Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 299

 

         Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгальмаа ,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Сонинмөнх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

шүүгдэгч С.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэрээтэрийн Энхбаярт холбогдох эрүүгийн 201619000377 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, халх, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Төв аймгийн Жаргалант сумын замтын 6-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сэрээтэрийн Энхбаяр /РД:УЗ89031834/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

            Шүүгдэгч С.Энхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн орчимд  Төв аймгийн Борнуур сумын нутаг “Тайстын хөтөл” гэх газарт 41-87 УНЧ улсын дугаартай Тоёота карина маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7, 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтуудыг тус тус зөрчсний улмаас 50-55 ДАР улсын дугаартай ВОЛЬВО тир маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас иргэн Б.Алтанцэцэгийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Энхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тиймээс нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг.   

            МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Хохирогч А.Алтанцэцэг нь мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “Би 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн орой 22 цагийн үед Дархан орох гээд машин хайгаад Драгон руу явах гээд нэг такси барьсан. Тэгсэн  таксины жолооч залуу надад Дархан руу явна гэр нь байдаг гэхээр нь шууд ганцаараа хаагаад 50 000 төгрөг өгөөд машинд нь суусан. Ингээд би түүний 41-87 УНЧ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгсэлд нь суугаад тэр залуу машинаа бариад Дархан руу хөдөлсөн ба шөнө дунд Төв аймгийн Борнуур сумын нутаг орж ирээд нойр хүрээд байхаар нь би түүнд эгч нь сандлыг нь арагшлуулж байгаад унтчих уу?  гэсэн жолооч  залуу тэг тэг гэхээр нь би сандлыг нь бүр хойшлуулж байгаад унтчихсан. Тэгээд нэг мэдсэн чинь машин юм мөргөх шиг болоод зогссон. Тухайн үед би шоконд ороод амьсгалж чадахгүй цээжээр хатгаад байсан машин аворт ороод замын хажууд гараад зогссон байсан ба босох гэсэн чинь босож чадахгүй жолооч намайг гаргасан” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 46-47/.

Хохирогч Г.Энхбаатар нь мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-ныг шилжих шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймгаас өөрийн найз М.Мөнх-Эрдэнэтэй хамт Тайсун Мана ХХКомпаний эзэмшлийн 50-55 ДАР улсын дугаартай Волво маркийн ачааны тээврийн хэрэгсэлтэй би жолоодоод Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газар орох гээд Урьханаас 2км-ийн зайд явж харин миний урд талд нэг ачааны  ногоон өнгийн машин явж байсан чинь урд талаас нь жижиг цагаан өнгийн суудлын тэрэг гарч ирснээ нөгөө машиныг шахсан.  Урд явж байсан машин шороо руу гарч зогссон. Тэгсэн нөгөө цагаан өнгийн суудлын жижиг тэрэг надруу чиглээд урсгал сөрж орж ирэхээр нь би тормозлосон чинь миний машины зүүн урд талаас мөргөөд өөрөө замын хажуу руу буюу явж байсан тал руугаа замаас гараад унасан. Ингээд бид 2 жижиг суудлын машин руу очсон чинь дээгүүрээ шалдан, шорттой хөл нүцгэн нэг залуу нилээн согтуу байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/

Иргэний нэхэмжлэгч Т.Мөнхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... Тухайн Волво тир маркийн 50-55 ДАР улсын дугаар тээврийн хэрэгсэл нь манай төрсөн ахын эзэмшлийн Тайсун Тана ХХК-ны эзэмшилд бүртгэлтэй манай компаний тээврийн хэрэгсэл юм. ... тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ нь 11 846 371 төгрөг болсон. Түргэн хугацаанд С.Энхбаяр гэх хүнээс гаргуулж авна гэсэн мэдүүлэг /хх-53-54 тал/,

Иргэний нэхэмжлэгч Э.Энхманлай мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би Нэт Капитал банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагч ажилтай. Манай байгууллагаас С.Энхбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 41-83 УНЧ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота карина  тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 2 000 000 төгрөгний зээл авч одоо 1 800 000 төгрөгний зээл үлдэгдэлтэй. Иймд зээлийн үлдэгдэл болох 1 800 000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг, /хх-ийн 58-59 хуудас/

 

Гэрч М.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалатад мэдүүлсэн: ... Төв аймгийн Борнуур сумын нутаг орж ирээд Урьхан зоогийн газраас 2км-ийн цаана явж байсан чинь урд талаас нэг жижиг тэрэг урсгал сөрж орж ирээд шууд мөргөсөн гэсэн мэдүүлэг, /хх-ийн 60 хуудас/

 

Гэрч О.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн орчимд манай найз С.Энхбаяр надад найз нь осолд орчихлоо гэсэн ба цаана нь нэг хүүхэн ёолоод өвчин намдаах эм байна уу гээд байсан. ... тэгээд би осол болсон гэх газар ирэхэд хүнд даацны машинтай мөргөлдсөн байсан. ... гэмтсэн гэх хүүхнийг аваад Баянчандмань сумын эмнэлэгт хүргэсэн гэсэн мэдүүлэг, /хх-ийн 63 хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 5-9 хуудас/

 

С.Энхбаяр жолоочийн согтуурлыг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 73 тоот шинжээчийн дүгнэлтэд “цусанд эпилийн спирт илрээгүй" гэх тэмдэглэл, /хх-ийн 77-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №7214 тоот "...1 А.Алтанцэцэгийн цээжний битүү гэмтэл, баруун талын 2,4,5,6,7-р хавирганы зөрөөтэй далд хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралт, баруун зүүн авдагт зулгаралт, хэвлий баруун өвдөг, зүүн хөлийг тавхайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт, /хх-ийн 68 хуудас/

 

"Ашид билгүүн" ХХК-ийн 2016 оны 05 сарын 24-ний өдөр гаргасан Авто машин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ "... Волво тир маркийн 50-55 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон хохиролын нийт дүн 11 846 371 төгрөг..." гэх үнэлгээ, /хх-ийн 80-85 /

 

"Ухаа шүрт консалтинг" ХХК-ийн 2016 оны 05 сарын 26-ны өдөр гаргасан Авто машин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ "... Тоёота карина маркийн 41-87 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон хохиролын нийт дүн 1 430 000 төгрөг..." гэх үнэлгээ, /хх-ийн 72-75 хуудас/

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Болдмандах 2016 оны 06 сарын 12-ны өдрийн №00000040 дугаартай "...1. Волва тир маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Г.Энхбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн зүйл ажиглагдахгүй байна. 2. Тоёота маркийн 41-87 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Энхбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Жолооч С.Энхбаяр нь Замын хөдөлгеөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ ядарсан үедээ  тээврийн хэрэгслийг жолоодох”,  мөн дүрмийн 8.2-д зааснаар "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна, 3. Тоёота маркийн 41-87 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Энхбаяр нь замын хөдөлгөөнд хөдөлгөөнд оролцохдоо зүүрмэглэж явж урсгал сөрөн Волво тир маркийн 50-55 ДАР дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан нь буруутай үйлдэл болох үндэслэлтэй байна. 4. Шинжилгээний явцад асуултанд тусгагдаагүй нөхцөл байдал шинээр илрээгүй..." гэх дүгнэлт, /хх-ийн 87-р хуудас/

 

Сэжигтэн, яллагдагчаар С.Энхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2016 оны 05 дугаар сарын 21-ны өдрөөс 22-ны орой 22 цагийн үед би өөрийн эзэмшлийн 41-87 УНЧ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота карина маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотод Өргөөгийн урд талд таксинд явж байсан чинь нэг хүүхэн гар өргөж суусан ба Драгон орно гэснээ драгон орох замдаа Дархан орно гээд байхаар нь би түүнтэй үнэ тохиролцож 30 000 төгрөгөөр бензин хийлгээд 50 000 төгрөг бэлнээр аваад Дархан руу хоёулаа хөдөлсөн. Тэгээд цаашаа Дархан руу гараад Төв аймгийн Борнуур сумын нутагт орж ирээд явж байсан чинь нөгөө хүүхэн амнаасаа архи үнэртүүлчихсэн эгч нь хөл өвдчихлөө гутлаа тайлаад дуг хийчих үү гэхээр нь тэг тэг гээд тэр эгч унтсан. Урьхан зоогийн газар өнгөрөөд явж байсан чинь би үүрэглээд байсан. Ингэтэл бүр зүүрмэглээд нүд анилдсан ба нэг мэдсэн чинь тас няс гээд явчихсан машин замаас гараад баруун талд урагшаа эргээд зогсчихсон. Буугаад ирсэн чинь миний мөргөсөн машинаас 2 залуу буугаад ирсэн. ... 102 руу залган дуудлага өгсөн, мөн найз руугаа залган осолд орчихлоо гэж хэлсэн. Нөгөө хүүхнийг урд талын суудлаас гаргаад арын суудал дээр суулгасан. Тэгээд би шоконд орсон. Нэг мэдэхэд ойролцоох модны хажууд сэрэхэд аав байж байсан.  ... би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн үед би хувцастай байсан гэхдээ өмсөж явсан цахилгаантай өмдний цахилгаан шуугдаад шилбэ гарсан. Нэг гутал пидальны цаагуур шигдээд өрөөсөн гуталгүй машинаас бууж ирсэн. Дээгүүрээ цэнхэр өнгийн футболка дээшээ сөхөгдчихсөн байсан. ... Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-101/

 

            - хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5 тал/,

            - зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-6 тал/,

            - осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7 тал/,

            - гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-9 тал/,

            - шүүгдэгч С.Энхбаярын 532200 дугаарын жолооны үнэмлэх, 01150459 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авсан тэмдэглэл /хх-45 тал/,

            - жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-77тал/,

            - шүүгдэгч С.Энхбаярын ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-104 тал/,

- шүүгдэгч С.Энхбаярыг 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр сэжигтнээр /хх-98-99 тал/, 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар /хх-100-101 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Энхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн орчимд  Төв аймгийн Борнуур сумын нутаг “Тайстын хөтөл” гэх газарт 41-87 УНЧ улсын дугаартай Тоёота карина маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7, 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтуудыг тус тус зөрчсний улмаас 50-55 ДАР улсын дугаартай ВОЛЬВО тир маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас иргэн Б.Алтанцэцэгийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.Алтанцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Т.Мөнхбаяр, Э.Энхманлай нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн, гэрч М.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтад мэдүүлсэн, гэрч О.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэгүүд, 2016 оны 05 сарын 27-ны өдрийн 7214 тоот шинжээчийн дүгнэлт, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн замын ахлах зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдмандахын гаргасан 2016 оны 06 сарын 12-ны өдрийн №000000040 тоот шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч С.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

        

Шүүгдэгч С.Энхбаярт ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.3 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

            Мөн Эрүүгийн хуулийн 61дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн / хохирогч иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн/ учир түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.Алтанцэцэгт 829 699 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Энхманлайд 1 800 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Мөнхбаярт 11 846 371 төгрөг тус тус төлөгдсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Алтанцэцэг, иргэний нэхэмжлэгч Э.Энхманлай, Т.Мөнхбаяр нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн С.Энхбаярын №532200 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх, мөн №01150459 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч С.Энхбаярт буцаан олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Энхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сэрээтэрийн Энхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчний улмаас нэг хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дэх хэсэгт зааснаар С.Энхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Энхбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан С.Энхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар  эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Ялтан С.Энхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Алтанцэцэгт 829.699 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Мөнхбаярт 11.846.371 төгрөг, Э.Энхманлай 1.800.000 төгрөгийг тус тус төлсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн С.Энхбаярын 532200 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 06 сарын 04-ний өдрийн бичиг баримт хураан авсан тухай тэмдэглэлээр 01150459 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч С.Энхбаярт буцаан олгосугай.

 

8.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Энхбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Энхбаярт хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар С.Энхбаяр нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан С.Энхбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА