Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 123/ШШ2018/0045

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 123/ШШ2018/0045

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Д.Цгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ЗДд холбогдох,

Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/106 дугаар захирамж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулаж, урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даш-Яйчил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, гуравдагч этгээд Ж.Гомбосүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ый хавсралтын 3.1-ээс 3.3.4 дэх хэсэгт Албан үүргийг түр орлон гүйцэтгэх нөхцөлийг маш тодорхой заасан байдаг атал энэ журмын аль тохирох заалтыг үндэслээгүй, аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай" Б/14 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Төв аймаг дахь төрийн албаны Салбар зөвлөлийн 2017 оны 21-р тогтоолыг үндэслэж ажлаас чөлөөлсөн байдаг ба энэ нь ямар утгатай хэнд холбогдох тогтоол болох нь тодорхойгүй эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн нэхэмжлэгчид одоо хүртэл танилцуулаагүй юм. Мөн захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн нь томилох, чөлөөлөх эрхийг Засаг даргад олгосон бөгөөд Түр орлон гүйцэтгүүлэгч-ээр томилох эрх хэмжээ олгогдоогүй нь бүрэн эрхээ хэтрүүлсэн, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 сарын 11 өдрийн 30 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох албан тушаалтныг сонгон шалгаруулах журмын 1-р хавсралтын 1.2 дахь хэсэгт Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг тодорхойлжээ. Үүнд байгаль орчин, ойн салбартай холбоотой албан тушаал хамаархааргүй байгаа нь Захирамжлах хэсгийн 3-т Ойн ангийн даргын ажлын байранд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явуулахыг даалгасан заалт нь Засаг дарга бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Мөн Ойн нэгжийн дарга, аймгийн БОАЖГазарын дарга Ж.Даш-Яйчил нар нь удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцохгүйгээр албан тушаалд томилогдсон нь үүний нотолгоо юм. Мөн нэхэмжлэгч ажил албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд алдаа дутагдал гаргаагүй байхад олон удаагийн Аудитын шалгалт оруулсан бөгөөд дүгнэлтийг огт танилцуулаагүй, Мөн аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ажилд томилж. ажлаас чөлөөлөх тухай" Б/14 дугаар захирамжийн Үндэслэж хэсэгт Төв аймаг дахь 'Гөрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 21 дүгээр тогтоол гэж заасан бөгөөд энэ нь хэнд холбогдох ямар утга агууллага бүхий тогтоол болох нь тодорхойгүй нэхэмжлэгчид ямар хамааралтай эсэх тодорхойгүй одоо болтол нэхэмжлэгч уг тогтоолтой танилцаагүй, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор батлагдсан Албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-д Менежер албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж дараа оны гэрээг байгуулах ҮҮРЭГТЭЙ байхаар журамласан. Нэхэмжлэгч 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээг удаа дараа дүгнүүлэх хүсэлт гаргасан боловч аймгийн БОАЖГазрын дарга Ж.Даш- Яйчил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр одоо хүртэл дүгнэж хариу өгөөгүй хууль журам зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай Б/14 дугаар захирамжид төрийн албан хаагчийг ажилд томилох ажлаас чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг гол хууль болох Монгол Улсын төрийн албаны гухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн аль ч зүйл заалтыг үндэслээгүй нь захирамж гаргах эрх зүйн Үндэслэл байгаагүйг нотлон харуулж байна. Иймд Т ЗД Ж.Батжаргалын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай, Б/106 дугаар захирамж, мөн аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай Б/14 дугаар захирамжуудыг эс зөвшөөрч, урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөж гаргуулж зөрчиглсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн эхний шаардлага болох Б/106 дугаартай захирамжийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар хэлье. Түр орлон гүйцэтгэгчээр томилсон Б/106 дугаартай захирамжийн тэргүүн хэсэгт түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай гэж бичсэн байдаг. Гэтэл сум дундын ойн ангийн даргын албан тушаал нь өөрөө төрийн үйлчилгээний албан тушаал юм. Төрийн үйлчилгээний албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулдаг журам гэж байхгүй. Төрийн захиргааны албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлдэг журамтай. Захиргааны байгууллага нь хэм хэмжээний актыг төсөөтэй хэрэглэхгүй. Б/106 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 135 дугаар албан бичгийн үндэслэсэн байдаг. Энэ ямар ч үндэслэлгүй. төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны журам батлах тухай 128 дугаар тогтоол төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна, хуралдаанаас тогтоол гарна гэж заасан байдаг. Гэтэл Төрийн албаны салбар зөвлөл нь хуралдаад албан тоот гаргасан байдаг. Ойн тухай хуулийн 17 дугаар зүйл 17.2.8-д заасан хэсгийг үндэслэсэн байдаг. Энэ хуулийн заалтад ойн ангийн даргыг байгаль орчны даргатай харилцан ярилцаж томилж чөлөөлөх гэсэн Засаг даргын бүрэн эрхийг заасан байдаг болохоос түр орлон гүйцэтгэгчээр томилно гэсэн хуулийн заалт байхгүй. Захиргааны байгууллагын албан тушаалтан хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой. Хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх байхгүй. Хэрвээ ийм үйлдэл гаргах юм бол эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзнэ. Захиргааны байгууллагын хувьд хуулиар зөвшөөрсөнөөс бусдыг хориглодог. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага болох аймгийн Засаг даргын Б/14 дугаартай захирамжийн хувьд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг удирдлага болгосон байдаг. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсгийг үндэслэсэн. Энэ заалт нь төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэж холбогдох албан тушаалтан томилно гэж заасан байдаг. Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 135 дугаартай дүгнэлт нь ямар дүгнэлт гарсан юм бол. Энэ дүгнэлт нь өөрөө захиргааны акт байх боломжтой. Захиргааны акт ямар байх вэ гэдгийг Захиргааны ерөнхий хуульд маш тодорхой хуульчилж өгсөн. Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг. Тус 60 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний албан тушаалтаныг сонгон шалгаруулах журмыг батласан байдаг. Тухайн журмын 1.2 дахь хэсэг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.1-16.4.17-д зааснаас бусад нь дандаа төсвийн ерөнхий менежрүүд буюу газрын дарга нар байдаг. Үүнд боловсрол, эрүүл мэнд, нийгэм, спортын чиглэлийн албан тушаалтанууд байдаг. Энэ заалтад байгаль орчин гэж заагаагүй. Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.17 сум дундын ойн ангийн даргыг Байгаль орчны газрын даргатай зөвшилцөж аймгийн Засаг дарга томилно гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтын дагуу анх Д.Ц ажилд томилогдсон. Гэтэл сонгон шалгаруулалт яаж зарлагдаад, яаж сонгогдох вэ гэдэг нь тодорхойгүй байна. Б/14 дугаартай захирамжид Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 21 дүгээр тогтоолыг үндэслэсэн байдаг. 21 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтанд ороод хамгийн өндөр оноо авсан Гомбосүрэн гэдэг хүнийг нэр дэвшүүлсэн байдаг. Сонгон шалгаруулалт нь 2017 оны 02 дугаар сарын 03 өдөр болсон. 21 дүгээр тогтоол нь 2 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Б/14 дугаартай Засаг даргын захирамж нь 2 дугаар сарын 14-ны өдөр гарсан. Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байдаг. Хуралдаж байж тогтоол гаргана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасны дагуу шүүхээс 21 дүгээр тогтоолын хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар шаардсан боловч хурлын тэмдэглэл байхгүй байна гээд нотлох баримтаар өгөөгүй. Үүнээс үзэхэд салбар зөвлөл нь хуралдаагүй тогтоол гарсан гэж үзэхээр байна. Монгол улсын Төрийн албаны салбар зөвлөлөөс удирдах албан тушаалтаны сонгон шалгаруулалтын талаар ирүүлсэн албан бичигт Төв аймаг дахь Батсүмбэр сум дундын ойн ангийн даргын албан тушаалд томилогд Ж.Гомбосүрэн нь тухайн албан тушаалын шаардлагыг хангахгүй байна гэсэн байдаг. Ж.Гомбосүрэн нь Хөдөө аж ахуйн сургуулийг газар зохион байгуулагч инженер мэргэжлээр төгссөн байдаг. Энэ тухайн албан тушаалын шаардлага хангахгүй өөр мэргэжлийн хүнийг сонгон шалгаруулалтанд оруулаад, ойн ангийн газрын даргаар томилсон. Төрийн албаны салбар зөвлөлийн 21 дүгээр тогтоол нь хууль бус гэдгийг тус зөвлөл нь өөрөө тогтоогоод өгсөн. Б/14 дугаартай захирамжийг гол үндэслэл болох 21 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус, хууль бус тогтоол гэдгийг өөрсдөө баталж өгсөн. Төрийн албаны салбар зөвлөлөөс энэхүү албан тушаалд томилогдох хүнийг тодорхойлдог болохоос байгаль орчны хэлтсийн дарга тодорхойлохгүй. Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас чөлөөлж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэх ёстой. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт огт байхгүй. Гэтэл Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэсэн байдаг. Төрийн албан хаагчийг ажлаас халах нь язгуур эрх ашгийг хөндөж байдаг. Ийм ч урчаас төрийн захиргааны байгууллага энэ талаар нарийвчлан хуульчилсан. Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т захиргааны акт хуульд үндэслэсэн байх ёстой гэж заасан байдаг. Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж байж холбогдох хуулийн заалтыг огт үндэслээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 40.3-т захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа тухай актыг үндэслэсэн хуулийн заалтыг тодорхой заасан байна гэж хуульчилсан байдаг. Мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар оролцогчийг оролцуулах, тайлбар авах боломжоор хангасан байх ёстой. Гэтэл энэ эрхээр нь хангаагүй. Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлийг хүргүүлсэн зүйл огт байхгүй. Мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан хяналтын дагалдах хуудас гэдэг зүйлийг огт хийгээгүй. Б/14 дугаартай захирамж нь ийм байдалтай гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийг огт үндэслээгүй. Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг огт хэрэгжүүлээгүй. Үндэслэлгүй хүчингүй Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэсэн. Ийм хуулийн шаардлага хангахгүй захиргааны актыг шүүхээс баталгаажуулахгүй байх гэж хүсч байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даш-Яйчил шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгон шалгаруултанд ороогүй томилогдсон байсан учраас хуулийн хэрэгжилтийг хангахын дагуу Төрийн албаны салбар зөвлөл рүү хандсаны дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг зарласан. Өмнө томилогдсон шийдвэр нь хууль зөрчиж байсан учраас залруулсан шийдвэр гаргасан. Хууль зөрчсөн үйлдэл огт байхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн эхний шаардлага болох 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/106 дугаартай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл заасны дагуу захиргааны акт гарсан гэдгийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргана. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 сарын дотор сэргээж болно гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нь Төрийн албаны Төв зөвлөлд 2017 оны 03 дугаар сард хандсан байдаг. Үүнээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас түр орлон гүйцэтгэгчээр томилсонг буруу ойлгож тайлбарлаад байна. Түр орлон гүйцэтгэгчээр томилно гэдэг нь төрийн захиргааны албан хаагч дээр яригддаг зүйл биш. Үйлчилгээний албан хаагчтай холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулиар энэ хуулиар зохицуулагдаагүй харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Ганцхан төрийн захиргааны албан хаагчийн түр орлон гүйцэтгэгчээр томилоод, бусад албан тушаалтаныг түр орлон гүйцэтгэгчээр томилдоггүй гэж хуулийг буруу ойлгож болохгүй. Хоёр дахь шаардлага буюу 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд дээрх захирамжаар Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, 30 дугаар зүйл 30.1.2, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйл 17.4 дэх хэсэг болон Төрийн албаны салбар зөвлөлийн 21 дүгээр тогтоолыг үндэслэсэн байдаг. Нэхэмжлэгч Д.Ц нь 2013 оны аймгийн Засаг даргын Б/640 дугаартай захирамжаар томилогдсон байдаг. Гэтэл Д.Цг төрийн албан хаагчийн удирдах албан тушаалтаны сонгон шалгаруулалтанд ороогүй байхад ажилд томилсон байдаг. Энэ талаар Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтанд ороогүй гэдгийг тодорхойлж өгсөн. Сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг томилж болохгүй гэдгийг Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулах журамд зааж өгсөн байдаг. Үүнээс үзэхэд Д.Цг анх ажилд томилсон захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан утгын хувьд илэрхий алдаатай хүчин төгөлдөр бус акт юм. Иймээс дээрх Б/640 дугаартай захирамж нь гарсан цагаасаа эхлээд илт хууль бус хуулийн хүчин төгөлдөр акт биш байсан учраас үүнийг Засаг дарга мэдээд тухайн орон тоог сул орон тоо болгож, сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруултанд ороод хамгийн өндөр оноо авсан хүнийг томилсон. Нэхэмжлэгч талаас Төрийн албаны зөвлөлийн 21 дүгээр тогтоолыг хуурамч гэж тайлбар хэлж байна. Гэтэл 21 дугаартай тогтоолыг хүчингүй болгох талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Ийм учраас 21 дүгээр тогтоолыг хууль бус уу үгүй юу гэдэг талаар ярихгүй. Сонгон шалгаруулалт хууль ёсны болсон гэдэг дээр төрийн үйлчилгээний албан хаагчийг удирдах албан тушаалд сонгон шалгаруулахдаа. Тухайн журмын 7.3-д заасны дагуу сонгон шалгаруулалт зарлаж өгөөч гэдэг хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд тавьсаны дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг зарлаад хамгийн өндөр оноо авсан хүнийг захиалагчид уламжилдаг. Үүний дагуу хамгийн өндөр оноо авсан хүн тухайн албан тушаалдаа томилогдсон. Сонгон шалгаруулалт хууль дүрмийн дагуу явагдсан. Мөн нэхэмжлэгч талаас ойн ангийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлахгүй гэж тайлбарлаж байна. Засгийн газрын 2013 оны 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар удирдах албан тушаалтануудыг ТҮ-12-оос ТҮ-9 хүртэл цалинжуулна гэж заасан байдаг. Сум дундын ойн ангийн даргын албан тушаал нь ТҮ-9-өөр цалинждаг. Иймээс төрийн үйлчилгээний албан тушаалтан нь сонгон шалгаруулалтанд орох ёстой. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнээд хэлэхэд Б/106 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Б/14 тоот тушаал нь өмнө илт хууль бус актыг зөвтгөж гарч ирсэн учраас хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэв.

            Гуравдагч этгээд Ж.Гомбосүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд сонгон шалгаруултыг нээлттэй зарласаны дагуу шалгалтаа өгөөд тэнцсэн. Тэрнээс би бэлдсэн компьютер дээр сууж шалгалт өгсөн зүйл огт байхгүй. Өөрийгөө сонгон шалгаруулалтанд ороод хууль ёсны дагуу тухайн албан тушаалд томилогдсон гэж бодож байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Хишигбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б/106 тоот тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэхдээ Захиргааны ерөнхий хууль зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Миний хувьд өмнөх шүүх хуралдаан дээр энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж байсан. Б/106 дугаар захирамжийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйл 54.1.8-д заасны дагуу хүлээж авахаас татгалзах ёстой. Төрийн алба тасралтгүй байх ёстой гэдэг зарчмын дагуу Б/14 тоот захирамж гарч ирсэн гэж үзэж байгаа. Учир нь анх ажилд орохдоо төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд ороогүй гэж үзсэн учраас ажлаас чөлөөлсөн. Гэхдээ тухайн үед төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд оролцох боломжийг нь хангасан. Гэтэл Цэнгэлдалайгийн зүгээс сонгон шалгаруултанд ороогүй байдаг. Яагаад сонгон шалгаруулалтанд ороогүй гэдгийг мэдэхгүй. Сонгон шалгаруулалтанд ороод хамгийн өндөр оноо авсан Гомбосүрэн томилогдсон. Гомбосүрэн томилогдсоны дараагаар Гомбосүрэн тухайн албан тушаалд томилогдох ёстой албан тушаалтан мөн үү гэдэг талаар лавлагааг авахад, Авлигатай тэмцэх газраас тухайн албан тушаалд томилогдон ажиллаж болно гэдэг албан бичгийг ирүүлсэн байдаг. Энэ юу илэрхийлж байна гэхээр тухайн албан тушаалд тохирох хүн мөн байна гэдгийг илэрхийлж байгаа юм. Гомбосүрэн нь байгаль орчны талаар мэргэшсэн албан тушаалтан учраас тухайн албан тушаалд томилогдсон. Төв аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс өөрсдийн тогтоолыг хамгаалах үүднээс яамнаас лавлагаа авсан байдаг. Тухайн лавлагаанд сум дундын болон сумын ойн ангийн даргын албан тушаал нь ойн ангийн чиглэлийн мэргэжил байх ёстой гэдэг дүрэм журам нь хууль зүйн яаманд албан ёсны бүртгэлгүй байна гэсэн байдаг. Иймээс тухайн журам нь хүчингүй байгаа учраас хүчин төгөлдөр үйлчлэх эрх байхгүй. Ажлаас чөлөөлөх тухай Б/14 дүгээр тушаал нь үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас дүгнээд, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/106 дугаар захирамж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулаж, урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тайлбарласнаар түүнд холбогдох хэсэгт холбогдуулан дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамаарах маргаан бүхий акт болох Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/106 дугаар захирамжид Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 135 тоот дүгнэлтийг хүлээн авч танилцаад Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль- ийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Ойн тухай хууль-ийн 17 дугаар зүйлийн 17.2.8 заалтыг тус тус үндэслэн захирамжлах нь гээд, нэгдүгээр хэсэгтээ Аймгийн Засаг даргын 2013 оны Б/640 дүгээр захирамж, 2013 оны А/121 дүгээр захирамжийн 3-р заалтаас ... тус тус 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай гээд, хоёрдугаар хэсэгтээ Батсүмбэр сум дундын ойн ангийн даргын албан үүргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс Д.Цгаар, Мөнгөнморьт сум дундын ойн ангийн даргын албан үүргийг Ц.Азжаргалаар тус тус түр орлон гүйцэтгүүлсүгэй гэж шийдвэрлэжээ. [1][1]

Мөн Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай Б/14 дугаар захирамжид Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль- ийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Ойн тухай хууль-ийн 17 дугаар зүйлийн 17.2.8, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 135 тоот дүгнэлт, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 21 дүгээр тогтоол, Авилгатай тэмцэх газрын 2017 оны 05/1937 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн захирамжлах нь гээд, нэгдүгээр хэсэгтээ ...Батсүмбэр суман дахь сум дундын ойн ангийн даргын сул ажлын байранд өрсөлдөн хамгийн өндөр оноо авч тус ажлын байранд томилуулахаар нэр дэвшүүлж ирүүлсэн Жигжидийн Гомбосүрэнг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяа Батсүмбэр суман дахь сум дундын ойн ангийн даргаар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс томилсугай гээд, хоёрдугаар хэсэгтээ Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгээр Батсүмбэр суман дахь сум дундын ойн ангийн дарга томилогдсонтой холбогдуулан Батсүмбэр суман дахь сум дундын ойн ангийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж шийдвэрлэжээ. [2][2]

            Нэхэмжлэгчээс дээрх актуудад холбогдуулан ...Төрийн үйлчилгээний албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулдаг журам гэж байхгүй. Захиргааны байгууллага нь хэм хэмжээний актыг төсөөтэй хэрэглэхгүй. ...Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 135 дугаартай албан бичгийг үндэслэсэн байдаг. Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагааны журам батлах тухай 128 дугаар тогтоолд салбар зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна, хуралдаанаас тогтоол гарна гэж заасан байдаг. Гэтэл албан тоот гаргасан байдаг. Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8-д ойн ангийн даргыг томилж чөлөөлөх Засаг даргын бүрэн эрхийг заасан, түр орлон гүйцэтгэгчээр томилно гэсэн заалт байхгүй тул эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзнэ. ... Б/14 дугаартай захирамж нь төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас чөлөөлж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэх ёстой. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэсэн, холбогдох хуулийг огт үндэслээгүй, төрийн албан хаагчийг ажлаас халах нь язгуур эрх ашгийг хөндөж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар акт хуульд үндэслэсэн байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 26, 40 дүгээр зүйлд зааснаар оролцогчийг оролцуулаагүй, тайлбар гаргах боломж олгож, эрхээр хангаагүй гэж маргасан.

Хариуцагчаас Нэхэмжлэлийн эхний шаардлага болох 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/106 дугаартай захирамжийг нэхэмжлэгч 7 хоногийн дараа мэдсэн гэдгээ тайлбарлаж байгаагаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгчийг 2013 онд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтад оруулаагүй томилсон байдаг, энэ талаар Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтад ороогүй гэдгийг тодорхойлж өгсөн. Сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг удирдах албан тушаалд томилж болохгүй тул Засаг дарга тус ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан. Нэхэмжлэгч Төрийн албаны салбар зөвлөлийн 21 дүгээр тогтоолыг хуурамч гэж байгаа боловч тус тогтоолыг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир энэ талаар ярих боломжгүй. Засгийн газрын 2013 оны 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар удирдах албан тушаалтныг ТҮ-12-оос ТҮ-9 хүртэл шатлал хамрахаар заасан байдаг. Мөн Засаг даргын 2017 оны Б/14 дугаартай захирамж нь Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг зарлан явуулаад, хамгийн өндөр оноо авсан хүний нэрийг дэвшүүлснээр Засаг дарга томилсон. Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад ороогүй томилогдсон, ажлын байранд тавигдах мэргэжил боловсролын шаардлага хангахгүй байсан учраас хууль, журмын хэрэгжилтийг хангах үүднээс Төрийн албаны салбар зөвлөл рүү хандсаны дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг зарлаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангасан гэж маргасан.

Гуравдагч этгээдээс Нэхэмжлэлийн шаардлагын Б/106 тоот захирамжийг хүчингүй болгох шаардлагын хувьд нэхэмжлэгч хүлээн аваад хуулийн хугацаанд маргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Б/14 тоот захирамжийн хувьд нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад ороогүй учир нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй гэж үзэж байна гэж маргаж байна.

Маргаанд дурьдагдсан үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ц нь Төв аймгийн Батсүмбэр суман дахь сум дундын Ойн ангийн даргын ажил албан тушаалд Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Д.Цг ажилд томилох тухай Б/640 дугаар захирамжаар томилогджээ. [3][3]

Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сум дундын ойн ангийн дарга нарын томилгооны тухай 135 тоот албан бичгээр ... Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 7.5-д заасны дагуу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр ... Д.Ц нарыг томилсон нь ... 8.4-д сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй гэснийг зөрчсөн томилгоо хийгдсэн байна гэж мэдэгдэл ирүүлсэнд, хариуцагч аймгийн Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нь маргаан бүхий акт болох Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/106 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг анх томилсон захирамжийг хүчингүй болгож, түр орлон гүйцэтгэгчээр томилоод, тус ажлын байранд сонгон шалгаруулалтын захиалга өгөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна. [4][4]

Энэ захирамжид холбогдуулан нэхэмжлэгч Д.Ц нь шүүх хуралдаанд ... ажил үүргээ гүйцэтгээд явж байх хугацаанд 2016 оны 11 дүгээр сарын сүүлд намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал гарсан гэдгийг тухайн захирамж гарснаас 7 хоногийн дараа ажлынхаа нэг мэргэжилтэнгээс мэдсэн. Тухайн үед дотоод удирдлагын системээр хүргүүлсэн байсан. Сул ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан байдаг. Яагаад би ажиллаж байхад сул орон тоо гарсан гэж үзэж байгаа юм бэ гэж шинээр томилогдсон даргаас асуусан. Гэтэл би мэдэхгүй дээрээс ингэж шийдсэн гэж хэлсэн. Сонгон шалгаруулалт зарласан юм бол он дуусгах байлгүй гэж бодоод үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэх гээд өгсөн. Миний хувьд байгаль орчны чиглэлээр мэргэшсэн доктор хүнийг авч ирж тухайн шалгаруулалтад оролцуулсан байхад, мэргэжлийн бус хүн тэнцсэнд л гомдолтой байна. Залуухан мэргэжлийн доктор хүн ирээд миний ажлыг авах бол би ямар ч асуудалгүй ажлаа хүлээлгэн өгөх байсан. ... Тухайн үед түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамж гарахад за миний албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлаж байгаа юм байна. Энэ миний албан тушаалаас эхэлж байгаа юм байна. Иймээс би өөр албан тушаалын шалгаруулалтад орьё гэдэг үндэслэлээр гомдол гаргаагүй орхисон гэж маргаж буй актыг тухайн үедээ мэдсэн, мөн хүлээн зөвшөөрч хуулийн хугацаанд гомдол гаргаагүй болох, тус актын гарсан үндэслэлд бус түүнээс сүүлд гарсан актын үр дагавараар томилогдсон этгээд нь нэхэмжлэгчийн сонирхолд нийцээгүй учир маргаж байна гэсэн агуулга бүхий үндэслэлээр тайлбар гаргаж байгаагаар нэхэмжлэгч актыг хүлээн зөвшөөрч, дараагийн акт гартал маргаагүй байсан гэдэг нь тогтоогдож байна.

Энэ дараагийн маргаан бүхий акт болох хариуцагч Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай Б/14 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан тухайн ажлын байранд томилуулахаар нэр дэвшүүлж ирүүлсэн Жигжидийн Гомбосүрэнг Батсүмбэр суман дахь сум дундын ойн ангийн даргаар томилж, түр орлон гүйцэтгэгч Д.Цг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 21 дүгээр тогтоолын үндсэн дээр гарч, нэхэмжлэгч энэхүү тогтоолд нь маргаагүй. Тус тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын үндсэн дээр сонгон шалгаруулалтыг явуулснаар гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч өөрөө тус сонгон шалгаруулалт оролцох хүсэл зоригоо илэрхийлээгүй, дээрх тайлбараар миний хувьд байгаль орчны чиглэлээр мэргэшсэн доктор хүнийг авч ирж тухайн шалгаруулалтад оролцуулсан ... гомдолтой байна гэснээс өөрөө шалгаруултад ороогүй байх учир сонгон шалгаруулалт болон сонгон шалгаруулалтын үр дүнд маргах боломжгүй этгээд болох нь тогтоогдож байна.

Тодруулбол, нэхэмжлэгч Д.Ц нь тус ажил албан тушаалд ажиллаж байсан боловч Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэж зааснаар болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 1 дүгээр зүйлийн 1.3-д Төрийн албаны тухай хуулийн 10.1, 10.5-д заасан болон тухайн албан тушаал (ажлын байрны тодорхойлолтод заасан)-ын шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтныг сонгон шалгаруулахад энэхүү журмын зорилго оршино гэж, тухайн ажлын байрны тодорхойлолтод чухал шаардлагыг Байгаль орчны чиглэлээр дээд боловсролтой, байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэж тус тус заасан байх тул энэхүү ажил, албан тушаалыг эрхлэх мэргэжлийн шаардлагыг хангахгүй байгаагаар нэхэмжлэгчийн тухайн ажил албан тушаалд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хариуцагчийн Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8-д аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоо батлан, тэдгээрийн даргыг байгаль орчны газрын даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх гэж заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан актуудын улмаас шууд хөндөгдөх эрх зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тус ажил албан тушаалд тавигдах шаардлагатай мэргэжил эзэмшээгүй, өөр чиглэлийн буюу эрх зүйч мэрэгжилтэй болохоо шүүх хуралдаанд тайлбарлан зөвшөөрсөн бөгөөд энэ ажил албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 2015-2016 онд нэг жилийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдан Гэрэгэ гэрчилгээ авсан байна. Иймд нэхэмжлэгчийн мэрэгжлийн шаардлага, эрх зүйн байдлалд холбогдуулаад актуудын үр дагавар, хөөн хэлэлцэх хугацааны талаар тус тус дүгнэлт өгөх шаардлагагүй байх учир маргааныг нэг мөр шийдвэрлэх үүднээс шүүх тухайн ажил албан тушаалд цаашид ажиллах шаардлага нөхцлийг хангахгүй байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүхээс хангах эрх зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул маргаан бүхий хоёр актад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн бусад шаардлага болох урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахыг даалгах гэсэн шаардлагууд нь дээрх шаардлагуудыг дагаж гарах буюу тухайн шаардагууд хангагдсан тохиолдолд дүгнэгдэх учир дээрх дүгнэлтээр хангагдах үндэслэлгүй болох нь тогтоогдсон шаардлагууд, түүний үндсэн дээр дагаж дүгнэгдэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Д.Цгийн нэхэмжлэлтэй Т ЗДд холбогдуулан гаргасан Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/106 дугаар захирамж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулаж, урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

 


 

 

[1][1] Хавтаст хэргийн 29 дэх тал

[2][2] Хавтаст хэргийн 30 дахь тал

[3][3] Хавтаст хэргийн 33 дахь тал

[4][4] Хавтаст хэргийн 29, 56 дахь тал