Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2026/0139

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А болон хариуцагч Б, Я.Э, С.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э    Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөл

          Хариуцагч: М.Д, Ш.Н, Ж.А, А.П, Д.Н, Ж.Г, М.З, Б, Я.Э, С.Х

          Нэхэмжлэлийн шаардлага: “Хариуцагч нараас 40,762,481 төгрөгийг гаргуулах” тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 112/ШШ2025/0037 дугаар шийдвэр.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д

          Хариуцагч Я.Э, Б, С.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч М.З /цахимаар/, Ш.Н /цахимаар/, Ж.А /цахимаар/, А.П /цахимаар/

          Хариуцагч М.Д, Д.Н нарын өмгөөлөгч Г.Б,

          Хариуцагч М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нарын өмгөөлөгч Д.Б,          

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч 

          Хэргийн индекс: 112/2025/0002/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Төрийн албаны зөвлөлөөс М.Д, Ш.Н, Ж.А, А.П, Д.Н, Ж.Г, М.З, Б, Я.Э, С.Х нарт холбогдуулан “40,762,481 төгрөгийг гаргуулах”-аар маргасан.

          2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 112/ШШ2025/0037 шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч нараас төрд  учруулсан хохирол 28,409,310 /хорин найман сая дөрвөн зуун есөн мянга гурван зуун арван/ төгрөгийг нөхөн төлүүлж, төрийн сангийн дансанд төвлөрүүлэх, нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,353,171 /арван хоёр сая гурван зуун тавин гурван мянга нэг зуун далан нэгэн/ төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

          2 дахь заалтаар: Хариуцагч Б, М.З, Я.Э, С.Х, Ж.Г, Ш.Н, А.П, М.Д, Ж.А, Д.Н хүн тус бүрээс 2,840,931 төгрөг буюу нийт 28,409,310 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100900021501 дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

              3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А болон хариуцагч Б, Я.Э, С.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана.

3.1 Хариуцагч Б, Я.Э, С.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын зүгээс:

3.1.1 Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д  заасныг буруу хэрэглэсэн. Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 02 дугаартай тогтоолоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Мийг албан тушаалаас нь халсан. Тэр үед шүүхийн хэрэглэсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг гэж хууль байгаагүй, батлагдаагүй байсан. Энэ хууль 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хожим 3 жилийн дараа тус хуульд нэмж өөрчлөлт оруулсан.

Иймд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.2 Хариуцагч Хариуцагч М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нарын зүгээс:

3.2.1 Анхан шатны шүүх захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл, 103.1 дэх хэсэг, төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд

Үйл баримтын тухайд Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Мийг албан тушаалаас нь халсан байна.

... А.Мийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийт 40,762,481 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зарцуулжээ.

Анхан шатны шүүх 2020 оны 11 сарын 04-ний өдрөөс Б, М.З, Я.Э, С.Х, Ж.Г, Ш.Н, А.П, М.Д, Ж.А, Д.Н, нарын хуулиар олгогдсон тэргүүлэгчдийн бүрэн эрх дуусгавар болох бөгөөд А.Мийг ажилд нь эгүүлэн томилох нь дараагийн сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал болж байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 28,409,310 төгрөгийг тэнцүү хэлбэртэй хувааж хүн тус бүр төлөхөөр шийдвэрлэсэн.

Хууль хэрэглээний тухайд: Анхан шатны шүүх дээр дурдагдсан шүүхийн шийдвэрүүдэд хоёр өөр төрлийн цалин хөлсний асуудал байгааг анхаарч үзээгүй нь алдаатай болжээ. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинд 5,562,856 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгаж шийдсэн. Энэ шийдвэр бол Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Мийг албан тушаалаас нь хууль бусаар чөлөөлсөнтэй холбоотой. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэрээр 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацааны 16,359,626 төгрөг, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрээр 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 17- ны өдрийг дуустал хугацааны олговорт 21,033,805 төгрөг гаргуулахаар тус тус шийдсэн. Эдгээр шүүхийн шийдвэрүүд бол хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь А.Мийг албан тушаалд нь эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэлтэй холбоотой болно.

Харин Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ." гэж заасан. Өөрөөр хэлбэл хууль бусаар халсан шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулах зохицуулалт болохоос биш шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдлийн улмаас төрд учирсан хохирлыг гаргуулах эрх зүйн хэм хэмжээ биш гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах талаарх зохицуулалттай. Дээр дурдсан эрх зүйн дүгнэлтийн талаар Монгол Улсын Дээд шүүхээс 2025 оны 02 сарын 05- ны өдөр 001/ХТ2025/00048 дугаартай тогтоол гарсан. Энэхүү тогтоол дараах агуулга дурдагддаг. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.", Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.", 498.5-д "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж тус тус заасан. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д хохирлыг хариуцах хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тодорхой дурджээ. Тодруулбал, тодорхой этгээдийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан нь хууль бус болох нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон байхыг шаардсан бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт эдгээр үйлдэл, эс үйлдэхүйг шууд, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруугийн байдлаар гаргасан байхыг шаарджээ. Иргэний эрх зүй дэх гэм хорын эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдах эрх, үнэт зүйлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт жагсаасан бөгөөд тус заалтын дагуу бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулахыг хориглосон.

Ийнхүү төрд шаардлагагүй зардал үүсгэх замаар хохирол учруулах бүрэлдэхүүний обьектив тал буюу үйлдэл, эс үйлдэхүйг мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан бол тухайлан ийм үйлдэл, эс үйлдэхүйгээс бий болсон хохирлыг төрийн нэрийн өмнөөс шаардах эрхийг Төрийн албаны зөвлөлд олгохоор мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зохицуулжээ.

Аливаа зөрчил буюу гэм хорын бүрэлдэхүүн нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүн төдийгүй хор уршгийн шинжээрээ харьцангуй хөнгөн, гэмт хэргийн шинжгүй ялимгүй зөрчлийг ч багтаах магадлалтай тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт хувийн эрх зүй дэх гэм хорын эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдах ашиг сонирхлыг туйлын эрх, эсхүл түүнтэй дүйцэхүйц нийтлэг үнэт зүйлс байхаар хязгаарласан онцлогтой. Энэ зохицуулалтыг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан тогтоохдоо төрийн албаны хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дахь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тодорхой нэрлэн заасан гэж үзэхээр байна.

Маргаан бүхий энэ хэргийн тохиолдолд төрийн албан хаагчийг ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй нь хууль бус байж болох ч Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт уг гэм хорын бүрэлдэхүүнийг тухайлан дурдаагүй тул төрөөс төлсөн гэх мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулах эрх зүйн үр дагавар бий болохгүй, төрийн нэрийн өмнөөс шаардах эрх мөн хуулийн 50.2-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлд үүсээгүй байна. Иймд нэр бүхий арван хариуцагч нар нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар чөлөөлсний улмаас ажилгүй байсан хугацааны цалин 5,562,856 төгрөгийг хариуцах үүрэгтэй.

3.2.2 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд

Хариуцагч М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нар А. Мийг ажлаас чөлөөлөхийг эсэргүүцэж, хэлэлцүүлсэн асуудлыг дэмжихгүй гэж санал өгсөн талаар дурддаг. Энэ талаар нэхэмжлэгч болон бусад хариуцагч нар, гуравдагч этгээд маргадаггүй болно.

Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан хариуцагч нарыг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн үйл ажиллагаа зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хурлын шийдвэр нь хамтын шийдвэр юм. Уг шийдвэрийн хариуцлагыг хамтаар хүлээдэг нь хамтын шийдвэрийн онцлог юм гэж дүгнэн буруутгасан нь хууль бус.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй." гэж гэм хорын хариуцлага хүлээх эрх зүйн үндсэн хэм хэмжээг хуульчилсан. Зөрчил үйлдсэн объект нь бусдын эд хөрөнгө байх бөгөөд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учирсан байх, үйлдэл, эс үйлдэх болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай байхыг хуулиар тогтоосон.

Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дах хэсэгт "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж заасан. Хариуцагч М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нарын хувьд ямар нэгэн санаатай, эсхүл болгоомжгүй үйлдлээр А.Мийг ажлаас чөлөөлөөгүй гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй нь хууль бус юм.

Иймд “2025 оны 12 сарын 08-ны өдрийн 112/ШШ2025/0037 дугаартай Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 112/ШШ2025/0037 шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч нараас төрд  учруулсан хохирол 28,409,310 /хорин найман сая дөрвөн зуун есөн мянга гурван зуун арван/ төгрөгийг нөхөн төлүүлж, төрийн сангийн дансанд төвлөрүүлэх, нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,353,171 /арван хоёр сая гурван зуун тавин гурван мянга нэг зуун далан нэгэн/ төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

          2 дахь заалтаар: Хариуцагч Б, М.З, Я.Э, С.Х, Ж.Г, Ш.Н, А.П, М.Д, Ж.А, Д.Н хүн тус бүрээс 2,840,931 төгрөг буюу нийт 28,409,310 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100900021501 дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

          3. Маргааны үйл баримтын тухайд:

          3.1 Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч А.Мийг албан тушаалаас нь халсан.

          3.2 А.М нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрээр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.Мийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 89 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,562,856 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0398 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

          3.3 Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэрээр хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацааны 245 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,359,626 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгож, уг олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч А.Мийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг даалгасан. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 215/MA2020/00018 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/XT2021/00577 дугаар тогтоолоор Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 215/МА2020/00018 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

          3.4 Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 17- ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21,033,805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгож, уг олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. \

          3.5 Дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, А.Мийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийт 40,762,481 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зарцуулжээ.

          4. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч М.Д, М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          4.1 Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж,

4.2 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж,

4.3 Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, 101.1-т “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна.”, 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ.” гэж тус тус заасан.

4.4 Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас иргэнд хохирол учирсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хохирлыг төр барагдуулж, дараа нь шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр байх бөгөөд тухайн захиргааны албан тушаалтны шийдвэр шийдвэр хууль бус байгаад, түүнээс учирсан хохирлыг төрөөс барагдсан нь нэгэнт тогтоогдсон нөхцөлд Төрийн албаны зөвлөл буруутай этгээдээс учруулсан хохирлыг шаардаж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

4.5 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хариуцагч нараас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж дүгнэхээр байна.

4.6 Хариуцагч талаас “А.Мийг албан тушаалаас нь хууль бусаар чөлөөлсөнтэй холбоотой цалинд 5,562,856 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон бусад дүн нь А.Мийг албан тушаалд нь томилохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хууль бусаар халсан шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулах зохицуулалт болохоос биш шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдлийн улмаас төрд учирсан хохирлыг гаргуулах эрх зүйн хэм хэмжээ биш гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.” гэж гомдож байгаа нь үндэслэлгүй.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан төрд учирсан хохирол нь тухайн шийдвэрийн улмаас төрд бодитойгоор учирсан хохирлын хэмжээгээр тодорхойлогдоно.

Энэ тохиолдолд А.Мийг ажлаас хууль бусаар чөлөөлсний улмаас төрөөс нөхөн төлсөн хохирлын хэмжээ болох 40,762,481 төгрөг нь 3 удаагийн шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх бөгөөд түүнийг нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.  

4.7 Анхан шатны шүүх шийдвэрт  “2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс Б, М.З, Я.Э, С.Х, Ж.Г, Ш.Н, А.П, М.Д, Ж.А, Д.Н нарын хуралдаанд оролцох олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах хуулиар олгогдсон Тэргүүлэгчдийн бүрэн эрх дуусгавар болох бөгөөд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх, А.Мийг ажилд нь эгүүлэн томилох нь дараагийн сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал болж байна.” гээд нэхэмжлэлийн шаардлагаас 12,353,171 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.

4.8 Гэвч анхан шатны шүүх “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн үйл ажиллагаа зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хурлын шийдвэр нь хамтын шийдвэр юм. Хамтын шийдвэр гэдэг нь тухайн асуудалд шууд хамааралтай хэд хэдэн этгээд (2 ба түүнээс дээш тооны) тэгш эрхтэйгээр оролцож гаргасан шийдвэр юм. Тэгш эрхтэйгээр оролцохын зэрэгцээ шийдвэр гаргагч этгээдүүд бүгд уг шийдвэрийн хариуцлагыг хамтаараа хүлээдэг нь хамтын шийдвэрийн нэг онцлог юм.” гэж тайлбарлаж байгаа нь энэ тохиолдолд үндэслэлгүй бөгөөд үүнд холбогдуулан гаргасан хариуцагч нарын гомдол үндэслэл бүхий байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж заасан нь гэм хор учруулсан үйлдэлдээ шууд санаатай эсвэл илтэд болгоомжгүй хандсан байх урьдчилсан нөхцөлийг тусгажээ.

Хариуцагч М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нар нь А.Мийг ажлаас чөлөөлөх эсэх талаар санал хураахад дэмжихгүй гэсэн санал өгсөн тухай Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд энэ талаар талууд маргадаггүй.

Үүнээс үзвэл хариуцагч М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нар нь гэм хор учруулсан үйлдэлд санаатай эсвэл илтэд болгоомжгүй хэлбэрээр оролцоогүй төдийгүй эсрэг санал өгсөн байх тул дээрх хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдахгүй байна.

          4.9 Мөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж заасан нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орохоос өмнө “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэх агуулгатай байсан.

          А.М нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан хаагчид хамаарч байгаа тул энэ хуулийн зохицуулалтад хамаарах этгээд мөн байжээ.

          Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

          5. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

          5.1 Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ.” гэж заасны дагуу гэм хор учруулсны улмаас хариуцлага хүлээлгэх эсэх асуудлаар маргаж байгаа энэ тохиолдолд Иргэний хуульд заасан гэм хор учруулсны улмаас үүсэх хөөн хэлэлцэх хугацааг баримтлах нь зүйтэй.

          5.2 Иргэний хуулийн 75 дугаар зүйлд 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:” гээд 75.2.4-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил.”, 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.” гэж заасан.

          5.3 А.Мд хамгийн анх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 000000123 дугаар төлбөрийн хүсэлтээр  5,562,856 төгрөгийг шилжүүлсэн байх ба үүнээс хойш 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 40,762,481 төгрөгийг шилжүүлжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл төрд бодитой хохирол учирсан үеэс буюу төрөөс иргэний хохирлыг барагдуулсан үеэс эхлэн тус бүр 5 жилийн хугацаа тоологдохоор байна.

          Жишээлбэл, эхний шаардах эрх үүссэн хугацааг шилжүүлэг хийсэн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 5 жил гэж тоолно.

          5.4 Иймээс Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргаж буй нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагч нарын гомдол үндэслэлгүй.

          6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эаас хариуцагч М.Д нас барсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан хэдий ч маргаантай байгаа шаардлага болон үүрэг нь эрх залгамжлагчид шилжих боломжгүй тул шүүхээс хүсэлтийг хангаагүй болохыг дурдъя.

          Тодруулбал, хариуцагч М.Д нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн ажил үүргийг гүйцэтгэж байх үедээ гаргасан шийдвэрийн улмаас үүссэн энэхүү маргааны үр дагавар түүний эрх залгамжлагчид шилжих хууль зүйн үндэслэл байхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл бүрдээгүй.

          Мөн хариуцагч М.Д нь нас барсан тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0037 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2-т М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А, М.Д нарын нэрийг хассан өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                               ШҮҮГЧ                                             А.САРАНГЭРЭЛ

 

                               ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА

 

                               ШҮҮГЧ                                             Э.ЗОРИГТБААТАР