Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 867

 

                                                                 МАГАДЛАЛ

 

2018.04.06                                                     Дугаар 867                                  Улаанбаатар хот

 

 

 

 

ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00537 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “З о ө”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч У с у  ОНӨААТҮГ,

Хариуцагч ? холбогдох,  

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс батлан гаргасан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф суурь хураамж батлах тухай 23 дугаар тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай 44 дүгээр тогтоол зэрэг хууль бус актын улмаас бий болгосон зохиомол өр төлбөр болох У с у гт төлөх 46 943 404,20 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О, Ж.Г, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Орон сууцны байруудад цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах, сантехникийн засвар үйлчилгээний ажил эрхлэн гүйцэтгэдэг бөгөөд ? /УСУГ/-тай гэрээ байгуулан ажиллаж бөөний үнээр цэвэр, бохир ус худалдан авч үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Гэтэл ? /Зохицуулах зөвлөл/-өөс 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоол Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф суурь хураамж батлах тухай, мөн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 44 дүгээр тогтоол Цэвэр усны үйлчилгээний тариф батлах тухай захиргааны хэм хэмжээний актуудыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Журам батлах тухай 119 дүгээр тогтоолыг зөрчин гаргаж дээрхи захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагад бүртгүүлэн Хууль зүйн мэдээлэл сэтгүүлд нийтлүүлэлгүйгээр хууль зөрчин хэрэглэж манай компанид тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийн ангилалд багтаан илүү нэмэгдэл үнээр тариф тогтоон зохиомол өр үүсгэн аж ахуйн үйл ажиллагаанд бэрхшээл учруулсан тул бид Захиргааны хэргийн шүүхэд 2016 оны 11 дүгээр сард хандан Зохицуулах Зөвлөлийн “З о ө”  ХХК-д тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгон, тусгай зөвшөөрлөө хуулийн дагуу авч үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа билээ. Иймд аж ахуйн нэгжид хууль зөрчин хүнд суртал гарган тусгай зөвшөөрөл олгохгүй хясан боогдуулж, үүгээр дамжуулан хууль бус захиргааны хэм хэмжээний акт гарган 2014 оны 07 сараас 2016 оны 09 сарын хооронд тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр өр үүсгэн 46 943 404,20 төгрөгийн үйлчилгээ үзүүлсний төлбөрийг “З о ө”  ХХК-иас УСУГ нэхэж байх тул уг өр төлбөрийг хасалт хийн хүчингүй болгуулж өгнө үү.

Зохицуулах зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/260 тоот Ус сувгийн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх албанд 17 329 110 төгрөгийг “З о ө”  ХХК-ийн өрнөөс хасаж тооцох үүрэг өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр У с у г, Зохицуулах зөвлөл, “З о ө”  ХХК-ийн санхүүчид төлбөрийн маргаантай байгаа үнэ 42 787 866 гэж харилцан тохиролцож гарын үсэг зурсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ 21 484 648 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс батлан гаргасан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф суурь хураамж батлах тухай 23 дугаар тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай 44 дүгээр тогтоол зэрэг хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актуудаас үүссэн зохиомол өр төлбөр болох УСУГ-т төлөх 25 458 756.2 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч У с у г ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “З о ө”  ХХК-тай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс бохир ус татан зайлуулах 240574 тоот аж ахуйн гэрээтэй хамтран ажиллаж байна. “3 о ө”  ХХК нь манай байгууллагад 2014 оны 07 сараас хойш өр, авлага үүсгээд байгаа ба 2017 оны 09 сарын байдлаар 92 138 204 төгрөгний өр үүсгээд байна. “З о ө”  ХХК нь 2014-2016 онуудад тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ба манай байгууллага нь хэрэгжүүлэгч байгууллага учир тусгай зөвшөөрөлгүй хэрэглэгчидтэй ? 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Зөвлөмж хүргүүлэх тухай 02/392 тоот албан бичгийн дагуу мөн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 44 дүгээр тогтоолд заасан Хүн амд үйлчлэх үнийн тариф, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолд заасан Айл, өрхийн суурь хураамжаар үйлчлэх тарифыг үндэслэн үйлчилгээ үзүүлсэн. Бид зохих хууль, журмын дагуу үйлчилгээ үзүүлж, төлбөрийн нэхэмжлэл “З о ө”  ХХК-д гаргасан ба нэхэмжлэгчийн төлбөл зохих төлбөр болох 46 943 404,20 төгрөгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг төлбөр тооцооноос “З о ө”  ХХК-ийн тусгай зөвшөөрлийн материалыг хүлээн авч хянаж байх хугацаа болох 2015 оны 4,10 cap, 2016 оны 3,4,7,8,9 сарын хугацаанд үүссэн цэвэр бохир усны тарифын зөрүү болох 17 329 110 төгрөгийг хасаж тооцуулах шийдвэрийг Зохицуулах зөвлөл гаргаж 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/260 тоот албан бичгээр ирүүлсэн боловч У с у г нь Зохицуулах зөвлөлийн 23, 44 дүгээр тогтоолоор батлагдсан үнэ тарифыг дагаж мөрдөн ажилласан ба уг     үйлдэл нь хууль, дүрэм, журам зөрчөөгүй гэж үзсэн, ? 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Авлагыг найдваргүйд тооцон бүртгэлээс хасах журамын 2 дахь хэсэгт найдваргүй авлагад тооцох үндэслэлийг дурьдсан ба зохицуулах зөвлөлийн шийдвэр нь найдваргүй авлагад тооцох үндэслэл болохгүй байх тул уг шийдвэрийг биелүүлэх боломжгүй байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10.1.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Зохицуулах зөвлөлөөс усны үнэ тарифыг тогтоон баталж хяналт тавьдаг ба манай байгууллага дээрх 23, 44 дүгээр тогтоолыг үндэслэн цэвэр, бохир усны төлбөрийг нэхэмжилсэн учир нэхэмжлэгчийн зохиомол өр төлбөр гэх, мөн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрсдөө “С а” ХХК-ийн 601, 603 дугаар байрны төлбөрийг дур мэдэн төлсөн. Ингэж төлөх хуулийн ямар ч үндэсгүй, нэхэмжлэх ямар ч боломжгүй байгаа гэжээ.

Хариуцагч ? итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /ХСУХАТАтХ/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1,2-т заасны дагуу Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Зохицуулах зөвлөлийн дүрмийг баталж, мөн оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183 дугаар тогтоолоор бүтэц, орон тоог баталснаар Зохицуулах зөвлөл үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАтХ-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тариф тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг бие даасан байгууллага юм. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.5-т нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авна, мөн ХСУХАТАтХ-ийн 12 дугаар зүйл 12.1-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ. гэж тус тус заасан байдаг. Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАтХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгодог. Тус Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАтХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08 тоот Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага баталсан. Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангасан нөхцөлд ХСУХАТАтХ-ийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах шаардлагатай байдаг. Тус Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАтХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 44 тоот тогтоолоор Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг тус тус баталж байсан. Зохицуулах зөвлөлөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02/392 тоотоор Ус сувгийн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх албанд холбогдох зөвлөмжийг өгч байсан. “З о ө”  ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Зохицуулах зөвлөлд хандаж ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн бөгөөд мөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний 28, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 08, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны 12, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 15 тоотоор тус тус тусгай зөвшөөрлийг хүсэж байсан. Гэвч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр уг компанийн тусгай зөвшөөрөл хүссэн материалыг буцааж байсан. Тухайлбал, “З о ө”  ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хариуцаж буй орон сууцныхаа хэрэглэгчдээс цэвэр, бохир усны мөнгийг төвлөрүүлэн авч 58 300 000 төгрөгийг хангагч болох Улаанбаатар хотын У с у гт төлөөгүйгээс усны төлбөр, тооцооны маргаантай асуудалтай байсан нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2.2-т Тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулахад хангагч байгууллагад хуритлагдсан өр төлбөргүй байх эсвэл өр барагдуулах график, гэрээтэй байх." гэж заасныг хангахгүй байсан тул тус Зохицуулах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/283 тоотоор “З о ө”  ХХК-д ? ус, үйлчилгээ авсны төлбөр, тооцоотой холбоотой асуудлаа шийдвэрлэсний дараа дахин хандах эрхтэйг мэдэгдэж байсан. “З о ө”  ХХК-иас 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд манай байгууллагыг хариуцагчаар татаж, Зохицуулах зөвлөлийг “З о ө”  ХХК-д хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөл олгохыг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж Зохицуулах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 72 дугаар тогоолоор уг компанид ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, зарим хэсгийг “3 о ө”  ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээний дагуу харилцан шийдвэрлэсний дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар дуусгавар болгосон. Зохицуулах зөвлөл нь ХСУХАТАтХ-иар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд 2014 оны 23, 2015 оны 44 тоот тогтоолоор Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг баталсан бөгөөд энэхүү тариф, суурь хураамжийг холбогдох эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй болно. Тус Зохицуулах зөвлөлөөс “З о ө”  ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээний 2.2.1-д заасны дагуу уг компанийн тусгай зөвшөөрлийн материалыг хүлээн авч хянаж байх хугацаанд болох 2015 оны 4,10 cap, 2016 оны 3,4,7,8,9 сарын хугацаанд үүссэн цэвэр, бохир усны тарифын зөрүү 17 329 110 төгрөгийг “З о ө”  ХХК-ийн өр төлбөрөөс хасаж тооцуулах саналыг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/260 тоотоор У с у гт илгээсэн. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг судлан үзэж, “З о ө" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож   өгнө үү гэжээ.

Шүүх: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14-т заасныг баримтлан хариуцагч У с у г ОНӨААТҮГ, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөл нарт холбогдох Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс батлан гаргасан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф суурь хураамж батлах тухай 23 дугаар тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай 44 дүгээр тогтоол зэрэг хууль бус актын улмаас бий болгосон зохиомол өр төлбөр болох У с у гт төлөх 25 458 756.2 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “З о ө”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “З о ө”  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохицуулах зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн "Цэвэр,бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай 23-р тогтоол 2015 оны 07 дугаар сарын 31-ний Цэвэр бохир усны үйлчилгээний тариф батлах тухай 44-р тогтоолыг хууль зүй асуудал эрхэлсэн төрийн төв байгуулагад бүртгүүлээгүйг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "Хууль зүйн мэдээлэл" №4, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл" №4-1 нийтлэгдээгүй болохыг тогтоож хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтанд хөдлөнгийн гэрчийн дэргэд үзлэг хийж хавтаст хэрэгт авсан. Дээрхи хоёр төрлийн тогтоол нь захиргааны хэм хэмжээний актанд бүртгээдээгүйг зохигчид бүгд хүлээн зөвшөөрсөн, харин хариуцагч тал болох Зохицуулах зөвлөлийн хуульч н.Б “...дээрхи хоёр тогтоолыг хүчингүйд тооцсон дээд шатны ямар нэгэн акт гаргаагүй...” гэж мэтгэлцсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 23-наас өмнө Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн төв байгуулагад бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний акт" сэтгүүлд нийтлэгдсэн, захиргааны хэм хэмжээний актын жагсаалтыг ХСУСАТҮ Зохицуулах Зөвлөл шүүхэд нотлох баримт болгон ирүүлсэн баримтанд ч дээрхи хоёр тогтоол байхгүй байхад анхан шатны шүүх дээрхи 2 тогтоолыг хүчин төгөлдөр тогтоол мөн хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн төв байгуулагад бүртгүүлсэн "Хууль зүйн мэдээлэл" "ЗХХА эмхэтгэлд" сэтгүүлүүдэд нийтлэгдсэн гэж дүгнэлт гаргасан учир дутагдалтай байна.

Захиргааны анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд хариуцагч тал "Тусгай зөвшөөрөл олгох нөхцөл шаардлага гэсэн Захирааны хэм хэмжээний актуудын удаа дараа гаргаж байсан боловч Засгийн газрын 119-р тогтоол болон Захиргааны ерөнхийн хуулийн 59, 67-р зүйлд заалтыг хэрэгжүүлээгүй болохоо хариуцагч тал хүлээн зөвшөөрсөнийг анхааралгүй, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нь төрийн алба хаагчдын буруутай эс үйлдэхүй болохыг тогтоолгүй татвар төлөгч аж ахуйн нэгжийг буруутгаж буй нь хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэсэн гэж үзхэд хүргэж байна. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67 2, 67.3, 67.4 Засгийн газрын "Захиргааны хэм хэмжээний акт тогтоох журам батлах" тухай 2010 оны 119-р тогтоолд тодорхой заасаныг нэхэмжлэгч тал шүүх хурал дээр дэлгэрэнгүй тайлбарласан боловч анхаар ч үзсэнгүй. Хэдийгээр "Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай" хууль 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан боловч төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж "Тусгай журам, нөхцөл шаардлага батлах журам 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн төв байгуулагад бүртгэгдсэн байна. Иймд анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг минь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “З о ө”  ХХК нь хариуцагч У с у г ОНӨААТҮГ, ? холбогдуулан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс батлан гаргасан 23, 44 дүгээр тогтоолд үндэслэсэн өр төлбөр болох У с у гт төлөх 46 943 404,20 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөл нь 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр "Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай 23 дугаар тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Цэвэр бохир усны үйлчилгээний тариф батлах тухай 44 дүгээр тогтоол гаргасан, уг тогтоолоор Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг баталсан, 2015 оны 4,10 cap, 2016 оны 3,4,7,8,9 сарын хугацаанд үүссэн цэвэр, бохир усны тарифын зөрүү 17 329 110 төгрөгийг “З о ө”  ХХК-ийн өр төлбөрөөс хасаж тооцсон байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 23, 44 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 759 тоот захирамж хэрэгт авагдсан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Иймд дээрх 23, 44 дүгээр тогтоол хүчинтэй байгаа тохиолдолд уг тогтоолоор баталсан үйлчилгээний хураамж, төлбөрийг “З о ө”  ХХК нь хариуцах үндэслэлтэй юм.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 285 244 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ш.ОЮУНХАНД

 

 ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                М.НАРАНЦЭЦЭГ