Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч М.З,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч Бт холбогдох эрүүгийн 2317001020089 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Ч Б /РД/, Д.. аймгийн Д суманд 19. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Т... ажилтай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын .. дүгээр баг, Т з..н ..-.. тоотод оршин суух, ам бүл 3, эх, дүүгийн нарын хамт амьдардаг, урьд 1997 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3, 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Ч.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 2-227 тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий М.З, М.Ннарын агсам тавиад байна, та одоо яв зайл гэсэн үгэнд дургүйцэн улмаар М.Згийн хоолойг багалзуурдах, толгой чих орчим гараараа удаа дараа цохих, нүдийг нь ухах гэж хуруугаараа оролдох, хүзүүг нь мушгих зэргээр, М.Нүснээс нь зулгааж газар унагах, толгой руу нь гараараа удаа дараа цохих зэргээр тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, М.Згийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний зовхинд, зүүн чихний доод хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий, М.Нбиед тархи доргилт, толгойд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хоёр хүний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

            1. Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед жаахан архи уусан байсан учир болсон зүйлийн талаар сайн мэдэхгүй байгаа. Тухайн асуудал болсон өдөр Ш нөхөрт нь юм хэлэх санаатай очиход байхгүй болохоор нь авгай руу нь уурлаад загнасан. Нтай маргалдсанаа мэдээд байгаа. Хар усаа цуслаад ирлээ гээд байхаар нь би хуцаад бай, алаад хаячихна шүү гэхэд намайг бариад авахаар би 1-2 удаа цохисон. Эмчилгээний төлбөрийн талаар надад хэлээгүй. Хэлсэн бол төлнө. Архи ууснаас болоод ийм асуудал гарсан. Эрүүл үед би асуудал гаргадаггүй. Тухайн асуудлаас хойш дүү нартайгаа уулзаагүй. Би гомдоод хэлэх ч үг алга. Надад буруу хийсэн зүйл байхгүй байхад надад яагаад буруу санаад байгааг мэдэхгүй байна. Миний гаргасан үйлдэл буруу гэв.

            2. Хохирогч М.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 08 дугаар сарын 20-нд манай бэр эгч залгаад Б ах согтуу ирээд агсам тавиад гэр лүү оруулахгүй байна, ах чинь утсаа авахгүй байна, аниагийн дүү хүрээд ирээч гэсэн. Би 2 хүүхэд болон бага дүүгийн хамт очиход гэр лүү нь оруулаагүй амбаарынх нь үүдэнд агсам тавиад сууж байсан. Би архи уучихаад агсам согтуу тавиад яах гээд байдаг юм зайлаач гэтэл шууд намайг багалзуурдаж, заамдаж аваад цохиод чамайг алж байж шоронд орно гэсэн. Гараа зангидаж байгаад чих рүү 2 удаа цохисон. Би яасан гэж чи ингэж байгаа юм, бид нар чамд ямар буруу юм хийсэн юм гэхэд пизданууд бөөнөөрөө дээрэлхдэг байхгүй юу гэсэн. Манай дүү эгчийг аллаа гээд ирэхэд шууд үсдэж аваад цохихоор нь би дүүгээ цагдаа дууд гэсэн. Мөн намайг багалзуурдаад миний нүдийг ухах гэж оролдоход нь би нүдээ ухуулахгүй гэсэн дээ чанга аниад нээгээгүй. Гэтэл чиний хүзүүг чинь мушгина гээд мушгих гэж оролдсон. Манай дүү та яаж байгаа юм бэ, би таныг хүндэлдэг гэтэл ах нь чамайг зодохгүй гээд тайвширсан. Тэгээд цагдаа ирэхийг хараад дахиад багалзуурдахад цагдаа салгасан. Би энэ хүнээс ганц ч зоос аваагүй. Голомтоор чинь самарна гэсэн. Б нь манай ээжийн ах, бид хоёрын нагац ах гэв.

3. Хохирогч М.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эгч Зтой гэртээ байж байтал бэр эгч Шүрэнцэцэг залгаад Б ах согтуу гэрт ирээд агсам тавиад, гэрт оруулахгүй байна гэсэн. Тэгээд би эгч З болон түүний 2 хүүхэдтэй хамт очиход Б ах хашаан дотор агсам тавиад Ш эгч айсан байдалтай байсан. З эгч Б ахыг яаж байгаа юм бэ гэхэд Б ах барьж аваад хоолойноос нь боогоод толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Мөн З эгчийг цамцаар нь боосон байдалтай байсан. Би тухайн үед болсон асуудалд цочирдоод ухаан алдсан. Нэг сэрэхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд хэвтэж байсан. Б бол манай нагац ах, байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, архины хамааралтай, архи уухаараа байнга агсам, согтуу тавьдаг. Б ах миний толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиход би ухаан алдаж унасан. Ухаан орох үед хөл, гараа хөдөлгөж чадахгүй, ярьж чадахгүй толгойны баруун тал ихээр өвдөж байсан. Маш их гомдолтой байна хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 58 хуудас/

4. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ”М.Н, М.З нарт уг хэргийн улмаас эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авахад эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 220 000 төгрөгийг зарцуулсан байна. Иймд тусламж үйлчилгээний зардал болох 220 000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 67 хуудас/

5. Гэрч Ж.Ш мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 2-227 тоотод гэртээ байж байхад гаднаас Б ах согтуу орж ирээд манай нөхрийг хаачсан юм бэ гэхээр нь гадуур ажилтай байгаа гэсэн. Б ах савтай айраг барьж орж ирээд ууж байхдаа намайг пизда гичий гэж хэл амаар доромжилсон. Чи дандаа хов хүргэж байдаг гээд миний гар утсыг унагаахад тэвэрч байсан 5 сартай хүүхэд унасан. Би хажуу айлын хүний утсаар З руу залгаад Б ах агсам тавиад байна гэхэд З, Н нар ирээд З Б ахыг та яагаад агсам тавиад байгаа юм бэ гэхэд Б ах Зг заамдаж аваад цамцаар нь боосон. Н та болиочээ би танийг хүндэлдэг гэхэд Нгийн үснээс татаж унагаагаад толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд ахиж Згийн цамцнаас бариад толгой хэсэг рүү гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Дараа нь хоолойг нь боож унагаасан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандтал чамайг одоо гүйцээнэ гэж хэлээд Зг ахиад боогоод цохисон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 72-73 хуудас/

6. Шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаар нэмэлт дүгнэлтэнд: “М.Згийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний зовхинд, зүүн чихний доод хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2023 оны 08 дугаар сарын 20-нд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхинд, зүүн чихний доод хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 29-30 хуудас/

7. Шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 208 дугаар дүгнэлтэнд: “М.Нбиед тархи доргилт, толгойд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2023 оны 08 дугаар сарын 20-нд үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт, толгойд зөөлөн эдийн няцрал гэмтэл “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 35-36 хуудас/

8. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай баримт, хохирлын баримт /х.х-ийн 7, 61-64, 110-112 хуудас/

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 86-94 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ч.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн хохирогч М.З, М.Ннарын мэдүүлгээр шүүгдэгч Ч.Б нь тэдгээрийн нагац ах буюу эхийх нь төрсөн ах ба нэг гэрт хамт амьдардаггүй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэнцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хамаарахгүй байна.   

Шүүхээс шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 2-227 тоот хашаанд М.З, М.Ннарт агсам тавьж, улмаар М.Згийн хоолойг багалзуурдах, толгой чих орчим гараараа удаа дараа цохих, нүдийг нь ухах гэж хуруугаараа дарах, хүзүүг нь мушгих зэргээр бие махбодид нь халдан зодож түүний эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол, М.Нүснээс нь зулгааж газар унагах, толгой руу нь гараараа удаа дараа цохих зэргээр бие махбодид нь халдан зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, толгойд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч М.Згийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч М.Н, гэрч Ж.Шнарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 208 дугаар дүгнэлт, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаартай нэмэлт дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Шүүгдэгч Ч.Бт нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргахгүй гэснийг тус тус дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Э.Нэргүй: шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Б нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүний хэнгэргэн хальсыг гэмтээж хагалгаанд орох шаардлагатай болсон,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг: шүүгдэгч Ч.Бт нь “То сү...Газарт ачигч ажилтай, 2022 оны 11 дүгээр сараас хойш тогтвортой ажиллаж байгаа байдлыг нь харгалзан үзээд торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж, 6-12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү. Энэ хүн нь санхүүгийн хувьд бүрэн хараат бус байж чадахгүй, амьдралын хувьд одоо л хөлөө олж байна гэсэн саналыг тус тус шүүх хуралдаанд гаргажээ.

Шүүгдэгч Ч.Бын эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хуульд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэр, хэмжээ зэргийг тус тус харгалзан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Ч.Быг зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн тус хугацаанд хохирогч М.З, М.Ннартай харилцахыг хориглох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч М.З, М.Ннарын гэм хорын нэхэмжлэлийн талаар: Хохирогч М.Ннь шүүгдэгч Ч.Бын өөрт нь халдсан үйлдлийн улмаас үзлэг шинжилгээ хийлгэсэн талаарх хавтаст хэргийн 110-111-р хуудаст авагдсан баримтыг үндэслэж 491 000 төгрөгийг шүүгдэгч Ч.Баас гаргуулан хохирогч М.Нд олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч М.З нь өөрт учирсан зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий гэмтлээ эмчлүүлэхэд гарах зардлаа нэхэмжлэх хүсэлтээ байгаагаа шүүх хуралдаанаас мэдүүлсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдаагүй учир шийдвэрлэх боломжгүй байна. Гэхдээ Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд тус тус зааснаар хохирогч М.З нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй учир хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Ч.Бын хохирогч нарт халдсан үйлдлийн улмаас тэдгээрт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд гарсан нийт 220 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор тогтоолоо.

Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б овогт Ч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд хохирогч М.З, М.Ннартай харилцахыг хориглосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ч.Баас 491 000 /дөрвөн зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж Г аймгийн С сумын .. дүгээр баг, Х б ..-.. тоотод оршин суух хохирогч М.Нд олгож, чихний хэнгэргэн хальсны цоорлоо эмчлүүлэх эмчилгээний зардлаа хохирогч М.З нь нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ч.Баас 220 000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА