Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/1268/Э |
Дугаар | 2023/ШЦТ/1191 |
Огноо | 2023-10-09 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1191
2023 10 09 2023/ШЦТ/1191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Дгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230300465**** дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын **-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* аймгийн ************ суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн багш мэргэжилтэй, Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургуульд багш ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ** байрны * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш овогт Дгийн А (РД:бз87011704),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Таван шарын уулзвар дээр 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг 20 минутын орчимд Toyota Prius маркийн **-** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3. ...бүдэг асдаг болсон;” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч байсан явган зорчигч Т.О, Ц.Д нарыг мөргөж, Т.Оийн биед зүүн өлмийн 2, 3-р ясны хугарал, баруун тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...холбогдсон асуудлын талаар гэвэл 1 хүнийг мөргөөд дахин давтан очиж өөр хүнийг мөргөөгүй. Би хоёуланг нь мөргөснөө мэдэхгүй байна. Тэгтэл 1 хүнийг мөргөөд нөгөө хүнийг дахин мөргөсөн гээд байна. Хохирогчийн хөл нь эвгүй харагдаад байсан тул эмнэлэгт аваачиж өгсөн. Тухайн уулзвар нь машин болон явган хүний гарцаар гарах ногоон гэрэлтэй давхцаж асдаг юм билээ. Эдгээр хүмүүс нь хоёулаа хажуугаас гүйгээд гараад ирсэн. Миний хувьд зам тавьж өгөх үүргээ зөрчсөнөө мэдэж байгаа. Би Оийн эмчилгээнд 350,000 төгрөг зарцуулсан, Дд 76,000 төгрөгийн эм тариа авч өгсөн” гэв.(шүүх хуралдааны тэмдэглэл),
2.Хохирогч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн үед ажил тараад автобусанд суугаад буудал дээр дээр буусан. Тэгээд явган хүний зөвшөөрөгдсөн гэрлэн дохио ассан байхаар нь гарцаар гараад явж байтал энэ жолооч огцом орж ирээд миний хөлөн дээгүүр гараад явчихсан. Миний хажууд бас нэг хүн явж байсан, тэр хүн ямар бэртэл авсныг мэдэхгүй. Одоо миний хөл удаан явахаар өвддөг болсон. 2-3 сар ажилгүй байсан ” гэв (шүүх хуралдааны тэмдэглэл),
Нэг. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг гэм буруутайд тооцуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах” тухай дүгнэлтийг,
Хохирогч Т.О нь “... сэтгэл санааны хохирол, дутуу авсан цалин хөлсөө нэхэмжилмээр байна” гэж,
Шүүгдэгч Д.А нь “...би хохирогчийн хөлөн дээгүүр гараагүй, өмнө хохирогч энэ талаар мэдүүлээгүй атлаа шүүх хурал дээр хөл дээгүүр гарсан гэж ярьж байна. Би хохирогчийг мөргөснөө санахгүй байгаа юм. Ямар ч байсан хохирогч газар унасан, ийм л асуудал болсон. Хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж буй зарим хохирол нь энэ хэрэгт хамааралгүй, би энэ талаар хохирогчоос асуухад хамаагүй гэсэн тул хасуулах саналтай” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Д.А нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Таван шарын уулзвар дээр 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг 20 минутын орчимд Toyota Prius маркийн **-** УБМ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар зам хөндлөн гарч гарч явсан явган зорчигч Т.О, Ц.Д нарыг мөргөж, хохирогч Т.Оийн биед зүүн өлмийн 2, 3-р ясны хугарал, баруун тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
2.Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Зам тээврийн осол, хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн /19 дүгээр/ хорооны нутаг дэвсгэр, 5 шарын уулзварын хойд явган хүний гарц зам хэсэг байлаа. Тухайн зам нь асфальтан, шулуун тэгш, нойтон, зохицуулагддаг уулзвар хэсэг, явган хүний гарцтай. Суурингийн доторх замд үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээ, хашлагатай зам байлаа. Автомашинд мөргүүлсэн явган зорчигчийг байлцуулан анх автомашинд мөргүүлсэн гэх цэгийг А болон 1 тоогоор тэмдэглэж, Б буюу 2 тоогоор унасан гэх цэгүүдийг тэмдэглэн В буюу үл хөдлөх цэгээр замын зүүн талд байх гэрлийн шонг тэмдэглэн хэмжихэд А цэгээс Б цэг хүртэл 1.20м, А цэгээс үл хөдлөх цэг хүртэл 3,0х8,20х8,90м , ...2 тооноос зүүн талын хашлага хүртэл 6,80м , Б цэгээс зүүн талын хашлага хүртэл 6,80м, явган хүний гарцны хэвтээ тэмдэглэгээгээс А цэг хүртэл 0,50м 1 тооноос зүүн талын хашлага хүртэл 8,0м, зорчих хэсгийн өргөн 09,80м, жолооч болон явган зорчигч нарыг драгер багаж үлээлгэхэд 0,00 хувь гарч, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-8, 12-13 дахь тал),
3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),
4. Хохирогч Т.Оийн: “...Би тухайн өдрийн 23 цаг орчимд 3 дугаар эмнэлгийн ойролцоо байдаг Хишиг Монгол нэртэй хоолны газраас ажлаа тараад гэр лүүгээ харихаар автобусанд суусан. Ингээд автобус 5 шарын зүүн талын гэрлэн дохиогоор хойшоо эргээд хүмүүсээ буулгасан. Би автобуснаас буугаад зам хөндлөн гарахаар явган хүний гэрлэн дохиотой, гарц дээр ирсэн. Тэр үед явган хүний гарцны ногоон өнгийн гэрэл асаж байхаар нь би ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсэг рүү алхаад орсон, тэр үед надтай хамт мөн автобуснаас буусан хүн хамт алхаад явсан бөгөөд тэр хүн миний баруун гар талд алхаж явсан. Ингээд замын дунд хэсэг орчимд алхаад явж байхад урдаас хойш явж байсан автомашин ямар нэгэн зогсох үйлдэл хийлгүйгээр хамт алхаж явсан хүн бид 2-г зүүн талаас мөргөөд зогссон. Энэ жолооч огцом орж ирээд миний хөлөн дээгүүр гараад явчихсан. Тэр машин намайг эхэлж мөргөөд дараа нь хамт явсан эмэгтэйг мөргөж унагаасан. Тэр машиныг зүүн талаас ороод ирэх үед би цуг явсан эмэгтэйн хамт баруун тийш жоохон зайлсан боловч шууд ирээд л мөргөчихсөн. Ослын дараа миний зүүн хөл өвдөөд байсан. Машины жолооч эмэгтэй машинаас бууж ирээд намайг эмнэлэг явъя гээд хамт явсан эмэгтэй бид 2-г гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн хөлийн тавхайн яс хугарсан байна гэж хариу гарсан. Ингээд замын цагдаагаас холбогдоод ослын газраа ирэх талаар хэлсэн. Бид нар ослын газарт очоод хаана машинд мөргүүлсэн болон унасан гэх цэгийг зааж өгсөн, цагдаа нар үзлэг хэмжилт хийгээд явсан. Миний зүүн хөл гипстэй, өвчтэй байгаа. бусдаар хэвийн байна.Би энэ хэргээс болж 2-3 сар ажлаа хийгээгүй. Жолооч талаас миний ажилгүй өдрийн цалинг, сэтгэл санааны хохирлын хамт гаргаад өгвөл гомдол санал алга байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8679 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...Т.Оийн биед зүүн өлмийн 2, 3-р ясны хугарал, баруун тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),
6. Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.О нь эрүүл мэндийн даатгалын төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 577.000 төгрөгийн зардал гарсан болох нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 04/3381 дугаартай албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
7.Иргэний нэхэмжлэгч Ц.Дгийн: “...Би тухайн өдөр ажлаа тараад орой 23 цагийн орчим алхаж явсан бөгөөд 5 шарын зүүн талын гэрэл дохиотой уулзварын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарсан гарц дээр ирэхэд явган хүний ногоон гэрэл асаж байсан. Тухайн үед танихгүй нэг эмэгтэйтэй хамт алхаж байсан юм. Тэгэхэд зүүн талаас хойшоо эргэж байсан приус маркийн автомашин ямар нэгэн зогсох үйлдэл хийлгүй хамт алхаж явсан эмэгтэй бид хоёрын зүүн талаас мөргөөд зогссон. Ослын дараа машины жолооч нь машинаасаа бууж ирэхгүй байсан бөгөөд хажуугаар явж байсан нэг залуу жолоочид хандаад “хүн мөргөчихлөө машинаасаа буугаач” гэж хэлсэн чинь жолооч бууж ирсэн. Машинд мөргүүлсэн эмэгтэй бид 2 босоод алхах гэтэл нөгөө эмэгтэй алхаж чадахгүй байсан тул жолоочийн машинд суугаад гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд 7 хоногийн дараа дахиж үзүүлээрэй, хугарал гэмтэл байхгүй байна, толгойгоо үзүүлээрэй гэж надад хэлсэн. Нөгөө эмэгтэйн хөлийн сарвуу нь хугарсан гэж сонссон. Одоогоор биеийн байдал гайгүй байна. Тухайн үед толгой өвдөөд дотор муухай оргиод байсан. Би толгойгоо бариачид 5 хоног бариулсан. Жолооч эмэгтэй хүн мөргөчхөөд ямар нэгэн уучлалт гуйх, буруутай зүйлээ ойлгохгүй байгаад гомдолтой байна. Би өдрийн 50.000 төгрөгөөр толгойгоо нийт 5 өдөр бариулсан. 250.000 төгрөг болсон. Тэрийг нэхэмжилнэ. Өөр хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
8. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1139636712 дугаартай дүгнэлт: “...уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд дугаарын нэг гэрэл асахгүй, зүүн хойд хаалганы замаск унаж хагарсан, баруун талын их гэрлийн чийдэн сууринаасаа мултарсан байгаа зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Тус тээврийн хэрэгслийн зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5000cd, хол дээрээ 31200 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 3700 cd, хол дээрээ 5000 cd, (стандарт 10000-225000 cd) байгаа нь баруун ойрын гэрлийн хувьд стандартын шаардлага хангахгүй байна.Т.Приус маркийн **-** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021-05-11-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн, 2022, 2023 онуудад техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байна. (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
9. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 849 дугаартай: “...Жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч-д ....зам тавьж өгнө. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3. ...гэрэл нь ... бүдэг асдаг болсон;” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Явган зорчигч Т.О, Ц.Д нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэх магадалгаа (хавтаст хэргийн 70-71 дэх тал),
10. Шүүгдэгч Д.Агийн: “...Би тухайн өдрийн орой 10 дугаар хорооллоос Толгойт чиглэлд явж байсан бөгөөд тухайн үедээ өөрийн эзэмшлийн Приус маркийн 26-24 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодоод ганцаараа явж байсан. Ингээд драгон төвөөс 21 дүгээр хорооллоор эргэх уулзвараар баруун гар тийш буюу ертөнцийн зүгээр хойш эргэх үйлдэл хийсэн. Тэгээд уулзвар нэвтрэх үедээ хүн явж байгааг хараад тоормос гишгэх үед явган зорчигч нар мөн зогсох шиг болоод нэг эмэгтэй нь газар унах шиг болсон. Би 1 хүнийг мөргөөд дахин давтан очиж өөр хүнийг мөргөөгүй. Би хоёуланг нь мөргөснөө мэдэхгүй байна. Би машинаа зогсоогоод буугаад харахад нэг эмэгтэй нь жолоочийн хаалганы хажууд унасан байсан. Би газар унасан байсан эмэгтэйг босгосон. Тэр хүнийг хажуугаас нь мөн хамт явсан эмэгтэй нь цуг өргөөд босгосон. Би газар унасан эмэгтэйгээс таны бие зүгээр үү гэж асуухад эмнэлэг оръё гэж хэлээд эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод хөлийг нь үзүүлэхэд зүүн хөлийн яс нь хугарсан байна гэж хариу гарсан. Би Д гэх хүнийг бас та үзүүлэх үү гээд асуухад тэр эмэгтэй үзүүлэхгүй гэж хэлсэн. Тэгэхэд хүүхэд нь ирээд чи миний ээжийг тоосонгүй үзүүл гэж хэлсэн. Ингээд тэр хүнийг эмнэлэгт үзүүлэхэд одоогоор хэвийн байна, та биеийн байдлаа ажиглаарай гэж хэлсэн. Би хөл нь хугарсан От эмнэлгээс бичиж өгсөн 170.000 орчим төгрөгийн эмийг авч өгсөн. Д гэх хүнд мөн эмчийн бичиж өгсөн эмийг авч өгсөн. Ослын маргааш өдөр нь О гэх хүнийг ахиж эмнэлэгт үзүүлээд 150.000 орчим төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, мөн таяг авч өгсөн. Үүнээс хойш хохирлын баримт өгөөгүй учраас хохирол төлөөгүй явж байгаа. Тухайн уулзвар нь машин болон явган хүний гарцаар гарах ногоон гэрэлтэй давхцаж асдаг юм билээ. Эдгээр хүмүүс нь хоёулаа хажуугаас гүйгээд гараад ирсэн. Миний хувьд зам тавьж өгөх үүргээ зөрчсөнөө мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, Энэхүү осол болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Таван шарын уулзварын зам байх ба тухайн замын гэрлэн дохионы горим нь 3 үетэй, ертөнцийн зүгээр зүүн талаас хойшоо чигт явах чиглэлтэй замын гэрлэн дохионы горим нь ажиллахдаа Москвагийн гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлд шулуун хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл болон Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл асдаг. Мөн уулзварын хойд талаар Үйлдвэрчний гудамжны зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл асдаг горимтой байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл болон явган зорчигч явахыг зөвшөөрсөн горим нь давхцаж асдаг нөхцөл байдал тогтоогдсон ба дээрх тохиолдолд явган зорчигч нь давуу эрхтэйгээр оролцох зохицуулалттай байна.
Гэтэл шүүгдэгч Д.А нь ертөнцийн зүгээр зүүнээс хойшоо чигт явахаар өөрийн эзэмшлийн Приус маркийн 26-24 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодоод зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор гарч явах үедээ ертөнцийн зүгээр зүүнээс баруун чигт явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор гарч явсан явган зорчигч Т.О, иргэний нэхэмжлэгч Ц.Д нарыг харсан даруй зогсож өнгөрөөх арга хэмжээ авалгүйгээр дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг мөргөж гэмтэл учруулсан нь хохирогч Т.О, иргэний нэхэмжлэгч Ц.Д нарын агуулгын хувьд зөрүүгүй өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.
Тухайн үед 23 цагийн орчимд буюу шөнийн цагт энэхүү осол гарсан байх ба осол гарсан зам нь гэрэлтүүлэгтэй хэдий боловч шүүгдэгч Д.Агийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд дугаарын нэг гэрэл асахгүй, баруун талын их гэрлийн чийдэн сууринаасаа мултарсан, мөн зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5000cd, хол дээрээ 31200 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 3700 cd, хол дээрээ 5000 cd, (стандарт 10000-225000 cd) байгаа зэрэг нь стандартын шаардлага хангахгүй, бүрэн бус байгаа нь осол гарахад шууд нөлөөлсөн шинжтэй, улмаар 2022, 2023 онуудад техникийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаагүй нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1139636712 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
Улмаар шүүгдэгч Д.Агийн жолоодож явсан бүрэн бус тээврийн хэрэгслийн улмаас хохирогчид “...зүүн өлмийн 2, 3-р ясны хугарал, баруун тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн 8679 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Агийн дээрх үйлдэл нь захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч-д ....зам тавьж өгнө. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3. ...гэрэл нь ... бүдэг асдаг болсон;” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Шүүгдэгч Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.
Улмаар шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэмт хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 230 дугаар зүйлийн 230.1-д “ эдийн бус гэмт хорыг арилгуулахаар хохирогч шаарах эрхтэй”, 230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэмт хорыг мөнгөөр нөхөн төлнө”, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэмт хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Д.А нь түүнд 350000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн зардлыг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Хохирогчоос сэтгэцэд учирсан хохирол гэж нэхэмжилсэн зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь,
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “сэтгэцийн эмгэг” гэж өвчний олон улсын ангиллын “сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг хамааруулахаар заасан байна.
Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д зааснаар Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуульд сэтгэцэд учирсан хохирлыг тооцох, арилгуулахтай холбоотой зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа билээ. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.4-д “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно.” гэж заажээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.От хүндэвтэр гэмтэл учирсан байх ба “Нөхөн төлбөр тооцох жижиг аргачлал”-ын гуравдугаар зэрэглэлд “хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хувь хэмжээгээр тооцохоор заасан байх тул 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 550.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлж 7.150.000 төгрөгийг шүүгдэгч Д.Агаас гаргуулахаар шийдвэрлэв.
Мөн хохирогч Т.О 100,000 төгрөгөөр гэмтэлтэй хөлөнд өмсөх зориулалт бүхий гутлыг худалдаж авсан гэх тул уг зардлыг мөн шүүгдэгч Д.Агаас гаргуулахаар тогтов.
Харин хохирогч Т.О нь хөлөндөө авсан гэмтлийн улмаас ажилдаа удаан хугацаагаар яваагүй гэж мэдүүлж тэрээр Үйлдвэрлэл, худалдааны “Хишиг арвин” ХХК-д угаагч, бэлтгэгчээр ажилладаг, сард 1.050.000 төгрөгийн цалин болон унааны 75.000 төгрөг авдаг нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн байна. (хавтаст хэргийн 19, 20 дахь тал).
Дээрх баримтууд нь хохирогчийн цалин хөлс орлогыг бүрэн илэрхийлэхгүй байх тул энэхүү нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, улмаар эдгээр зардлаа нотлох баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Агаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Ц.Д нь өдрийн 50.000 төгрөгөөр нийт 5 өдөр толгойгоо бариулсан, нийт 250.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн боловч ямар нэгэн баримтгүй тул шүүгдэгч Д.Агаас уг зардлыг гаргуулах боломжгүй байна.
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагаас “хохирогч Т.Оийн эрүүл мэндийн даатгалын төвөөс авсан эмчилгээ үйлчилгээний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 577.000 төгрөгийн зардал гарсан гэж 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 04/3381 дугаартай албан бичиг, баримтыг гаргаж өгсөн байна. (хавтаст хэргийн 28 дахь тал)
Гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны 23 цаг 20 минут байгаа ба Эрүүл мэндийн даатгалын газрын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 04/3381 дугаартай албан бичиг, баримтад гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө буюу 2023 оны 6 дугаар сарын 12, 6 дугаар сарын 15, 7 дугаар сарын 03-ны өдрийн 45.000 төгрөгийн 3 баримт, мөн тус хэрэгтэй хамааралгүйгээр үзүүлсэн гэх 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 245.000 төгрөгийн зардлын баримтыг оруулан тооцсон байх тул энэхүү хэрэгт хамааралгүй зардлыг /577,000-245,000-45,000=287,000/ тус тус хасаж тооцох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Агийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.О нь эрүүл мэндийн даатгалын сангаас 287.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх тул уг зардлыг шүүгдэгч Д.Агаас гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад 1000.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
Хохирогч Т.О нь “...улсын яллагчтай санал нэг байна” гэж,
Шүүгдэгч Д.А нь “...би хохирлоо төлнө гэсэн бодолтой орсон, гэхдээ ийм их хэмжээний хохирол төлнө гэж тооцоолоогүй, иймээс завсарлага авсан хугацаанд хохирлоо төлж барагдуулаагүй, би энэ хохирогчийг явах гэж байхад нь болиулж эмнэлэгт хүргэж өгч эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, миний сарын цалин 1 сая төгрөг, би энэ бүх мөнгийг төлөх боломжгүй байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Д.Агийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Агийн 2022, 2023 онд техникийн үзлэгт хамрагдаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байдал нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, тэрээр замын хөдөлгөөнд дагаж мөрдвөл зохих хууль, дүрмээ биелүүлээгүй, анхаарал болгоомжгүй байдал нь тухайн зам тээврийн осол гарахад хүргэсэн, түүний үйлдлээс шалтгаан хохирогч Т.Оийн биед хүндэвтэр хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Иймээс улсын яллагчийн гаргасан шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай саналыг хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Д.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Дгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Д.А нь 350.000 (гурван зуун тавин мянга) төгрөг төлсөн болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дугаар зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Агаас 7.250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.От олгож, хохирогч Т.О, иргэний нэхэмжлэгч Ц.Д нар нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардал, дутуу авсан цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Агаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Агаас 287.000 (хоёр зуун наян долоон мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ