| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 106/2020/0100/Э |
| Дугаар | 363 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Батсайхан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 363
2020 03 26 2020/ДШМ/363
П.У-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батсайхан,
шүүгдэгч П.У-гийн өмгөөлөгч Д.Гангантөгс,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.У-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1905037160986 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн П-гийн У, Дундговь аймгийн Адаацаг суманд 1996 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Адаацаг сум 0 дугаар багт оршин суух албан ёсны хаягтай, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 байрны 00 тоотод түр оршин сууж байсан, /регистрийн дугаар: 00000000/
2016 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялыг дүйцүүлэн хасч, эдлэх ялыг 2 жил хорих ялаар тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 03 сар 08 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хяналт тогтоон суллажээ.
П.У- нь 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Crown” баарны орчим иргэн Б.Б-ийн эд хөрөнгийг авах зорилгоор халаасыг нь нэгжиж, нүүрэн тус газар нь цохиж зодон “Samsung A10” загварын гар утсыг нь авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас П.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.У- давж заалдах гомдолдоо: “... Би эхнээсээ гэм буруугаа үнэн зөвөөр хүлээж, мэдүүлгээ өгсөн. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж, хохирогч Б.Б-ид гар утсыг нь эргүүлэн өгсөн. Гэтэл анхан шатны шүүхээс 2 жил хорих ял шийтгэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж яллах талыг хэтэрхий барьсан гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Иймд эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэхдээ тухайн хэргийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо арилгаж, бүрэн барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бусдад учруулсан гэм хороо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтад хамаарч байгаа тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хэдийгээр П.У- бусдын гар утсыг авсан ч тухайн хүндээ буцааж өгч уучлал гуйсан байдаг. Хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн шүүгдэгч нь бие эрүүл чийрэг, сургуульд байхдаа найз нөхөд, хамт олондоо тусархуу болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн болон бусад нотлох баримтуудаар нотлогддог ...” гэв.
Прокурор Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн П.У-гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Ингэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн шүүгдэгчид тохирсон ял оногдуулсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэдгээ тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял оногдуулсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар П.У-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч П.У- нь 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Crown” баарны орчим хохирогч Б.Б-ийн эд хөрөнгийг авах зорилгоор халаасыг нь нэгжиж, нүүрэн тус газар нь цохиж зодон “Samsung A10” загварын гар утсыг нь авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Б-ийн “... найз Лхагваатай хамт явган хүний замаар явж байхад араас хэдэн залуучууд “хөөе, зогсож бай” гэж дуудаад ... махлаг шар залуу “мөнгө байна уу”, “ямар гайгүй утас барьдаг юм” гээд утсыг маань авсан. Тэгтэл нэг нь “яах гээд байгаа юм бэ, буцааж өг” гээд миний халаасанд хийсэн. Тэдгээр залуучууд баруун тийш явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө залуусын нэг нь ирээд таксины мөнгө нэхэн миний халаасыг тэмтэрч үзээд өмдний баруун халаасанд байсан утсыг үзээд өгөхийг шаардахаар нь “ахаа би ажил хийж мөнгөөрөө авсан утас шүү дээ, битгий аваач” гэж гуйсан. Тэр намайг орхиж явснаа гэнэт эргэж ирээд мөнгө нэхэж халааснаас утас авах гэхээр нь гараараа дарахад хүчээр аваад ам руу цохисон ...” /хх 19-21/,
гэрч У.Сугардоржийн “... арай эрүүл байсан залуугийн утсыг Уртаа авчихсан зогсож байхаар нь “наад утсаа өгөөд бушуухан явуул, согтуу хүнээр яах гээд байгаа юм” гээд утсыг тэр залуугийн халаасанд хийгээд явуулсан ...” /хх 32/,
гэрч О.Батхишигийн “... Уртнасан тэр хоёр залуугийн нэгнийх нь утсыг барьж байсан. Сугардорж “яах гээд байгаа юм бэ” гээд утсыг аваад залуугийн халаасанд хийгээд явуулсан ... машин дээр ирэхэд Уртнасан байхгүй байснаа араас ирсэн ...” /хх 25-26/,
гэрч Г.Нямхүүгийн “... машиндаа байж байхад манай хэд ирсэн. Уртаа байхгүй байсан ба удалгүй араас нь хүрээд ирсэн ...” /хх 30/ гэсэн мэдүүлгүүд,
гар утасны зах зээлийн үнэлгээ /хх 48-49/,
гар утсыг П.У-гаас хураан авч, хохирогч Б.Б-ид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 08-11/,
хохирогч Б.Б-ээр таньж олуулах ажиллагаа явуулахад шүүгдэгч П.У-г гар утсыг нь дээрэмдсэн хүн мөн гэж заасан болохыг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 14-16/,
шүүгдэгч П.У- яллагдагчаар өгсөн “... манай найз нар байхгүй байсан. Би нөгөө хоёр залуугаас “таксины мөнгө байна уу” гэхэд эрүүл өндөр залуу нь түрийвчээ үзүүлсэн. Тэгэхээр нь “наад халаасанд чинь юу байгаа юм” гэхэд гар утсаа гаргаж үзүүлээд буцаагаад хийхээр нь би утсыг нь аваад эргээд явсан. Тэгтэл нөгөө залуу араас гүйж ирээд “ахаа би гар утсаа авъя” гэхээр нь “яах гээд байгаа юм бэ” гээд эргэж хараад цээжин тус газар нь өшиглөж унагаагаад гүйгээд явсан ...” /хх 95-96/ гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч П.У- нь хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор халаасыг нь нэгжиж, улмаар гар утсыг нь авахын тулд хүч хэрэглэсэн байх тул түүний энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн үйлдсэн шинжийг бүрэн агуулсан байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч П.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдлын аль нь ч тогтоогдоогүй ба тэрээр өмнө нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн боломжийг эдлүүлсээр байхад үүнд дүгнэлт хийгээгүй хувийн байдал, бусдын эд хөрөнгийг авахын тулд хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байх тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.У-гийн ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.У-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН