Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/87

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

 Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал, 

 Улсын яллагч Э.Нэргүй,

 Шүүгдэгч Ц.Э,

 Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүйгээс хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э, Г.Б нарт холбогдох эрүүгийн 2317000000092 дугаартай хэргийг 2023 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

                                                               Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, УБТЗамын 3 дугаар ангид замчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын .......... дугаар баг, .............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт Ц-ын Э /РД:.........../,

Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ......... дүгээр баг, ...........гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Ш овогт Г-ийн Б /РД:.........../,                           

                                                                Холбогдсон хэргийн талаар:

                                 /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Э, Г.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ц.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 621 дэх зөрлөгийн замчдын байрны гадаа иргэн Г.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодон эрүүл мэндэд нь баруун дээд 1, 2-р шүдний сулрал, зүүн нүдний зовхинд, доод уруулын салстад, баруун эгэмний дунд хэсэгт баруун суганы орчимд, зүүн мөрөнд, зүүн далны дээд хэсгээр, зүүн бөөрний орчимд, зүүн өвдгөнд цус хуралт, доод уруулд хүзүүнд, баруун хавирганы нумаар, баруун бөөрний байрлалд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 621 дэх зөрлөгийн замчдын байрны гадаа иргэн Ц.Этой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн дээд 2, 4-р шүдний сулрал, зүүн нүдний зовхин, дээд уруулын дотор салстад зүүн баруун эгэмний доод хэсгээр, өвчүүнд, баруун мөрөнд, зүүн суга орчимд , цээжинд баруун 7, 8-р хавирганы орчимд цус хуралт, зүүн хөмсөгт, дээд уруулд, баруун өвдгөнд зулгаралт, зүүн өвдгөнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... Б гараараа миний нүд рүү цохисон. Хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна. Би Бгийн нүд рүү нь цохисон юм шиг байна дараа нь надад нүдээ харуулж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 хуудас/

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Ц.Э бид 2 хоорондоо зодоон хийсний дараа миний зүүн нүд хөхөрч хавдсан, шүд хугарсан толгой байнга өвдөж байна. Бид нар айл саахалт хүмүүс болохоор гомдол санал гээд байх зүйл алга. Ц.Э ах миний шүдийг эмчлүүлнэ, шүд хийлгэж өгнө гэсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 11-13 хуудас/

Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр цайны цагаар гэртээ ирсэн. Тэр үед Баянтал сумын 2 дугаар баг, 621 дэх зөрлөг замчдын байранд байрлах манай гэрт Г.Б Т-ийн хамт ирээд бид 3 хоорондоо юм ярьж байгаад би тэр хоёрыг манай гэрт орьё гээд хаалгаа онгойлгох гэтэл миний толгойны араас Б цохиод авснаа том том дуугараад намайг хулгайч гэх мэтээр хэлж агсрах гээд байгаа бололтой байхаар нь миний дургүй хүрээд Бг заамдаж аваад бид 2 зодолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б бид 2 гэрт архи ууж байтал Б машинтай ирээд бид гурав хамт хонинд явсан, тэр үед Т замд мотоциклийн дугуй хагарчихлаа гэж таараад машинд суусан юм. Бид дөрөв машинтай сумын төв орж олгой хаймар аваад мотоциклийн дугуй угсарсан. Тэгээд Б Б нар хонио харна гэж яваад Т бид 2 Баянтал сумын 2 дугаар баг 621 дэх замчдын орон сууцны хашаанд очсон юм. Э ах бид 3 хоорондоо мэндлээд Э ах гэрийнхээ хаалгыг онгойлгох гээд зогсож байхад би араас нь тоглоомоор толгойн араас нь баруун гараараа нударсан чинь Э ах уурлаад чам шиг бацаанд дээрэлхүүлэхгүй шүү гээд над руу дайрсан. Бид 2 хоорондоо маргалдаад тэнд зодоон хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/

Гэрч Ж.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Э ах мотоцикльтэй гэрийнхээ гадаа ирэх үед бид 2 очсон.  Э ах манайд орьё гээд гэрээ онгойлгох үед Б толгойны араас нь баруун гараараа нудраад тоглоом хийх маягтай байсан чинь Э ах уурлаад чи муу бацаан яагаад байнаа, чам шиг бацаанд дээрэлхүүлэхгүй шүү гэж хэлээд заамдаж аваад хоорондоо зодолдоод эхэлсэн. Би салгах гээд хүч хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №224 дугаартай дүгнэлтэнд:

  • Г.Бгийн биед баруун дээд 1, 2-р шүдний сулрал, зүүн нүдний зовхинд, доод уруулын салстад, баруун эгмийн дунд хэсэгт, баруун суга орчимд, зүүн мөрөнд, зүүн далны дээд хэсгээр, зүүн бөөрний орчимд, зүүн өвдгөнд цус хуралт, доод уруулд, хүзүүнд, баруун хавирганы нумаар, баруун бөөрний байрлалд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.
  • Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллийн улмаас 2023.09.01-нд үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтлүүд нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 30-31 хуудас/,

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №219 дугаартай дүгнэлтэнд:

  • Ц.Эын биед зүүн дээд 2, 4-р шүдний сулрал, зүүн нүдний зовхинд, баруун уруулын дотор салстад, зүүн, баруун эгэмний доод хэсгээр, өвчүүнд, баруун мөрөнд, зүүн суга орчимд, цээжинд баруун 7, 8-р хавирганы орчимд цус хуралт, зүүн хөмсөгт, дээд уруулд, баруун өвдгөнд зулгаралт, зүүн өвдгөнд зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.
  • Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллийн улмаас 2023.09.01-нд үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтлүүд нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 25-26 хуудас/, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-2 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Ц.Э, Г.Б нарын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 224, 219 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Э, Г.Б нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Ц.Э, Г.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүгдэгч Ц.Э, Г.Б нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүй нь шүүгдэгч Ц.Э, Г.Б нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд шүүгдэгч  Ц.Э, Г.Б нарт Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ц.Э, Г.Б нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

   Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч Ц.Э, Г.Б нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ш овогт Г-ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Г.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, Г.Б нарт оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гарсан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.АРИУНЖАРГАЛ