Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0114

 

                                                                                                   

 

 

 

 

 

                                            

                                             “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0806 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Д” ХХК

Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.

Хэргийн индекс: 128/2024/0142/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0806 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3-д заасныг тус тус баримтлан “Д”  ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 00/0000 тоот тусгай зөвшөөрлийн тухай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тухай тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, хууль бус захиргааны актын улмаас хохирсон хохиролд 30,625,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “...Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхийг заасан бөгөөд 9.1:3.-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”, 9.1.11-д “аж ахуйн харилцааны дүрэм батлах” гэж хуульд 1. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, 2. Аж ахуйн харилцааны дүрэм батлах” гэж тус тусдаа өөр харилцааг зохицуулах зохицуулалтыг зааж өгсөн. Гэтэл хариуцагч нь хуульд “Аж ахуйн харилцааны дүрэм батлах" гэсэн бүрэн эрхээ хэтрүүлэн хуульд байхгүй “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм” гэсэн хууль бус актыг баталж, уг хууль бус актынхаа 5.2.12-т заасныг нөхцөлийг хангаагүй гэсэн үндэслэлгүй шалтгаанаар тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. Хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах эрхийг хариуцагчид өгөхдөө хэм хэмжээ тогтоосон захиргааны акт гаргах эрхийг олгоогүй юм.

2.2. Гэтэл хариуцагч нь уг тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмээр “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоож, хэрэгжилтийн харилцаа’’-г зохицуулах хэм хэмжээ тогтоосон акт гарган зохицуулж, хуульд байхгүй тусгай зөвшөөрлийн тухайн оны зорилт, түүний биелэлт гэж хуульд байхгүй, хуулиас давсан шаардлага тавьж, уг актыг үндэслэн манай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус юм.

2.3. Уг дүрмийн 5-д “Нөхцөл шаардлага”, 6-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын" биелэлтийг тайлагнах, дүгнэх” гэсэн хэсэг оруулсан. Дүрмийн 5-д заасан “Нөхцөл шаардлага”-г тогтоосон нь буруу юм, учир нь үүнийг хуулийн 9.1.3-д зааснаар тухайн харилцааг хэм хэмжээний актаар зохицуулахгүй, тогтоохгүй, дүрмийн 5-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг тайлагнах, дүгнэх” гэсэн нь хуулийн 9.1.3-д зааснаар хэм хэмжээний актаар зохицуулахгүй, тогтоохгүй болно.

2.4. Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн харилцаанд дараах зарчмыг баримтална гэж заасан 1.2-т хууль дээдлэх зарчмын талаар заасан. Хариуцагч байгууллага энэ хууль дээдлэх зарчмыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагааны зарчмын талаар заасан бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх гэж заасан. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж заасан. Уг хуулийн заалт нь тусгай зөвшөөрөл олгохдоо баримталж, мөрдөх маш тодорхой нарийвчлан зохицуулсан хуулийн заалт бөгөөд хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно гэж заасан байхад шүүх уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэглэхгүй, Эрчим хүчний тухай хуулийг баримтлана гэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй юм.

2.5. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, маргааны үйл баримтыг буруу дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэж чадаагүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

2.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0806 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Д” ХХК-аас “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 00/0000 тоот тусгай зөвшөөрлийн тухай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тухай тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, хууль бус захиргааны актын улмаас хохирсон хохиролд 30,625,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

3. Уг 00/0000 дугаар албан бичгээр “... Танай компаниас ирүүлсэн баримт бичигт тусгагдсан барилга байгууламжуудын дулааны тооцоот ачаалал 11.37 Гкал/ц байгаа тул “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал 20 Гкал/ц (цагийн тооцоот ачаалал)-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэж авсан” гэж заасан нөхцөлийг хангахгүй байгаа тул дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл хүссэн танай хүсэлтийг магадлан шалгах боломжгүй байна...” гэжээ.

4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзах үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2019 оны 181 дүгээр тогтоолын дагуу дүгнэлт өгнө. ... дээрх дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.12-д тусгай зөвшөөрөл хүсэгч нь 20 Гкал/ц тооцоот ачаалалтай байх шаардлагыг нэхэмжлэгч нь хангаагүй ... байх тул маргаан бүхий албан бичгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

5. Анх нэхэмжлэгч нь “... Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж заасан. Уг хуулийг зөрчсөн дүрмийн 5.2.12 дахь заалтыг үндэслэж манай компанид үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа болно...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан.

6. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хороо нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор 2019 оны 181 дүгээр тогтоолоо хүчингүй болгож “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг шинэчлэн баталсан боловч нэхэмжлэгчийн маргасан “тооцоот ачаалал 20 Гкал/цаг” гэсэн заалт өөрчлөгдөөгүй тул нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд дүрмийн уг заалтыг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.

7. Анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхээс тухайн захиргааны хэргийг шийдвэрлэх хүртэл энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч  хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь тухайн дүрмээ Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбоотой Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/772 тоот албан бичгийг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор хүчингүй болгожээ. Үүнтэй холбоотой Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 221/ШТ2025/0532 дугаар тогтоолоор “хүчингүй болгохыг хүссэн хэм хэмжээний акт нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр хүчингүй болсноор нийгмийн харилцааг зохицуулах үйлчлэл нь нэгэнт дуусгавар болж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэхээргүй болжээ” гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж[1] шийдвэрлэжээ.

8. Үүнээс үзвэл хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос “Д” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан хариу өгсөн үндэслэл буюу Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм” хүчингүй болж, татгалзсан шалтгаан нь арилсан нөхцөл байдал байхад анхан шатны шүүх энэ талаарх баримтыг буруу үнэлж “... 181 дүгээр тогтоолын дагуу дүгнэлт өгнө” гэж хэрэглэх хууль тогтоомж нь хүчин төгөлдөр эсэх, дээд эрэмбийн хэм хэмжээнд нийцсэн эсэх зэргийг харгалзан үзэлгүй, “нэхэмжлэгчийн хүссэн тусгай зөвшөөрөлтэй холбогдох харилцааг Эрчим хүчний тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан учир аль хуулийг хэрэглэх талаар маргаж буй энэ тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуулийг биш Эрчим хүчний тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй” гэж хуулийг буруу хэрэглэжээ.

9. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 9.1.2.энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох; 9.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах;, 21 дүгээр зүйлийн 21.7-д “Тусгай зөвшөөрлийг санхүүгийн чадавхитай, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан буюу явуулах боломжтой энэ хуулийн 9.1.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээдэд олгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл авах хүсэлт, холбогдох материал хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг нягтлан шалгаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч захиргааны байгууллагад даалгах үндэслэлтэй байна.

10. Харин дээрх байдлаар хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой хариуцагч нь тусгай зөвшөөрөл олгох эсэхийг зохих хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлээгүй байхад шүүхээс “тусгай зөвшөөрөл олгохыг шууд даалгах”, “хохирол гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0806 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн 9.1, 9.1.2, 9.1.3, 21 дүгээр зүйлийн 21.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 00/0000 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тус компанийн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгөөс 70200 улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү төлсөн 140600 төгрөгийг буцаан олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                             Н.ДОЛГОРСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1] 2 хавтас-18 хуудас.