Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 236

 

Л.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар цагаатгах тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар магадлалтай, 1719000000102 дугаартай эрүүгийн хэргийг Дорноговь аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бичсэн 5/09 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л-ийн Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Л.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Дорноговь аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бичсэн 5/09 дугаар эсэргүүцэлд “Анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хохирогч О.Ө-ын биед тархи доргилт гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтөний түүх, гэрч Ж.Ц-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх боловч шүүгдэгч Л.Л-г хохирогч О.Ө-ын биед хөнгөн гэмтэл учруулсныг нотолсон баримт биш юм. Хохирогч О.Ө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ нөхөр Лхаасүрэн нь толгой руу гитараар цохиод тэрнээс болоод би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...” гэж мэдүүлсэн боловч энэ нь хохирогчийн мэдүүлгээс гадна өөр бусад нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Л.Л-г цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр О.Ө-аас Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандаж гаргасан "Хатанбулаг суманд нөхөр Л-д зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч М.Д-ийн аюулын зэргийн үнэлгээ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Э-ийн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлсэн үнэлгээ, хохирогч О.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан гомдол, өмгөөлөгч Ж.Жаргалсайханаас гаргасан хүсэлт, эд мөрийн баримтаар бор өнгийн гитарыг тооцсон тухай тогтоол, хохирогч О.Ө-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Ж.Ц, Б.Г, Ц.Ч нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Л-гийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байхад шүүхээс хохирогчийг цохиогүй мэтээр буруу дүгнэлт хийж хэт нэг талыг барьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн хүнд үндэслэлгүй ял завшуулж, цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна. Хохирогч О.Ө-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг сануулан мэдүүлэг авсан бөгөөд хохирогч анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгсөн, хор уршиг бодитой учирсан, аюулын зэрэг өндөр, нөхцөл байдлын үнэлгээ, эмнэлгийн бичиг баримтууд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргасан байдал зэрэг баримт, мэдээллүүдэд ач холбогдол өгөлгүй гэмт хэрэг үйлдэгдэх үед байгаагүй, гэмт хэрэг үйлдсэнийг хараагүй гэрч нарын мэдүүлгийг дурдаж, мөрдөн байцаалтаар шалгагдаагүй Л.Л-гээс гар утсаараа хийсэн гэх “хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр бичлэг хийсэн, уг бичлэгт хэн болох нь мэдэгдэхгүй хүний талаарх “СД” бичлэгийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэлэлцүүлгийн шатанд хэлэлцүүлж, нотлох баримтын хэмжээнд үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчин нотлох баримтаар дурдаж, цагаатгах тогтоолын үндэслэл болгож шүүхээс түүнийг цагаатгасан нь шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргийг тусгаж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, 34.14 дүгээр зүйлийн 2-д заасан “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилнө” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас давсан хэтэрхий нэг талыг барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй баримтыг үндэслэл болгож цагаатгах тогтоол гаргасан гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж чадаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан байхад анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...2017 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хохирогч О.Ө-ын биед тархи доргилт гэмтэл учирсан болох нь 04/029 дугаартай шинжээчийн дүгнэлт ... зэргээр тогтоогдож байх боловч гэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэсэн. Мөн давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгт “...хохирогчийн биед тархи доргилт гэмтэл учирсан байх боломжтой байна” гэж, түүнчлэн давхар “...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно” гэж хоёр өөр нэг, нэгнээ үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Мөн анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Л.Л нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй байна гэж дүгнэж, тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон атлаа 2 дахь заалтад мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хоёр өөр утга, агуулгатай үндэслэлийг давхар баримталсан нь хэргийн үйл баримттай зөрчилдөж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх Л.Л-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж, түүний анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хүсэлт гаргаагүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу байх тул цагаатгах тогтоол болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бичсэн 5/09 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Л.Л-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Л.Л-г 2017 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн үед Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах өөрийн гэртээ эхнэр О.Ө-тай маргалдаж улмаар түүний толгой руу гитараар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдоогүй гэж дүгнэж, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Л-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэдийгээр хохирогч О.Ө-ын эрүүл мэндэд тархины доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 04/029 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон боловч уг гэмтлийг шүүгдэгч Л.Л учруулсан гэж үзэх үйл баримтын үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Тухайн өдөр хохирогч болон шүүгдэгч нарын хооронд гарсан маргааныг зохицуулах үүрэгтэй дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч гэрч Э.Г-ын өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Л.Л-г согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, харин хохирогч О.Ө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, духан тус газар шалбарсан байдалтай байсан ба шалтгааныг амаар тодруулахад тодорхой мэдэх зүйлгүй, юм мөргөсөн байх гэсэн хариу өгч байснаас үзэхэд мөрдөн байцаалтад хохирогчийн хожим өгсөн мэдүүлгийг бодитой гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Л.Л хохирогч О.Ө-т хөнгөн гэмтэл учруулсан талаар өөр баримтгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар цагаатгах тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бичсэн 5/09 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН