| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 211/2020/0008/Э |
| Дугаар | 8 |
| Огноо | 2020-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 8
Д.О-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор С.Б
Хохирогч Я.Т
Хохирогчийн өмгөөлөгч В.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А
Нарийн бичгийн дарга М.Э нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Я.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.О-т холбогдох ...дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Архангай аймгийн ...суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн .... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 1231.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Д.О
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Я.Т-ийн нүүр цээж орчим нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Д.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялын 500.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь 192.400 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг болохыг дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч Я.Т-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2019 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн нутаг дэвсгэрт Д.О нь хохирогч Я.Т намайг хүн гэж тоохгүй, зэрлэг балмадаар зодож бэртээсэн. Я.Т миний бие ганц охинтой, олон жил ганц бие амьдарч явсаар байгаад Д.О-т итгэж, улмаар Архангай аймгийн Цэцэрлэг суманд түүнийг дагаж очиж хамт амьдрахаар болж, Д.О-т итгэж түүний гутал хийдэг хувийн бизнест нь туслаж, өөрийн зүгээс хамгийн доод үнээр бодоход 6 сая гаруй төгрөгийн ашиг олохоор материал авч өгсөн. Мөн түүнд 400.000 төгрөгийн хувцас хунар өөрийн зүгээс авч өгсөн. Ингээд хамтдаа сайхан амьдрах юм бодоод Цэцэрлэг суманд нэг сар хүрэхгүй хугацаатай хамт байсан. Гэтэл хамт амьдрах хугацаанд Д.О-ын зан араншин нь танигдсан бөгөөд цаашид хамт амьдрах хүн биш юм байна гэж бодоод аймгийн төв рүү буцахаар дүүтэйгээ хэрэг болдог өдрийн урьд өдөр нь ярьчихсан байсан. Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 08-ны шөнө архи уусан согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар замд тааралдсан 3 хүнийг дайрахаар машинаараа хурдтай давхиад дэлгүүрийн ойролцоо 3 тойрсон. Энэ үед би болиулахаар болиоч гэж хэлэхэд үл ялих зүйлээр шалтаглаж намайг бөгжтэй гараараа нүүрэн хэсэгт цохисон. Энэ үед нүүрэнд гал маналзаж байгаа юм шиг болж нэг хэсэг манарсан. Тэгээд нүүрээ гараараа дартал хамарнаас цус нилээд их гарсан. Ингээд сумын төвөөс зайдуу гарч, машинаас буугаад би Д.О-ыг чи жаахан тайвширч байгаад хүрээд ир гээд гэр рүүгээ алхтал миний ар талаас маш хүчтэй цохисон. Тэгээд би газарт сал хийтэл унасан. Намайг газарт унасан хойгуур хөлөөрөө өшиглөж, гараараа цохисон. Д.О намайг “орилвол чамайг ёстой алчихна шүү” гээд зодоод байсан. Тэгэхээр нь би буруутай, чиний талаар юу ч ярихгүй, хүнд хэлэхгүй гэж уйлж, гуйж байгаад болиулсан юм. Би Д.О-т маш их гомдолтой. Учир нь миний итгэлийг эвдэж, надаар их хэмжээний мөнгө гаргуулж, өөрийнхөө хэрэгцээнд ашигласан. Дээрээс нь хүн танихгүй газарт дагуулж очоод улмаар зодож, бие болон сэтгэл санааны хохирол учруулсан. Д.О-т зодуулснаас хойш надад амьдрах итгэл байхгүй болж, улмаар айдас түгшүүртэй байдалтай нилээд удсан. Д.О хуулийн байгууллагын ял шийтгэлээс л айж байгаа боловч хохирогч надаас нэг удаа ч үнэн сэтгэлээсээ уучлалт гуйгаагүй. Улмаар надад өгөх ёстой 1.000.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Шүүхээс түүний үйлдсэн хэргийн хэр хэмжээ, гэм бурууд нь тохироогүй хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсан. Иймд Д.О-т ял шийтгэлийг нь тохируулан оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд тус шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Санал хэлэх ямар ч боломжгүй хэргийг хэлэлцээд эхэлчихлээ. Хохирогч давж заалдах гомдлоосоо татгалзаж байгаа учраас өөр санал байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Д.О нь хохирогч Я.Т-ийг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан байдаг. Шүүгдэгч Д.Одбаяр нь хохирогч Я.Т-ийн хохиролд 740.000 төгрөгийг тухайн үед төлсөн. Шүүхээс Д.О-ын хийсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч Я.Т-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Д.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Анхан шатны шүүхээс Д.О-т түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан “торгох” ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хохирогчийн өмгөөлөгч санал хэлэх ямар ч боломжгүй хэргийг хэлэлцээд эхэлчихлээ. Хүсэлт гаргах гэхэд шүүгч анзаарсангүй. Хохирогчийн давж заалдах гомдлоосоо татгалзсан хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг хэлэлцүүлсэн буюу гомдлоо дэмжиж байгаа эсэх талаар асуугаагүй учраас дараа нь хүсэлт гаргаж өгсөн. Гэхдээ давж заалдах гомдлоо хэлэлцүүлэх хэвээрээ эсэх талаар санал асуугаагүй бөгөөд шүүх хуралдааны дараалал алдагдсан учир хүсэлт гаргаж чадаагүй гэж санал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болохоор заасан бөгөөд мөн хуулийн 39.4 дүгээр зүйлд талуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлэг явуулах дарааллын талаарх санал, хүсэлтээс бусад санал, хүсэлт талуудад байгаа эсэхийг даргалагч тодруулах талаар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны дараалалд тусгаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нь шүүгч хэргийн талаар илтгэхээс өмнө давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлээсээ татгалзаж болно” гэж хуульчилжээ.
Гэтэл хохирогч, түүний өмгөөлөгч нар шүүгч хэргийн талаар илтгэсэний дараа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзсан.
Хохирогч түүний өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг шүүх хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр тэдгээрийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
В.ЦЭЦЭНБИЛЭГ