| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2020/0158/и |
| Дугаар | 183/ШШ2020/00609 |
| Огноо | 2020-03-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2020/00609
2020 оны 03 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2020/00609 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, -р хороо, өөрийн байранд байрлах, К-ийн эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Н ХХК /РД:0000/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, хороо, Дүнжингаравын дугаар хэсэг, Женерал таун хотхон,байр тоотод оршин суух овогт С О /
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, хороо, Дүнжингаравын дугаар хэсэг, Женерал таун хотхон, байр тоотод оршин суух, Б Ө /РД:/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, хороо, Дүнжингаравын дугаар хэсэг, Женерал таун хотхон,байр тоотод оршин суух, О О /РД:/-нарт холбогдох,
488,238,939.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч С.Д нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К нь банкны эрх хүлээн авагч томилсноор Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан үр дагавар үүссэн. К, эрх бүхий этгээдийн бүрэн эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Тиймээс нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Н ХХК нь К-тай 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 168 дугаартай 820,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, сарын 0.67 хувь хүүтэй, жилийн 8 хувийн хүүтэй, жижиг дунд аж ахуй нэгж хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах төслүүдэд эх үүсгэвэр олгох чиглэлээр 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлээр авсан. Банк зээлийг гэрээний 3.11-т заасан К-ны тоот дансанд 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 230,000,000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 283,000,000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 300,000,000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 7,000,000 төгрөг тус тус шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 3 барьцааны гэрээ байгуулсан байдаг. Нэгдүгээр барьцааны гэрээ нь 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай барьцааны гэрээгээр тоот дугаарт бүртгэлтэй, С.О, Б.Ө, О.О нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн, -р хороо, ажилчны гудамж, тоот хаягт байршилтай, 660 м.кв талбайтай, барилга, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт, Улсын бүртгэлийн нэгж талбарын дугаарт бүртгэлтэй С.О-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг -р хороо, аж ахуйн зориулалттай газрыг барьцаалсан. 2014 оны дугаар сарын 28-ны өдөр дугаартай барьцааны гэрээгээр дугаарт бүртгэлтэй, М.Отгонбаярын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 3-р хороо, ажилчны гудамж, тоотод байрлах 460 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай газар, 3-р давхар хэсгийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай барьцааны гэрээгээр дугаарт бүртгэлтэй С.О, Б.Ө нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал, үйлдвэрчний эвлэлийн гудамж, тоот хаягт байршилтай, 43.17 м.кв орон сууцыг барьцаалсан. Эдгээр барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа. Зээлдэгч нь тухайн зээлийн үндсэн төлбөрт 375,034,029.52 төгрөг, зээлийн хүүнд 270,619,315.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 854,751.97 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний 8.3, 5.1.4, 5.1.8, 8.3.1, 8.3.2 , 8.3.3, 8.4-т заасан хэсэгт талууд гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тохиролцсоны дагуу энэ нөхцөл бүрдсэн. Зээлийн өр төлбөр бол 2019 оны 12 сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 444,965,970.48 төгрөг, хүүгийн үлдэгдэлд 41,716,675.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 1,556,293.67 төгрөг, нийт 488,238,939.82 төгрөг болж байна. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай холбогдох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 50,700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш зээлдэгч байгууллагын эрх бүхий этгээд болох С.О-тай удаа дараа уулзан, энэ талаар мэдэгдэж, учир байдлыг тайлбарласан. Гэтэл хариуцагч байгууллага төлбөрөө төлөхгүй байгаа. Хариуцагч байгууллага нь банк нэгэнт татан буугдаж байгаа болохоор төлбөрөө төлөхгүй гэсэн байдлаар хандаад байдаг. Нэгэнт хариуцагч байгууллагын үйл ажиллагаа зогссон тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч байгууллагаас 488,238,939.82 төгрөг нотариатын зардал 50,700 төгрөг гаргуулах, сайн дураараа биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч Н ХХК, С.О, Б.Ө, О.О нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н ХХК, С.О, Б.Ө, О.О нараас үндсэн зээл 444,965,970.48 төгрөг, зээлийн үндсэн хүү 41,716,675.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,556,293.67 төгрөг нийт 488,238,939.82 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг 2020 оны 11 дүгээр сараас эхлэн график гарган төлөх саналтай байна гэв.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, хариуцагч Н ХХК, С.О, Б.Ө, О.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 488,238,939.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
К ХХК нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар М А 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс нэг жилийн хугацаатай томилсон байх бөгөөд Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна. гэснээр дээрх нэхэмжлэлийг К ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.А гаргах эрхтэй этгээд мөн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Н ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 168 дугаартай Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээнүүд тус тус байгуулагдаж, уг гэрээгээр К ХХК нь 820,000,000 төгрөгийг Жижиг, дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслүүдэд урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр олгох чиглэлийн зориулалтаар, сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 13-18/
Хариуцагч Н ХХК нь 1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч нь Самбуу овогтой Отгонбаяр байх ба итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмээр тогтоогдож байна./хх-ийн 34-36/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон улсын эрхийн бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Ажилчны гудамж тоот хаягт байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, 660 м.кв талбайтай барилга, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт, нэгж талбарын дугаар бүхий, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, аж ахуйн зориулалттай 1135 м.кв газар эзэмших эрх, улсын эрхийн бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж, тоотод байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, 3 дугаар давхрын хэсгийн 460 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал, үйлдвэрчний эвлэлийн гудамж, байр тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 43.17 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, барьцааны гэрээнүүдийг барьцаалбарт бүртгүүлж, баталгаажуулжээ.
Дээрх зээлийн гэрээнд барьцаалсан зарим үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нар нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд барьцаалахыг зөвшөөрч барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, барьцааны гэрээг байгуулсан баримтууд хэрэгт авагдсан байна./хх-ийн 19-33/
Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс К ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Н ХХК-ийн тоот дансанд 2013 оны 4 сарын 05-ны өдөр 230,000,000 төгрөгийг, 2013 оны 4 сарын 08-ны өдөр 283,000,000 төгрөгийг, 2013 оны 4 сарын 10-ны өдөр 300,000,000 төгрөгийг, 2013 оны 5 сарын 06-ны өдөр 7,000,000 төгрөгийг нийт 820,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба гэрээ байгуулагдсан 2013 оны 4 сарын 02-ны өдрөөс хойш 646,508,095 төгрөгийг төлсөн байх ба зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн графикийг Н ХХК нь зөрчиж, төлбөр төлөөгүй тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 488,238,939.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч гаргасан ба зээлийн гэрээний төлбөрт төлөгдсөн үнийн дүн, зээл тооцоололын асуудлаар тайлбар гаргаж Зохигчид маргаангүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбараар зохигч талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн график зөрчигдсөн байх ба хариуцагч нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээ болон хуульд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг, хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй байна.
Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д тус тус зааснаар нотариатын зардалд гарсан 50,700 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Дээрхийг нэгтгээд хариуцагч Н ХХК-иас нийт 488,289,639 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Кны эрх хүлээн авагчид олгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас нийт 488,289,639 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан улсын эрхийн бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг дугаар хороо, Ажилчны гудамж тоот хаягт байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, 660 м.кв талбайтай барилга, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт, нэгж талбарын дугаар бүхий, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, аж ахуйн зориулалттай 1135 м.кв газар эзэмших эрх, улсын эрхийн бүртгэлийндугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж, тоотод байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, 3 дугаар давхрын хэсгийн 460 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Ханын материал, үйлдвэрчний эвлэлийн гудамж, байр тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 43.17 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 2,599,398 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ