| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/04023/и |
| Дугаар | 183/ШШ2019/02418 |
| Огноо | 2019-11-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2019/02418
| 2019 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2019/02418 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хороо, тоот хаягт оршин суух, А /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* хороо байранд байрлах, Б ХХК /РД:/-д холбогдох
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1 934 550 төгрөг гаргуулах тухайн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., нарийн бичгийн дарга Э.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь Хужирбуланд манай зүүн хашаанд орон сууцны барилга барьж ашиглалтад оруулсан бөгөөд 2014 оны 8 дугаар сард туслан гүйцэтгэгч хүмүүсээрээ газар шорооны ажил буюу суурь ухаж байгаад шороо нөөцлөх зорилгоор овоолго хийж 30 метр орчим газар блокон хашаа нурааж манай хашаанд байсан багаж эд зүйлсийг эвдэлж хэмхэлсэн болно. Надад учирсан хохирол болох ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон оршин суух нөхцөл муудсан зэргийг харгалзан үзэж хашаагаа засаж янзлахыг удаа дараа шаардаж гуйсан боловч одоо болтол миний хохирлыг барагдуулаагүй тул босоо призер 850 000 төгрөг, хөрөөний мотор 200 000 төгрөг, цахилгаан зүлгүүр 85 000 төгрөг, цонхны шил 120*45 см харьцаатай нийт 144 000 төгрөг, 4 м урт, 5-ны банз 3 ширхэг 30 000 төгрөг, Шургааг 5 ширхэг 25 000 төгрөг, хашааны хөндлөн мод 8 ширхэг 32 000 төгрөг, хашааны банз 40 ширхэг 40 000 төгрөг, нийт 1 406 000 төгрөг байна. Өнгөрсөн хугацаанд ажил гүйцэтгээгүй банкинд хий төлсөн зээлийн хүү болох 328 550 төгрөг, хууль зүйн туслалцаа авах үүднээс өмгөөлөгч авсан өмгөөллийн хөлс 200 000 төгрөг, нийт 1 934 500 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2014 оны 8 дугаар сард ******* хорооны 68 дугаар байрны хашаанд суурийн нүх ухах ажлыг иргэн *******тэй харилцан тохиролцон гүйцэтгүүлсэн Тус жолооч нь өөрийн буруутай үйлдлийн улмаас манай компанийн 50м блокон хашааг нурж хохирол учруулсан болно. Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримтын талаар маргахгүй боловч манай компани хариуцвал зохих этгээд биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 1 934 550 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Б ХХК нь 2014 оны 8 сард туслан гүйцэтгэгч гэх хүмүүсээр газар шорооны ажил буюу суурь ухуулж байгаад өөрийн блокон хашааг нурааж манай хашаанд байсан багаж эд зүйлийг эвдэлж хохирол учруулсан. Эвдэрсэн эд зүйлийн үнэ бүгд 1 406 00 төгрөг, ажил гүйцэтгээгүй банкинд хий төлсөн зээлийн хүү 328 550 төгрөг, өмгөөллийн хөлс 200 000 төгрөг, нийт 1 934 550 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулна. Хамтран хариуцагч Д.*******эс татгалзаж байна.” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан үйл баримтын талаар маргаагүй ба харин компанийн барилгын хашаанд суурийн нүх ухах ажлыг гүйцэтгэсэн жолоочийн буруутай үйлдэл байсан тул компани гэм хорын хохирлыг хариуцахгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ. Дээрх хуулийн зохицуулалтаар гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл, эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтанд тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б ХХК нь 2014 оны 08 дугаар сард ******* хорооны 68 дугаар байрны хашаанд барилын ажил гүйцэтгэж, суурийн нүх ухаж, шороог шууж овоолох явцдаа блокон хашаа нураасны улмаас нэхэмжлэгч М.Аын эд хөрөнгөд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Б ХХК нь барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан талаар маргаагүй бөгөөд хариуцагчийн өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх явцад зөрчил гарган нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан байх тул уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд Б ХХК гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б ХХК-ийн дээрх үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө болох цахилгаан зүлгүүр, босоо призер, мужааны хөрөөний мотор гэх тоног төхөөрөмжүүд дахин ашиглах боломжгүй эвдэрсэн, нийт 1 375 000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэрэгт авагдсан 2019 оны 03 сарын 15-ны өдрийн М2018-15 дугаар шинжээчийн дүгнэлт, Хөрөнгө үнэлгээ, төслийн Лендс ХХК-ийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. /хх-169-178/
Харин 120*45 см харьцаатай цонхны шил, 4 м урт, 5-ны банз 3 ширхэг, шургааг 5 ширхэг, хашааны хөндлөн мод 8 ширхэг, хашааны банз 40 ширхэг эдгээр эд хөрөнгөд хохирол учирсан гэх шаардлага нь баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нотлоогүй байна.
Түүнчлэн зээлийн хүү 328 550 төгрөг, өмгөөллийн хөлс 200 000 төгрөгийн гаргуулах шаардлага нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч М.А, хамтран зээлдэгч Д.л нарын Хас банктай 2012 оны 01 сарын 04-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээнээс үзэхэд 7 000 000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зориулалтаар зээлжээ. /хх-92-94/ Мөн нэхэмжлэгчээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу өөрийн эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал болох өмгөөллийн хөлсийг хохиролд тооцох үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу цахилгаан зүлгүүрийн үнэ 95 000 төгрөг, босоо призерийн үнэ 1 100 000 төгрөг, мужааны хөрөөний мотор 180 000 төгрөг, нийт 1 375 000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Б ХХК-иас 1 375 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 559 550 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 49 405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 36 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б ХХК /РД:/-иас гэм хорын хохиролд 1 375 000 /нэг сая гурван зуун далан таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.А /РД:/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 559 550 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 49 405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 36 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЭНХЦЭЦЭГ
Б. МӨНХБАЯР