Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/657

 

 

                                                           

 

 

 

 

 

 

    2023         10         18                                    2023/ШЦТ/657

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, О.С , Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Очгэрэлээс Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Б.Очгэрэл,

шүүгдэгч Ш.Н, О.С нарыг оролцуулан эрүүгийн 2211 0045 01193 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг хүлээн авсныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 2023/ШЗ/1408 захирамжаар ердийн журмаар шийдвэрлэхээр тогтоосны дагуу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б овогт Ш-ын Н /РД:хх00000/, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурын ажил хийдэг гэх, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Б-ийн 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Х овогт О-ын С /РД:хх00000/, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эмээлтэд мах шулах ажил хийдэг гэх, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, З-ийн 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Н, О.С нар нь бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо Хайлаастын 0-0 тоотын гадна Б.Б ийн эзэмшлийн автомашинаас бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч С.Б , Б.Б , гэрч Ц.Жавхлан, шүүгдэгч Ш.Н, О.С нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 17ий өдрийн Дугаар ЧД2-22-250 хөрөнгийн үнэлгээний тайлан, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

  Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ш.Н, О.С нар нь бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо Хайлаастын 0-0 тоотын гадна Б.Б ийн эзэмшлийн автомашинаас бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.240.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал), хохирогч С.Б  мэдүүлсэн “...2023 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ...Б.Б  бид хоёр үлдсэн. Б.Б  тэр машины ард унтаад байсан. Би тэр үед жаахан сэргэсэн. Тэгээд Б.Б ийн хамтаар ахиад баарны гадаа ирсэн. Нөгөө таксины ард үлдээгээд баар луу орсон. Тэд нар бааранд бүжиглэнэ гээд үлдсэн. Буцаад тэр такситайгаа машин луугаа ахиад явсан. Миний санаж байгааагаар би Б.Б ийг дуудлагын жолооч дуудчих гэтэл тэр хоёр залуугийн нэг нь би дуудлагын жолооч шүү дээ гэсэн. Тэгэд тэр залуучуудтай хамт явахаар болсон байхаа. Зарим зүйлийг нь санахгүй байна. Нэг мэдсэн Б.Б  өөрийн машиндаа ороод суусан, урд сууж байсан залуу Б.Б ийн машиныг барьсан. Нөгөө таксины жолоочтой би ар талаас нь дагаад явснаа санаж байна. Би машины ар талд суусан байсан. Тэгээд нэг мэдсэн гэрийн гадаа ирсэн. Б.Б  манай хашааны хаалгыг онгойлгоод машинаа оруулуулж байсан. Миний сууж байсан жолооч залуу 28.000 төгрөг болсон гэсэн миний утас  дата байхгүй байсан учраас тэр залуу дата цацаад би нэг данс руу 28.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би машинаас бэлгээ оруулъя гэж Б.Б т хэлсэн тэгэхэд нэг залуу нь машины урд байсан. Би тэр хоёр залууг хэзээ явсан бид хоёр гэртээ яаж орсныг санахгүй байна. Нэг мэдэхэд өглөө 08:00 цагийн хооронд сэрээд мана найз машинаасаа миний хувцас бусад зүйлийг оруулж ирэхдээ өөрийнхөө эд зүйл болон миний годон гутал алга болсон талаар надад хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал), хохирогч Б.Б  мэдүүлсэн “...2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр найз болох Б ын төрсөн өдрийг тэмдэглэхээр өөрийн приус-30 маркын 00-00 УБР машинтай 19:00 цагийн орчимд найман шарга худалдааны төвийн орчимд байрлах нэг караокед орсон. ...Би өөрийн машин луугаа суусан. Харин машины урд сууж байсан залуу миний машиныг барьж явахаар болсон. Харин Б ирсэн таксины ард суугаад тэр таксины машины араас дагаад би ямар ч гэсэн Б ын гэрийг зааж өгөөд Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороонд ирсэн. Хашаанд нь ирээд миний машиныг оруулаад тэр такси гадаа үлдсэн. Б өөрийн цахим банкнаас 28.000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Тэгээд Б нөгөө машинаас бууж ирээд намайг хоёулаа бэлгээ оруулах уу гэхээр нь би тэгье гээд машинаас буусан тэр үед миний машиныг барьж ирсэн залуу надтай хамт буусан гэдгийг би сайн анзаараагүй харин бид хоёр машины арын багажаас бэлгээ авах гээд ухаж байхад Б ын годон гутал миний машины дунд хийсэн байсан түрийвч даавуун ягаан өнгөтэй үүргэвчинд хийсэн байсан гоо сайханы бараанууд алга болсон. Уг бараануудыг би дэлгүүрээс худалдаж авсан шинэ бүтээгдэхүүн байсан. Бид хоёр машинаас юмнуудаа гэр лүү орох гэж байхад тэр залуу хаалгаар гарч байсан харин би машинаа цоожилсноо санаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал), гэрч Ц.Жавхлан мэдүүлсэн “...намайг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Хархорин захын комисс дээр зогсож байхад үл таних 2 хүн ирээд годон гутал авах уу гэхээр нь би эхлээд авахгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн хүмүүс нь өөр хүмүүс дээр явж очсон. Тэгээд байж байгаад над дээр буцаж ирээд 200.000 төгрөгөөр зарчихъя гэж хэлэхээр нь би авахаар болоод өөрийнхөө Голомт банкны 10ххххххххх тоот данснаасаа Хаан банкны 5000000 тоот данс руу 200.000 төгрөг gutal  гэх утгатай шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал), “Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 17ий өдрийн Дугаар ЧД2-22-250 хөрөнгийн үнэлгээний тайлан “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.240.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 70-71 дэх тал), шүүгдэгч Ш.Н  яллагдагчаар мэдүүлсэн “...бид хоёр хорооллын парадоксын автобусны буудлын орчмоос 4 эмэгтэй 1 эрэгтэй нийт 6 хүнийг суулгаад 8 шарга орчимд тухайн хүмүүсийн машин дээр нь хүргэж ирэхэд нэг эмэгтэй нь нөхрийнхөө хамт өөрсдийн тээврийн хэрэгсэлд суугааад яваад өгсөн. ...үлдсэн 2 эмэгтэйгийн хамт машин барьж чадахуу гээд өөрийнхөө машиныг надаар бариулаад 2 машинтайгаар Хайлаастад тухайн эмэгтэйчүүдийн заж өгсөн хашаанд оруулж машиныг нь байрлуулсан. Тухайн эмэгтэйчүүд О.С т таксины мөнгөө шилжүүлж өгсөн. Бид эмэгтэйчүүдийн барьж явсан бэлэгнүүдийг нь машинд хийж өгөхөд тортой годон гутал байсныг нь О.С  бид хоёр харчихсан байсан юм. Тийм учраас нөгөө хоёр эмэгтэй таксины мөнгөө өгөөд хашааны хаалгаа хаагаад орсны дараа годон гутлыг нь авчихъя гэж хоорондоо ярилцаад О.С  хашааг нь давж орсон ба би гудамжинд хүн хараад зогссон ба хэсэг хугацааны дараа О.С  тортой годон гутал, жижиг ягаан даавуун цүнх бариад гарч ирсэн. Бид хоёр тэндээсээ шууд О.С ын гэрт очоод унтсан. Маргааш нь унтаж байгаад үдээс хойш О.С ын гэрээс гараад Хархорин худалдааны төв орж комиссын бараа зардаг 40 гаруй насны махлагдуу эгчид 200.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131-132 дахь тал), шүүгдэгч О.С яллагдагчаар мэдүүлсэн “...2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн орой 20 цагийн үед би өөрийн найз болох Ш.Н тай уулзаж бид хоёр миний эзэмшлийн Тоёота Камри загварын 80-34 УНВ улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээний ажил хийж байсан юм. Тэгээд бид хоёр хүмүүс авч такси үйлчилгээ хийж байгаад 2022 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 3, 4 дүгээр хооооллоор явж байгаад Винсвэй нэртэй шөнийн цэнгээний газрын гадна талаас гурван эмэгтэй нэг эрэгтэй хүн гар өргөж байхаар нь аваад эхлээд урт цагааны хойд талын нэг чигийн урсгалтай зам руу очиход нэг эрэгтэй нэг эмэгтэй нь буугаад өөрсдийнхөө машин суусан юм. Харин үлдсэн хоёр эмэгтэй нь бид хоёрыг машин бариад өгөөч гэхээр нь манай найз Ш.Н  тухайн эмэгтэйгийн Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг бариад харин нөгөө эмэгтэй нь миний машин дотод үлдээд би Ш.Н гийн барьж байсан машины ард талаас дагаад 5 буудлын ертөнцийн зүгээр хойд тал руугаа гэр хороолын гудамж руу орсон. Тэгээд тухайн хүмүүсийн хашаанд нь очоод Ш.Н  машиныг нь оруулж өгөөд гарч ирэхэд машинаа бариулсан эмэгтэй ирээд миний 52хххххххххх дугаарын Хаан банкны данс руу 28.000 төгрөг шилжүүлчихээд миний машинд сууж байсан найз эмэгтэйгээ аваад хашаа руугаа ород унаж ирсэн гэх тээврийн хэрэгсэлийн хаалгыг татаж үзээд онгорхой байхаар нь хойд талын хаалгыг онгойлгоход хоёр ууттай зүйл байхаар нь аваад машиндаа суугаад тухайн шөнөдөө манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 0-0 тоотод очсон. Тухайн үед гэртээ очоод дотор нь байх эд зүйлийг харахад 1 хос годон гутал, нөгөө уутанд нь ягаан цүнхэнд гоо сайхны хэрэгсэл байсан. Маргааш нь буюу 2022 оны 2 дугаар сарын 23-ны 15 цагийн үед Ш.Н тай хамт Хархорин зах орж комиссын хувцас зардаг хэсэгт годон гутлаа 200.000 төгрөгөөр зарахаар болоод өөрийн 50хххххх тоот дугаарын дансанд шилжүүлж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 140-141 дэх тал), зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Н, О.С нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Ш.Н, О.С нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ санаатай гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх тул прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.  

Шүүгдэгч Ш.Н, О.С нарын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч  Ш.Н, О.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Шүүгдэгч Ш.Н, О.С нар нь хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад “Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 17ий өдрийн Дугаар ЧД2-22-250 хөрөнгийн үнэлгээний тайлан “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.240.000 төгрөг” төгрөгийн хохирол учруулсан.  Хохирогч Б.Б  нь “...хохирлын мөнгө болох 500.000 төгрөг хүлээн авсан тул цаашид гаргах годмол санал байхгүй болно” (хавтаст хэргийн 149 дэх тал), хохирогч С.Б  “...хохирлын мөнгө болох 680.000 төгрөг авсан тул цаашид гомдол байхгүй” (хавтаст хэргийн 147 дахь тал) гэсэн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.  

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.Н, О.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ш.Н, О.С нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, ашиг хонжоо олох гэсэн зорилготой, шунахайрах сэдэлтээр үйлдэгддэг, гэмт хэрэг үйлдэх арга, гэмт хэргийн объект, халдлагын зүйл зэргийг урьдчилан сонгож, гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг онцлогтой гэмт хэрэг байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин шүүгдэгч Ш.Н, О.С нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.  Мөн шүүгдэгч Ш.Н, О.С нар нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ш.Н, О.С нарт ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Ш.Н, О.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэргийг харгалзсаныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Н, О.С нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч Ш.Н, О.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч Ш.Н, О.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болон мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус сануулав.

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Н, О.С нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар байр сууриа илэрхийлсэн, мөн шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Ш.Н, О.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Ш-ын Н /РД:хх00000/, Х овогт О-ын С /РД:хх00000/ нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н, О.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Шүүгдэгч Ш.Н, О.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь зэх заалтанд зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн тэнссэн хугацаанд тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Шүүгдэгч Ш.Н, О.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болон мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус сануулсугай.

 

  1. Шүүгдэгч Ш.Н, О.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Н, О.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР