Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 863

 

МАГАДЛАЛ

 

2018.04.06                                                     Дугаар 863                                  Улаанбаатар хот

 

 

 

 

М.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00601 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.А нэхэмжлэлтэй,  

Хариуцагч НШШГГ холбогдох,  

 

Орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ? ажиллагаа нь М.А миний хууль ёсны эрх ашгийн зөрчиж, хохироож байгаа болохыг ? цахим хуудас болон Засгийн газрын мэдээ сонины 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаараас анх удаа өөрөө олж мэдэж, тэгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалтай танилцсаны үндсэн дээр энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт болон 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч М.Ань шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцож, өөрийн өмчлөлийн орон сууцныхаа талаар үнийн санал гаргах, шинжээчийн үнэлгээтэй танилцах, гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Д.Г зөвхөн харилцаж, түүнийг ажиллагаандаа оролцуулж, М.Анамайг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гадна шууд орхигдуулж, ямар нэгэн мэдээлэл мэдэгдэл өгөхгүй, санал, хүсэлт аваагүй. Тухайлбал, М.А миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-? дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн ? дугаар хороо, ? дугаар хороолол, ? байрны ? тоот хаягт орших ?м.кв талбай бүхий ? өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах, үниин санал авах, шинжээчээр үнэлгээ хийлгэх, гаргасан үнэлгээгээ танилцуулах зэрэг ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч М.А огт мэдэгдээгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийн өмчлөгч болон төлбөр төлөгчөөс үнийн санал авах, талууд харилцан тохиролцож үнэ тогтоох арга хэмжээ авах, шинжээчийн үнэлгээг талуудад танилцуулах тухай заасан байна. Зөвхөн нөгөө төлбөр төлөгч Д.Г л үнийн санал авсан байдаг. “Л” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэсэн эд хөрөнгийн үнэлгээгээр миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн бодит үнэ ханшаас хамаагүй багаар үнэлсэн байна. Тус байр нь зах зээл дээр хамгийн багадаа 150 000 000 төгрөгийн үнэлгээтэй байхад 113 390 000 төгрөгөөр буюу хамаагүй багаар үнэлсэн байна. Түүний улмаас миний эрх ашиг хохироход хүрээд байна. Мөн уг асуудлаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээн аваагүй болно. Иймд эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 5472 дугаар шийдвэрээр Д.Г, М.А 56 449 010 төгрөгийг гаргуулж “Х к”  ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Г, М.А нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Д.Г, М.А, М.А нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн ? дугаар хороо, ? дугаар хороолол, ? дугаар байрны ? тоотод байрлах ? м.кв талбайтай ? өрөө орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 159/04 тоот эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 159/05 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаалан хураасан. Төлбөр төлөгч Д.Г, М.А нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар битүүмжилж, хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3/17833, 3/17834 дугаартай албан бичгээр авахад төлбөр төлөгч Д.Ггийн зүгээс уг байрыг 120 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд өөрийн охин болох М.А үнийн саналыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбар өгсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгч Д.Г нь төлбөр төлөгч М.А итгэмжлэл авчирч байж санал гаргах боломжтой бөгөөд төлбөр төлөгч М.А бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд төлбөр авагч талд танилцуулж харилцан тохиролцсон тохиолдолд уг үнээр албадан дуудлага худалдаанд оруулах боломжтой болохыг тайлбарлан өгч тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч М.А зүгээс үнийн санал өгөөгүй, төлбөр авагч “Х к”  ББСБ ХХК-ийн зүгээс шинжээч томилж үнэлгээг тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Төлбөр авагч төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээний “Л” ХХК-иар үнэлгээг тогтоолгоход 113 390 000 төгрөгөөр тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоосон. Дээрх үнэлгээг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 3/21928 дугаартай үнэлгээний мэдэгдлээр төлбөр төлөгч нарт 2017 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 15 цаг 17 минутанд төлбөр төлөгч Д.Ггийн ажлын газарт, мөн баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлж төлбөр төлөгч Д.Г 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр уулзан эрх үүргийг тайлбарлан өгч үнэлгээг танилцуулсан. Төлбөр төлөгч Д.Г, М.А нарын зүгээс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус албанд хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэний дагуу 2017 оны 9 дүгээр сарын 14-нөөс 2017 оны 10 дугаар сарын 14-нийг хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож төлбөр төлөгчдөд хөрөнгөө бие даан худалдан борлуулах хугацааг олгосон. Төлбөр төлөгчдийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй өөрийн хөрөнгийг худалдан борлуулаагүй тул 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Төлбөр төлөгчийн зүгээс эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаанд оролцуулаагүй талаар гомдолд дурьдсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийг заавал байлцуулахаар зүйлчлээгүй, үнэлгээг харилцан тохиролцож тогтоох боломжтой байсан боловч үнийн санал өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгч Д.Г уг үл хөдлөх хөрөнгийг 120 000 000 төгрөгөөр үнэлсэн байхад М.А зүгээс нэхэмжлэлд дурьдсанаар 150 000 000 төгрөгөөр үнэлж байгаа нь төлбөр төлөгчид хоорондоо санал зөрүүтэй төлбөр авагчийн зүгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар шинжээч томилж үнийг тогтоолгох хүсэлт гаргасан байх тул хуулийн дагуу шинжээчээр үнэлгээг тогтоолгосон. Төлбөр төлөгч М.А зүгээс үнэлгээг танилцуулаагүй гэх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээтэй танилцсан болох нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хугацаандаа хөрөнгөө бие даан худалдан борлуулах хугацаа хүссэн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлт, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/22364 дугаартай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Иймд үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаа буюу 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х к”  ХХК-ийн төлөөлөгч Б.Б, Э.М нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт “Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ” гэж заасан байх тул М.А төлөөлөн төлбөр төлөгч Д.Г нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцон Шүүхийн шийдвэр гүйцэттэлийн хүрээнд хууль ёсны дагуу өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлсэн гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардалагад тус барьцаа хөрөнгийг “Л” ХХК нь 113 390 000 мянган төгрөгөөр үнэлсэн байдаг нь зах зээлийн үнэ ханшид нийцсэн гэж үзэж байна. Д.Ггийн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасныг ханган 1 сарын хугацааг төлбөр төлөгч талд олгож байсан боловч үр дүнд хүрээгүй. Зах зээлийн ханшид тохирохуйц үнэлээгүй гэх боловч төлбөр төлөгч талд өөрсдийн хүссэн үнээрээ худалдан борлуулах эрхтэй байсан хэдий ч тус хугацаанд борлуулж чадаагүй байдаг. “Л” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн барьцаа хөрөнгийн үнэлгээ нь 113 390 000 төгрөг, түүний 70 хувь болох 79 373 000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, ? дугаар хороо, ? дугаар хороолол, ? байр,? тоот хаягт байрлах ? өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч М.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд М.А бодитой оролцуулж, эд хөрөнгийн үнийн санал авч, түүний эрхийг нь бодитой хангасан эсэхийг тогтоолгүйгээр, зөвхөн хариуцагчийн зүгээс гаргаж ирүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд дээр М.А нэр бичигдсэн байгааг л үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Төлбөр төлөгч нар нь Д.Г, М.А нар юм. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаж, төлбөрт битүүмжлэгдэж, хураагдсан орон сууцны хууль ёсны өмчлөгч нар нь ч Д.Г, М.А нар юм. Зөвхөн төлбөр төлөгч Д.Г харилцаж, харин М.А шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гадна орхигдуулж ирсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч НШШГГ холбогдуулан орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 5472 дугаар шийдвэрээр Д.Г, М.А нараас 56 449 010 төгрөгийг гаргуулж “Х к”  ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шийдвэрийг үндэслэн төлбөр төлөгч Д.Г, М.А, М.А нарын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн ? дугаар хороо, ? дугаар хороолол, ? байрны ? тоотод байрлах ? м.кв талбайтай ? өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан, төлбөр төлөгч Д.Г нь орон сууцыг 120 000 000 төгрөгөөр үнэлсэн, М.А үнийн санал өгөөгүй, төлбөр авагч “Х к”  ББСБ ХХК-ийн хүсэлтийг үндэслэн хариуцагч байгууллагаас томилогдсон шинжээч хөрөнгийн үнэлгээний “Л” ХХК нь орон сууцыг 113 390 000 төгрөгөөр үнэлсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр танилцуулсан, Д.Г, М.А нар 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчид хандаж орон сууцаа өөрсдөө худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэнээр 2017 оны 9 дүгээр сарын 14-нөөс 2017 оны 10 дугаар сарын 14-нийг хүртэл хугацаа олгосон боловч энэ хугацаанд барьцааны зүйл болох орон сууцыг худалдан борлуулаагүй зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтад үндэслэгджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь хэргийн 97 дахь талд авагдсан баримтад бичсэнээр, шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 113 339 000 төгрөгийн орон сууцыг бие даан борлуулахаар төлбөр төлөгч Д.Г, М.А нар хариуцагчид хүсэлт гаргасан байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид төлбөр авагч буюу гуравдагч этгээд “Х к”  ХХК-ийн нэрийг “Х к” ХХК гэж бичсэн нь буруу боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй, техникийн шинжтэй алдаа байх бөгөөд хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдын нэрийг шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрт зөв бичих талаар шүүх цаашид анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ш.ОЮУНХАНД

                       ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ                                       

                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ