| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/00569/И |
| Дугаар | 102/ШШ2020/00882 |
| Огноо | 2020-03-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2020/00882
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х Р
Хариуцагч: Б А
3,530,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Р
хариуцагчийн төлөөлөгч Б.А
нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Р би 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Атай орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ хийж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 дүгээр хороолол Дунд гол 7/23 тоот 3 өрөө байраа сарын 700,000 төгрөг, жилийн 8,400,000 төгрөгөөр хөлсөлж гэрээ хийж нотариатаар батлуулсан юм. Гэвч Б.А нь үлдэгдэл төлбөр 1,860,000 төгрөг, мөн 2018 оны 7, 8 дугаар сарын төлбөр 1,400,000 төгрөг, тухайн хугацаанд гарсан байрны СӨХ-ны төлбөр 200,000 төгрөгийг төлөлгүй өдий хүрч, зугтаж, нуугдаж, хаягаа өөрчилж, залилаж байна. Иймд нөхөр Б.Аээс түрээсийн нийт төлбөр 3,260,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 200,000 төгрөг, Б.Аыг эрэн сурвалжлуулахад гаргасан тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 3,530,200 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч Х.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие Х.Р иргэн Б.Ад холбогдуулан 3,530,200 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлээ дараах байдлаар тодруулж байна. Түрээсийн хугацаанд дутуу төлөгдсөн СӨХ-ны мөнгө 2017 оны 11, 12 дугаар сард 43,506 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 21,753 төгрөг, 2018 оны 2,3,4,5,6 дугаар саруудад сар бүр 22,302 төгрөг нийт 111,510 төгрөг нийт СӨХ-ны төлбөрт 173,221 төгрөг, гэрээний дагуу бөөнд нь төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлбөр 1,800,000 төгрөг, гэрээний нэмэлт нөхцөлөөр төлөх ёстой 2018 оны 7 ба 8 саруудын түрээсийн төлбөр 1,400,000 төгрөг Б.Аыг Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулах тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 3,443,421 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Х.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би бол их сургуулийн багш хүн. Гадаад улс руу явах шаардлагатай болсон учир энэ хүнд байраа түрээслээд явсан. Анх надад 700,000 төгрөг өгсөн. Намайг явахаас өмнө өгөх ёстой байсан боловч өгөөгүй учраас дүүгийнхээ дансыг өгөөд орхисон. Энэ дүүд маань 6,300,000 төгрөг өгөх ёстой байсан ч 4,500,000 төгрөг өгсөн байсан. Бизнес хийдэг, банкны зээлтэй байсан хүнээс би мөнгө зээлээд явсан. Өгөх ёстой 6,300,000 төгрөгөөс үлдэгдэл 1,800,000 төгрөгийг огт өгөөгүй байгаа. Гэтэл улаан цайм худал ярьж байна. Хоёрдугаарт дүү маань Хаан банкнаас авсан зээлээсээ надад мөнгө өгсөн. Түүний хүүд 587,000 төгрөгийг би төлсөн. Гэвч нэхэмжлэх боломжгүй бололтой. Энэ хүн хүүхэд, нөхөртэйгөө гурвуулаа цуг амьдарна гэж байранд минь орсон. Гэтэл байранд минь арван хэдэн хүнийг амьдруулсан учир би 10,000,000 орчим төгрөгөөр засвар хийсэн. Энэ хүний араас би бүтэн жил хагас явлаа. Энэ хүн миний ганц эгчийн нөхрийн талын хамаатны хүн юм билээ. Би огт мэдээгүй. Сүүлдээ олдохгүй болохоор нь оюутнуудаараа хайлгасан. Оюутнууд маань Та яагаад энэ хүнд өгсөн юм бэ? Энэ хүн маш их залилан хийдэг. Өчнөөн оюутнаас юм аваад залилсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би санаа зовоод аав руу нь ярьж хэлсэн. Гэтэл энэ хүн намайг доромжиллоо гэж өчнөөн зүйл хэлсэн. Би аавд нь үнэнийг л хэлсэн. Өөр хүмүүсийг шалгаад үзвэл маш их хүн залилсан. Ялангуяа 1, 2 дугаар ангийн оюутнуудын мөнгийг залилж зугтаадаг хүн байна. 7, 8 дугаар сарын төлбөр болох 1,400,000 төгрөгийг сар сард нь өгч байхаар тохиролцсон. Тэр мөнгөө бас өгөөгүй. СӨХ-ны мөнгийг огт төлөөгүй. Нэг удаа уулзаад өг гэтэл танд өгнө гээд гарын үсэг зурсан. Хавтаст хэрэгт хавсаргасан. Хүнийг өчнөөн хохироосон байж одоо ийм юм яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нийт 3,446,969 төгрөг нэхэмжилж байгаа. Уг нь энэ хүний өмнөөс банкинд 587,000 төгрөгийн хүү төлсөн. Хэрэгт хамааралгүй учир хассан байгаа. Би олон жил сургуульд багш хийсэн. Ийм хүнийг анх удаа харж байна.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Рын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 хороолол Дунд голын 7/23 тоот 3 өрөө байрыг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр орон сууц түрээслэх гэрээг 1 сарын 700,000 төгрөгөөр тохиролцож 1 жилийн хугацаатай хийсэн. Х.Рын дүү Климатын дансруу 5,900,000 төгрөгийг 3 хувааж хийсэн. 700,000 төгрөгийг Рын дансаар явуулсан. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг ба хүүхдээ харах хүнгүй болоод ажилдаа ойртоод 10 дугаар хороололд 2 өрөө байр хөлслөөд энэ байрнаас гарсан. 2018 оны 5 дугаар сарын 28-ны дүү Климатын 99992495 дугаар луу залгаад утсаар гарах болсноо хэлээд түлхүүрээ ирээд ав гэтэл завгүй байна очиж чадахгүй өөртөө байлгаж бай гэж хэлсэн. Х.Р Казакстанд 2 жилийн гэрээгээр багшлахаар явсан байсан. Х.Ртай What app-аар над руу яриад би байр зарах зар тавьсан хүн үзэх гэж байна, чи хадам дүүтэй хамт очиж үзүүлээрэй гэхэд тэр өдөр хүүхэд харах хүнгүй болчихоод очиж чадаагүй маргааш үдээс хойш нөхөр Сурагандаа түлхүүр өгөөд байрыг нь үзэх гэж байна очоод үзүүлчих гэж хэлсэн. 2018 оны 6 дугаар сарын 03-ны хадам дүү нь яриад түлхүүр аваад ир хүн байр үзэх гэж байна гэсэн. Манай нөхөр Сурган түлхүүр аваад очсон. 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Х.Р Улаанбаатарт онгоцоор ирсэн түлхүүр авья гэсэн. Би нөхөртэй хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 хороолол Дунд голын 7/23 тоот 3 өрөө байранд очоод түлхүүр болон байрыг хүлээлгэж өгсөн. Бид хоёр 9 сар байр хөлсөлсний төлбөрт 6,600,000 төгрөгөө өгсөэ учраас бөөн өгсөн мөнгөнөөс 1,860,000 төгрөг, 7,8 сарын төлбөр 1,400,000 төгрөг буюу 3,260,000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. СӨХ-ийн төлбөр 2018 оны 2-5 сарын 29 хүртэл 4 сарын төлбөр, 1 сарын 21,500 төгрөг нийт 86,000 төгрөгийг бид 2 төлнө. Би түлхүүр болон байрыг хүлээлгэн өгсөн тул эрэн сурвалжлуулах шаардлаша байхгүй учраас эрэн сурвалжилсны 70,200 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхнаасаа энэ хүнд тухайн байранд 7, 8 хүнтэй амьдарна гэж хэлсэн. Түрээсийн гэрээн дээр ч энэ талаар байгаа. Дансны хуулгаа авч ирээгүй ч 5,900,000 төгрөгийг энэ хүний дүүгийн дансанд хийсэн. Өнгөрсөн жил би уг нь хөдөө явсан байсан. Гэтэл энэ хүн намайг эрэн сурвалжлуулсан байсан. Тэгээд би аав руугаа Энэ хүн надаас мөнгө нэхэж байгаа юм байна. Та яриад өгөөч гээд утсаар ярьсан. Тус байранд амьдраагүй 2 сарын мөнгө өгөхгүй байна байх гэж бодсон. Гэтэл танай хүүхэд ийм тийм гэж аавтай минь ярьсан байсан. Надад хэн нэгнийг залилсан зүйл байхгүй. Мөн байраа надад 700,000 төгрөгөөр түрээслэхдээ тавилгатай гэж хэлсэн ч тавилгагүй байсан. Энэ хүн 7 дугаар сарын 11-ний өдөр байрны түлхүүрээ хүлээж авсан. Тухайн үед би таны мөнгийг төлье гээд гарын үсэг зурсан нь үнэн. СӨХ-ны 2017 оны 11,12 сар, 2018 оны 1 сарын мөнгийг, цахилгааны төлбөрийн хамт 2018 оны 4 дүгээр сарын 23-нд би банкин дээр очиж бөөнд нь төлсөн. Иймд байранд амьдарсан хугацааны 2018 оны 2-4 сарын СӨХ-ны төлбөрийг төлнө.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
1. Нэхэмжлэгч Х.Р нь хариуцагч Б.Ад холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний төлбөр 3,260,000 төгрөг, дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний зардалд 200,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нийт 3,530,200 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны хөлс 3,200,000 төгрөг, дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 176,769 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг нийт 3,446,969 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгажээ.
Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч Х.Р нь Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо 19 дүгээр хороолол Дунд гол 7/23 тоотод байршилтай 3 өрөө орон сууцыг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд хариуцагч Б.Ад эзэмшүүлэхээр шилжүүлэх, энэ хугацааны төлбөрт Б.А 8,400,000 төгрөг төлөх, уг төлбөрөөс 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 700,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 6,300,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 700,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 700,000 төгрөг төлөхөөр тохирсон байна. Дээрх гэрээний агуулга, нөхцөл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Тухайн гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний үнэ, хөлс төлөх хугацаа, журам, хэмжээний талаар талууд маргаагүй бөгөөд харин хариуцагч нь орон сууц хөлслөх төлбөрт 700,000 төгрөгийг Х.Рад, 5,900,000 төгрөгийг Х.Рын дүүд өгч нийт 6,600,000 төгрөг төлсөн, өөр байр хөлслөхөөр болоод 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр орон сууцнаас гарч, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, орон сууцыг эзэмшээгүй хугацааны хөлс төлөх үндэслэлгүй гэж маргав.
Хариуцагчийн тайлбараас үзвэл 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөр буюу хугацааны өмнө гэрээ цуцлагдсан, түүнээс хойшхи төлбөрийг төлөхгүй гэж маргасан гэж үзэв. Орон сууц хөлслөх гэрээг цуцлахад эд хөрөнгө хөлслөх гэрээг дуусгавар болгох журам буюу Иргэний хуулийн 294 дүгээр зүйлд заасан журам нэгэн адил хамаарна. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан гэрээ цуцлах хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад үндэслэлээр гэрээ цуцлах тохиолдолд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.4 дэх хэсэгт Хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.6 дахь хэсэгт Орон сууц хөлслөх гэрээг цуцлах шаардлагаа хөлслүүлэгч бичгээр гаргана гэж заасан журмыг баримтлана.
Хариуцагчийн тайлбарт дурдсанчлан өөр орон сууц хөлслөх болсон нь гэрээ цуцлах хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд ийм нөхцөлөөр гэрээг хугацааны өмнө хэрхэн цуцлах талаар зохигч гэрээндээ тохироогүй байна. Иймд хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасан хугацааг баримтлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөр цуцлаж дуусгавар болгох хүсэл зоригоо 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө илэрхийлж, энэ тухайгаа нэхэмжлэгчид бичгээр мэдэгдсэн байх нь хуульд нийцнэ. Иймд хариуцагч Б.А нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3, 294.6 дахь хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээг цуцлах журмыг хэрэгжүүлээгүй байх тул 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөр гэрээ цуцлагдаж дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд орон сууцыг эзэмшээгүй хугацааны хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болно. Хариуцагч нь гэрээний төлбөрт нэхэмжлэгчийн дүүд 5,900,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан үүргээ биелүүлээгүй байна. Иймд гэрээний төлбөрт хариуцагчийг 6,600,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Аээс орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 3,200,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Талууд гэрээгээр орон сууцны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр буюу сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хөлслөгч төлөхөөр тохирсон байх тул Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар Б.А нь дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй байна. Дээрх төлбөрт нэхэмжлэгч нь 2017 оны 11, 12 сарын 43,506 төгрөг, 2018 оны 1 сарын 21,753 төгрөг, 2018 оны 2-6 сарын төлбөр 111,510 /22302 х 5 =111510/ төгрөг нийт 176,769 төгрөг гаргуулахаар шаардснаас хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 1 сарыг дуустал хугацааны төлбөрийг, цахилгааны төлбөртэй хамт 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, өөрөө төлсөн болохоо нотлоогүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ. Мөн нэхэмжлэгч 2018 оны 2 дугаар сарын төлбөрт 22,302 төгрөг нэхэмжилсэн боловч тухайн сарын төлбөр 21,753 төгрөг байсан нь баримтаар тогтоогдож байна. Иймд дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр 176,769 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 65,259 төгрөг, 2018 оны 2 сарын төлбөрийн зөрүү 549 төгрөг нийт 65,808 төгрөгийг хасаж хариуцагчаас 110,961 төгрөг гаргуулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газар, хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжуулах шаардлагаар шүүхэд хүсэлт гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болохоо баримтаар нотлоогүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч овогт Б Аээс 3,310,961 төгрөг гаргуулан нэхэмжлэгч овогт Х Рэд олгож, нэхэмжлэлээс 136,008 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,434 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 67,925 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Рэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.