Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00566

 

 

 

 

  С.Дын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01215 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1104 дүгээр магадлалтай,

С.Дын нэхэмжлэлтэй

Г.О, Б.Д нарт холбогдох

23,488,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Г.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Дашцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. С.Д нь Г.О, Б.Днарт холбогдуулан 23,488,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01215 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.О, Б.Днараас 23,488,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1104 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01215 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Оаас 22 375 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 112 300 төгрөг болон Б.Дашцэрэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оаас 269 830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б.Г.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд: ...Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дох хэсэгт заасны дагуу зөв зүйтэй үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дох хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан шийдвэрийг гаргасан байтал давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дох хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэх, хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Прокурорын 2019.10.16-ны өдрийн №57 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол”-ыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхдээ дээрхи тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан хэмжээнд үнэлсэн нь “...Сүхбаатар дүүргийн Прокурорын 2019.10.16-ны өдрийн №57 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол” зэрэг нь ИХШХШТА-ны явцад бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг биш боловч мэдээлэл агуулсан бичгийн баримт гэж үзнэ хариуцагч Г.От уг гэрээний дагуу худалдан авсан махны үнэ 22,375,700 төгрөгийг төлөх үүрэг үүссэн болох нь дээр дурдсан хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтууд болон бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна...” гэж дүгнэснээр тогтоогдож байна. гэж үзэхээр байна. Дээрхи прокурорын тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж буй шүүхийн шийдвэр биш учир энэ баримтыг шууд үнэн зөв нэгэнт өмнө нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нотлох баримт гэж үзэх боломжгүй болно. Нөгөө талаар хариуцагч Г.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээр Б.Баярмааг төлөөлүүлэн оролцуулсан байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч Б.Баярмаад давж заалдах шатны шүүхийн хурлын товыг мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг явуулан хэргийн оролцогчийн мэтгэлцэх, шүүхэд тайлбар гаргах эрхийг нь хангалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөнд нь гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх нь ИХШХШТХ-ийн 40-р зүйл, мөн хуулийн 37-р зүйлийн 37.2 дох хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь зохих ёсоор үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2 дох хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйл, 116.2 дох хэсэгт заасны дагуу “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй магадлал гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд дээрхи байдлуудаар давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр тогтохгүй мөн нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлэх, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхийг нь олгох үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байх тул магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” хүрээнд хянан хэлэлцээд хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Г.О, Б.Днарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 23,488,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...2018.12.06-ны өдрөөс эхлэн хариуцагч нарт 16,879 кг, нийт 103,991,700 төгрөгийн үнэ бүхий мах нийлүүлсэн, үлдэгдэл төлбөр 23,488,000 төгрөгийг гаргуулна” гэжээ. /хх 1, 205 /

Хариуцагч Б.Днэхэмжлэлийг эс зөвшөөрч, С.Дтай ямар нэгэн гэрээний харилцаанд орж мах худалдан авч байгаагүй, ...Г.О манай Даадаа Групп ХХК-д мах нийлүүлсэн, махаа С.Даас авдаг байсныг мэднэ, Г.От нийлүүлсэн махны үнэд 2018.10.25-2018.11.01 хүртэл нийт 68,149,900 төгрөгийг өгсөн, өөр ямар нэгэн өр төлбөр байхгүй...” гэсэн бол хариуцагч Г.О нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар нотлоогүй, хэн хэнээс хичнээн мах авсан, хэдэн төгрөг өгч авсан нь тодорхойгүй байна, таамгаар нэхэмжлэл гаргаж болохгүй гэсэн үндэслэл зааж тус тус маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Д, хариуцагч Б.Днарын хооронд гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй гэж, хариуцагч Г.От 16,879 кг үхрийн мах хүлээлгэн өгснөө нэхэмжлэгч нотлоогүй гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх хариуцагч Г.Оаас 22,375,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагч Б.Дашцэрэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэнэ.

8. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэгт шалгагдах явцад өгсөн С.Д, Г.О нарын мэдүүлгийг бичгийн нотлох баримтын хэмжээнд үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй юм.

С.Д нь мэдүүлэг өгөхдөө “...Би Г.От нийт 16,869 кг үхрийн махыг нийлүүлсэн. Энэ махны үнэ нь 103,991,700 төгрөг болж байгаа. Энэ мөнгөнөөс Г.Оын надад өгсөн мөнгө нь 81,616,000 төгрөг. Тэгэхээр одоо бидний дунд 22,375,700 төгрөгийг би Г.Оаас авах ёстой..., Би Б.Дгэх хүнийг нэг ч удаа харж байгаагүй. Надаас Б.Дгэх хүн нэг ч килограмм махыг хүлээн авч байгаагүй. /хх 49, 54/ гэж, Г.О мэдүүлэг өгөхдөө “...С.Дын хэлсэн мах өгсөн мөнгө, өгсөн авсан тооцоо миний бодсон тооцоотой яг адилхан гарч ирж байна. Би энэ тооцоог хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр би С.Дд 22,375,700 төгрөгийг өгөх ёстой...” /хх 49/ гэж тус тус мэдүүлсэн байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч нь нийт 16,869 кг үхрийн гулуузыг Даадаа Групп ХХК-ийн ажилтан А.Хүрэлчулуунд хүлээлгэн өгсөн зарлагын баримт гэсэн хуулбар баримтыг нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж ирүүлсэн /хх-8-10/ ба А.Хүрэлчулуун гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Г.О мах бэлтгэн нийлүүлж байсан... С.Д сүүлд ирээд мөнгөний тооцоо байгаа гэж байсан, мөнгөний тооцоог би хариуцдаггүй...” гэж мэдүүлснээс үзэхэд нийлүүлсэн махны хэмжээ тогтоогдсон байв. Эдгээр баримтыг давж заалдах шатны шүүх хуульд зааснаар үнэлж чадаагүй гэх хариуцагч Г.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

9. Талууд худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч Г.Оаас 22,375,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дт олгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй юм.

10. Түүнчлэн хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг биечлэн оролцуулаагүй, хуралдааны товыг мэдэгдээгүй гэж гомдол гаргажээ. Хэргийн 237 дугаар хуудас дах “мэдэгдэх хуудас” гэх баримтаас үзэхэд шүүхээс хариуцагч Г.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаад 2020.05.13-ны өдөр 89755993 дугаар утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1104 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 269,829 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                      Д.ЦОЛМОН