Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/300

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0301/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000414 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, овогт******* РД:******* ,******* төрсөн,******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй,******* , нөхөр хүүхдүүдийн хамт******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.   

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч хутгалж зүүн далны доод хэсэгт хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирогчид хохирол төлөөгүй. Хохирогч нь болох манай нөхөр нь гомдолгүй гэсэн тул хохирлын мөнгө гэж гараагүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2318000000414 дугаартай хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-3, 4-7 дахь тал/,

 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай “... Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мэдүүлэг авах 213 тоот алба өрөөнд 01 цаг 30 минутад үзлэгийг эхлүүлэв. ...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутга нь шар өнгийн иштэй, иш дээрээ хоёр ширхэг тав бүхий хадаастай, ишний урт 11.5см, ажлын хэсэг дээрээ Хортиця гэсэн бичигтэй, ажлын хэсгийн үзүүр хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, ажлын хэсгийн урт 14.5см байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгаж үзлэгийг 01 цаг 45 минутад дуусгав.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед би ганцаараа нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи уусан. Тэр үед эхнэр гэртээ байгаагүй. Өглөө эрт гараад явсан байсан ба би олигтой юм идэж уугаагүй учраас амархан согтоод зарим зүйлийг огт санахгүй байна. Ямар ч байсан нэг санахад орой болчихсон эхнэр бас архи уугаад согтсон байдалтай над руу дайрч давшлаад хэрүүл маргаан хийгээд байсан. Гэхдээ юунаас болж хоорондоо маргалдсан талаараа би мэдэхгүй байна. Ямарч байсан эхнэр над руу уурлаж байснаа гэнэт гэрт байдаг шар өнгийн иштэй хутгыг гартаа барьчихсан байснаа миний нуруун тус газар нэг удаа хатгаж гэмтээсэн. Тэгээд эхнэр өөрөө эмнэлгийн байгууллагад хандаж дуудлага өгсөн бололтой байсан. Миний нуруунд хутгалуулснаас болж хоёр оёо тавиулсан. Өөр гэмтэл байхгүй. Миний зүгээс эхнэртээ гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023  оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 764 дугаартай “... биед зүүн далны доод хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хугацаанд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

 

*******ийн яллагдагчаар 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн “... бид хоёр хэрэг болохоос 2-3 хоногийн өмнөөс гэртээ тасралтгүй архи уусан ба 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөн л үргэлжлүүлэн архи уусан. Тухайн үед дэлгүүрээс 0,75 литрийн Хараа нэртэй архи худалдаж авч уусан ба өмнөх өдөр нь архи уугаад тэр өдөр архи гүйцэт гараагүй байхад нь дээрээс нь нэмж уугаад маш хурдан согтсон. Тэгээд гэртээ унтаад үлдэхээр нь тэр хойгуур нь би дэлгүүр орж ойр зуурын хүнсний зүйл аваад буцаад гэртээ орж ирэхэд сэрчихсэн байсан. Тэгснээ надаас машиныхаа түлхүүрийг асуухаар нь би надад байхгүй. Би хараагүй гэж хэлсэн чинь түлхүүр нуулаа гэж өөдөөс уурласан ба тэр үед бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед уурандаа ширээн дээр ногоо арилгаад тавьсан байсан хутгийг аваад нөхрийнхөө нуруунд нэг удаа зүсэж гэмтээсэн. Тэр үед нуруунаас нь цус гарахаар нь би Нэгдсэн эмнэлэг рүү болон цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгсөн. Би уг нь айлгах санаатай байсан чинь хутганы үзүүр нь хүрч зүссэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/ болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан зүүн далны доод хэсэгт хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,00 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.   

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР