Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/358

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

     шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

     улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор  Б.Цэрэнтогтох,

     хохирогч Д.Н , түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

     иргэний нэхэмжлэгч Д.С ,

     шүүгдэгч Ц.Э , түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ц-н Э ид холбогдох эрүүгийн 2334002760246 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

  

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол улсын иргэн, Т овогт Ц-н Э , ................ оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

     1.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ОИ76041011 регистрийн дугаартай гэв.

 

     Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

     Шүүгдэгч Ц.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт:

     Шүүгдэгч Ц.Э : “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн өмнөх өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

     Хохирогч Д.Н : “2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймаг руу явж байгаад осолд ороод хүнд гэмтэл авсан. Би сэтгэл санаа, эрүүл мэндээрээ маш их хохирсон. Маш их гомдолтой байна. Хүний асаргаанд байж байгаад одоо л гайгүй болж байна. Идэвхтэй ажил хийх насан дээрээ байсан чинь тахир дутуу, эрэмдэг, зэрэмдэг хүн болчихлоо. Маш их харамсалтай байна. Би шүүгдэгчээс 1.000.000 төгрөг л авсан. Сая нэмэлтээр баримт өгсөн байгаа. Нийт 9.608.950 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа. Би хоолны газар ажиллуулаад, тогтмол орлоготой байсан. Олбол зохих орлого 2 сарын 8.000.000 төгрөг, эмчилгээний зардал 1.608.950 төгрөг болсон. Нийтдээ 10.622.310 төгрөг нэхсэн үүнээс 1.000.000 төгрөгийг төлсөн, 9.622.310 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

 

     Иргэний нэхэмжлэгч Д.С : “Хохирол барагдсан тул миний хувьд хэлэх зүйл байхгүй. Ээжийнхээ тал дээр л гомдолтой байна.” гэв.

    

     Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

              Үүнд: хохирогч П.Г ийн мэдүүлэг /хх-ийн 25-27 хуудас/, хохирогч Д.Б гийн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/, хохирогч Д.Н гийн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/, хохирогч Ч.Л ын мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/, иргэний нэхэмжлэгч П.Г ийн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/, гэрч Д.Н ын мэдүүлэг /хх-ийн 52-54 хуудас/, Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаартай хохирогч Д.Н гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нотолсон шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаартай хохирогч Ч.Л ын эрүүл мэндэд учирсан хохирлыг нотолсон шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 279 дугаартай хохирогч П.Г ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нотолсон шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 280 дугаартай хохирогч Д.Б гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нотолсон шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2310 дугаартай шинжээчийн дүгнэлт /Ц.Э ийн согтолтын зэрэг/, 1.11 "Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ийн "Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэн"-гийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23/95 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-95 хуудас/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18254 дугаартай "........  УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эд зүйлийн үнэлгээ хийсэн тайлан 16,107,800 төгрөг..." гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 99-110 хуудас зэрэг болно.

              Хохирогч Ч.Л аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх 152-181/, хохирогч П.Г оос гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх 183-185/, хохирогч Д.Н гээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх 187-191/, хохирогч Д.Б гаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх 202-204/, Өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн прокурор М.Цэрэнтогтоход гаргасан хүсэлт /хх 234/, Өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан прокурорын 2023.07.21-ний өдрийн №48 дугаартай тогтоол /хх 235/,

              Шүүгдэгч Ц.Э ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 197/, ял шалгах хуудас /хх 205/, мал тооллогын лавлагаа /хх 196/, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа /хх 198/, эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 200/, гэрлэсний бүртгэлийн лавлаа /хх 201/,

              Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогч Ч.Л ын хохирлын баримтууд 13 хуудас, хохирогч Д.Б гийн гаргаж өгсөн хохирлын 13 хуудас баримт, хохирогч П.Г оос гаргаж өгсөн 15 хуудас баримт, хохирогч Д.Н гээс гаргаж өгсөн 93 хуудас баримт, шүүгдэгч Ц.Э ийн хохирол төлсөн талаарх баримтууд 12 хуудас зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Э ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас: “Шүүгдэгч Ц.Э  нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Атар 13-ын тойрог гэх газарт асфальтан зам дээр .....  ТӨА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д "Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэж заасныг, мөн дүрмийн 11.3-т "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчиж, улмаар .....  УБА улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Н гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Ч.Л ын эрүүл мэндэд хүнд хохирол, П.Г ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Б гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдоно тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан Д.Н  мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт 1.013.360 төгрөгийн баримт өгсөн, үүнээс 1.000.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч төлсөн байгаа. Өнөөдөр эмчилгээний зардал 1.608.950 төгрөг, олох ёстой байсан орлого 8.000.000 төгрөг нэхэмжилсэн. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Э ээс эмчилгээний зардал 1.608.950 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н д олгуулж, олох ёстой байсан орлого 8.000.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. Хохирогч Ч.Л ын өнөөдөр шинээр баримтаар нэхэмжилсэн 1.437.830 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ч.Л т олгуулж мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. Хохирогч П.Г ийн нэхэмжилсэн 3.741.052 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч П.Г т олгуулж, хохирогч Д.Б гийн эмчилгээний зардал 745.250 төгрөг, асаргааны зардал 1.200.000 төгрөг, нийт 1.945.250 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Б д олгуулж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. Иргэний нэхэмжлэгч Д.С т учирсан 16.107.800 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн. Мөн хэрэгт иргэний нэхэмжлэгч П.Г  гэж хүн байгаа. Иргэний нэхэмжлэгч П.Г  нь хохирлын баримт ирүүлээгүй, өнөөдөр өмгөөлөгчийн зүгээс мөн баримт гаргаж өгөхгүй байна, ослын улмаас п.Г ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, түүний цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна.“ гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг: “Гэм буруугийн хувьд прокурортой санал нэг байна. Хохирогч Д.Н гийн олох ёстой байсан орлого 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Эрүүл мэнддээ хүнд гэмтэл авсан. Хувиараа гуанз ажиллуулж байсан. Иймд Иргэний хуулийн 505.1, 505.2-т тус тус зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Хохирогч Д.Б гийн хувьд бас маш хүнд байгаа, нүүрэн тус газраа гэмтэл авсан. Тэтгэвэрт гарсан ч гэсэн бие нь эрүүл саруул, ажил хөдөлмөр эрхлээд явж байсан. Иймд мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гаргуулж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн: “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирол төлбөрийг төлж байгаа тул тайлбар байхгүй. Энэ ослоос болж хохирогч нарт гэмтэл учирсан учир тул цаашид бол эмчилгээ хийгдэнэ. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн. Хохирогч Ч.Л ын эмчилгээний зардал 1.437.830 төгрөг, хохирогч Д.Н гийн эмчилгээний зардал 1.608.950 төгрөгийг тус тус төлнө, хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирогч Д.Н гийн нэхэмжилсэн олох ёстой байсан орлого 8.000.000 төгрөг, хохирогч Д.Б гийн ажилгүй байсан хугацааны цалин 3.000.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Хохирогч П.Г ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас протез нь ослын улмаас урагдаж гэмтсэн байх тул протезын мөнгө 800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргав.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Э ийн холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Э  нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Атар 13-ын тойрог гэх газарт асфальтан зам дээр .....  ТӨА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д "Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэж заасныг, мөн дүрмийн 11.3-т "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчиж, улмаар .....  УБА улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Н гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Ч.Л ын эрүүл мэндэд хүнд хохирол, П.Г ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Б гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн  2334002550244 хэрэгт авагдсан:

 

Хохирогч П.Г  өгсөн: “ 2023 оны 05 дугаар сарын 10-ны Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тэлмэн сум орох зорилготой 3-н тээврийн хэрэгслээр явсан. Завхан аймаг явахдаа 1 land 200,   цайвар хөх өнгийн Тоёота Альфард маркийн тээврйин хэрэгсэлтэй явсан. Цайвар хөх өнгийн Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэл дотор жолооч Н , жолоочийн эсрэг талын урд суудал дээр Л  эгч, арын зүүн гар талын суудалд Б  сууж явсан. Түүний баруун талд Н , түүний баруун талд Г , тэгээд Г  нар сууж явсан Хамгийн арын суудал дээр Оргилсайхан ах сууж нийт 7-уулаа уг тээврийн хэрэгсэлд суугаад явж байсан. Төв аймгийн Лүн сум руу орохоор явж байхад асфальтан замын зорчих хэсгийн эсрэг урсгал замаар саарал өнгийн жижиг тээврийн хэрэгсэл ирж явж байсан. Уг тээврийн хэрэгсэл нь чиглэлээ өөрчлөн эсрэг урсгал руу орж ирсэн. Тэгээд пад хийх чимээ гарсан би тэр урд хоёр суудал руу урагшилж цээж хэсгээрээ унасан байсан. Тэр үед машин жолоодож явсан Н  машинаас бууж хойд хаалга нээж машин доторх гэмтсэн хүмүүсийг гаргасан би тухайн үед машинаас буугаад газар хэвтээд байж байхад бид нарын сууж явсан машин асфальтан замын шороон далан руу урд хамар хэсгээрээ орсон байсныг харсан. Удалгүй цагдаа эмнэлгийн ажилтнууд ирсэн миний зүүн хөлийн дунд чөмөг хугарсан, зүүн хөлний сарвууны хэсгээр хөхөрсөн, зүүн талын аарцаг хэсгээр хөдөлж болохгүй тэгээд зүүн хөлний дунд чөмөгний хагалгаанд орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуудас/,

 

Хохирогч Д.Б  өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 04 цагийн үед Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1 дүгээр эмнэлгийн хажуу шүүх эмнэлгийн гаднаас нас барсан хүнээ Буяны машинд ачаад хотоос Завхан аймгийн Тэлмэн сум орох зорилготой цааш явсан юм. Би тухайн үед .....  УБА улсын дугаартай цайвар хөх өнгийн Альфард маркийн тээврийн хэрэгсэлд жолооч Н , Г , Г , Н , Л , Оргилсайхан гэх хүмүүсийн хамтаар нэг машинд сууж явсан. Тэгээд 06 цагийн үед Төв аймгийн Баянхангай сум өнгөрөөд хэсэг хугацааны дараа гэнэт түс, тас гэх чимээ гарсан. Тэгээд миний сууж явсан машин асфальтан замын хойд шороон хөвөө рүү хамар хэсгээрээ орсон байсан. Дотор байсан хүмүүс "юу болоод байна, би хөдөлж чадахгүй байна, гэх зэргээр орилж байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

 

Хохирогч Д.Н  өгсөн:  “ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өглөө Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 1 дүгээр эмнэлгийн моорогны хаалга дээрээс буяны машин дээр шарил ачаад Завхан аймгийн Тэлмэн сум орох зорилготой Улаанбаатар хотоос гарсан юм. Тэгээд .....  УБА улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэл дотор жолооч Н . Л , Б , Г , Г , Оргилсайхан нарын хамтаар зорчин явсан. Тэгээд удалгүй Төв аймгийн Лүн сум орохоор явж байхад гэнэт түс, тас гэх чимээ гарсан. Тэгээд ухаан ороод сэрэхэд машин шороон далан мөргөсөн байдалтай зогсож байсан. Машин дотор зорчиж байсан хүмүүс ёолж дуу алдаж байсан. Тухайн үед миний ухаан санаа орж гараад байсан. Нэг сэрэхэд эмнэлэг дээр байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,

 

Хохирогч Ч.Л  өгсөн: “ Би 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 1 дүгээр эмнэлгээс буяны машинд шарил ачаад цааш Завхан аймгийн Тэлмэн сум орох зорилготой Улаанбаатар хотоос .....  УБА улсын дугаартай Альфард маркийн тээврийн хэрэгслийн зорчиж явсан. Тухайн болсон үйл явдлын талаар би сайн санахгүй байна. Өөдөөс машин ирж байсан эсэх талаар би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч П.Г  өгсөн: “ .....  УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай авга эгчийн хүүхэд болор С ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл ба уг зам тээврийн ослын үед эзэмшигчийн төрсөн ах Н  жолоодож явж байсан. Тухайн өглөөний 04 цагийн орчим .....  УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тэлмэн сум руу ажил явдлаар шүүх эмнэлгийн гаднаас нас барсан хүнээ буяны машинд ачаад хотоос завхан аймгийн Тэлмэн сум орох зорилготой цааш явсан юм.  Тэгээд би Улаанбаатар хотоос гараад удалгүй буюу 22-ын товчоо өнгөрөөд унтаад явж байхад гэнэт машины үнэртэж, хүмүүс орилолдох үед сэрээд харахад хамт явсан хүмүүс тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгох гэж зүтгэж байсан. Тэгээд удалгүй жолооч Н  ах хаалга онгойлгож машинаас буух үед миний баруун талын хөл эвгүй болчихсон даагдахгүй байсан ба тээврийн хэрэгслийнхээ хажууд хэвтэж байгаад Лүн сумын эмнэлгээс түргэн авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.С  өгсөн: “.....  УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний нэр дээр бүртгэлтэй байдаг ба тухайн үед буяны ажил гараад  Улаанбаатар хотоос Завхан аймаг руу өөрийн дүү болох Н т тээврийн хэрэгслээ өгч явуулж байгаад замдаа зам тээврийн осолд орсон. Миний зүгээс зам тээврийн ослын буруутай этгээдээс тээврийн хэрэгслийн хохирол болох 16,107,800 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/,

 

Гэрч Д.Н  өгсөн: “ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 04 цаг 10 минутаас Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр эмнэлгийн моорог хэсгийн хүлээн авахаас нас барсан Пүрэвнямын шарилыг Буяны хөсгийн машинд ачаад хотоос Завхан аймгийн Тэмлэн сум орох зорилготой Төв аймгийн Лүн сумын Атар 13-ын тойрог өнгөрөөд явж байхад асфальтан замын зорчих хэсгийн эсрэг урсгалд өөдөөс саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт өөрийн явж буй эгнээ байраа өөрчилж асфальтан замын үргэлжилсэн цагаан шугамыг давж эсрэг урсгал сөрж орж ирсэн. Тухайн үед би өөрийн жолоодож  явсан Альфард маркийн тээврийн хэрэгслийн хурд сааруулахаар огцом торомз гишгэж, рүлээ баруун тийш дарж байхад уг Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж асфальтан замын хойд шороон далан руу машин хамар хэсгээрээ орж зогссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Бямбатуяагийн гаргасан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаартай  шинжээчийн “1.Д. Н гийн биед умдаг ясны баруун, зүүн талын дээд, доод салаа, ууц ясны зүүн дэлбэн, зүүн сүүж ясны дэлбэнг хамарсан нийлмэл хугарал, баруун сарвууны ар, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуу, зүүн тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн "хүнд" зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.”  гэх дүгнэлт /хх-ийн 60-62 хуудас/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Бямбатуяагийн гаргасан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаартай шинжээчийн: “1.Ч.Л ын биед тархины зүүн тал бөмбөлгийн зулайн оройн хэсгийн тархины эдэд цусан хураа, тархины эдийн няцрал, хаван, зүүн сүүж ясны дэлбээ их бие хэсгээр бяцарсан, ууцны үелэх хэсгээр сэлтэрсэн, Зүүн шуу ясны дунд 1/3-ийн диафиз хэсгийн хавсарсан хугарал, зүүн доод зовхи, сарвууны ар хэсэг, зүүн гарын долоовор хуруу, зүүн гуя, өвдөг, шилбэ, зүүн шилбэ, чихний дэлбэн, шанаанд шарх, зүүн дээд, доод зовхи, хэвлий, баруун шуу, хөлийн эрхий хуруу, баруун шагайнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

              2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

              3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

              4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт  /хх-ийн 64-66 хуудас/,

 

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Бямбатуяагийн гаргасан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 279 дугаартай шинжээчийн: “1.П.Г ийн биед зүүн дунд чөмгөний дээд 1/3- ээр зөрөөтэй хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

              2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үссэн ба шинэ гэмтэл байна.

              3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заа мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт хамаарна.

              4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 68-69 хуудас/,

 

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Бямбатуяагийн гаргасан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 280 дугаартай шинжээчийн: “1.Д.Б гийн биед баруун хоншоорын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод хана, хоншоорын хөндийн хажуу хана, хацар ясны нум бяцарсан, сэлтэрсэн зөрөөтэй хугарал, баруун хацар, шанаа, дээд зовхинд шарх, баруун мөр, хөх, бугалга, тохой, сарвууны ар, гуя, өвдөг, шилбэ, зүүн сарвууны ар, шуу, гуя, шилбэ, өвдөгт цус хуралт, зүүн дээд доод зовхи, нүүрний баруун тал нилэнхүйдээ зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

              2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

              3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

              4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 71-73 хуудас/,

 

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Энхмандах гаргасан 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2310 дугаартай шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн: "Э " гэж хаягласан цусны дээж хэмжээний хувьд спиртийн зүйл тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.

              2.Шинжилгээнд ирүүлсэн: "Э " гэж хаягласан цусанд 1,0 промилли спиртийн агууламж илрэв.

              3.Цусанд 1,0 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 82-84 хуудас/,

 

         “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ийн "Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэн"-гийн шинжээч Т.Түвшинбаатар гаргасан 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23/95 дугаартай: “1.Toyota Alphard маркийн .....  УБА улсын дугаартай автомашины жолооч Д.Н ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

              2.Тoyota Prius-20 маркийн .....  ТӨА улсын дугаартай автомашины жолооч Ц.Э  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 ""Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нелеет бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

              3.Энэхүү дүгнэлтийн 2 дугаар хариултаар хариулсан гэж үзэж байна.

              4.Хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслүүдэд учирсан гэмтлүүдээр хурдыг тогтоох боломжгүй байна.

              5.Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна.” гэх дүгнэлт /хх-ийн 93-95 хуудас/,

 

              Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 18253 дугаартай авто машины хохирлын үнэлгээний: “.....  УБА улсын дугаартай  Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэлд 16,107,800 /арван зургаан сая нэг зуун долоон мянга найман зуу/ төгрөгийн хохирлын үнэлгээгээр тогтоогдсон.” гэх тайлан /хх-ийн 99-110 хуудас/,            

 

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11/, Toyota Alphard маркийн .....  УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-15/, Тoyota Prius-20 маркийн .....  ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.               

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрхи үйл баримт нэг мөр, ямар нэг эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн ханалттай тогтоогдсон байна.

 

  Шүүгдэгч Ц.Э  нь согтуурсан үедээ 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Атар 13-ын тойрог гэх газарт асфальтан зам дээр .....  ТӨА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад .....  УБА улсын дугаартай тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж , тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Н гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Ч.Л ын эрүүл мэндэд хүнд хохирол, П.Г ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Б гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж хангагдсан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н гийн эрүүл мэндэд хүнд хохирол,  Ч.Л ын эрүүл мэндэд хүнд хохирол, П.Г ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Б гийн эрүүл мэндэд хүндэвтэр учирсан нь шинжээчийн 277, 278, 279, 280 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон тул гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хүндрүүлж  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт  заасан “согтууран мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.” гэж хуульчилсан хуулийн зүйл, хэсэгт Ц.Э ийн гэм буруутай үйлдэлд тохирсон, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаас гадна мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт тооцохгүй.” гэж заасан байдаг.

 

   Шүүгдэгч Ц.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эсрэг урсгал сөрсөн үйлдэл буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, харин хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан нь Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасан гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

 

   Шүүгдэгч Ц.Э ийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан нь шалтгаант холбоотой байна.

 

   Шүүгдэгч Ц.Э  нь согтуурсан үедээ 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Атар 13-ын тойрог гэх газарт асфальтан зам дээр .....  ТӨА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад .....  УБА улсын дугаартай тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж , тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Н гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Ч.Л ын эрүүл мэндэд хүнд хохирол, П.Г ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Б гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Ц.Э ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Н , Ч.Л  нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч П.Г , Д.Б  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Д.С ын эд хөрөнгөд 16.107.800 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.С аас: “Миний машины хохирол үнэлгээгээр 16.107.800 төгрөг гарсан. Энэ хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ төлбөр өнөөдөр төлөгдөж дууссан.” гэх мэдүүлэг өгсөн, 16.107.8000 төгрөгийн хохирлыг шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул энэ шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэгч Д.С т тооцон олгох гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.

 

Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирогч Д.Б гийн хувьд хүндэвтэр гэмтэл учирсан. Эмчилгээний зардал 745.250 төгрөг, 5 дугаар сарын 10-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл хүнээр асруулсан асаргааны зардал 1.200.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3.000.000 төгрөг /ээлжийн худалдааны зөвлөх хийдэг байсан, сарын цалин 1.500.000 төгрөг авдаг байсан, 2 сарын цалин нэхэмжилж байгаа гэв/, прокурорын шатанд 697.860 төгрөгийн баримт өгсөн байдаг. Ингээд нийт 5.643.110 төгрөгийг болж байгаа. Үүнээс шүүгдэгч 385.000 төгрөгийг одоогоор төлсөн байгаа. Үлдэгдэл 5.258.110 төгрөгийг нэхэмжилж байна.

Хохирогч П.Г ийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй, нэг гаргүй, ослын улмаас нэг хөлөө хадуулчихсан. Сэтгэл санааны хувьд маш хүнд, маш их өвдөлттэй байсан. Эгч нь бүр амиа хорломоор байна гээд байна гэсэн. Хөлөө хадуулсан тул одоогоор босож явж чадаахгүй байгаа. Хүнээр 2 сар малаа маллуулсан. Ослын улмаас протез нь эвдэрсэн. Протезын мөнгө 800.000 төгрөг, асаргааны мөнгө 2.000.000 төгрөг, малчин хөлсөөр ажиллуулсны зардал 1.000.000 төгрөг, прокурорын шатанд 441.052 төгрөгийн баримт өгсөн. Нийт 4.241.052 төгрөг болж байгаа. Үүнээс шүүгдэгч 500.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 3.741.052 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Хохирогч Ч.Л ын хувьд нийт 9.376.063 төгрөг нэхэмжилснээс 7.938.233 төгрөг төлөгдсөн байна. Одоо үлдэгдэл буюу өнөөдрийн шинээр баримтаар гаргаж өгсөн 1.437.830 төгрөгийг нэхэмжилж байна.

Хохирогч Д.Н гийн хувьд прокурорын шатанд 1.013.360 төгрөгийн баримт өгсөн. Өнөөдөр шүүхэд шинээр 9.608.950 төгрөгийн баримт шинээр өгсөн. Үүнд эмчилгээний зардал 1.608.950 төгрөг, олох ёстой байсан орлого 8.000.000 төгрөг орж байгаа. Ингээд нийтдээ 10.622.310 төгрөг болж байгаа. Үүнээс шүүгдэгч 1.000.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 9.622.310 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү.” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд, 

Шүүх дээрх хэрэгт авагдсан нотлох баримтууд хохирогч нарын шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтуудыг шинжлэн судлаад

1.Хохирогч Д.Б гийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 697.860 төгрөг /прокурорын шатанд гаргаж өгсөн/, 745.250 төгрөг /шүүхийн шатанд гаргаж өгсөн/, асаргааны төлбөр 1.200.000 төгрөг, 2 сарын ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1.100.000 төгрөг, нийт 3.743.110 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Хохирогч  Д.Б  нь Beauty bar ctore ХХК-д ээлжийн худалдааны зөвлөхөөр ажилладаг талаарх компанийн талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ авагдсан боловч түүний нийгмийн даатгалын лавлагаа, татвар төлдөг талаарх лавлагаа зэрэг нотлох баримтууд хэрэг авагдаагүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас 2 сарын цалин 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Хохирогч П.Г ийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 441.052 төгрөг /прокурорын шатанд гаргаж өгсөн/, протез 800.000 төгрөг, 2 сарын асаргааны зардал 2.000.000 төгрөг, малчин ажиллуулсны 6, 7 сарын ажлын хөлс 1.000.000 төгрөг, нийт 4.241.052 төгрөгөөс шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд төлсөн 500.000 төгрөгийг хасаж, үлдсэн 3.741.052 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

3.Хохирогч Ч.Л ын нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал, эмнэлгийн орны төлбөр, асаргаа хийлгүүлсэн төлбөр зэрэг 7.938.233 төгрөг /прокурорын шатанд гаргаж өгсөн/, 1.437.830 төгрөг /шүүхийн шатанд гаргаж өгсөн/, нийт 9.376.063 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 7.938.233 төгрөгийг хасаж, үлдсэн 1.437.830 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

4.Хохирогч Д.Н гийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 1.013.360 төгрөг /прокурорын шатанд гаргаж өгсөн/, 1.608.950 төгрөг /шүүхийн шатанд гаргаж өгсөн/, олох ёстой байсан орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэн 4.000.000 төгрөг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд төлсөн 1.013.360 төгрөгийг хасаж, үлдсэн нийт 5.608.950 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Харин түүний олох ёстой байсан орлого гэх 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Мөн хохирогч Д.Б , П.Г , Ч.Л , Д.Н  нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоол, гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирол, хор уршиг, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэмтэл нь тэдгээрийн эрүүл мэндийг сарниулсан хугацаа, гэмтлээс үүссэн үлдэц уршиг, хөдөлмөрийн чадвар алдалт зэргийг тал бүрээс нягталж үзсэн болно.

 

Гэм буруугийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Ц.Э  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах” тухай хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 өдөрт багтаан завсарлуулж,

     шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч Ц.Э  нь шүүхээс тогтоосон 3.741.052 төгрөгийг гаргуулж хохирогч П.Г т, 3.745.110 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б д,  5.608.950 төгрөгийг гаргуулж Д.Н д, 1.437.830 төгрөгийг гаргуулж Ч.Л д олгохоор шийдвэрлэсэн хохирлыг тус тус төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Ц.Э ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг: “Шүүгдэгч хохирлыг бүрэн төлсөн тул эрүүгийн хариуцлагад ямар нэгэн санал байхгүй.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “Миний үйлчлүүлэгч хохирол төлбөр төлөхөөр хуульд зааснаар 5 хоногийн завсарлага авч нийт 14.530.942 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Ц.Э  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хор уршиг, хохирлуудыг төлж барагдуулсан байгаа. Энэ зүйл анги нь хорих ял, зорчих эрх хязгаарлах ял, тэнсэх ял гэсэн санкцтай байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д зорчих эрх хязгаарлах ялыг багасгах, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хоёр саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Э ээс: “Хэлэх зүйл байхгүй.” гэх хүсэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Ц.Э  нь ам бүл 3, эцэг, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цахиур гэх газарт оршин суудаг /хх-ийн 197, 198/, мал аж ахуй эрхэлж амьдардаг, 2022 оны мал тооллогоор нийт 1098 малтай талаарх лавлагаа /хх 196/,  Төв аймгийн Лүн сумын 1-р баг Цагаан уул Цэгээний хөндий 1-109 тоотод өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэлтэй /хх 200/, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй талаарх ял шалгах хуудас /хх 205/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 210- 212/, одоо 47 настай гэх баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “ гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Э  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

 Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Э  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн;”-г тус тус эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ц.Э ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

            Шүүгдэгч нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сайн дураараа төлсөн, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх хасах шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,  биелэлтэд  хяналт  тавихыг  Төв  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

     1.Шүүгдэгч Т овогт Ц-н Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

             

     2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

              3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э ийг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

              5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э ид үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

     6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

 

     7.Хохирогч Д.Б , П.Г , Ч.Л , Д.Н  нар нь  цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Б гийн 2 сарын цалин 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хохирогч Д.Н гийн олох ёстой байсан орлого 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

     8.Эрүүгийн 2334002760246 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  иргэний нэхэмжлэгч Д.С т 16.107.800 төгрөгийг,  хохирогч Д.Б д 3.743.110 төгрөгийг, П.Г т 4.241.052 төгрөгийг,Ч.Л д 9.376.063 төгрөгийг, Д.Н д 6.622.310 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

    

     9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

     10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

     11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Э ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ