус хэрэгт авагдсан байдаг,

Захиргааны ерөнхий хуулийн 94.1 Захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны байгууллагад гаргана гэж хуульчилсан бөгөөд дээрх нотлох баримтууд нэхэмжлэгч нар нь захиргааны актыг 2024 онд мэдсэн болох нь нотлогдож байх бөгөөд 2024 онд уг акттай холбоотой урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулж байсан боловч шүүхэд 2025.08.08-нд гаргасан нь дээрх хуулийг зөрчсөн байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

2.2. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэлийг гаргасан талаар.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/"-оор, 52 дугаар зүйлийн 52.5.4-т "захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхойлох/”-оор тус тус заажээ. 

Нэхэмжлэгч нар бол энэ маргаан бүхий газартай өмчлөл, эзэмшлийн талаар ямар нэгэн холбоо бүхий хүмүүс биш, мөн гуравдагч этгээдийн өмчилсөн газар нь  нэхэмжлэгч нарын өмчлөлийн газарт ямар нэгэн байдлаар халдсан зүйл байхгүй болно.

Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд “Нийтийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл” гаргасан байна гэж үзвэл дараах хуулийн шаардлагыг биелүүлээгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “3.1.3, 3.1.9, 13.3, 18.3.1, 18.3.2” дахь зохицуулалтаас үзэхэд захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах тохиолдолд уг асуудлаар төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх нь олгогдсон байх хуульд заасан шаардлагуудыг хангасан байх нөхцөлийг шаардах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй нэхэмжлэгч нар байна.

2.3. Маргааны зүйл болсон газарт холбооны шугам байгаа гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй болох талаар.

Шүүхээс хавтаст хэргийн 99-р хуудаст байх “М” ХХК-ийн “...26-13 тоот хаягт байрлалтай газар холбооны худаг сувагчлал байдаг нь үнэн..” гэсэн тодорхойлолтоор үүнийг нотлогдсон гэж үзсэн. Уг тодорхойлолтод ямар нэг албан ёсны баримт буюу 0.07 га газрын хаагуур нь холбооны шугам явж байгаа эсэх, хэмжилт хийсэн, сувагчлал хаагуур яаж явсан талаарх эх хувь зураг төсөл хавсаргагдаагүй. Өөрөөр хэлбэл тодорхойлолтын эрх сурвалжаа нотлоогүй байсан. Эсвэл энэ талаар дүгнэлт гаргасан албан ёсны байгууллагын шинжээчийн дүгнэлт авагдаагүй байхад үүнийг нотлогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй гом.

2.4. Тухайн газар маань газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, энэ нь нотлогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй талаар.

Хавтаст хэргийн 61 хуудас: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын 2010.12.25- ны өдрийн 05 дугаар тогтоол “сумын 2011 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” 4 дүгээр хавсралт /хх-ийн 65 хуудас/ “Хэрлэн хийдийн 48 өрх" гэсэн байдаг. Мөн шүүх хурал дээр өгсөн Аймгийн ИТХ-ын 2010.02.24-ний өдрийн 07 тогтоолын хавсралт хурлын тэмдэглэлд “Хэнтий аймгийн ГХБХБГ-ын дарга Г.Г-ийн “Аймгийн 2011 оны газар зохион байгуулалтын талаар илтгэв гээд итгэлийг хавсаргаж гэжээ. Энэ талаар ГХБХБГазраас тодруулахад “Тухайн газруудыг нийтэд нь базаад 48 гээд тоог тавьдаг. Дараа нь захирамжаараа задалж байршил хаягийг тавьдаг гэсэн” хариу өгсөн. Иймд дээрх газар энэ 48 өрх газарт хамаарч байгаа болоод газар өмчлөх захирамж гарсан байгаа болно.

2.5. Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох хугацаа дууссан талаар.

А/ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “Эрх, хууль ёсны аш. сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж хуульчилсан бөгөөд “Хэнтий аймгийн засаг даргын 2011.05.24-ний өдрийн А/164 тоот "газар өмчлүүлэх тухай" захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-47.1.7-д заасанд хамраахгүй тул илт хууль бус захиргааны акт биш гэж үзэж байна.

Б/ Эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг хөөн хэлэлцэн хугацаа өнгөрсөн хэдий ч цуцалж болохоор заасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасанд хамаарахгүй гэж үзэж байна.

В/Хэрвээ хууль бус захиргааны акт гэж үзвэл:

Хууль бус захиргааны акт гэдэг нь захиргааны акт нь Үндсэн хууль, ердийн хууль, тэдгээр үндэслэсэн эрх зүйн бусад хэм хэмжээнд нийцсэн байх ёстой. Энэхүү шаардлагыг хангаагүй акт хүчингүйд тооцогддог.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл хууль бус захиргааны актыг хүчингүй болгох 48.2.2 бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол эсвэл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, 48.3 ...48.2.2-т заасан тохиолдол захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно.

Эерэг нөлөөлтэй захиргааны акт гэдэг нь ямар нэгэн эрх, эсвэл эрх зүйн ач холбогдол бүхий ашигтай талыг иргэдийн хувьд үүсгэх эсвэл баталгаажуулж өгсөн байдаг. Жишээ нь газар эзэмших, өмчлөх гэх мэт /Захиргааны эрх зүйн ерөнхий анги Одгэрэл/ гэж тус тус үздэг тул 2011 онд гарсан захирамжийг 14 жилийн дараа хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

2.6. Иймд дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч С.А, Л.Ц нараас “Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар (1 дүгээр хавсралтын 2 дахь мөр) Бйн Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

3. Уг А/164 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны  07 дугаар тогтоолыг үндэслэн,  (1 дүгээр хавсралтын 2 дахь мөр) Б Бд Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 26-13 тоот 700 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.  

4. Анхан шатны шүүх “... Хэнтий аймгийн Засаг дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэж, газар өмчлүүлэх шийдвэр гаргах ёстой байтал, өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн ашиглаж, маргаан бүхий захиргааны актын хавсралтаар Б.Бд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь тодорхой байна. Маргаан бүхий захиргааны актын хавсралтын холбогдох хэсэг нь хуульд заасан зарчим болон бодит нөхцөлд тохироогүй байх тул хариуцагчийн шийдвэр нь хууль бус бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн /зөрчигдсөн/...” гэж үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж” шийдвэрлэжээ.

 Ийнхүү шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж дүгнэсэн үндэслэл тодорхойгүй, маргаан бүхий эерэг үйлчлэлтэй актаар газар өмчлөх эрх олж авсан, эрх нь хөндөгдөх иргэн Б.-г гуравдагч этгээдээр оролцуулаагүй, хэрэгт цугларсан баримтууд эргэлзээтэй байхад холбогдох этгээдээс тодруулж, ач холбогдолтой баримтыг бүрэн цуглуулаагүй байна.

5. Нэхэмжлэгч С.А, Л.Ц нар нь маргаан бүхий актаар Б.Бд өмчлүүлсэн газрын хөрш залгаа /2 тусдаа/ хашааны газрыг тус бүр эзэмшиж өмчлөн амьдардаг иргэд бөгөөд төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт Б.Бд давуу байдал олгож газрыг өмчлүүлсэн, үүний улмаас маргаан бүхий газрын доор харилцаа холбооны шугам, суваг, байгууламж байхад өмчлүүлсэн, худалдаж авсан хүн нь барилгын материал буулгаж эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж алдагдуулсан, манай 2 хашааны хаалгыг дарж хашаа барьж шороо буулгаж, байшин барьж эхэлсэн, бид өмчилж авья гэхээр газрын алба хүсэлтийг хүлээж аваагүй холбооны шугамтай учир боломжгүй гэдэг ...” гэх зэргээр нэхэмжлэлийн үндэслэл, зөрчигдсөн эрхээ тайлбарлан маргажээ.

5.1. Анхан шатны шүүх үүнтэй холбоотой нэхэмжлэгч иргэд тухайн газрыг өмчлөх, эзэмших хүсэлтээ бусад этгээд хүсэлт гаргахаас өмнө гаргаж байсан эсэх, хэзээ, хэнд хандаж гаргаж байсан, хэрхэн хариу өгч байсан талаар баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрэв хүсэлтийг хүлээж авалгүйгээр холбооны шугамтай боломжгүй гэх хариу өгсөн бол холбогдох этгээдийг гэрчээр асуух гэх мэт ажиллагаа хийгээгүй байна.

5.2. Мөн хашааны хаалга дарсан буюу орц, гарц нь хаагдсан эсэх, тухайн газар нь өмчлүүлэх боломжтой эсэх, одоо газар дээр барилгын материал буулгаж байшин барьж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар газар дээр үзлэг хийж, нэхэмжлэгч иргэдийн тухайн эрх нь маргаан бүхий актын улмаас, эсхүл газар өмчлөх эрхээ буруу хэрэгжүүлсэн этгээдийн үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй байна.

5.3. Хэрэгт “М” ХХК-ийн 2025 оны 28/70 дугаар албан бичгээр маргаан бүхий газарт холбооны худаг, сувагчлал байдаг[1] гэх боловч Харилцаа холбооны тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан зурвас газрын аль төрөлд хамаарах, ямар байгууламж маргаан бүхий нэгж талбарын аль хэсгийг хамарч байгаа /газрын доор болон агаарт гэх мэт/, тухайн зурвас газарт хориглогдсон үйл ажиллагаа явуулахгүйгээр газрын бусад хэсгийг өмчлөх ашиглах боломжтой эсэх талаар лавлагаа, баримтыг бүрэн цуглуулаагүй байна.

6. Маргаан бүхий актад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “2011 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 07 дугаар тогтоолыг үндэслэсэн байх бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр болон Засаг даргын саналыг хэрхэн хүргүүлж байсан, Б.Б болон бусад иргэдийн өргөдлийг шийдвэрлүүлэхээр өргөн мэдүүлж байсан эсэх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарснаас нэг хоногийн дараа Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байгаа нь ямар шалтгаантай болох, үүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад хүргүүлж байсан эсэх /хэдийгээр огноо дугаар зөрчилтэй боловч огт төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх дүгнэлт хийх үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй/-ийг тодруулсны үндсэн дээр энэ талаар дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

6.1. Дээрх 07 дугаар тогтоолд нэг нэгж талбарын хаяг тус бүрээр тусгагдаагүй /1-р баг Хийдийн 26-13 тоот байршил гэж байхгүй/, харин Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд “Хийдийн 48 айл, 3.41 га газар” гэж тусгасан, үүний дотор маргаан бүхий газар орсон эсэх, уг тогтоолыг хэзээ хүргүүлсэн зэрэг нь тодорхойгүй байхад энэ талаарх баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

6.2. Учир нь 15 жилийн өмнөх баримтуудыг зөвхөн аймгийн Хурал, Засаг дарга, газрын албаас лавлахаас гадна Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй: ...12.1.2.сум, дүүргийн Засаг даргын саналыг хянаж нэгтгэн тухайн жилд аймаг, нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээний тухай саналыг сум, дүүрэг бүрээр, энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалт тус бүрээр боловсруулж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх; 12.1.3.аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;” гэж тус тус зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргаас газар зохион байгуулалтын төлөвлөгөө, санал хүргүүлсний үндсэн дээр аймгийн төвийн суманд иргэнд газар өмчлүүлэх асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэдэг байх тул сумын холбогдох байгууллагаас лавлагаа баримт авах, явуулсан бичгийн бүртгэлийг аймгийн ирсэн бичгийн бүртгэлийн хамт цуглуулж, хэргийн үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй тогтоох нь ач холбогдолтой байна.

6.3. Энэ талаарх хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/584 дүгээр албан бичигт[2] “... иргэн С.А, Л.Ц нарын ирүүлсэн өргөдөлтэй холбоотой 2 нэгж талбар нь тухайн үеийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна” гэх боловч тухайн 2 нэгж талбарын дугаар нь тодорхойгүйгээс энэ хэргийн маргаан бүхий газрын талаарх мэдээлэл мөн эсэх нь эргэлзээтэй байх тул маргаан бүхий газар “төлөвлөгөө”-нд тусгагдаагүй гэдгийг нотлох баримт болж чадахааргүй байна.

7. Мөн маргаан бүхий актаар газар өмчлөх эрх олгогдсон Б.Б-гыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь тухайн үед газар өмчлөх хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлж байсан этгээдийн хувьд хэргийн нөхцөл байдал буюу хүсэлт баримтуудыг хэрхэн гаргаж байсан талаар мэдэх этгээд бөгөөд хэдийгээр өмчлөх эрхээ худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн боловч тухайн маргаан бүхий актын талаарх шийдвэрийн үр дагавар Б.Б-гын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байх тул зөвхөн газрыг худалдан авсан С.Аг гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь хангалтгүй юм.

8. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 127/ШШ2025/0016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд С.Агээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                             Ц.САЙХАНТУЯА

 

                         ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1] 1 хавтас-99 хуудас

[2] 1 хавтас-72 хуудас.