Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/00977

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Л Б

 

Хариуцагч:  У Б Т З

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б

нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А

хариуцагчийн төлөөлөгч Д.Э, Н.Б

гэрч Ө.Э

нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Б 2004 оноос У Б Т З ХНН-д Улаанбаатар зүтгүүрийн депогийн талбайн цэвэрлэгчээс эхлэн илчит тэрэгний засварчин, туслах машинч, хүний нөөцийн менежер хүртэл дэвшин ажилласан. Ажиллах хугацаандаа 2009 онд Төмөр замын дээд сургуулийг илчит тэрэгний техникч механикч, Хөдөлмөрийн дээд сургуулийг хүний нөөцийн менежерээр төгсөж, хөдөлмөрийн эдийн засгийн ухааны магистр цол хамгаалсан. У Б Т З ХНН-ийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б-1-237 дугаар тушаалаар Улаанбаатар татах хэсэгт хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Шинээр зохион байгуулалтад орсон Кейтеринг төвийн хүний нөөцийн менежерүүд нь тогтвор суурьшилгүй байгаа бөгөөд шинэ байгуулагдсан нэгжийн хүний нөөцийн удирдлагыг хангаж, ажил зүгшрүүлэх саналыг НК дарга В.Отгондэмбэрэл надад тавьсан. Тухайн үед уг төвийн хүний нөөцийн менежер жирэмсний амралттай байсан тул түр хугацаагаар томилогдож, орны хүн ажилд ороход Улаанбаатар татах хэсэгт буцаан авна гэж хэлсэн. Хэлсэн саналыг би хүлээн авч, харилцан тохиролцсон хэлцэл байгуулсан. Үүний дагуу У Б Т З ХНН-ийн даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн БЗ-457 дугаар тушаалаар намайг 2017 оны 10 дугаар сарын 16- ны өдрөөс Улаанбаатар татах хэсгийн хүний нөөцийн менежерийн ажлаас чөлөөлж, жирэмсний амралттай байгаа Кейтеринг төвийн хүний нөөцийн менежер Ц.Мөнхцэцэгийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар уг ажилд томилсон. Жирэмсний амралттай байсан Ц.Мөнхцэцэг ажилд эргэн орсон тул У Б Т З ХНН-ийн даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б-1-343 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн. Гэтэл буцаад Улаанбаатар татах хэсгийн хүний нөөцийн менежерийн ажилд орох болоход шинээр томилогдсон дарга мэдэхгүй, надтай тохиролцоо хийгээгүй гээд ажилд аваагүй. Миний бие У Б Т З ХНН-т талбайн цэвэрлэгчээс эхлэн ажиллах бүх хугацаандаа байнга өөрийгөө хөгжүүлэн, идэвхи санаачилгатай, итгэл даан ажиллаж байсан. Тиймдээ ч доголдолтой байсан нэгжийн ажлыг сайжруулах үүрэг авсан гэж боддог. У Б Т З ХНН-ийн дарга, эрх бүхий албан тушаалтан улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан тогтвор суурьшилгүй солигдож байдаг. Надад санал тавьсан дарга Д.Жигжиднямаа байсан бол буцаад ажилдаа ороход солигдон Милостных И.В гэх даргатай болсон байсан. Албан тушаалтны тогтвор суурьшилгүй байдлаас жирийн ажилтан миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгааг хэрхэвч хулээн зөвшөөрөхгүй. Жирэмсний амралттай байгаа хүний оронд ажиллуулахдаа намайг буцаан Улаанбаатар татах хэсэгт авна гэж тохирсон. Тиймдээ ч У Б Т З ХНН-ийн даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн БЗ-457 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д заасан талууд харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээг цуцлах гэснийг үндэслэл болгосон. Иймээс Л.Б намайг У Б Т З ХНН-ийн Улаанбаатар татах хэсгийн хүний нөөцийн менежерийн ажилд эргүүлэн томилж, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг У Б Т З" ХНН-ээс гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд хандаагүй шалтгаан нь ажилдаа эргэн орох талаар байгууллагын удирдлагад хандахад түр хүлээж бай гэж удаа дараа хэлж хүлээлгэж байсан. Эцэст нь арга барж ийнхүү шүүхэд хандаж байна. Хариуцагчийн буруугаас хугацаа алдсан тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3-т зааснаар шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас халсан тушаал хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан. Удаа дараа ажлын байр санал болгосон ч намайг ажлаар хангах зорилготой юу, хууран мэхлэх, цаг хожих мухардалд оруулах зорилготой байсан эсэхийг мэдэхгүй байна. Миний бие Л.Б 2004 оноос У Б Т З ХНН-т Улаанбаатар зүтгүүрийн депогийн талбайн цэвэрлэгчээс эхлэн илчит тэрэгний засварчин, туслах машинч, хүний нөөцийн менежер хүртэл дэвшин ажилласан. Анх У Б Т Зын татах хэсгийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилогдож ажиллах хугацаанд НК дарга намайг дуудаж кейтеринг төв дээр хүний нөөцийн менежер тогтохгүй, 4, 5 хүний нөөц солигдоод байна, чи энэ хугацаанд үндсэн орон тооны ажилтан н.Мөнхцэцэг жирэмсний амралтаа яваад ирэх хугацаанд чи ажиллаж байгаач, буцаад ирэх үед чинь үндсэн ажлын байранд чинь тавина гэж хэлсний дагуу, удирдлагаас өгсөн захиргааны шийдвэрийн дагуу би кейтеринг төв рүү шилжсэн. Жилийн дараа н.Мөнхцэцэг ирээд би ажилдаа орьё гэхэд НК дарга солигдоод, н.Пүрэвдорж дарга болсон байсан. Үндсэн орон тоондоо очьё, өмнө нь ийм гэрээ хийсэн. Намайг буцаж үндсэн орон тоон дээрээ очиход туслаач гэхэд би чамайг мэдэхгүй, гэхдээ түр зуур байж бай, хүлээж бай гэж хэлсэн. Хүлээж бай гэсээр 1, 2, 3 дугаар сард орон тоо гарсан байхад аваагүй. Хамгийн сүүлд 6 дугаар сард татах хэсгийн хүний нөөцийн н.Туяа гэдэг менежер тэтгэвэртээ суухад нь тэр ажилд тавина гэж хэлээд намайг хууран мэхэлж хүлээлгэсээр өдийг хүрсэн. Үүний дагуу шүүхийн байгууллагад хандсан. Замын дарга, Зам тээврийн дэд сайдад хандаж, тухай бүрт нь утсаар ярьж байсан. Ажлын байран дээр, үндсэн орон тоон дээр тавина гэж хэлж байсан. Гэвч одоог хүртэл хариугүй, ажилд минь оруулаагүй. Иймд үндсэн ажлын байр болох татах хэсгийн хүний нөөцийн менежерийн ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь У Б Т З хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-237 дугаар тушаалаар татах хэсгийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Энэ тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд нийцүүлэн байгуулсан. Тухайн хүний нөөцийн менежерийн албан тушаал нь үндсэн албан тушаал, үндсэн ажлын байр юм. Иймд хуульд Үндсэн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсний дагуу, мөн Л.Б, У Б Т З нарын хооронд байгуулсан гэрээний 1.2 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Л.Б үндсэн ажлын байран дээр ажлаа хийж гүйцэтгэж байхад кейтеринг төвийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд байсан н.Мөнхцэцэг хуульд заасны дагуу жирэмсний амралтаа авах болсон. Энэ хугацаанд орлож, шилжиж түр ажиллаач гэдэг саналыг дарга нь тавьсан байдаг. Үүнийг Л.Б хүлээн зөвшөөрч, н.Мөнхцэцэгийн оронд очиж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуульд үндсэн ажлын байр болон тухайн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулна гэсэн тодорхой нөхцөлүүд байгаа. н.Мөнхцэцэгийг жирэмсний амралттай байх хугацаанд нь байгуулсан болохоос биш хариуцагч талын тайлбарлаж байгаа шиг тохиролцоод хөдөлмөрийн гэрээгээ цуцласан асуудал биш юм. Буцаж үндсэн ажлын байрандаа ирэх нөхцөлтэй бөгөөд н.Мөнхцэцэгийг түр орлох хооронд хугацаатай гүйцэтгэх ажлын байрыг санал болгосон. Улмаар н.Мөнхцэцэг ажилдаа орох хүсэлт гарсны дагуу н.Мөнхцэцэгийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гарч, Л.Бтай байгуулсан түр хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй ажлын байрнаас үндсэн ажлын байр буюу татах хэсгийн хүний нөөцийн менежерийн албан тушаал руу очих байсан. Гэтэл хууль бусаар У Б Т Зын дарга 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б-I-343 дугаар тушаал гаргаж, Л.Бтай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хууль зөрчиж, ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Л.Бтай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоод эргүүлж үндсэн ажлын байр болох татах хэсгийн хүний нөөцийн менежерийн ажилд буцаан шилжүүлэх томилох үндэстэй байсан. Гэтэл хууль зөрчиж, ажилчдынхаа эрх ашгийг зөрчиж хууран мэхлэх үйлдэл гаргах нь буруу юм. Ажилтан Л.Б нь буцаж хүсэлтээ өгөөд даргадаа хандаад, үндсэн ажлын байрандаа эргэж оръё. Түр ажиллаж байсан учир татах хэсэгтээ очоод хүний нөөцийн менежерээр ажиллая гэдэг хүсэлт гаргаад, хүсэлтийг шийдвэрлэнэ гээд өдийг хүрсэн. Тэр хооронд хэд хэдэн удаагийн саналаар орон нутагт менежерээр ажиллах, албан тушаалыг нь бууруулсан санал өгсөн. Л.Бын эрх ашиг нь зөрчигдсөн. Татах хэсгийн хүний нөөцийн менежерээр өөр хүнийг томилж, ажиллуулж байсан. Л.Быг томилох гэхэд зөрчил үүсээд байсан учир Л.Бын эрх ашгийг худал хэлж, хууль зөрчөөд хохироож байсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн гол үндэслэл нь хуульд заагаагүй үндэслэлээр үндсэн ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг түр шилжүүлэхээр ажилтны эрх ашгийг хохироож болохгүй. Иймд Л.Быг үндсэн ажлын байранд эргүүлэн томилох бүрэн үндэстэй гэж үзэж байна.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б нь Улаанбаатар татах хэсгийн Хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: У Б Т Зын даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, түр ажилд авах тухай Б-1-457 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн У Б Т З нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалтуудыг тус тус баримтлан Улаанбаатар татах хэсгийн Хүний нөөцийн менежер Л.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, мөн өдрөөс жирэмсний амралттай байгаа Кейтеринг төвийн хүний нөөцийн менежер Ц.Мөнхцэцэгийг ажилдаа эргэн ажиллах хүртэл тус төвийн хүний нөөцийн менежерээр түр томилон ажиллуулсан. Ажил олгогч болон Л.Б нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр түр хугацаагаар /Ц.Мөнхцэцэгийг ажилдаа эргэн орох хүртэл/ ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Ингээд хүүхэд асрах чөлөөтөй байсан өмнөх ажилтан Ц.Мөнхцэцэг нь ажилдаа эргэн орсон учраас Замын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б-1-343 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн түр хугацаагаар ажиллаж байсан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээг мөн өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн. Түүнд ажлаас халагдсан тушаалын хувийг мөн өдөр гардуулан өгсөн. Энэ нь Хүний нөөцийн албаны 2018 оны Тушаал бүртгэх бүртгэл-ийн 586 дугаарт бүртгэгдсэн байна. Л.Быг ажлын байраар хангахыг Хүний нөөцийн албанаас харьяа Улаанбаатар татах хэсэгт үүрэг болгосны дагуу түүнийг илчит тэрэгний туслах машинч, цахилгаан аппаратын цехийн бригадын даргын албан тушаалын ажлын байрыг санал болгосон боловч хүлээн авахаас татгалзсан нь ХНН УБТЗ-ын Улаанбаатар татах хэсгийн ТЧ-2/ 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 28/1274 тоот албан бичгээр тогтоогдоно. Л.Б нь Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Л.Халтар болон УБТЗ-ын удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батболд нарт 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр болон 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүний нөөцийн мэргэжлээр байнгын ажлын байраар хангаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан байх бөгөөд тухайн албан тушаалтнууд түүний өргөдөлд хариу өгөхийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02/5327 тоот бичгээр буюу Хүний нөөцийн албанд хянан үзэж шийдвэрлэж өгөх тухай цохолт хийж, шилжүүлсэн байна. Тус У Б Т Зын Хүний нөөцийн алба /НК/-ны дарга Д.Пүрэвдорж уг өргөдлийг хүлээн авч бүртгэлд авахыг хүний нөөцийн инженер Н.Баттуяад даалгажээ. Ийнхүү Хүний нөөцийн албанаас Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн хүний нөөцийн менежер Ц.Бямбасүрэнг ажилдаа эргэн орох хүртэлх хугацаанд түр ажиллахыг түүнд санал болгож, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18/138 тоот бичиг хүргүүлж, хариуг мөн сарын 21-ний дотор ирүүлэхийг мэдэгдсэн. Гэтэл Г.Б нь /огноо бичээгүй/ Хүний нөөцийн албанд хүсэлт гаргахдаа Сайншандад ажиллах боломжгүй, Улаанбаатар хотод ажилд томилж өгөхийг хүсчээ. Дээр дурдсанаас гадна мөн тэрээр 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хүний нөөцийн албанд ажлаар хангаж өгөх хүсэлтийг тус тус гаргажээ. Ажил олгогчийн зүгээс бололцооны дагуу хүний нөөцийн ажилтны ажлын байр бий болохоор нь санал болгосон боловч тэрээр хүлээн аваагүй юм. Үүнээс хойш 2 сарын дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Замын дарга /Д.Жигжиднямаа/-ын нэр дээр мэргэжлийн дагуу ажил хийх хүсэлтэй байгаа тухай өргөдөл гаргажээ. Үүний дагуу УБТЗ-ын Хүний нөөцийн албаны 2019 оны 06 дугаар сарын 13- ны өдрийн 18/295 тоотоор Улаанбаатар татах хэсэгт Л.Быг эзэмшсэн мэргэжлийн дагуу /илчит тэрэгний техникч, механик/ ажлын байраар хангах асуудлыг судалж, 6 дугаар сарын 17-ны дотор хариу ирүүлэхийг мэдэгджээ. Улаанбаатар татах хэсгээс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 28/622 тоот бичгээр дээрх албан бичгийн хариуг ирүүлэхдээ: Л.Быг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр болох сонгон шалгаруулалтад оруулж, тэнцсэн тохиолдолд илчит тэрэгний туслах машинчийн ажлын байраар хангах боломжтой гэжээ. Энэ талаар Хүний нөөцийн инженер Н.Баттуяа түүнд тухайн үед утсаар мэдэгдэхэд тэрээр би туслах машинч, механикаар ажиллахгүй гэсэн хариуг амаар өгсөн байна. У Б Т З ХНН-ийн Хөдөлмөрийн харилцааны албанаас Улаанбаатар татах хэсгийн хүний нөөцийн менежер Л.Бын мэргэжлийн 3 ширхэг диплом үнэн эсэхийг шалгуулах тухай хүсэлтийн мөрөөр Дотоод аудит, хяналтын албанаас /байцаагч Б.Энхсайхан/ шалгаад түүнийг ХААИС-ийн 0200607446 дугаартай /инженер механикч мэргэжлээр төгссөн гэх/ хуурамч дипломоо ашиглан 2006 онд тухайн үеийн У Б Т З ХНН-ийн Зүтгүүрийн депо одоогийн Улаанбаатар татах хэсэгт туслах машинчаар ажилд орж, тус тасгийн хүний нөөцийн менежерээр дэвшин ажилласан. Тэрээр 2011 онд У Б Т Зын Тээврийн дээд сургуулийн Илчит тэрэгний техникч, механик мэргэжлээр төгссөн болохыг 2017 оны 05 дугаар сарын 19-ний едрийн 61/04/25 дугаар илтгэх хуудсандаа тодорхой дурджээ. Нэхэмжлэгч Л.Б нь илчит тэрэгний туслах машинчаар, талбайн цэвэрлэгчээр, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс илчит тэрэгний туслах машинчаар эргэн ажиллаж байгаад мөн оны 02 дугаар сарын 11-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулан нэг жилийн хугацаагаар хөдөлгөөний бус ажилд шилжүүлэн ажиллуулсан байх ба энэ хугацаанд буюу мөн оны 04 дүгээр сарын 03-ны өдөр түүний хөдөлмөрийн гэрээг цуцлуулах тухай өөрийнх нь өргөдлийг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн гэрээний аль нэг тал зөрчигдсөн гэж үзэж буй хөдөлмөрийн шинжтэй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо эрх бүхий этгээд болох шүүх, Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан сэргээлгэх, хамгаалуулах боломжтой, хуулиар тогтоосон хугацааг гомдол гаргах хугацаа гэдэг. Хөдөлмөрийн тухай хуулиар гомдол гаргах хоёр төрлийн хугацааг тогтоосон. Гомдол гаргах хугацааг хуулиар тогтоодог учраас талууд дангаар буюу харилцан тохиролцон өөрчлөх эрхгүй. Гомдол гаргах хугацаа нь гомдол гаргах эрх үүсэх үеэс эхлэн тоологдоно. Гомдол гаргах эрх нь хөдөлмөрийн гэрээний тал өөрийн эрхийг зөрчигдсөнөө мэдсэн буюу тухайлбал: ажлаас халагдсан шийдвэрээ хүлээн авсан өдрөөс эхлэн үүсдэг. Харин уг хугацаа тоологдож дууссанаар шүүхэд гомдол гаргах эрх дуусгавар болдог. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талуудаас хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах хугацааг, харин мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус хуулийн 69 дүгээр зүйлд заасан /буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор/ асуудлаар гарсан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх талаар тус тус зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь ажил олгогчоос ажлаас халсан шийдвэрийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Түүний гомдлоо шүүхэд гаргах хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дууссан байхад 1 жил 1 сарын дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гомдол гаргажээ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно, шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс үүснэ. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг маш богино хугацаатай байхаар зохицуулсан. Нэхэмжлэгчээс шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлснээр шүүхэд гомдол гаргах эрхээ алдана. Харин тухайн заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанд тооцдог. Эдгээр хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхой баримтаар нотлох ёстой. Иймээс нэхэмжлэгчийн ажлаар хангахыг хүссэн өргөдөл ажил олгогч талд болон бусад байгууллагад гаргаад хариуг бичгээр болон амаар өгч байсан энэ хугацааг хүндэтгэн үзэх нөхцөл байдалд хамааруулан үзэх нь хууль зүйн үндэслээгүй юм. Харин хууль мэдэхгүйгээс шүүхэд гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй. Энэ талаар Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заажээ. Иймд нэхэмжпэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул түүний гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжэлгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. У Б Т Зын даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 457 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, түр ажилд авах тухай тушаал байгаа. Энэ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 24 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.1, У Б Т Зын дүрмийн 22А зэргийг үндэслэж, татах хэсгийн хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан Л.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоод мөн өдрөөс жирэмсний амралттай байсан н.Мөнхцэцэгийн оронд кейтэринг төвийн хүний нөөцийн менежерээр түр хугацаагаар томилон ажиллуулахаар шийдсэн. Ажил олгогч болоод Л.Б нарын хооронд түр хугацаагаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. н.Мөнхцэцэгийн хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацаа дууссан учир ажилдаа эргэн орсон. Иймд У Б Т Зын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б1/343 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар түр хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас нь чөлөөлсөн. Мөн өдөр ажлаас халсан тушаалыг гардуулж өгсөн. Энэ нь 2018 оны тушаал бүртгэх бүртгэлд бүртгэлд бүртгэгдсэн. Л.Быг ажлын байраар хангахыг хүний нөөцийн албанд үүрэг болгосон учир түүнд ажлын байр удаа дараа санал болгож байсан. Илчит тэрэгний туслах машинч, цахилгааны аппаратын бригадын даргын ажлын байр зэргийг санал болгосон ч хүлээн авахаас татгалзсан. У Б Т Зын татах хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1276 дугаар албан бичгээр тогтоогдож байна. Л.Бын хувьд, Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд н.Халтар, У Б Т Зын удирдлага болох Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч н.Удвал нарын нэр дээр 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд хүний нөөцийн менежерийн байнгын ажлын байраар хангах тухай өргөдөл гаргасан. Өргөдлийн хариуг 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 02/5327 тоот бичгээр,хүний нөөцийн албанд шалгаж хариу өгүүлэх цохолттой шилжүүлсэн. Хүний нөөцийн алба буюу хүний нөөцийн албаны дарга н.Пүрэвдорж уг өргөдлийг хүлээн аваад Барилга үйлчилгээний 3 дугаар хүний нөөцийн менежерийн ангид ажил байна, орох хүртэлх хугацаанд түр ажиллаж бай гэх саналыг 3 дугаар сарын 18-ны өдрийн 138 тоотоор гаргасан. Хариугаа 3 хоногийн дотор эргүүлж өгсөн. Л.Б нь Сайншандад ажиллах боломжгүй, хотод ажиллана гэх хариу өгсөн. Мөн дээр дурдсанаас гадна 10 дугаар сарын 26-ны өдөр хүний нөөцийн албанд ажлаар хангахыг хүссэн хүсэлт гаргасан. Ажил олгогчийн зүгээс бололцооныхоо дагуу хүний нөөцийн ажилтны ажлын байр бий болгохоор санал болгож байсан. Түүнийг хүлээж аваагүй. Үүнээс хойш буюу 2 сарын дараа 2019 оны 5 дугаар сард Замын даргын нэр дээр мэргэжлийн дагуу ажил хийлгэх хүсэлт өргөдөл гаргасан. Уг өргөдлийг У Б Т Зын хүний нөөцийн албаны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн албан тоотоор Л.Бын эзэмшсэн мэргэжлийн дагуу буюу төмөр замын нарийн мэргэжлийн илчит тэрэгний механикчийн ажлын байраар хангаж ажиллуулах боломжтой, 2019 оны 6 дугаар сарын 17-нны өдрийн дотор хариу өгөх тухай тоот бичиг явуулсан. У Б Т З татах хэсгээс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 28622 тоот албан бичгийн хариуг ирүүлж, Л.Быг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр болох сонгон шалгаруулалтад оруулаад тэнцэж байгаа тохиолдолд илчит тэрэгний туслах машинчаар ажиллуулах боломжтой гэх бичиг ирүүлсэн. Туслах машинч нь хүнд нөхцөлтэй, нарийн мэргэжил шаардах учир сонгон шалгаруулалт байх ёстой. Гэхдээ энэ хүн өөрөө энэ мэргэжлээр ажиллаж байсан учир сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд ажлын байраар хангах боломжтой байсан. Энэ талаар хүний нөөцийн ажилтан маань утсаар мэдэгдсэн. Гэтэл туслах машинчаар ажиллахгүй гэх хариуг амаар өгсөн. Тухайн үед У Б Т Зын хүний нөөцийн албаны дарга байсан хүн энэ хүний мэргэжлийн диплом эргэлзээтэй байна шалгаач гэж хүсэлт гаргасан. Үүний дагуу У Б Т Зын Дотоод аудит, хяналтын албанаас шалгалт хийж, шалгалтаар Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд суралцаагүй, диплом хуурамч гэх дүгнэлт гарсан. Илтгэх хуудас, материал нь хэрэгт авагдсан. Л.Б өмнө нь У Б Т Зд илчит тэрэгний туслах машинчаар, талбайн цэвэрлэгчээр ажиллаж байгаад 2014 оны 1 дүгээр сараас илчит тэрэгний туслах машинчаар эргэж ажилласан. 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр сахилгын шийтгэл авч, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасан арга хэмжээ авагдсан байдаг. 4 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өөрийнх нь өргөдлийг үндэслэж ажлаас нь чөлөөлсөн. Дараа нь, энэ хүн байгууллагаас ажил өгөөгүй, өдийг хүрсэн гэж ярьж байна. Үүн дээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал сөхөн яригдаж байна. Хөдөлмөрийн гэрээний шинэчлэлт хийлгэх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүх, хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаж хамгаалуулах эрхтэй, боломжтой. Эдгээр байгууллагуудад хуулиар тогтоосон хугацаанд гомдол гаргах ёстой. Гомдол гаргах хугацаа нь 2 төрлийн хуульд зохицуулагдсан. Гомдол гаргах хугацаа нь гомдол гаргах эрх үүссэн үеэс тооцогддог. Гомдол гаргах эрх нь хөдөлмөрийн гэрээний дагуу өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлэх буюу энэ тохиолдолд, ажлаас халах тухай шийдвэр гардаж авсан өдрөөс гомдол гаргах хугацаа тоологдож эхэлсэн. Уг хугацаа тоологдож дууссанаар шүүхэд гомдол гаргах хугацаа нь дууссан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дахь хэсэгт хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах хугацаа, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсгийн дагуу энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговрын талаарх асуудлаар гарсан маргаан гэж тус тусд нь зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажил олгогчоос ажлаас буруу халсан талаарх шийдвэр хүлээж авснаас хойш 1 сарын дотор гомдол гаргах эрхтэй талаар заасан. Нэхэмжлэгчийн хувьд, ажил олгогчийн шийдвэр 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй. Шүүхэд гомдол хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс тоологдож эхэлсэн. Энэ хүн шүүхэд гомдлоо 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр буюу 1 жил, 1 сарын дараа гаргасан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох, шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ зэргийг зөрчсөн. Хөдөлмөрийн маргаантай холбоотой гомдол гаргах хугацааг маш бага хугацаатай байхаар заасан байдаг. Нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгааны талаар Улсын Дээд шүүхийн тайлбар байдаг. Тухайлбал, гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээр тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиосон зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаан юм. Гэтэл ийм шалтгаан байгаагүй. Байгууллага надад ажил өгнө гэсээр байгаад 1 жил сар харсан гэж ярьж байна. 2019 оны 5 дугаар сард хамгийн сүүлд манайхаас албан тоот явуулснаас хойш энэ хүн 6 сарын дараа гомдол гаргасан. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь гомдлыг хүлээж авах, шийдвэрлэх эсэхэд гол чухал ач холбогдолтой байдаг. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Хууль мэдэхгүйгээс гомдол гаргаагүй гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн байна гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас халсан тушаал үндэслэлгүй гэж нэхэмжлэгч ярьж байна. Тухайн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгийг баримталсан буюу түр хугацаагаар ажиллаж байсан учир үндэслэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл буюу ажил хүлээлцэх талаар дурдсан гэдгийг тодотгож хэлэх нь зөв байх. Хууль зөрчсөн гэдэг ч ямар хууль зөрчиж энэ хүнийг ажлаас халсан бэ гэдэг нь мэдэгдэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дахь хэсгийн дагуу харилцан тохиролцсон. Татах төвийн хүний нөөцийн менежерээс кейтеринг төвийн хүний нөөцийн менежерийн ажилд шилжүүлэн ажиллуулсан. Урьд гарсан сахилгын шийтгэл хэрэгт хамааралгүй гэж хэлж байна. Энэ хүн ажилд орсон цагаасаа хойш үндсэн эзэмшсэн мэргэжлийн дагуу тогтвор суурьшилтай ажиллаагүй. Зөрчил гаргасны улмаас удаа дараа албан тушаал буруулах шийтгэл ногдуулсан байдаг.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Б Т Зд холбогдуулан Улаанбаатар татах хэсгийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаарджээ.

 

Л.Б нь Монгол-Оросны хувь нийлүүлсэн нийгэмлэг У Б Т Зын Улаанбаатар татах хэсгийн хүний нөөцийн менежерийн ажилд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр томилогдож, хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаад ажил, албан тушаал нь хуулийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа /жирэмсний амралттай/ ажилтны оронд тухайн ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар Кейтеринг төвийн хүний нөөцийн менежерийн ажилд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б-I-343 дугаар тушаалаар цуцлагдаж, дуусгавар болсон байна. Энэ талаар зохигч маргаагүй бөгөөд дээрх гэрээ дуусгавар болсны дараа Улаанбаатар татах хэсгийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн томилогдох тохиролцоотой өөр ажил, албан тушаалд түр шилжсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх ба харин хариуцагч өмнөх хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож дуусгавар болгосон, өөр ажилд түр хугацаагаар шилжүүлээгүй, эзгүй байсан ажилтан ажилдаа орсноор Л.Бын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, түүний хүсэлтээр ажил санал болгосныг нэхэмжлэгч хүлээн аваагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргав.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд ажилтныг өөр ажилд түр хугацаагаар болон бүр мөсөн шилжүүлэх үндэслэлийг заасан ба үүнээс өөр үндэслэлээр өөр ажилд шилжүүлэх тохиолдолд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцох бөгөөд ажилтны зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэхийг хориглоно. Нэхэмжлэгч У Б Т Зын Хүний нөөцийн алба, Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд, У Б Т Зын удирдлага хариуцсан замын орлогч дарга нарт гаргасан өргөдөлдөө шинээр зохион байгуулалтад орж буй Кейтеринг төвийн хүний нөөцийн менежерийг жирэмсний амралттай байх хугацаанд ажиллаадах, дараа нь байнгын орон тоотой ажилд шилжүүлнэ гэж хэлсэн гэж бичсэн байх ба эдгээр өргөдөл, хүсэлтийг үндэслэн хариуцагчаас нэхэмжлэгчид хэд хэдэн ажил санал болгосон зэргээс дүгнэвэл нэхэмжлэгчтэй 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа байнгын ажлын байраар хангана гэсэн тохиролцоо хийгдсэн гэж үзэхээр байна. Талууд харилцан тохиролцсон гэдгийг ажилтан нь ажил олгогчийн дарамт, шахалтгүйгээр аливаа тохиролцоонд хүрэх буюу гэрээний талуудын хүсэл зориг харилцан нэгдсэн байхыг ойлгоно. У Б Т Зын даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-I-457 дугаар тушаал нь Л.Бтай харилцан тохиролцолгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцласан, түүний зөвшөөрөлгүйгээр, хүсэл зоригоос гадуур өөр ажилд шилжүүлсэн гэж харагдахгүй боловч өмнөх хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож буй тохиролцоо нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсны дараа Л.Быг Улаанбаатар татах хэсгийн хүний нөөцийн менежерээр буцаан томилно гэсэн тохиролцоо хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Ажил олгогч нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож хугацаатай хөдөлмөрийн гэрээний дагуу ажил эрхлүүлэхээр ажилтанд санал тавьж байгаа бол хугацаагүй хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй талуудын тохиролцоо нь тодорхой, ойлгомжтой байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд талуудын хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон тохиролцоо нь тодорхойгүй байдлыг хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийг У Б Т Зын даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-I-457 дугаар тушаалд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн үндэслэлээр гомдол гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрх шийдвэрт нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор шүүхэд гомдол гаргах байсан боловч гомдол гаргаагүйг тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Мөн тухайн шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Үүнээс гадна хугацаатай хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсны дараа ажил олгогч болон бусад албан тушаалтанд хандан ажил олгох өргөдөл, хүсэлт гаргаж, тэдгээрийн шийдвэрийг хүлээж байсан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй болно. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны үр дагавар нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй буюу нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх эрхээ алдаж байдгийг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У Б Т Зд холбогдох Улаанбаатар Татах хэсгийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Л Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Бын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА