Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/88

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                        

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч У овогт М-н Б-д холбогдох эрүүгийн 2317000000093 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн Ц суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Г аймгийн С сумын  дугаар баг, Ш-н  тоотод оршин суух, урьд Д аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1986 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн 63.а, 67.1 дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хорих ялаар, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх У овогт М-н Б /РД: ЗН/

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Тагтын 1-2 тоот хашаан дотор Н.Г-тай маргалдан, түүнийг газар унаган нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь баруун хөмсөг, хамрын нуруунд зулгаралт, нэг шүдний булгарал, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Тагтын 1-2 тоот хашаан дотор хохирогч Н.Г-тай маргалдан, түүнийг газар унаган нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь баруун хөмсөг, хамрын нуруунд зулгаралт, нэг шүдний булгарал, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

Хохирогч Н.Г-ийн “...2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Н эгчийнд Н болон түүний нөхөр Б нарын хамт байсан. ...Б бид 2 гэрээс гарч зүүн талын хашаанд байх А гэх залуугийн гэрт орсон. А-гийн гэрт ороход А гэртээ ганцаараа байсан бөгөөд 0.5 литрийн Хараа нэртэй архи задлаж бид 3 тэр архийг хувааж уусан. Архи ууж дуусаад Б-гийн гэр лүү орох гээд явж байтал Б надад агсам тавиад 2 охиноо хужаад зарсан гэж хэлсэн. Манай 2 охин Өвөрмонгол нөхөртэй бөгөөд Хятадад амьдардаг болохоор Б тэгж хэлсэн. Тэгэхээр нь би Б-гийн хэлсэн үгэнд дургуйцэж бид 2 маргалдсан. Тэгээд Бгийн гэр лүү орохоор гэрийн гадаа зүүн урд талд явж байтал Б миний араас хүрч ирээд намайг заамдаж бариад газар унагаад миний нүүрэн тус газар хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Б-гийн уг үйлдлийн улмаас миний толгой, шанаа хавдсан, үүдэн доод нэг шүд унасан, зүүн хавиргаар хөндүүрлэж өвдөх болсон...

...Миний хувьд Б-д зодуулснаас үүдэн эмчилгээний зардал болон эм тариа авахад 50 000 төгрөг зарцуулсан. Тус 50 000 төгрөгөө би Б-гаас бэлнээр авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

гэрч Н.Н-гийн “...Б, Г хоёр гэрийн урдхан талд явж байснаа бие биентэйгээ харилцан зодолдож Б Г-ийг газар унагаагаад Г-ийн нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед харанхуй бүрий болчихсон байсан болохоор тэр хоёрыг бие биенээ хэдэн удаа хаана цохисныг хараагүй. Ямар ч байсан бие биетэйгээ харилцан зодолдоод байх шиг байсан. Тэгээд хамгийн сүүлд Б Г-ийн нүүр лүү өшиглөснийг би тод харсан. Г Б-д нүүрээ өшиглүүлсний улмаас нэг шүд унаж, нүүр хэсэг нь битүү цус гарсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

гэрч Б.М-ийн “...Б нь 1961 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн. Айлын 3 дахь хүүхэд, эхээсээ 9-лээ. Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй. Зан байдлын хувьд цагаан цайлган сэтгэлтэй, ажилсаг, хөдөлмөрч, тусархуу, шулуун шударга зантай хүн байгаа юм. Архи согтууруулах ундаа хааяа нэг хэрэглэдэг. Гэхдээ байнга архи уугаад байдаггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 234 дугаартай дүгнэлтэд:

- Н.Г-ийн биед баруун хөмсөг, хамрын нуруунд зулгаралт, 1 шүдний булгарал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5 хувь алдагдуулна.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 227 дугаартай дүгнэлтэд:

- М.Бгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. /хх-ийн 30 дугаар хуудас/,

Хохирогч Н.Г-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 16 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/,

- Дундговь аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1986 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

- Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-55 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Н.Г, гэрч Н.Н нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 234 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Н.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба түүнээс нэхэмжилсэн 50 000 /тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нөхөн төлсөн байх тул шүүгдэгч М.Б-г гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч М.Б-гийн хүлээн зөвшөөрсөн 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч М.Б нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 2 /хоёр/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ХГҮ-1 гэж хаяглаж уутанд хийсэн 1 ширхэг шүд мэт зүйлийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт М-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 2 /хоёр/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.        

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ХГҮ-1 гэж хаяглаж уутанд хийсэн 1 ширхэг шүд мэт зүйлийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ЭНХМАНДАХ