| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/00335/И |
| Дугаар | 183/ШШ2020/01145 |
| Огноо | 2020-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2020/01145
2020 05 01 183/ШШ2020/01145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т в санд холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 13.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Т, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х х” СӨХ нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр харуул хамгаалалтын үйлчилгээ авах саналыг “Э” ХХК-д тавьж, гэрээ байгуулсан. Үүнд “Э” ХХК нь “Х х” СӨХ-ны хариуцаж байгаа Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороонд байрлах Т в хотхонд харуул хамгаалалтын үүргийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд өдөр бүр 6 харуул хамгаалалтын ажилтан гүйцэтгэх, “Х х” СӨХ нь нийт 6 хүний сарын цалин 3.600.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. “Э” ХХК нь 2019 оны 10 сар хүртэл ажил үүргээ гэрээний дагуу гүйцэтгэсэн. Харин “Х х” СӨХ нь энэ хугацаанд үүрэг хариуцлагаа Т в санд шилжүүлсэн бөгөөд ажлын хөлсийг минь гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байсан тул манай компани удаа дараа “Т в сан”-д шаардлага хүргүүлсэн бөгөөд “Т в сан”-ын захирал Г.Г нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үлдсэн мөнгөө өгнө гэж тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан. Т в сан нь үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн боловч өгөхгүй байгаа тул харуул хамгаалалтын гэрээний үүрэг болох үлдэгдэл төлбөр 5.000.000 төгрөгийг Т в сангаас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид гэрээний дагуу Т в сангаас ажлын хөлсөнд 13.500.000 төгрөг авсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т в сан нь “Х х” СӨХ-оос албан ёсоор шилжүүлэн авсан гэрээний үүрэг, хариуцлага байхгүй, мөн “Э” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөх үүрэггүй болно. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Т в хотхоны нийтийн зориулалттай орон сууцны үйл ажиллагааг “Т в” СӨХ хариуцан үйл ажиллагааг нь явуулж байгаа. Т в хотхоны нийтийн зориулалттай орон сууцны СӨХ-ны үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан “Х х” СӨХ-ны үйл ажиллагаа нь муу байсан тул оршин суугчид уг СӨХ-ны үйл ажиллагааг зогсоож, “Т в” сан нь 2019 оны 7 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Т в хотхоны оршин суугчдаас хураамжийг нь авч, үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд “Э” ХХК-д харуул хамгаалалтын хөлс 13.500.000 төгрөгийг төлсөн. Тухайн үед бид үндэслэлгүйгээр 13.500.000 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 13.500.000 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т в” санд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл болон 13.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“Т п” СӨХ /Х х СӨХ/, “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Харуул хамгаалалтын гэрээ” болон уг гэрээний хавсралтаар “...Э ХХК нь Т п СӨХ-ны /Х х СӨХ/ хариуцдаг Т в хотхоны газрын зургийн дагуу харуул, хамгаалалтыг зохион байгуулж 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс нэг жилийн хугацаатай ажиллах, Т п СӨХ /Х х СӨХ/ нь ажлын хөлсөнд 1 сарын 3.600.000 төгрөгийг төлөх”-өөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээг талуудын хооронд байгуулагдсан байна гэж дүгнэв.
1. Нэхэмжлэгч талын “...гэрээний дагуу хийсэн ажлын тооцоог 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийхэд 18.450.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан үүнээс 13.450.000 төгрөгийг Х х сангаас төлж, үлдэх 5.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...манай сан Т в хотхоны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг 2019 оны 7 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хариуцан ажилласан бөгөөд одоо Т в СӨХ байгуулагдан, хариуцаж байна, Т в сан нь Э ХХК-тай гэрээ, хэлцэл байгуулаагүй, эрх, үүрэг шилжүүлж аваагүй тул хариуцахгүй” гэж талууд мэтгэлцжээ.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо /хуучнаар 18 дугаар хороо/-д байрлах Т в хотхоны оршин суугчид 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Т в” СӨХ-г байгуулсан, уг СӨХ нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа болох нь гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан “Т в” СӨХ-ны гэрчилгээ, СӨХ-ны дүрэм зэрэг баримтаар нотлогдож байна.
Маргааны зүйл болох “Т п” СӨХ /Х х СӨХ/, “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Харуул хамгаалалтын гэрээ”-ний дагуу хариуцагч “Т в” сан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 359 дүгээр зүйлийн 359.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй байх тул “Харуул хамгаалалтын гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 төгрөг гаргуулах тухай “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хариуцагч талын “...Э ХХК-ийн ажлын хөлсөнд үндэслэлгүйгээр шилжүүлсэн 13.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...Т в сан нь тухайн үед Т п СӨХ-оос үйл ажиллагааг хүлээн авч, манай компанитай тооцоо нийлж, ажлын хөлс төлсөн тул буцаан өгөх боломжгүй” гэсэн хариу тайлбар гаргаж талууд мэтгэлцжээ.
“Т п” СӨХ /Х х СӨХ/, “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Харуул хамгаалалтын гэрээ”-ний дагуу “Э” ХХК нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Т в хотхоны нийтийн зориулалттай орон сууцны харуул, хамгаалалтыг зохион байгуулж ажилласан бөгөөд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Т в хотхоны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байсан Х х СӨХ-ны үйл ажиллагааг оршин суугчид нь 2019 оны 7 дугаар сард зогсоож, Т в сан нь 2019 оны 7 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Т в хотхоны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж, оршин суугчдаас “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардал”-ыг хураан авч, дээрх хугацаанд “Э” ХХК-ийн ажлын хөлсөнд 13.500.000 төгрөгийг төлсөн үйл баримт нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Дээрх үйл баримтаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 124 дүгээр зүйлийн 124.1, 236 дугаар зүйлийн 236.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар “Т в” сан нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Т в хотхоны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг 2019 оны 7 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд хариуцан ажиллах хугацаандаа 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Харуул хамгаалалтын гэрээ”-ний үүрэг гүйцэтгэгчийн өрийг шилжүүлэн авч, “Энхуяг” ХХК-ийн ажлын хөлс болох 13.500.000 төгрөгийг төлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул хариуцагч “Т в” сангийн “...13.500.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.
Дээр дурдсан үндэслэлээр “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т в” санд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл болон 13.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 236 дугаар зүйлийн 236.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т в” санд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл болон 13.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 94.950 төгрөгийг, хариуцагч “Т в” санаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ