Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 327

 

Х.Е-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, зайнаас /Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны танхимаас/ нэхэмжлэгч Х.Е, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.С нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 110/ШШ2017/0008 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0267 дугаар магадлалтай, Х.Е-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 110/ШШ2017/0008 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Е нь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалын Х.Еад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Х.Е-ыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1898900 /нэг сая найман зуун ерэн найман мянга есөн зуу/ төгрөгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох ажилгүй байсан хугацааны олговорт илүү нэхэмжилсэн 101434 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0267 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 110/ШШ2017/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх “хоёр хэлтэс татан буугдаагүй, ажлын байр, ажлын чиг үүрэг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт байгаа тул тэд орох ёстой” гэж тус байгууллагад 60 гаруй хүнийг бүгдийг нь оруулахаар шийдвэр гаргаж байна.

2016 оны 8 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн Х.Е нь чөлөөлөгдсөнөө мэдсэнээс хойш 3-4 сарын дараа “дөнгөж мэдээд” гэж худал хэлж, хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсний дараа шүүхэд гомдол гаргасныг шүүх үнэлж дүгнээгүй. Иймд түүний нэхэмжлэлийг хангах боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд А.О, түүний өмгөөлөгч Я.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийг нэгтгэж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шинээр зохион байгуулжээ. Дээрх 2 хэлтэс нь өмнө 63 орон тоотой ажиллаж байгаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоог батлах тухай” Б/21 дүгээр тушаалын хавсралтаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог 45 болгон баталж, 18 орон тоо хасагджээ. Иймээс дээрх хоёр байгууллага нэгдсэний улмаас зохих хэмжээний ажлын байрны орон тоо хасагдсан гэдэг нь тодорхой байна.

...Х.Е нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, программ хангамж, мэдээллийн сан, ажил олгогч, ажлын шинэ байрны мэдээлэл, тайлан хариуцсан мэргэжилтнээр томилогджээ. Энэ нь албан тушаалын хувьд төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан хаагч юм. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна”; гээд 5.1.1-д “төрийн улс төрийн”, 5.1.2-т “төрийн захиргааны”, 5.1.3-д “төрийн тусгай”, 5.1.4-д “төрийн үйлчилгээний”, 5.2-т “энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна”; гээд 7.1.10-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал”, 7.3-д “төрийн жинхэнэ албан тушаалыг дор дурдсанаар ангилна”; гээд 7.3.4-д “дэс түшмэл” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Зэрэг дэв олгох тухай” 253 дугаар захирамжийн хавсралтад Х.Е-ыг дэс түшмэл болгон шийдвэрлэсэн байна. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 11.2-т “энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж заажээ. Ингэхээр захиргааны хэргийн шүүх төрийн захиргааны албан хаагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн маргааныг хянан хэлэлцэх журамтай юм. Гэтэл маргаан бүхий орон тоо нь Төрийн үйлчилгээний албан хаагч учраас анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ хуульд заасны дагуу захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасныг ноцтой зөрчиж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 110/ШШ2017/0008 дугаар шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулан мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар Х.Е-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллахаар тогтоосон, үүний дагуу Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар тус хэлтсийн нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цалингийн сангийн хамт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн, нэхэмжлэгч Х.Е нь “...миний эрхэлж байсан программ хангамж, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтний орон тоо хэвээрээ батлагдсан байхад намайг уг ажилд томилоогүй, ...төрийн жинхэнэ албаны мэргэжлийн шалгалт өгөөгүй, төрийн албанд орох шаардлага хангахгүй байгаа А.О-ыг улс төрийн ашиг сонирхлоор түр ажилд авсан нь ...хууль бус” гэж, хариуцагчаас “...тухайн мэргэжлээр ажилласан жил, ажлын туршлагыг харгалзан А.О-ыг томилсон, ...программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн төрийн захиргааны албан хаагч байх талаар ...тогтоол, шийдвэр, зөвлөмж, чиглэл байхгүй, төрийн үйлчилгээний албан хаагч ...тул уг томилгоо хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, өмнөх бүтцээр ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст “бүртгэл, мэдээ мэдээлэл, программ хангамж хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо тус бүр нэг байсан, уг хоёр байгууллагыг нийлүүлж шинээр зохион байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцэд “программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн”-ий 1 орон тоо батлагдсанаар тухайн албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааж, төрийн жинхэнэ албан хаагчийн /төрийн захиргааны албан хаагч/ нэмэгдэл баталгааг тодорхойлжээ.

Хэргийн оролцогчид “программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн” гэх албан тушаалыг төрийн захиргааны эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна гэж зөрүүтэй байр суурь илэрхийлж маргасан ба уг албан тушаал нь төрийн албан тушаалын аль “ангилал”-д  хамаарч  байгаагаас шалтгаалж Төрийн албаны тухай хуулийн дээрх зүйл, заалтын дагуу тухайн албан тушаалд хэнийг ажиллуулах ёстой талаар дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “төрийн захиргааны албан тушаалд... дараах албан тушаал хамаарна; ...7.1.10-т “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1-д “төрийн үйлчилгээний албан тушаалд ...хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна; 9.1.1-д төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал” гэж тус тус заасан, өмнөх бүтцийн дагуу тус тусдаа ажиллаж байсан аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөрийн хэлтсийн болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай тус тусын хуулиар тусгайлан зохицуулсан, хуулиудад заасан “хөдөлмөр эрхлэлтийн талаарх болон нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх” чиг үүргийн хүрээнд “мэдээллийн нэгдсэн сангуудыг бүрдүүлэх, хөтлөх” ажлыг эрхлэх “албан хаагч”-ыг эдгээрийн “программ хангамж, мэдээллийн технологи”-ийн хэвийн ажиллагааг хангах ажлыг хариуцах “албан хаагч”-тай адилтгах, уг ажлыг эрхлэх “албан тушаал”-ыг төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах хөдөлмөрийн гэрээний үндсэн дээрх ажиллах “төрийн үйлчилгээний албан тушаал”-ын ангилалд хамаарсан гэж үзэхээргүй байна.

Нөгөө талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар батлагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоонд “программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн” гэж заасан, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад “аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтэн”-г төрийн захиргааны албан тушаалын “дэс түшмэл,ТЗ-5” ангилал, зэрэглэлд хамааруулсанаас үзвэл, маргаан бүхий албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал болохыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч Х.Е нь Хөдөлмөрийн хэлтсийн “хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, программ хангамж, мэдээллийн сан, ажил олгогч, ажлын шинэ байрны мэдээлэл тайлан хариуцсан мэргэжилтэн”-ээр буюу төрийн захиргааны албан тушаалд, гуравдагч этгээд А.О нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн “мэдээ, мэдээлэл, программ хангамж хариуцсан ажилтан”-аар буюу мэргэжлийн албан хаагч, төрийн байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн жинхэнэ албан хаагч”-ийн баталгаагаар төрийн захиргааны албан хаагч болох Х.Е хангагдах нь зүй ёсны юм.

Гэтэл хариуцагч нь “бүтэц, орон тоо”-г тогтоосон шийдвэрт “программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн” гэж заасныг өөрчилж 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар тушаалаар “программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан ажилтан” гэх албан тушаалд /ажлын байр/ А.О-ыг томилж, уг шийдвэрийг буруу хэрэгжүүлсэн, улмаар тухайн албан тушаал /ажлын байр/-ыг төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор 2 байгууллагын тус тусдаа хэрэгжүүлж байсан төрийн чиг үүрэг, үйлчилгээг нэгтгэх замаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан байхад “...шүүх хоёр хэлтсийг татан буугдаагүй, ажлын байр, ажлын чиг үүрэг хэвээр гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн” гэх агуулгатай хяналтын гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Түүнчлэн гуравдагч этгээд болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...А.О төрийн үйлчилгээний албан хаагч, Х.Е төрийн захиргааны албан хаагч бөгөөд өөр өөр ажил эрхэлж байсан, одоо батлагдсан албан тушаал /ажлын байр/ нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарах, мэргэжлийн албан хаагчаар гүйцэтгүүлэх ажил” гэсэн агуулгатай гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх байдалд үндэслэн Х.Е-ын нэхэмжлэлийг хангасан шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 110/ШШ2017/0008 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0267 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Сьезхан, гуравдагч этгээд А.О, өмгөөлөгч Я.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ