Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал                             

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг

Нэхэмжлэгч: “Д” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “Т” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 тоот захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийн “Д” ХХК-тай давхцалтай 360004.9 м.кв газрыг хүчингүй болгуулах, “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0810 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/0432/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 тоот захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийн “Д” ХХК-тай давхцалтай 360004.9 м.кв газрыг хүчингүй болгуулах, “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0810 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37дугаар зүйлийн 37.2, 37.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0810 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн буюу хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн тухайд: Манай компани шүүхэд нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/653 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй, уг захиргааны актыг хууль бус болохыг тогтоосон аливаа шийдвэр гараагүй байхад шүүх өөрийн санаачилгаар тухайн актыг хууль бус гэж дүгнэж, уг дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэгчид анхнаасаа газар ашиглах эрх үүсээгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн маргаан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон нийслэлийн хооронд үүсэж, үүний улмаас газар ашиглах болон эзэмших эрхийн давхцал бүхий олон маргаан үүсэж байгаа тул 2019 онд уг асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн үр дүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрт олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн гэж дүгнээгүй, харин үүссэн нөхцөл байдал нь төрийн байгууллагын нэгдмэл байдал байхгүй, хэмжилтийн зөрүүтэй байдлаас үүссэн байх тул газар ашиглагч, эзэмшигч нарыг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэхийг даалгасан болно. Ийм учраас манай компани Газрын тухай хуульд заасны дагуу тухайн газраа эзэмшихээр нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаж, шийдвэрлэж өгөхгүй байсан учраас шүүхэд хандсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн болохыг мэдсэн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Сонгон шалгаруулалтаар газар ашиглах эрх олгох тухай зохицуулалтыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулсан бөгөөд энэ зохицуулалтыг мөрдөж эхлэхээс өмнө тус хуулийн дагуу үүссэн харилцаанд уг зохицуулалтыг хэрэглэхгүй байх талаар ямар нэг зохицуулалт тусгагдаагүй, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль ч батлагдаагүй байхад шүүх хуулийг буцаан хэрэглэж манай компанийг сонгон шалгаруулалтгүйгээр газар ашиглах эрхтэй байсан тул сонгон шалгаруулалтын журмаар газар ашиглах гэрээ байгуулах ёстой гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгчийг газар ашиглах гэрээг хугацаандаа байгуулаагүйд буруутгасан дүгнэлт хийсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1-д заасан зохицуулалттай нийцэхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “Д” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон 49954.7 м.кв болон гуравдагч этгээдийн нэгж талбарын 53000 м.кв газар хоорондоо 36004.9 м.кв талбайгаар давхцалтай болсон нь тогтоогдсон. Гэтэл шүүхээс нийслэлийн Засаг дарга маргаан бүхий байрлалд “Т” ХХК-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн манай нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн “Т” ХХК-д эзэмших эрх олгосон нь хууль бус, тус зүйлийн 33.1.2-д заасны дагуу нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх ёстой байсан гэж маргасан. Гэтэл шүүхээс “гуравдагч этгээдэд 53000 м.кв газрыг дуудлага худалдааны журмаар олгосон болох нь нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 34-д “ “Т” ХХК-д Газрын тухай хуулийн 33.1.2-д зааснаар дуудлага худалдааны журмаар олгосон нь тогтоогдохгүй байх боловч нэхэмжлэгчид гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах хууль ёсны шаардах эрх үүсээгүй буюу зөрчигдсөн эрх, ашиг сонирхол байхгүй” гэж дүгнэж захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг хамгаалсан шийдвэр гаргасан.

Дээрх байдлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчимтай нийцэхгүй байгаа захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэт нэг талыг барьж, нэг талын эрх, ашиг сонирхлыг хамгаалан шийдвэр гаргасан тухайд: Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бус өөрийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хууль бус гэж дүгнэсэн, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хуульд нийцүүлэн газар эзэмших эрх болгох эрхтэй, уг асуудлаар хандах эрх нээлттэй байхад нэхэмжлэгчийн эрх сэргэх нөхцөл үүсээгүй гэж дүгнэлт хийсэн, гуравдагч этгээдийн газар эзэмших хүсэлтийг хүлээж аваад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг зөрчиж гаргасан нийслэлийн Засаг даргын шийдвэр нь өөрт олгогдсон эрхийг хэтрүүлсэн байхад хууль зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон шийдвэр хүчин төгөлдөр байхад уг шийдвэрийг хууль бус гэж дүгнэсэн. Мөн гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон шийдвэр нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2-д заасантай нийцээгүй, Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөнийг хууль бус гэж дүгнээгүй. Гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг 2023 оны 08 дугаар сард олгосон байхад дуудлага худалдааны анхны үнийг 2025 оны 09 сард төлсөн ингэхдээ бүрэн төлөөгүй талаар нотлох баримтад дүгнэлт хийгээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй  тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3-д заасныг үзэхэд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохин байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх нь Нийслэлийн засаг даргын үндсэн чиг үүргийн нэг байх бөгөөд энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдээс ирсэн өргөдөл, хүсэлтэд дурдсан нөхцөл байдлуудыг сайтар судалж, тухайн өргөдөл, хүсэлтэд дурдсан шийдвэрлүүлэхийг хүсэж буй  асуудлыг орхигдуулахгүйгээр хариу өгөх хариуцагчийн үүрэг байна. Хариуцагчаас  “шийдвэрлэх боломжгүй” гэх үр дагавар нь тодорхойгүй, ойлгомжгүй, хүсэлтэд тусгасан асуудалд дүгнэлт өгөөгүй, үндэслэлийг тодорхой заагаагүй хариу бичиг өгснийг хүсэлт шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн хариу бичигт тухайн газарт гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгогдсон талаар мэдээллийг тусгаагүй.

Эдгээр үндэслэлээр нийслэлийн Засаг даргад гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй байхад шүүхийн шийдвэрт “эс үйлдэхүй” үүсээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Д” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 тоот захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийн “Д” ХХК-тай давхцалтай 36004.9 м.кв газрыг хүчингүй болгуулах, “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/653 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Д” ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн амны хязгаарлалтын бүсэд Ерөнхий шинжээчийн дүгнэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн 49952 м.кв газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгохыг зөвшөөрч, 0201767 дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ олгожээ.

3.1 Монгол Улсын Их Хурлаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр баталсан байх ба Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын Тогтоох нь хэсгийн 4-д “... нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах”-аар шийдвэрлэсэн байна.

3.2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан нэр бүхий 59 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосны дотор “Д” ХХК-ийн газар багтсан байх ба “Д” ХХК-иас 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дээрх 03 дугаар тогтоолын дагуу өөрийн ашиглаж байсан Ташгайн аманд байрлах 49954.7 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан байна.

3.3. Харин Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн ашиглаж байсан газарт гуравдагч этгээд “Т” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 53000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар олгосон байна.

3.4.  Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч “Д” ХХК-д хандан 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01-05/5519 тоот албан бичгээр “... Богдхан уулын дархан цаазат газрын хилийн гадна газар ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн асуудлыг Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийдвэрлэх тул танай гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.

4.  “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 тоот захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийн “Д” ХХК-тай давхцалтай 36004.9 м.кв газрыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамжаар Нийслэлийн газар зохион байгуулалтын саналыг үндэслэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэр бүхий 14 аж ахуй нэгжид газар эзэмших эрх олгосны дотор энэ хэргийн гуравдагч этгээд “Т” ХХК-д 53000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар олгожээ.

4.2. Анхан шатны шүүх “...“Т” ХХК-д Газрын тухай хуулийн 33.1.2-д зааснаар дуудлага худалдааны журмаар олгосон нь тогтоогдохгүй байх боловч нэхэмжлэгчид гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах хууль ёсны шаардах эрх үүсээгүй буюу зөрчигдсөн эрх, ашиг сонирхол байхгүй...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

4.3. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ... газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан.

4.4. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, Засаг дарга газар эзэмших хүсэлтийг тухайн орон нутгийн иргэдийн Хурлаар батлагдсан тухайн нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын ерөнхий болон жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн, тодорхой зориулалт, хэмжээнд хамаарах газрыг төлөвлөгөөний дагуу шууд шийдвэрлэхээр, харин үүнээс бусад зориулалтаар эсхүл хуульд заасан тогтоосон хэмжээнээс /энэ маргааны тохиолдол/ илүү газар эзэмших хүсэлтийг өрсөлдөөнт шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар буюу дуудлага худалдаа явуулах тухай Засгийн газраас баталсан журмын дагуу шийдвэрлэхээр хуульчилсан.

4.5. Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг даргаас “Т” ХХК-д газар эзэмшүүлэхдээ дээрх хуульд заасан нөхцөл, шаардлага холбогдох журам, зарчмыг хангахгүйгээр, мөн бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцалтай эсэхийг шалгах ажиллагаа хийхгүйгээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн, тодруулбал, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хүчинтэй байхад уг газар дээр маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуульд нийцээгүйгээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

4.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хуульд нийцүүлэн газар эзэмших эрх болгох эрхтэй, уг асуудлаар хандах эрх нээлттэй байхад нэхэмжлэгчийн эрх сэргэх нөхцөл үүсээгүй гэж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн, гуравдагч этгээдийн газар эзэмших хүсэлтийг хүлээж аваад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг зөрчиж гаргасан нийслэлийн Засаг даргын шийдвэр нь өөрт олгогдсон эрхийг хэтрүүлсэн байхад хууль зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон шийдвэр хүчин төгөлдөр байхад уг шийдвэрийг хууль бус гэж дүгнэсэн. Мөн гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон шийдвэр нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2-д заасантай нийцээгүй, Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөнийг хууль бус гэж дүгнээгүй ..., дуудлага худалдаа явуулсан гэх боловч энэ талаарх баримт шүүх шаардахад ирүүлээгүй, мөн дуудлага худалдааны төлбөр төлсөн гэх боловч газар эзэмшүүлэх захирамж гарсны дараа ч мөнгөө төлөөгүй ...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэв.      

4.7. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 2.1.3-т “нээлттэй, ил тод байх”, 2.1.4-т “тэгш, шударга оролцоог хангасан байх” гэж заасан зарчмаар дуудлага худалдаа явагдаагүй болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдох ба үүнийг баримтаар үгүйсгэж чадаагүйгээс гадна мөн журмын 11.1-д зааснаар гуравдагч этгээд дуудлага худалдааны ялагч болсон гэж үзвэл 11.4-т зааснаар дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахаар байхад дуудлага худалдааны анхны үнэ гэж бичсэн 1.000.193.984 төгрөгөөс 596.409.000 төгрөгийг маргаан бүхий газар эзэмшүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн захирамж гарснаас хойш буюу 2025 оны 7 дугаар сард төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Дээрх үйл баримтуудаас үзвэл хариуцагч Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж дүгнэв.

4.8. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 тоот захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийн “Д” ХХК-тай давхцалтай 36004.9 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэлийн “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагын тухайд:

5.1. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоолын 4 дэх заалтад “Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах”-аар тусгасан.

5.2. Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоол, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гол зорилго нь яам болон нийслэлийн эрх хэмжээний хилийн цэсийг зөвтгөн тогтоох, эдгээр газарт газар ашиглах, эзэмших эрхтэй этгээдүүдийг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэх гэдэг агуулга тусгагдсан байна.

5.3. Дээрхээс үзвэл, хилийн цэс тодорхойгүй байх үед  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглах эрх үүссэн “Д” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохоос илүүтэй газар ашиглагч аж ахуйн нэгжүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүргийг захиргааны байгууллага хүлээсэн, өөрөөр хэлбэл захиргааны буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

5.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”-аар захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлсон бөгөөд үүнийг “... нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно ...” гэж тайлбарласан бөгөөд энэ тохиолдолд уг зарчим хэрэглэгдэж дээр дурдсан Монгол Улсын Их Хурлын дээрх 03 дугаар тогтоолын 4-т заасны дагуу үүрэг хүлээсэн нийслэлийн Засаг дарга тухайн асуудлаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээр байна.

5.5. Харин шүүх нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй, Газрын тухай хуулиар Нийслэлийн Засаг дарга нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд газар эзэмшихүүлэх шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гаргах тул “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 тоот захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийн “Д” ХХК-тай давхцалтай 36004.9 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Д” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ