Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2020/01305

 


 

 

 

 

 

  2020           05            15                                                183/ШШ2020/01305

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Н нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Д.Э холбогдох,

 

            Гэм хорын хохиролд 8.876.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын 2 дугаар гудамж, Амгалан хотхон, 1-20 тоотод байрлах амины орон сууцны өмчлөгч юм. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай гаражнаас ус алдлаа гэж холбоо барьсан. Тухайн үед манай гэр бүлийн хүн Г.Мөнхзул очиход 19 тоотод амьдардаг Д.Э нь цэвэр усны крантаа нээж орхиж явсаны улмаас тэр үед бохирын шугам хөлдөлттэй байсан учир төв шугам руу ус зайлуулагдалгүй гараж дахь худгийн хэсгээр ус гадагш алдагдсан байна. Үүний улмаас миний үл хөдлөх эд хөрөнгөд “ханын засвар, шалны засвар, бусад засвар хийхэд нийт 7.356.500 төгрөгийн хохирол” учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд уг хохирол болох 7.356.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн уг дүгнэлтийг гаргахад төлсөн ажлын хөлс 150.000 төгрөгийг, бохирын ус алдсан тул ариутгал хийлгэхэд гарах зардал 110.000 төгрөг, шалны халаалтын тогийг засварлах зардал 1.100.000 төгрөг, унааны зардалд гарсан 60.000 төгрөг, цаашид засвар үйлчилгээ хийхэд унааны зардалд гарах 100.000 төгрөг, нийт 8.876.500 төгрөгийг хариуцагч Д.Эээс гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын 2 дугаар гудамж, Амгалан хотхон, 1-19 тоотод оршин суудаг Д.Э нь тухайн үед крантаа огт онгорхой орхиж яваагүй. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 09-ний өдрүүдэд манайх эзгүй байсан, 09-ний өдөр ирэхэд манай байр усгүй байсан. Хотхон хариуцсан жижүүр, сантехникч н.Пгээс асуухад цочир хүйтрэлээс болж ус хөлдсөн байна гэсэн. Маргааш нь буюу 10-ны өдрийн орой 22.00 цагийн үед манай байрны дотор талаас болон хөрш айлын гараж талаас усны хоолойн хөлдүүсийг гаргасан. Дараа нь айлын гаражийг хааж “Маргааш өглөө бид нар явна. Одоо зүгээр биз дээ, дахиад хөлдөх вий, гадуур, дотуур хаах газар байвал хаачихна биз дээ” гэхэд н.П “зүгээр дээ” гэсэн. Тэгээд 11-ний өдөр хот руугаа буцсан. Бид 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буцаж ирэхэд манай байрны дотор тал болон гадаа, мөн хөрш айлын байрны үүд орчимд ус хөлдсөн, мөстөж тогтсон ямар нэг шинж тэмдэг байгаагүй. Үүний дараа өдөр нь буюу 15-ны үдээс хойш хотхоны жижүүр, сантехникч н.П утасдаж “Танайх ирэх үү” гэж асуусан “очно” оо гэсэн. Биднийг 15-ны өдрийн орой ирэхэд хөрш айлын байрны гаражны хажуугийн хана хормой хэсгээр зайрмагтсан, урд талын 16 тоот айлын байрны ард талд зузаан мөс тогтсон байсан.

Тухайн үед манайх дотроосоо ус алдаагүй, бидний буруутай үйлдлийн улмаас цэвэр, бохирын шугам хөлдөөгүй бөгөөд манай ард талд байдаг байрнуудын цэвэр, бохир усны хоолой мөн адил хөлдөж, гаражнуудынх нь үүдээр ус гоожсон байсныг жижүүр н.П янзалж, хөлдүүсийг нь гаргаж байсан. Иймд энэ олон байрны гүний худгийн ус яг хаанаа хөлдөж, хаанаа задарч, хаанаас даралтгай ус орж ирснийг жирийн оршин суугч бид нар мэдэхгүй. Иймд дээрх хөрш айлын хохирол болон бидний дунд үүссэн үл ойлголцол, цаашлаад бидний амьдран суугаа байр сууцны чанарын асуудлыг шийдвэрлэхэд уг хотхоныг барьсан байгууллага, аж ахуйн нэгж хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Нийн нэхэмжлэлтэй, Д.Э холбогдох, гэм хорын хохиролд 8.876.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Нийн “...манай хажуу айл нь цэвэр усны крантаа нээж орхиж явсаны улмаас тэр үед бохирын шугам хөлдөлттэй байсан учир төв шугам руу ус зайлуулагдалгүй гараж дахь худгийн хэсгээр ус гадагш алдагдсаны улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 8.876.500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Э хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...крантаа онгорхой орхиогүй, манай буруутай үйлдлийн улмаас цэвэр, бохирын шугам хөлдөж, ус алдаагүй...” гэсэн хариу тайлбарыг гаргаж, зохигчид мэтгэлцжээ.

 

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын 2 дугаар гудамж, 1-20 тоот хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Ц.Н болох нь хавтаст хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд хариуцагч Д.Э нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын 2 дугаар гудамж, 1-19 тоот хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэх талаар зохигчид маргаагүй болно.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШТ2019/00315 дугаар тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Дэлгэрмаагийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “...Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын 2 дугаар гудамж, Амгалан хотхоны 19 тоот болон 20 тоот айлын дунд байрлах /гаражийн шалан доор/ дундын эзэмшлийн бохир усны шугамыг тухайн нөхцөл байдал үүсэхээс өмнө нь бага хэмжээтэй цоолсон байсан. Тухайн үед бохир усны шугам хөлдөж бөглөрсөн усыг нэвтрүүлэх боломжгүй болсон ба 19 тоотын айл 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр бохир усны шугам хөлдөхөөс сэргийлж усаа гоожуулан орхисноос гараж дотор байрлах шугамын цоолсон хэсгээр ус алдсан...” гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын 2 дугаар гудамж, 1-19 тоот хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Эийн болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр Ц.Нийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын 2 дугаар гудамж, 1-20 тоот хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд гэм хор учирсан байна.

 

Иймд хавтаст хэрэгт авагдсан “Хөрөнгийн үнэлгээний төв”-ийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 131 дүгээр дүгнэлтэд “...1-20 тоотод байрлах 1 давхар хувийн сууцанд ус алдсаны улмаас паркетан шал солих, паркетан шалны гарниз солих, гадна ханын доод хэсгийг OSB хавтан солих, хамар ханын гипсэн хавтангийн доод үеийг солих, ханын обойг солих, гаражийн хаалгыг засварлах, гал тогооны өрөөний тавилгын хуулга солих, шкаф засварлах зэрэгт учирсан хохирлын үнэлгээ 7.356.500 төгрөг” гэснийг үндэслэн, мөн “Хөрөнгөний үнэлгээний төв”-ийн ажлын хөлс 150.000 төгрөг гэсэн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Кассын орлогын ордерийг үндэслэн хариуцагч Д.Эээс 7.506.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцэх юм.

 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч тал нь “...бохирын ус алдсан тул ариутгал хийлгэхэд гарах зардал 110.000 төгрөг, шалны халаалтын тогийг засварлах зардал 1.100.000 төгрөг, унааны зардалд гарсан 60.000 төгрөг, цаашид засвар үйлчилгээ хийхэд унааны зардалд гарах 100.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

            Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Эээс гэм хорын хохиролд 7.506.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.370.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтийн хавсралтыг үндэслэн хариуцагч Д.Эээс шинжээчийн ажлын хөлс болох 251.538 төгрөгийг гаргуулан Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Дэлгэрмаагийн Төрийн банкны 104400291015 тоот дансанд олгох нь зүйтэй болно.

 

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Эээс гэм хорын хохиролд 7.506.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.370.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 156.974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 135.054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Эээс шинжээчийн ажлын хөлс болох 251.538 төгрөгийг гаргуулан Д.Дэлгэрмаагийн Төрийн банкны 104400291015 тоот дансанд оруулсугай.

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД

 

                                    ШҮҮГЧИД