Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2020/00813

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  овогт Д Н

Хариуцагч: П Б

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н

хариуцагч П.Б

нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 онд П.Бтай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр охин Б.У, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүү Н.Т нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан болно. 2019 оноос эхлэн П.Б нь өөр хүнтэй дотносон хамтран амьдрах болсон тул бид цаашид хамтран амьдрах боломжгүй болж, салж тус тусдаа амьдрах болсон. Одоо бидний охин, хүү миний асрамжинд өсч торниж байгаа. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул П.Бгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр хүүхэддээ тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч П.Бд холбогдуулан Б.У, Н.Т нарт тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна гэж зааснаар 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Н.Т эхийн нэрийг авсан байх ба хариуцагч П.Б нь Н.Тийн эцэг мөн эсэх асуудлаар маргасан байна. Хариуцагч хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2019/00014 дугаар захирамжаар хангаж, Шүүхийн шинжилгээний хүрээлэнг шинжээчээр томилжээ. Тус хүрээлэнгийн биологийн лабораторийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 494 тоот дүгнэлтээр хариуцагч П.Б нь Н.Тийн биологийн эцэг байх магадлал 99,99%-иар тогтоогджээ. Дээрх дүгнэлтийг хуульд заасан арга, журмын дагуу гаргуулсан ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, шинжилгээний үр дүнгийн талаар хариуцагч маргаагүй байх тул шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй үнэн зөв гэж үнэлэв.

 

Харин 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.У эцгийн нэрийг авч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч П.Бгаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан, охин Б.У, хүү Н.Т нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

 

Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнээс хамааран тодорхой хувиар тооцдог бөгөөд хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлно. Тэжээн тэтгүүлэгч Б.У 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, одоо 6 нас, 10 сартай, Н.Т 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 7 сартай байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тус бүр тогтоогдоно. Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшингийн хэмжээ 217900 төгрөгөөр тогтоогдсон байна. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол 56,787 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Пүрэвдоржийн Бгаас сар бүр 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.У, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Н.Т нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдүүдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдүүдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тус бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Б нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 56,787 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 13,413 төгрөг, хариуцагч П.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 56,787 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА