Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2015/0960/з |
Дугаар | 221/МА2016/0700 |
Огноо | 2016-10-26 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2016/0700
С.*******, Д.*******, П.*******, Ц.******* нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Алтанчимэг, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 592 дугаар шийдвэртэй, С.******* нарын 4 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын болон хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 592 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******, Д.*******, Ц.*******, П.******* нарын Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжийн Б.*******, Д.*******, Я.*******, Г.*******, С., Б., М., Ж. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хангаж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамжийн С.*******, Д.*******, П.*******, Ц.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй, хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн, талуудын маргаж буй үйл баримтыг анхаарч дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэлээс үзвэл шүүгч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хэн нь эхэлж газар хүссэн өргөдөл гаргасан бэ гэсэн нөхцөл байдалд анхааран дүгнэлт хийснээр маргааны бодит байдлыг тогтоосонгүй. Мөн гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хууль ёсны эсэхийг дүгнэж үзээгүй орхигдуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэйгээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.
Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан дүгнэлт хийх гэсэн заалттай нийцэхгүй байна.
Нэгдүгээрт, шүүхийн шийдвэрт гуравдагч этгээдүүдийг буруутгах аргагүй, гуравдагч этгээд нарын тайлбар үндэслэлтэй байна гэж удаа дараа дурдагдсан байх ба нэхэмжлэгч нар өөрсдийн эрх ашгийг хамгаалах гэж тус маргааныг эхлэн гаргасан байгааг үл харгалзан нэхэмжлэгч нарын хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шүүхийн чиг үүргээ анхан шатны шүүх биелүүлсэнгүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Газрын тухай хуульд зааснаар инженерийн шугам сүлжээ бүхий буюу түүнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт Нийслэлийн Засаг дарга нь дүүргийн Засаг даргаас санал авсны үндсэнд иргэдэд газар эзэмшүүлэхээр заасан. Үүнээс бусад газарт дүүргийн Засаг дарга эзэмшүүлэх эрхтэй байдаг. Маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий буюу түүнд холбогдохоор төлөвлөгдсөн газар биш болох нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнөөс ирүүлсэн албан бичгээр тодорхой нотлогддог. Шүүхийг ярьдаг хууль, хуулийг ярьдаг шүүх гэсэн эртний үг байдаг. Гэтэл анхан шатны шүүх иргэнд газар эзэмшүүлэхэд хуулийн заалт чухал биш гэж үзсэн нь үнэхээр ойлгомжгүй байна.
Гуравдугаарт, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг заасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх эрх олгогдсон, газрын кадастрын мэдээллийн санд мэдээлэл нь байсаар байхад давхардуулан олгосон нь нэхэмжлэгч бидний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна. Нийслэлийн Засаг даргад Газрын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар доод шатны Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх байдаг. …
Дөрөвдүгээрт, гуравдагч этгээд нар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох бие даасан шаардлагын үндэслэлээ дүүргийн Засаг дарга өөрийн төрөл садандаа газар эзэмших эрх олгосон байна, дээд шатны байгууллага нь доод шатны байгууллагадаа өгсөн чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж маргадаг. Дүүргийн Засаг даргыг томилох буюу чөлөөлөх чиг үүргийг дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг даргад хандаж тус хэргийн талаар хүчингүй болгуулах эсвэл гуравдагч этгээд нарт газар олгох талаар ямар нэгэн албан бичиг ирээгүй байдаг. Мөн төрөл саданд газар эзэмшүүлэх эрх олгосон гэх асуудалд тус маргааны хувьд ач холбогдолгүй, хамааралгүй бөгөөд үүний тухай Нийслэлийн Өмч, газрын харилцааны албанаас Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн хариу албан бичиг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 221/0501 тоот тогтоолоор тодорхой нотлогдсоор байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хангасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий газрыг эзэмших хүсэл зориг гуравдагч этгээд нараас түрүүлж үүссэн, газар эзэмших эрх түрүүлж үүссэн байхад анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 592 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх шийдвэрийн гол үндэслэлээ “гуравдагч этгээд нар маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг нэхэмжлэгч нараас цаг хугацааны хувьд түрүүлж гаргасан байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж нэхэмжлэгч нарт газар олгосон, тус газар инженерийн шугам сүлжээ биш газрыг хэн эзэмшүүлэх нь иргэнд хамааралгүй, насанд хүрээгүй иргэнд газар олгосон, мөн хувийн ашиг сонирхлын үүднээс ойр дотны хүмүүстээ газар олгосон байна” гэж дүгнэсэн.
Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэстэй байна.
Учир нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан ба тус газрыг нэхэмжлэгч нар хашаалж, эзэмшихээс өмнө ямар нэг этгээд эзэмшиж ашиглаагүй байдаг буюу нэхэмжлэгч нарт яг тус газрыг эзэмших хүсэл зориг гуравдагч этгээдүүдээс өмнө бий болсон нь 2012 онд тус газрын кадастрыг хийлгэж байснаар нотлогддог. Гуравдагч этгээд нарын хувьд анхан шатны шүүх яг тухайн нэгж талбарыг эзэмших хүсэл зориг /нэхэмжлэгч нарын эзэмшсэн газартай давхацсан хэмжээгээр/ үүссэн хугацааг Нийслэлийн Өмч, газрын харилцааны албанд хүсэлт гаргасан хугацаа буюу 2012 оны 10, 2013 оны 11 дүгээр сард гэж үзсэн боловч тус хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасанчлан “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”-ийг хавсаргах ёстой байхад хүсэлтэд кадастрын зураг байхгүй зөвхөн албан бичиг өгсөн тухайгаа гуравдагч этгээд шүүх хуралдаан дээр хэлснээс тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд нараас өмнө нэхэмжлэгч нарт тухайн газрыг эзэмших эрх үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх буюу инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй газрыг аль Засаг дарга эзэмшүүлэх эрхтэй эсэх асуудал иргэнд хамааралгүй бөгөөд Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлснээс шалтгаалж гуравдагч этгээдүүдийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаж, эзэмших эрхтэй болсон иргэдээс илүү аль нэг ойн баярт ирээд газар эзэмшүүлэх талаар амлалт өгснөө “хүчээр” биелүүлсэн үйлдлийг зөвтгөж байгаа нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн байна. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 221/0501 тоот магадлалаар маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг дарга эсвэл дүүргийн Засаг дарга олгох эсэхийг шалгах маргаан байна гэж дурдсан хүчин төгөлдөр магадлал байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөх тухай дурдагдсаар байтал шүүхийн шийдвэрт гагцхүү гуравдагч этгээдүүдийг буруутгах аргагүй, гуравдагч этгээд нарын тайлбар үндэслэлтэй гэж олон удаа дурдсан явдал хэт нэг талыг барьсан гэсэн үндэслэлд хүргэж байна.
Анхан шатны шүүх “Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “Баянзүрх дүүргийн Засаг дарга нь хувийн ашиг сонирхлын үүднээс ойр дотны хүмүүстээ газар олгосон” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа тайлбарыг Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн замын 2 дугаар ангид нэхэмжлэгч иргэд ажилладаггүй болохыг тодорхойлсон 29/810 тоот албан бичиг няцаахгүй байна” гэж дүгнэсэн нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй зүйлд дүгнэлт хийсэн гэх үндэслэлтэй. ...
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 592 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.*******, Д.*******, П.*******, Ц.******* нар “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжийн Б.*******, Д.*******, Я.*******, Г.*******, С., Б., М., Ж. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх маргаан бүхий актаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн гуравдагч этгээд Б.******* нарын 8 иргэнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд тус бүр нь 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлжээ.
Нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг дарга эзэмшүүлэх эрх хэмжээгүй, мөн давхцуулж олгосон гэдэг үндэслэлээр маргасан боловч хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын 2016 оны 1/908 дугаар албан бичгээр ирүүлсэн газрын кадастрын мэдээллийн сангийн 2014-2016 оны зуран мэдээллээс үзвэл нэхэмжлэгч нарын маргаж буй газартай гуравдагч этгээд Б.*******, Д.*******, Б. нарын эзэмшиж буй газар давхцаагүй байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжаар Б.*******, Д.*******, Б. нарт газар эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.
Харин маргаан бүхий актаар Я.*******, Г.*******, С., М., Ж. нарт эзэмшүүлсэн газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газар биш болох нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 05 дугаар сарын 20-ны 11/1604 дүгээр албан бичгээр тогтоогдсон, мөн сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “... нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ …” гэж заасныг зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Мөн Нийслэлийн Засаг дарга нь гуравдагч этгээд дээрх 5 иргэний газар эзэмшихийг хүссэн өргөдлийг хүлээн авч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасан эрх бүхий этгээд болох Баянзүрх дүүргийн Засаг даргаар шийдвэрлүүлэхээр Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5/1864 дүгээр албан бичгээр шилжүүлсэн атлаа хүсэлтийг хүргүүлснээс хойш “хариу өгөөгүй” гэх шалтгаанаар тухайн газрыг нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамжаар хүчин төгөлдөр байхад уг газартай давхцуулан гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.
Гуравдагч этгээд Б.*******, Д.*******, Б. нарын эзэмшиж буй газар нь нэхэмжлэгч нарын маргаж буй газартай давхцаагүй нь хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 1/908 дугаар албан бичгээр ирүүлсэн газрын кадастрын мэдээллийн сангийн 2014-2016 оны зурган мэдээлэл, кадастрын зургаар тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үнэлэлгүй, тэдний гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөргүй байх тул гуравдагч этгээд Б.*******, Д.*******, Б. нарын гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/145 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин гуравдагч этгээд Я.*******, Г.*******, С., М., Ж. нарын хувьд анхан шатны шүүх “... газар эзэмших хүсэлтийг цаг хугацааны хувьд түрүүлж гаргасан ...” гэж зөв дүгнэсэн атлаа хууль ёсоор газар эзэмших эрх нь гуравдагч этгээд нарт үүссэн эсэхийг анхаарч үзэлгүй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.
Учир нь дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээд Я.*******, Г.*******, С., М., Ж. нарт Нийслэлийн Засаг дарга хууль зөрчиж газар эзэмших эрх олгосон, мөн Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаас өмнө Баянзүрх дүүргийн Засаг даргын А/145 дугаар захирамж гарсан байх тул дээрх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар”-тай нэхэмжлэгч нарт давхцуулан газар эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Өмч газрын харилцааны алба нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5/1864 дүгээр албан бичгээр ирүүлсэн гуравдагч этгээд нарын хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангиас ирүүлсэн нэхэмжлэгч нарын хүсэлтийг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 04 дүгээр сарын 18-ны өдөр захирамж гарган эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар эзэмшүүлэхэд шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцээгүй байна.
Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэж ... гэж зааснаас үзвэл эрх бүхий этгээд нь газар эзэмших хүсэлтийг хүлээн авсан дарааллын дагуу шийдвэрлэхээр байна.
Мөн дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн газарт шинээр газар эзэмшүүлэх талаар тусгагдаагүй, дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суурьшин амьдарч байсан иргэдэд эзэмшүүлэхээр тусгасан байхад төмөр замын ажилтан биш, тухайн газар өмнө нь амьдарч байгаагүй нэхэмжлэгч нарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамжаар тус бүр нь 700 м.кв газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д дүүргийн Засаг дарга нь “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.1-д ”энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;”, 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчжээ.
Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/502 дугаар захирамжийн гуравдагч этгээдэд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/145 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгүүд нь тус тус хууль бус байх бөгөөд тэдгээрийн улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг хангаж, дээрх захирамжуудыг тус тус хүчингүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч нь нэхэмжлэгч нарыг Баянзүрх дүүргийн Засаг даргатай ашиг сонирхлын зөрчилтэй талаар дурдсан боловч энэ нь зохих журмын дагуу эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх асуудал тул шүүх дүгнэлт өгөөгүйг, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар эзэмших хүсэлтийг эрх бүхий этгээд хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 592 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33 дугаар зүйлийн 33.4-д заасныг баримтлан С.*******, Д.*******, Ц.*******, П.******* нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг болон гуравдагч этгээд Я.*******, Г.*******, С., М., Ж. нарын бие даасан шаардлагыг тус тус хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжийн С. нарын 5 иргэнд холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамжийн С.*******, Д.*******, П.*******, Ц.******* нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан гуравдагч этгээд Б.*******, Д.*******, Б. нарын бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хоёр дахь заалтыг нэмж,
шийдвэрийн хоёр дахь хэсгийн дугаарыг “3” гэж өөрчлөн мөн хэсгийн “гуравдагч этгээдүүдэд” гэсний дараа “Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт тус тус” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ