Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2020/0770

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2020/0770

Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  А.У 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Нэхэмжлэлийн шаардлага: “А.У Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжийн холбогдох хэсгээр талийгаач нөхөр Ч.Б эзэмшдэг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших 000, 000 нэгж талбарын дугаартай 4040 м.кв үйлчилгээний зориулалт бүхий газрын эзэмших эрхийг хууль ёсны өвлөгч А.У надад шилжүүлэн эзэмшүүлэх тухай өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, дээрх нэгж талбар бүхий үйлчилгээний зориулалттай газрыг нэхэмжлэгч А.Уийн нэр дээр шилжүүлж эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, нэхэмжлэгч А.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “А.У би нөхөр  Ч.Б -ийн хамтаар 2004 онд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших Тасганы овооны зүүн энгэрийн ашиглагдаагүй газарт авто засвар, үйлчилгээний төвийг байгуулан, 2005 оноос М ХХК-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа өргөтгөсөн.

Авто засвар, үйлчилгээний төвийн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг эзэмших эрхийг нөхрийнхөө ах болох Ч.Г шилжүүлэн авах өргөдөл, хүсэлтийг 2005 онд Нийслэлийн газрын албанд гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн холбогдох хэсгээр тухайн газрыг эзэмших эрхийг Ч.Б маань нэр дээр шилжүүлсэн билээ.

Миний нөхөр Ч.Б нь 2015оны 01 дүгээр Сарын 03-ны ХХ нас барж, удалгүй хадам ээж Д.Н, нөхрийн минь эгч, ах, дүү нар А.У намайг, талийгаач Ч.Б бид хоёрын дундаас гарсан 2-14 насны 4 охины минь хамт орон гэрээс минь хөөн гудамжинд гаргаж, өв хөрөнгийн талаар марган үүсгэж, төрийн байгууллагын шийдвэрүүдээр гэр бүлийн маань бүхий л эд хөрөнгө эрхийг битүүмжилсэн.

Энэхүү хэрэг, маргаан 3 жил гаруйн хугацаанд тасралтгүй үргэлжилж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/000669 дугаартай тогтоол гарснаар өвтэй холбогдох асуудлууд эцэслэгдсэн юм.

Хуулийн хүчин төгөлдөр иргэний шүүхийн шийдвэрийн дагуу Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших нэгж талбарын 000, 18641312989094 дугаар бүхий 4040 м.кв газрыг эзэмших эрхийн өвлөгч болохыг тогтоосон Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Г 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ үйлдэгдэн гарсан.

А.У би 2018 оны 12 дугаар сарын эхээр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн холбогдох хэсгээр талийгаач нөхөр Ч.Бын эзэмшдэг нэгж талбарын 000, 18641312989094 дугаартай 4040 м.кв газрын эрхийг өвлөн шилжүүлж авах өргөдөл, хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргасан бөгөөд тухайн өргөдөл, хүсэлтийнхээ хариуг Нийслэлийн газрын албаны 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03-06/1042 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр авсан.

Уг албан бичигт тусгагдсан Нийслэлийн газрын албаны холбогдох албан
тушаалтны шийдвэр нь А.У миний талийгаач нөхөр Ч.Бын эд хөрөнгө, эрхийг өвлөх хууль ёсны эрхэд маань халдаж, Монгол Улсын Иргэний хуулиар тогтоосон өвлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтад огт хамааралгүй хуулийн үндэслэлээр гаргасан өргөдөл, хүсэлтийг маань хүлээн авахаас татгалзаж, улмаар гэмт хэргийн шинжийг шууд агуулсан үйлдэл бүхий шаардлагыг өвлөх эрхээ эдлэх эсэхийг шийдвэрлэх болзол болгон сөргүүлэн тавьсан байдаг.

Талийгаач нөхөр Ч.Бын газар эзэмших эрхийг А.У надад өвлүүлэн шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхийг Нийслэлийн төр, захиргааны ямар ч байгууллага, тэдгээрийн хэн нэгэн албан тушаалтанд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор олгоогүй бөгөөд газар эзэмших эрхийг өвлөхтэй холбогдуулан гаргасан өргөдөл, хусэлтийг маань хариуцсан байгууллага, албан тушаалтан шууд хангаж, албажуулах үүрэгтэй болно.

Нийслэлийн Газрын албаны холбогдох албан тушаалтнууд нь эхлээд А.У надад газар эзэмших эрхийг маань шилжүүлэх үүргээ биелүүлчхээд, дараа нь уг газрын эрхийг эзэмшигч болсон А.У надаас 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03- 06/1042 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт дурдагдсан Монгол Улсын Газрын тухай хууль тогтоомжид заасан үүрэг, хариуцлагыг шаардах эрхтэй болох юм.

Иймд “Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших 000, 000 нэгж талбарын дугаартай, 4040 м.кв үйлчилгээний зориулалт бүхий талийгаач Ч.Б-ын нэр дээрх газар эзэмших эрхийг түүний эхнэр, хууль ёсны өвлөгч  А.У-ийн нэр дээр шилжүүлж, эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах,

Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухайд: “А.У гаргасан “... Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн холбогдох хэсгээр талийгаач нөхөр Ч.Б-ийн маань эзэмшдэг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших нэгж талбарын 000, 18641312989094 дугаар бүхий 4040 м.кв газрын эрхийг хууль ёсны өвлөгч А.У надад шилжүүлэн эзэмшүүлнэ үү ...” тухай өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүйг хууль бус тогтоолгох,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших нэгж талбарын 000, 18641312989094 дугаартай,  4040 м.кв үйлчилгээний зориулалт бүхий  талийгаач Ч.Б-ийн нэр дээрх газар эзэмших эрхийг түүний эхнэр, хууль ёсны өвлөгч А.У-ийн нэр дээр шилжүүлж, эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах“  гэжээ.

Нэхэмжлэгчийн А.У шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Манай нөхөр бид хоёр анх 1994 оноос хойш 4 хүүхдийн аав, ээж болж амьдарч байсан. Хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гээд өнөөдрийг хүртэл явж байна. Энэ хугацаанд надад олонч хүндрэлтэй асуудлууд тулгарч байсан. Өв залгамжлахтай холбоотой асуудлыг 2018 оноос хойш Газар зохион байгуулалтын албан дээр өөрийн биер болон өргөдөл хүсэлт гаргаж олон удаа очиж уулзаж байсан. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн намайг очиж асууж тодруулдаг байдлыг минь маш сайн мэднэ. Хариуцагч тайлбарлахдаа бичиг баримтын эх хувийг өгөөгүй гэсэн. Би өргөдөл, гомдол, хүсэлт материалаа буцааж аваагүй. Тухайн үед эх хувь нэг л байснаа Газар зохион байгуулалтын албанд өгсөн. Дараагаар нь хариуцах мэргэжилтэнд та нар миний хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй маш олон удаа буцаалаа би авч болох уу гэхэд “...Болно. Би хуулбарлаад авсан. Та эх хувиа авч болно.” гээд өгөхөд эх хувийг би өөр дээрээ авсан. Тэрнээс би өв залгамжлахтай холбоотой гомдол, өргөдөл, хүсэлтийг Газар зохион байгуулалтын албанд гаргахдаа хуулбар хувийг хавсаргаж өгөөгүй. Би өнөөдөр шүүхэд ганцаараа оролцож байгаа ч миний ард дөрвөн хүүхэд минь байгаа гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.” Гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А.У 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2020 оны 10 сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагад тодруулга хийсэн.

А.Уийн нөхөр  Ч.Б-ын хамтаар 2004 онд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших Тасганы овооны зүүн энгэрийн ашиглагдаагүй газарт авто засвар, үйлчилгээний төвийг байгуулан, 2005 оноос “М” ХХК-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа өргөтгөсөн.

Авто засвар, үйлчилгээний төвийн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг эзэмших эрхийг нөхрийнхөө ах болох Ч.Гс шилжүүлэн авах өргөдөл, хүсэлтийг 2005 онд Нийслэлийн газрын албанд гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн холбогдох хэсгээр тухайн газрыг эзэмших эрхийг миний нөхөр Чын Ч.Бын нэр дээр шилжүүлсэн.

А.Уийн нөхөр Ч.Б 2015 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр харамсалтайгаар нас барж, удалгүй хадам ээж Д.Н, нөхрийн минь эгч, ах дүү нар нийлэн өв хөрөнгийн талаарх маргааныг үүсгэж, Ч.Бын нэр дээр өмчлөгдөж, эзэмшиж байсан эд хөрөнгө эрх бүх зүйлүүдийг шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн.

Энэхүү хэрэг маргаан 3 жил гаруйн хугацаанд тасралтгүй үргэлжилж, Улсын  Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхээс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/000669 дугаартай тогтоол гарснаар өв залгамжлахтай холбоотой асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдсэн.

Хуулийн хүчин төгөлдөр Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших нэгж талбарын 000, 18641312989094 дугаар бүхий 4040 м.кв газрыг эзэмших эрхийн өвлөгч болохыг тогтоосон Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Гн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ үйлдэгдэн гарсан.

Улмаар А.У 2018 оны 12 дугаар сарын эхээр, 2019 оны 03 дугаар
сарын 28, 2019 оны 10 дугаар сард тус тус Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд нэгэнт өөр дээр хууль ёсоор өвлөгдсөн  газрын эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх албажуулах, гаргуулахтай холбоотой хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан. Энэ өргөдөл хүсэлтийг гаргасны дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба тухайн асуудлыг шийдвэрлээгүй. 2019 оны 3 сарын 28-ны өдөр 03-06/1042 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 02-06/5113 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр А.Ут хариу өгсөн. Энэ бичиг дээр тухайн өвлөхтэй холбоотой, эрх шилжүүлэхтэй холбоотой асуудлаар тийм л гэдэг хариу гарах ёстой байснаас үгүй гэдэг хариу гарах эрх байхгүй.

Мөн тухайн асуудлаар ямар нэгэн шийдэл гаргалгүйгээр эс үйлдэхүйн шинжтэйгээр асуудалд хандах эрх Нийслэлийн Засаг даргад байхгүй. Энэ дээр эрхийг шилжүүлдэггүй. Хүсэлтийг хангаагүйгээр талийгаач Ч.Бын нэр дээр байгаа асуудлаар талийгаач Ч.Бын эзэмших, эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагатай холбоотой асуудлыг тухайн хамаарагдах эрх бүхий этгээд биш А.Уээс хууль бус болзол шаардлага болгож тавьсан агуулга бүхий Мэдэгдлийг А.Ут удаа дараа өгч байсан. Уг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны гаргаж байсан тухайн эс үйлдэхүйн шинжтэй үйлдэлтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ахин гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргад гаргасан тухайн гомдлын хариуг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаар дамжуулж 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 02-16/0616 дугаартай албан бичгээр хариуг өгсөн. Засаг даргад хандан 3 асуудлаар гомдол гаргасан. Үүнд: Өвлөх эрхтэй холбоотой асуудал, Б.Н өөрийнх нь ашиглаж байгаа газраас хууль бусаар 896 м.кв газрыг хууль бусаар эзэмшсэнтэй холбоотой асуудал, 2004 оноос хойш тасралтгүйгээр өөрийн өмч хөрөнгө бусад байдлаар тухайн газрыг бий болгож ашиглаж байгаа газрыг өргөтгөн, эзэмших тухай хүсэлттэй холбоотой гомдол гаргасанд Засаг дарга Б.Н холбоотой болон өргөтгөхтэй холбоотой асуудалд холбогдох хариуг өгсөнч өвлөхтэй холбоотой асуудлаар огт хариу өгөөгүй.

 Талийгаач Ч.Бын газар эзэмших эрхийг А.У өвлүүлэн шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхийг Нийслэлийн төр, захиргааны ямар ч байгууллага, тэдгээрийн хэн нэгэн албан тушаалтанд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор олгоогүй бөгөөд газар эзэмших эрхийг өвлөхтэй холбогдуулан гаргасан өргөдөл, хусэлтийг маань хариуцсан байгууллага, алба тушаалтан шууд хангаж, албажуулах үүрэгтэй.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох албан тушаалтнууд эхлээд А.У надад газар эзэмших эрхийг маань шилжүүлэх үүргээ биелүүлчхээд, дараа нь уг газрын эзэмшигч болсон А.У надаас 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03-06/1042 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт дурдагдсан Монгол Улсын Газрын тухай хууль тогтоомжид заасан үүрэг, хариуцлагыг шаардах эрхтэй болох юм. Иймд тухайн шаардлагад дурдсан газрыг эзэмших, өвлөхтэй холбоотой гаргасан өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхгүй орхисон үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг хууль бус болохыг тогтоож тухайн газрыг шилжүүлэн эзэмшүүлэх захиргааны актыг гаргахыг даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг гаргасан” гэв.

Нэхэмжлэгч  А.Уийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлж, захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн А.У нь тус шүүхэд Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000 дугаартай, Ч.Бын эзэмшлийн 4040 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлж эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар
захирамжаар иргэн Ч.Бод 4040 м.кв газрыг Үйлчилгээний зориулалтаар 15
жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон байна.

Иргэн А.У нь хууль ёсны өвлөх эрхийн гэрчилгээний дагуу тус газрыг өөрийн дээр шилжүүлэх хүсэлт ирүүлсэн ба тус хүсэлтийг хянан шийдвэрлэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулсан боловч эс зөвшөөрсөн шийдвэр гарсан байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5 даах заалт, Газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсгийг зөрчин, зохих зөвшөөрөлгүйгээр талбайн хэмжээ нэмэгдүүлсэн байх тул газар эзэмших эрхийн шилжүүлэх боломжгүй юм” гэжээ.

Нэхэмжлэгч А.Уийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлж, захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших 4040 м.кв үйлчилгээний зориулалт бүхий талийгаач Ч.Бын нэр дээрх газар эзэмших эрхийг түүний эхнэр А.Уийн нэр дээр шилжүүлж, эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Иргэн А.У 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж өргөдөл гаргасан нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт бүртгэгдсэн байна.

Уг өргөдөлдөө Нийслэлийн Засаг даргын 2006 оны 86 дугаар захирамжийн дагуу өөрийн нөхрийн эзэмшиж байсан 4040 м.кв газрыг хууль ёсны өв залгамжлагч болох өөрийнхөө нэр дээр эзэмшүүлэхийг хүссэн.

Энэхүү хүсэлтийг тухайн асуудлыг хариуцсан хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх бөгөөд өргөдлийг хянан шийдвэрлэх явцад иргэн А.У өвийн асуудлаар маргаан гарсан гэсэн тайлбар хэлж өргөдөлд хавсаргасан баримтуудаа буцаан авсан.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.У шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өгсөн өргөдөл хүсэлт нь А.Ут газар эзэмших эрх нээгдээгүй байхад талбайн хэмжээг нэмэгдүүлье гэдэг хүсэлтийг гаргасан. Маргаан бүхий газар дээр урдаа байгаа газрыг зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлсэн нь асуудал болоод байгаа. Уг зөрчлийг арилгасан тохиолдолд өвлөх эрхийн дагуу шилжүүлэх боломжтой гэдгийг мэдэгдсэн.

2019 оны 3 дугаар сарын 28-ны албан бичиг дээр “...талбайн хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.” гэдэг хариуг өгсөн. Хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэдэг дээр тухайн хүний өргөдөл, гомдолд заасан хүсэлтийг хамааруулж байгаа гэж ойлгож байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид өгсөн өгөөгүй өөрөө Авилгатай тэмцэх газарт өргөдөл гомдлоо өгөөд үүний дагуу үйл ажиллагаа явагдаад байгаа. Үүнээс болоод ямар нэгэн байдлаар зөрчигдсөн эрх ашиг гэж байхгүй байгаа. Бусад асуудал дээр нэмэлт тайлбар байхгүй” гэв.   

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч А.У Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжийн холбогдох хэсгээр талийгаач нөхөр Ч.Бын эзэмшдэг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших 000, 000 нэгж талбарын дугаартай 4040 м.кв үйлчилгээний зориулалт бүхий газрын эзэмших эрхийг хууль ёсны өвлөгч А.У надад шилжүүлэн эзэмшүүлэх тухай өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, дээрх нэгж талбар бүхий үйлчилгээний зориулалттай газрыг нэхэмжлэгч А.Уийн нэр дээр шилжүүлж эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар шилжүүлж эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлагаасаа гадна иргэн Б.Н газар эзэмшүүлсэн  Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/726 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар хандсан бөгөөд энэхүү шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 7596 дугаар захирамжид заасан үндэслэлээр тусгаарлаж нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тодруулсан дээрх шаардлагын хүрээнд хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэн хангаж шийдвэрлэв.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч А.У нөхөр Ч.Бын хамт 2004 оноос Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тасганы овооны зүүн энгэрийн ашиглагдаагүй газрыг өөрийн хүч хөрөнгөөр засаж авто засвар үйлчилгээний төв байгуулан үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд уг газрыг 2005 онд өөрийн нөхрийн төрсөн ах Ч.Г шилжүүлэн авах хүсэлт гаргаж Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар захирамжийн холбогдох хэсгээр уг 4040 м.кв газар эзэмших эрхийг Ч.Бын нэр дээр шилжүүлэн эзэмшсэн байна.

Нэхэмжлэгчийн нөхөр 2015 онд нас барж ах дүүсийн хооронд эд хөрөнгийн маргаан үүсэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн танхимын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/000669 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж нэхэмжлэгч А.У маргаан бүхий 4040 м.кв газрыг өвлөх эрхтэй болохыг тогтоосноор Хан-Уул дүүргийн тойргийн нотариатчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр түүний өвлөх эрх баталгаажжээ.

Улмаар нэхэмжлэгч А.У дээрх үйл баримтад үндэслэн Нийслэлийн Засаг дарга болон түүний газрын албанд хандаж 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээний дагуу 4040 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт[1], 2019 оны 12 дугаар сард  4040 м.кв газрыг өвлөх эрхийн дагуу өөрийн нэр дээр шилжүүлэх, иргэн Б.Н газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрийн эзэмшиж байгаа 4040 м.кв газрыг 5448 м.кв болгон нэмэгдүүлэх хүсэлтийг тус тус гаргаж байсан зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

2.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлийн талаар:

Шүүх Нийслэлийн Засаг дарга болон газрын албанд гаргасан нэхэмжлэгчийн дээрх хүсэлтүүдэд өгсөн хариуцагчийн мэдэгдэл шийдвэрүүд уг хүсэлт гомдлыг хуулийн хүрээнд бүрэн шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл хүсэлтэд дурдсан иргэн Б.Н газар эзэмшүүлсэн болон эзэмшиж байгаа газраа нэмэгдүүлэх талаарх хүсэлтэд хариу өгч харин хууль ёсоор эзэмшиж байгаа 4040 м.кв газрыг хууль ёсны өвлөх эрхтэй А.Уийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэхээр байна.

Учир нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.”, 520.1.1-д “нас барсан этгээдийн ..эхнэр....;; гэж заасны дагуу мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар нас барсан иргэн маргаан бүхий 4040 м.кв газрын эзэмшигч Ч.Бын эхнэр нэхэмжлэгч А.Ут Хан-Уул дүүргийн нотариатчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Ийнхүү хууль ёсны өвлөгчөөр тогтоогдсон А.Уийн хүсэлтийг хүлээн авсан атлаа шийдвэрлээгүй орхигдуулсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 4040 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлэхгүй байх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга түүний газар зохион байгуулалтын алба нэхэмжлэгч А.Уийн гаргасан хүсэлтийг хүлээн авч “....зохих зөвшөөрөлгүйгээр талбайн хэмжээг нэмэгдүүлсэн нь хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй.” тухай дурдаж хариу мэдэгдэх хуудас хүргүүлсэн нь үндэслэл муутай болсон байна.

Зүй нь иргэний гаргасан хүсэлт үндэслэл муутай байгаа бол хуулийн дагуу өвлөх эрхтэй болсон 4040 м.кв газрын эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасан эрхийн дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж харин хангагдах боломжгүй бусад хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдэх байтал хуулийн дагуу нээгдсэн өвлөх эрхийг шийдвэрлэлгүй орхигдуулж өөрт олгогдсон эрх үүргээ хуулийн хүрээнд бүрэн хэрэгжүүлээгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч А.У эзэмшиж байгаа газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргасан бөгөөд ингэхдээ хууль ёсоор эзэмшиж байгаа 4040 м.кв газраа өвлөх эрхийн дагуу шилжүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй бөгөөд 2018 оны 12 дугаар сард өвлөх эрхийн гэрчилгээний дагуу 4040 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх бие даасан хүсэлтийг гаргаж байсан баримт хэрэгт авагджээ.

Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбараар Ч.Б эзэмшүүлсэн 4040 м.кв газрын эрхийн талаар маргаагүй  атлаа хууль ёсоор өвлөх эрхтэй болсон нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа нь үндэслэл муутай байна.

          Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өвлөх эрхийн дагуу 4040 м.кв газрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож 000, 000 нэгж талбарын дугаар бүхий дээрх газрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.4, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 531.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших 000, 000 нэгж талбарын дугаартай 4040 м.кв үйлчилгээний зориулалт бүхий газрын эзэмших эрхийг хууль ёсны өвлөгч А.Уийн нэр дээр шилжүүлж эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР