Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2026/0127

 

 

 

 

“Млги” ХХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нм

 

Гомдол гаргагч: “Млги” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч

 

Гомдлын шаардлага: “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0116731, 0116733, 0116734 дугаартай Шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах"

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нм, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.От, хариуцагч З.Нм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 120/2025/0010/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1 Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр:

“Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.10, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Млги” ХХК-ийн Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0116731, 0116733, 0116734 дугаартай Шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 120/ШШ2025/0012 дугаартай шийдвэр шүүхээс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бичгээр үйлдэгдэж гаргасныг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн аваад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.

1. Гомдол гаргагч нь шинжээчийн дүгнэлт гэх хохирлын үнэлгээний тайлантай холбогдуулан дараах байдлаар гомдлын үндэслэлээ гаргасан. Үүнд:

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий албан тушаалтнаас шинжээч оролцуулахдаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар шинжээчид хүлээх хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулаагүй шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй

Шинжээчийн дүгнэлт бус "Эмб" ХХК-ийн гаргасан байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээгээр шийтгэлүүд ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй, Шинжээч оролцуулах тогтоол, "Эмб" ХХК-ийн гаргасан байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээтэй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад танилцаагүйгээс дүгнэлттэй холбоотой гомдол гаргах хугацаа алдсан, шинжээчид асуулт тавих эрхээ эдэлж чадаагүй

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээрт гомдол гаргагчийн гомдлын агуулгыг тодорхойлохдоо дээрх үндэслэлүүдийг орхигдуулснаас энэхүү гомдлын үндэслэл нь шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлсөн талаар хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.

2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дугаарт "2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Г.Нзг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, зөрчил шалгах ажиллагаанд оролцуулж, эрх үүргийг нь танилцуулж, мэдүүлэг авсан, өмгөөлөгч авах, зөрчлийн хэрэгтэй танилцуулах боломжоор хангасан, эрх бүхий албан тушаалтнаас дуудахад /2025 оны 3 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд/ Г.Нз нь ирж зөрчлийн хэрэгтэй танилцаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусахаас өмнө оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэдгийг хариуцагч зөрчөөгүй байна" гэсэн дүгнэлтийг хийжээ. Ингэхдээ шүүх хавтаст хэргийн 166 дугаар талд авагдсан баримтыг үндэслэсэн байна.

Хавтаст хэргийн 166 дугаар талд хариуцагч талаас ирүүлсэн хүснэгт авагдсан бөгөөд уг хүснэгтээр эрх бүхий албан тушаалтан нь холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нзг хэргийн материалтай танилцах боломжоор хангасан нь тогтоогдохгүй буюу хэн гэдэг эрх бүхий албан тушаалтан, хэнтэй яаж, холбооны ямар хэрэгслээр холбогдон хэргийн материалтай танилцах боломж олгосон нь тодорхойгүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж "Г.Нз ирж зөрчлийн хэрэгтэй танилцаагүй нь тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Төлөөлөгч Г.Нз нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр холбогдогчоор мэдүүлэг өгсөн байдаг. Түүнийг мэдүүлэг өгч дууссан дараа мэдүүлэгт гарын үсэг зуруулсан, эрх үүргийг нарийн сайн тайлбарлаж өгөөгүй, нэр бичигдсэн хэсгийнхээ өмнө, хуудас бүрийн дор гарын үсгээ зур гэж эрх бүхий албан тушаалтнаас хэлсэн. Хэлсэн дагуу нь гарын үсгүүдээ зурсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх, үүрэгтэйгээр оролцож байгаагаа огт ойлгоогүй гэж тайлбарладаг

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нм миний бие шүүх хуралдааны хэлэлцүүлэгт "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоохоор заасан байна. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хохирогчийг тогтооно. Хохирогчоор тогтоогдсон хүн, хуулийн этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна. Гэтэл хэрэгт Байгаль орчны газрын даргын хохирогч, нэхэмжлэгч томилсон тушаал авагдсан байна. Эрх бүхий албан тушаалтан хохирогчоор тогтоосон шийдвэр гаргаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна" гэсэн тайлбарыг гаргасан.

Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дугаарт бичигдсэн "Мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 хэсэг, мөн хэсгийн 1.2-т зааснаар эрх бүхий албан тушаалтныг хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор байхад Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын дарга ... тушаалаар... хохирогч, нэхэмжлэгчээр Хүрмэн сумын байгаль хамгаалагч Т.Бчийг томилсон нь хуульд нийцээгүй, энэ нь маргаан бүхий шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгож, зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй" гэсэн дүгнэлт ойлгомжгүй, утга агуулгын илэрхий алдаатай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгаа эсэхийг дүгнээгүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 дүгээрт "Монголиан Лу Гон интернэйшнл" ХХК- ийн итгэмжлэлээр 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зөрчлийн материалыг танилцуулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсууд, улсын байцаагчийн акт болон эрх бүхий албан тушаалтны даалгавар зэргийг гардуулсан үйлдлийг буруутгах боломжгүй" гэж дүгнэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6.-д "Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ." гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас шийтгэл оногдуулсан шийдвэрийн хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд биечлэн танилцуулж хүргүүлэхээр заасан байна. Үүнээс үзэхэд зөрчил холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч BQ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч болж байна.

Тэгэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас харилцаж чадахгүй оролцогчийг орчуулагч, хэлмэрчийн тусламж авах боломжоор хангах үүрэгтэй" гэж зааснаар монгол хэл мэдэхгүй, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч BQ-ийг орчуулагчаар хангах үүргээ эрх бүхий албан тушаалтан биелүүлээгүй байхад шүүх"... шийтгэлийн хуудсууд, улсын байцаагчийн акт болон эрх бүхий албан тушаалтны даалгавар зэргийг гардуулсан үйлдлийг буруутгах боломжгүй, нэгэнт хэрэг бүртгэлтийн ажиллагаа дууссан байхад сүүлд томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлах, зөрчлийн хэрэг танилцуулах, өмгөөлөгч авах, орчуулагч оролцуулах эрхээр хангах талаар хуулиар зохицуулагдаагүй байна..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17 дугаарт бичигдсэнчлэн миний бие "өмгөөлөгч авах эрхээр хангаагүй нь процессын алдаа учир шийтгэл хууль ёсны байх боломжгүй" гэсэн тайлбарыг гаргаагүй, өмгөөлөгчийг зөрчлийн хэргийн материалтай танилцуулаагүй гэх тайлбарыг гаргасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд "шийтгэлийн хуудсуудын үндэслэлийг ярихаас өмнө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан эсэхийг харах ёстой. Хэрэв шалгах ажиллагааны алдаа гэсэн бол эдгээр шийтгэлийн хуудсууд хүчингүй болно" гэсэн тайлбарыг гаргаж оролцсон болно.

Түүнчлэн "Цду" орчимд хөрс, хэвлий ухаж сэндийчсэн, нэн ховор, ховор ургамал түүж бэлтгэсэн, зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахаар бэлтгэж бутлуур байрлуулсан, карьер үүсгэсэн зэрэг зөрчил үйлдэгдсэн газарт үзлэг явуулах ажиллагаанд оролцсон Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Бцийг хохирогч, нэхэмжлэгч Т.Бчтэй андуурч тайлбар гаргаснаа миний бие залруулж шүүх хуралдаанд тайлбараа гаргасаар байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17 дугаарт Т.Бц нь хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хувьд үзлэг хийх ажиллагаанд оролцсон тодруулж дүгнэсэн нь илүүц болжээ.

Уг ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрч Д.Ддийг гэрчээр асуусан тэмдэглэл зөрчлийн хэрэгт авагдсан. Хөндлөнгийн гэрчийг хэрэгт гэрчээр асууж болох бөгөөд гэрчээр мэдүүлэг өгч байгаа хөндлөнгийн гэрч нь зөвхөн үзлэг хийх ажиллагаатай холбоотой мэдсэн харсан зүйлээ үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй. Гэтэл гэрч Д.Дд нь үзлэг хийхээс өмнөх үйл баримтын талаар гэрчилж мэдүүлсэн байдаг. Гэрчийн энэхүү мэдүүлэг нь хуульд нийцэхгүй байгаа талаар миний бие тайлбараа гаргасан.

Харин шүүх энэ талаар гомдол гаргасан, гомдлыг шийдвэрлэсэн байдал хэрэгт авагдаагүй гэсэн уялдаа холбоогүй дүгнэлтийг хийсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар хуульд нийцэхгүй байна гэж үзсэн бол тухай бүр гомдлоо гаргах үүрэг зөрчил гаргагч байхгүй бөгөөд хууль зөрчсөн нь шалган шийдвэрлэх ажиллагаа дууссан дараа илэрвэл түүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй гэсэн хуулийн ойлголт байхгүй болно.

6. "Млги" ХХК-д холбогдох зөрчлийн хэргийг шалгахдаа шалган шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан гэсэн гомдол гаргагчийн гомдлын үндэслэлийг бүрэн няцаасан хууль зүйн дүгнэлтийг анхан шатны шүүхийн зүгээс хийлгүйгээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

7. Миний бие нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан боловч өнөөдрийг хүртэл тэмдэглэл нь гараагүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг гардаж авахаар удаа дараа шүүхэд биеэр ирж, утсаар асууж хүсэлт тавьж байсан боловч шүүгч шийдвэрээ гаргалгүй шүүх хуралдаанаас хойш 19 хоногийн дараа бичгээр гаргаж гардан авах боломжоор хангасан болохыг дурьдаж байна

Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 120/ШШ2025/0012 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Гомдол гаргагч “Млги” ХХК-иас “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0116731, 0116733, 0116734 дугаартай шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын байцаагчид холбогдуулан гаргажээ.

2.Анх Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16/14 дүгээр “Чиглэл өгөх тухай” тогтоолын дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/1951 дүгээр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах түр зөвшөөрөл олгох тухай захирамжаар “...Өмнөговь аймгийн Цд Уул боомтын гаалийн гадна авто зам талбайн бүтээн байгуулалтын ажилд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хавсралтад заасан талбай, ажлын тоо хэмжээний дагуу ашиглах зөвшөөрлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацаагаар “Млги” ХХК-д олгожээ.

3.Иргэнээс “Цд уулын орчим газар эвдэгдсэн байна” гэх гомдлын дагуу “Млги” ХХК-д холбогдуулан Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 630/01 дугаар “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамж”-ын дагуу хяналт шалгалтын ажил хийгдэж “...Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Ж багийн нутаг, Цду гэх газар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж Цду орчимд хөрс, газрын хэвлий дур мэдэн хөндсөн, сэндийчсэн, нэн ховор ургамал гэмтээсэн, бутлуур байрлуулан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулсан ” зөрчилд Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 25250000182 дугаартай Зөрчлийн хэрэг нээж[1], ажиллагаа явуулжээ.

4.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс зөрчил үйлдэгдсэн газарт үзлэг хийж зөрчилд холбогдох нөхцөл байдлыг тогтоох, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Г.Нзг тогтоож, түүнээс мэдүүлэг авах, итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулах, шинжээч томилж дүгнэлт гаргуулах, шинжээч болон гэрчээс тайлбар мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэж дуусгаад маргаан бүхий шийтгэлийн хуудсуудыг гаргасан үйл баримтууд тогтоогдож байна.

5.Тодруулбал, маргаан бүхий 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0116731 дугаар шийтгэлийн хуудсаар “...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3,000,000 төгрөгийн шийтгэл,

мөн өдрийн 0116733 дугаар шийтгэлийн хуудсаар “...газрын хэвлий дур мэдэн хөндсөн, суурь цутгасан” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1,500,000 төгрөгийн шийтгэл,

мөн өдрийн 0116734 дугаар шийтгэлийн хуудсаар “...техникийн ашигласан тосоор хөрс бохирдуулсан” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 3,000,000 төгрөгийн шийтгэл тус тус оногдуулжээ.

6.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс дээрх шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт ямар эрх, үүрэгтэй оролцохыг тайлбарлаагүй, зөрчлийн хэрэгтэй танилцуулаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч BQ нь монгол хэлээр муу ярьж ойлгодог, бичиж, уншиж чаддаггүй байхад орчуулагч оролцуулах эрхээр хангаагүй, шинжээч оролцуулах тогтоолтой танилцуулаагүйн улмаас шинжээчээс тодруулах асуултаа тусгуулж чадаагүй” гэж тайлбарлан маргажээ.

7.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлснээс буюу үнэлгээгээр тавигдсан шаардлагыг зөрчсөний улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан аргачлалын дагуу тооцож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”,

Газрын хэвлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлий ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.28-д заасны дагуу тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно”,

Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т ““аюултай хог хаягдал” гэж тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг /хэлнэ/”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ: 10.2.5. үүссэн аюултай хог хаягдлаа эрх бүхий байгууллагад, эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх” гэж тус тус заасан.

8.Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, газрын хэвлийг ашиглах болон аюултай хог хаягдлыг хадгалах журам зөрчих, байгаль орчны нөлөөллийн нарийвчлан үнэлгээгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зэрэг нь Зөрчлийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа байна.

9.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, гомдол гаргагч “Млги” ХХК нь “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан, газрын хэвлий дур мэдэн хөндсөн, суурь цутгасан, техникийн ашигласан тосоор хөрс бохирдуулсан” болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хяналт шалгалт хийсэн үзлэгийн тэмдэглэл[2], мөн өдөр гэрч Д.Ддоос авсан мэдүүлэг[3], 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр холбогдогчийн төлөөлөгч Г.Нзгаас авсан мэдүүлэг[4], 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шинжээч М.Дгаас авсан мэдүүлэг[5], 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Т.Бчээс авсан мэдүүлэг[6] зэргээр тогтоогдож байна.

10.Нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд маргаан бүхий шийтгэл оногдуулсан зөрчлийн талаар маргаагүй, харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болно гэж тайлбарлажээ.

11.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.”, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Аюултай хог хаягдлыг:” гээд 1.1. түр хадгалах; ... журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 7.10 дугаар зүйлийн 1-д “Газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

12.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хариуцагчийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “Млги” ХХК-ийг төлөөлж оролцох хууль ёсны төлөөлөгчөөр[7] Г.Нзг тогтоож, зөрчил шалгах ажиллагаанд оролцуулан мөн өдөр түүнд холбогдогчийн эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг авсан, өмгөөлөгч авах, зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангасан[8], дээрх зөрчлийн хэргийг шалгах ажиллагаа дууссаны дараа буюу “Млги” ХХК-иас 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 25/06 дугаар итгэмжлэлээр[9] БНХАУ-ын иргэн BQ /Гадаад паспортын №EJ 2982742/-д нэг жилийн хугацаатай олгосон/-ийг Өмнөговь аймгийн Байгаль орчны газарт хүргүүлсэн, үүнийг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр түүнд зөрчлийн хэргийн материал танилцуулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсууд, улсын байцаагчийн акт болон эрх бүхий албан тушаалтны даалгавар зэргийг гардуулсан[10] үйл баримтууд тогтоогдож байна.

13.Иймд холбогдогч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарлах, мэдүүлэг авах зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсны үндсэн дээр шийтгэлийн хуудсуудыг үйлдсэн, өөрөөр хэлбэл нэгэнт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон хойно томилогдсон төлөөлөгчид холбогдогчийн эрх, үүрэг эдлэх боломж олгох буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах зохицуулалт байхгүй ч түүнд зөрчлийн хэргийн материал танилцуулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсууд, улсын байцаагчийн акт болон эрх бүхий албан тушаалтын албан даалгавар зэргийг гардуулсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

14.Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт ямар эрх, үүрэгтэй оролцохыг тайлбарлаагүй, зөрчлийн хэрэгтэй танилцуулаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч BQ нь монгол хэлээр муу ярьж ойлгодог, бичиж, уншиж чаддаггүй байхад орчуулагч оролцуулах эрхээр хангаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

15.Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээд нь Зөрчлийн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь шинжээчээс ирүүлсэн хохирлын үнэлгээний тайлангаас үл хамааран зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд түүнд хариуцлага ногдуулах нь ба тохирох шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шинжээчийн дүгнэлт буюу хохирлын үнэлгээний тайлантай холбогдуулан гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

16.Иймээс нэхэмжлэгч компанийг “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан, газрын хэвлий дур мэдэн хөндсөн, суурь цутгасан, техникийн ашигласан тосоор хөрс бохирдуулсан” зөрчил гаргасан гэдгийг шалган тогтоож, торгууль ногдуулж шийдвэрлэсэн маргаан бүхий шийтгэлийн хуудсуудыг  гомдол гаргагчийн маргаж буй үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нмын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                     М.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 30 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 44-46 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 52-54 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 48-51 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 60-62 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 57-58 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 133 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 30 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 168 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 170-171 дэх тал