Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 866

 

МАГАДЛАЛ

 

2018.04.06                                                     Дугаар 866                                  Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00311 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Т нэхэмжлэлтэй,   

Хариуцагч В.С-д холбогдох,

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр орон сууц худалдагч, худалдан авагч гэрээг байгуулсан. Уг гэрээгээр өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ? дүгээр хороо, ? хороолол, ? тоот хаягт байрлах ? м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг В.С 60 000 000 төгрөгөөр худалдсан боловч тус байрыг нэр дээрээ шилжүүлж авчихаад өнөөдрийг хүртэл гэрээний 2.3-д заасан үүргээ биелүүлээгүй нэг ч төгрөг өгөөгүй болно. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж байгаа тул татгалзлыг баталж, Сонгинохайрхан дүүргийн ? дүгээр хороо, ? хороолол, ? тоотод байрлах ? м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд үл хөдлөх бүртгэлийн газарт үнэн, зөв хэлцлийг бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл худалдах, худалдан авах гэрээ хэдийгээр бүртгэгдсэн боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар мөнгөө төлөөгүй, өөрөөр хэлбэл мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлсэн буюу нэг хэлцлийг өөр хэлцлээр халхавч хийсэн хэлцэл харагдаж байна. Өрөндөө авсан гэдэг, гэтэл өрөндөө авсан нэг ч бичиг баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Т ах болох Б.Э нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр "алт хямд үнээр авч зарах ашигтай наймаа байна, 100 000 000 төгрөг 2 хоногийн хугацаатай зээлүүлээч, ашгаас нь өгье гэсний дагуу Б.Эын эхнэр Ж.Н дансаар шилжүүлэн өгсөн юм. Гэвч Б.Э өөрийн хэлсэн ярьсан хугацаандаа мөнгийг буцааж өгөөгүй ба тухайн үед ярьсан бүх зүйл худлаа болсон, мөнгөө олж авахаар Цагдаагийн байгууллагад хандаж 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэж, Б.Э энэ хэрэгт цагдан хоригдон, хэргийг шалгаж эхэлсэн юм. Ийнхүү дээрхи хэргийн мөрдөн байцаалтын хугацаанд Б.Э нь надаас авсан мөнгөө төлнө гэж удаа дараа хугацаа авч байсан боловч төлөөгүй ба хохирлоо төлнө, барагдуулна гэж хорихоос батлан даалтанд гарсан боловч нэг ч төгрөг өгөөгүй, утсаа салган зугатаж, ихэнх хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй хааяа мөрдөн байцаагчийн өрөөнд уулзахаараа өнөө маргаашгүй мөнгө өгнө, ирэх 7 хоногт яг төлнө, барагдуулна гэх зэргээр цаг хугацаа авч мөрдөн байцаагч прокурорт ч худлаа хэлсээр байсан. Ингээд мөнгөө алдаж хохирсноос хойш 1 жил шахам хугацаа өнгөрч, би бусдаас зээлсэн мөнгөний хүүг төлж маш их алдагдалд орсон, Б.Э худлаа хэлж явсаар мөрдөн байцаалтын хугацаанд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас энэ хэргийг "иргэний зээлийн асуудал гэж хэрэгсэхгүй болгож байсан тул би Дүүргийн прокурор, Нийслэлийн прокурор, Улсын Ерөнхий прокурорын газар хүртэл гомдол бичиж хэргийг сэргээн шалгуулах зэргээр өчнөөн цаг хугацаа өнгөрч, зарим үед энэ хэргээс болж миний өөрийн ажил төрөл хүртэл алдагдаж, эдийн засгийн болон сэтгэл санаагаар удаан хугацаанд хохирсон тул сүүлдээ арга буюу Б.Эаас өр салахын тулд ? хорооллын байрыг чинь үзье, боломжтой бол өрөндөө авья гэж түүнтэй ярилцаад Б.Этай хамт түүний дүү гэх Б.Т хамт энэ байранд очиж уулзсан. Б.Т нь ахынхаа өр төлбөрт байраа өгөхөөр зөвшөөрсөн. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б.Э гэдэг хүнээс авах байсан төлбөртөө Сонгинохайрхан дүүргийн ? дүгээр хороо ? хороолол ?гийн гудамж ? а байр ? тоот хаягт байршилтай ? м.кв талбайтай 2 өрөө байрыг 60 000 000 төгрөгийн төлбөрт тооцон авсан юм. Б.Э нь уг байрны эзэн гэх Б.Тыг өөрийн дүү гэж тухайн үед танилцуулж байсан ба Б.Э дүүгийнхээ байрыг томруулж өгөхөөр өөр байр авч өгсөн, түүндээ засвар хийж байгаа, та нар обойгоо сонгоорой гэж ярилцаж байсан ба Б.Т ч тэр байр ер нь бэлэн болж байгаа удахгүй энэ байраа чөлөөлж өгнөө, ганц сарын хугацаа л өгчих хэлж байсан. Ингээд бид нар нотариат дээр очсон юм. Б.Т нь нотариатчийн шаардснаар өөрөө явж түц машинаас байр барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй тухай лавлагаа авчирсан. Нотариатч дээр Б.Э, Б.Т нар ярьж байгаад "худалдах худалдан авах гэрээ" хийдэг гэнэ, чи энэ гэрээн дээр гарын үсэг зурчих гэсэн тул гэрээн дээр гарын үсэг зурсан, би тухайн үед байрыг нэгэнт өр төлбөртөө авч байгаа, Б.Т өөрөө зөвшөөрч сайн дураараа байраа өгч байгаа болохоор гэрээний тухайд нэг их анхаараагүй юм. Ингээд би уг байрны өмчлөгч болж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-? тоот гэрчилгээ авсан. Гэвч Б.Т нь 2017 оны 4 дүгээр сарын 15 гэхэд байраа чөлөөлж өгөөгүй ба байрнаас гарах шаардлага тавих бүрт хугацааг дахин дахин сунгаж 5 дугаар сарын 1,15, мөн сар бүрийн 1,15 гэсээр сүүлдээ 10 дугаар сарын 1 гэхэд яг гарнаа гэж хэлж байсан.

2017 оны 3 дугаар сарын 20-ноос хойш Б.Т ах Б.Э ямар ч сураггүй болсон, би түүнийг хайгаад олохгүй байна. Б.Эыг энэ хэргийн дараа өөр хэрэгт шалгагдаж байгаад оргосон гэж дам сонссон, үнэн худлыг мэдэхгүй, түүнийг дүү Б.Т л мэдэх байх гэж бодож байна. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сонгинохайрхан дүүргийн ? дүгээр хороо ? хороолол ?гийн гудамж 119а байр ? тоот байрнаас Б.Тыг орон сууцнаас нүүлгэн гаргаж асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Миний хувьд төрсөн ах дүүгийн ямар ч холбоо байхгүй, н.Э ямар нэг өргүй болно. н.Э нь байраа зарах гэж байгаа бол энэ В.С өгчих, мөнгөө дараа нь чамд өгнө найдвартай хүн байгаа юм гэхээр нь өөрийн өмчлөлийн байрыг шилжүүлж өгсөн боловч өнөөдрийг хүртэл надад ямар ч мөнгө өгөөгүй, харин ч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-? дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн ? дүгээр хороо, ? хороолол, ?гийн гудамжны ? байрны 78 тоот хаягт байрлах ? м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Тад буцаан шилжүүлэхийг хариуцагч В.С даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ? 458 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тад олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458 000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Уг гэрээ хийх үед 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлбөр тооцоо дууссан байсныг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Мөн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 338 тоот "Б.Эт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд В.С нь Б.Эаас авах 60 000 000 төгрөгийн төлбөртөө Б.Т өмчлөлийн 2 өрөө бүхий орон сууцыг шилжүүлэн авч хохиролгүй болсон талаар тодорхой дурьдсан байдаг. 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүсэлт гаргаж байсан, хүсэлтийг 3 дугаар сарын 21-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан энэ баримт бас байгаа. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Т 2017 оны 3 дугаар сарын 20-нд В.С миний өмчлөлд байр шилжснээс хойш надад хандаж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан удаа огт байхгүй, энэ талаар ямарч баримт байхгүй байхад шүүх шийдвэртээ худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан татгалзлыг батлах гэх шаардлагад тусгайлан дүгнэлт өгөөгүй гэж дурьдсан байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Б.Т нь худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж байгаа тухай надад мэдэгдээгүй, шууд шүүхэд хандсан нь нотлох баримтуудаас харагдана. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр орон сууцаа 2 талын тохиролцоо, гэрээний дагуу миний өмчлөлд шилжүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шууд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байсан, эндээс харахад худалдагч талын гомдлын шаардлага гаргах хугацаа нэгэнт дууссан, нэг тал гэрээнээс татгалзах саналаа нөгөө талдаа мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэсэн Иргэний хуулийн зохих заалтыг шүүх хэрэглээгүй гэж үзэж байна. Б.Т эхнэр ч энэ яриаг батлан ярьж байраа надад шилжүүлсэн, мөн уг худалдах, худалдан авах гэрээг гэрчлүүлэх, байр шилжүүлэхтэй холбоотой зардлыг худалдагч, худалдан авагч 2 тал харилцан тохиролцож 50, 50 хувиар төлсөн, энэ тухай гэрээний 8 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Т нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, В.С миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардагыг бүрэн хангаж шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргалаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэсэн боловч сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхисон нь уг шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч В.С холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь Сонгинохайрхан дүүрэг, ? дүгээр хороо, ? хороолол, ? тоот хаягт байрлах ? м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч болж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хариуцагч В.Сайн-Отгон нь орон сууцны үнэ 60 000 000 төгрөгийг төлөөгүй, Б.Т орон сууцанд оршин сууж байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

Иймд хүчин төгөлдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг талууд харилцан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсаныг шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар заагаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй учир гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00311 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-? дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн ? дүгээр хороо, ? хороолол, ?гийн гудамжны ? байрны ? тоот хаягт байрлах ? м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Тад буцаан шилжүүлэхийг хариуцагч В.С даалгаж, уг орон сууцыг Б.Т хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай ?  сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 528 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД                                              Г.ДАВААДОРЖ

 

                                                                  М.НАРАНЦЭЦЭГ