| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0095/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/93 |
| Огноо | 2023-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч, хохирогч Б.А,
шүүгдэгч, хохирогч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Э-н У, Б овогт Б-н А нарт холбогдох эрүүгийн 2317000000094 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 09 дүгээр сарын 19-нд Г аймгийн С суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уулын цахилгааны инженер мэргэжилтэй, Д ХХК-нд техникийн операторчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Г аймгийн С сумын дугаар баг, Р-ны ..7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-н А /РД: ЕУ/,
Монгол Улсын иргэн, 19 оны 05 дугаар сарын 07-нд Г аймгийн С суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, К группын тээврийн инженер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Г аймгийн С сумын дугаар баг, ...71 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх Б овогт Э-н У /РД: ЕЙ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн орчим Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гранд баарны гадаа Э.У-тай маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь 1 шүдний булгарал, уруул буйланд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалганд цус хуралт, уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Э.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн орчим Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гранд баарны гадаа Б.А-тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь завжинд шарх, зөөлөн эдийн няцрал, уруул, цээж хэвлийд зулгаралт, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гранд баарны гадаа хохирогч Э.У-тай маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь 1 шүдний булгарал, уруул буйланд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалганд цус хуралт, уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Э.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гранд баарны гадаа Б.А-тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь завжинд шарх, зөөлөн эдийн няцрал, уруул, цээж хэвлийд зулгаралт, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.А, Э.У нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
хохирогч Б.А-ын “...У намайг таниад хүрч ирээд юм ярьж сууж байснаа согтсон бололтой ширээн дээр лаазтай пиво шидээд асгачихсан. Тухайн үед би Уыг тайвшруулахаар авч гараад больчихооч дээ, яагаад ингээд байгаа юм бэ, пиво асгаад байна ш дээ гэхэд У надад хандан гуйлгачин минь чи миний асгасан пивийг орж арч гэж надад хэлсэн. Тэгэхээр нь миний дургуй хүрээд зүгээр байгаарай гэж хэлээд Утай барилцаж авсан. Тэгээд бид 2 муудалцаж эхэлсэн бөгөөд Гранд баарны үүдэнд У бид 2 харилцан зодолдсон. Гэхдээ эхлэж У миний нүүр лүү цохисон. Тухайн үед бид хоёр бие биенээ яг хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна. Ямар ч байсан би гараараа У-ын нүүр лүү 5-6 удаа цохисон. У буцааж намайг бас 5-6 удаа гараараа нүүр лүү цохисон байх. У миний нүүр лүү гараараа цохисны улмаас миний дээд уруул цоорч язарсан, дээд үүдэн нэг шүд хөдөлсөн, харин У надад цохиулснаас үүдэн дээд нэг үүдэн шүд нь унасан байсан....Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
хохирогч Э.У-ын “...А намайг гараад ир гээд үүдэнд дуудсан. Тэгээд баарны үүдэнд гараад очтол А намайг чи хэзээ ийм том болчихсон юм гээд баарны гадаа миний нүүр лүү нэг удаа гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би А-тай муудаад яахав гээд хойшоо ухраад зогстол А намайг нэг дахиад цохиод авсан. Тухайн үед миний дургүй хүрээд А-тай барилцаж аваад буцаагаад А-ыг 2 удаа цохисон. Яг хаана цохисныг доошоо тонгойчихсон байсан болохоор мэдэхгүй байна. Тэгээд А намайг газар унагаад би босох хооронд А толгой нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед цохиулснаас болоод би манараад юу болсныг мэдэхгүй болсон. Тэгээд сэргэтэл хамраас цус гараад байгаа бололтой байхаар нь цусаа арчтал хамраас биш амнаас гарч байсан. Мөн миний дээд үүдэн шүд унасан байсан. Дахиж А-тай муудалцаагүй, тухайн үед би шүдээ хайж байгаад олсон боловч буцаад гээчихсэн байсан. Тэгээд надтай хамт явж байсан ах Б цагдаад дуудлага өгсөн. ....Надад гомдол санал нэмэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
гэрч М.Л-ийн “...Бүжиглэж байгаад агаар амьсгалах гээд Грандаас гартал А ах нэг хүнтэй зодолдсон бололтой А ахын амнаас цус гарсан байсан. Мөн А-тай зодолдсон өндөр залуугийн амнаас бас цус гарчихсан Грандын үүдэнд зогсож байсан. Би А-аас юу болсныг ерөөсөө асуугаагүй, мөн А-ыг хэзээ Грандаас гарсныг, яагаад тэр залуутай муудалцсаныг мэдээгүй. Тухайн үед Грандын гадаа М, би, нэг хөгшин ах байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
гэрч Г.Б-ын “...Хэсэг хугацааны дараа би ресторанаас гартал үүдэнд А У-ыг доороо хийчихсэн цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би А-ыг У-ын дээрээс босгоод салгасан. Гэтэл У, А хоёр 2 дахиад муудалцаад бие биенээ заамдаад авсан. Тухайн үед би мөн тэр 2-г салгасан. Сүүлд У А хоёр бие биенээ заамдахдаа цохиж зодолдсон зүйл байхгүй. Барилцаж байгаад салсан. Тэгээд У миний шүд уначихлаа гээд шүдээ хайгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
гэрч Л.М-гийн “...Бүжиглэж байгаад Грандын гадаа гартал А нөгөө юм яриад байсан залуутайгаа муудсан бололтой хэрэлдээд бие биенийгээ түлхэлцээд зогсож байсан. Тэгэхээр нь би А-ыг боль гэж хэлсэн. Тэгээд цааш юу болсныг би санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
гэрч Д.Б-гийн “...А-тай би бага ангиас эхлээд найзалж нөхөрлөж байсан болохоор мэднэ. А бид хоёр Хонхорын 10 жилийг сурч төгссөн. Б.А 10 жилдээ спортлог сагсан бөмбөг сайн тоглодог хүүхэд байсан. Б.А нь зан байдлын хувьд төлөв даруу, спортлог, ажилч, хичээнгүй, тусч, шударга, ямар нэгэн асуудал тариад байдаггүй тийм залуу байгаа юм. Одоо А нь эхнэр 2 хүүхдийн хамт Сүмбэр сумын 2 дугаар баг Дэнжид амьдардаг бөгөөд замын баруун талд нүүрсний компанид ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
гэрч Э.Э-ын “...У зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, илүү дутуу зангүй, ажилч хичээнгүй, шаргуу хүнтэй муудалцаж маргалдах асуудал гаргадаггүй. Нэг ажил эхлүүлсэн бол дуусгаж байж санаа нь амардаг залуу байгаа юм. Одоо У нь эхнэр хүүхдийн хамт Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхонд амьдардаг бөгөөд тээврийн компанид тээврийн менежер ажилтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 240 дугаартай дүгнэлтэд:
- Б.А-ын биед завжинд шарх, зөөлөн эдийн няцрал, уруул, цээж, хэвлийд зулгаралт, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. /хх-ийн 36 дугаар хуудас/,
Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 241 дугаартай дүгнэлтэд:
- Э.У-ын биед 1 шүдний булгарал, уруул буйланд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалганд цус хуралт, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5 хувь алдагдуулна.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4480 дугаартай дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх марль дээр цус илэрсэн, уг цус нь хүний цус байна.
- Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх марль дээр илэрсэн цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна.
Дүгнэлт гаргасан: Биологийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Ш.Пүрэвдулам гэжээ. /хх-ийн 47 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-92 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Б.А, Э.У, гэрч Г.Б, М.Л, Л.М нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 240 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 241 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Э.У, Б.А нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Э.У, Б.А нар нь эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Э.У, Б.А нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Э.У-ын хүлээн зөвшөөрсөн 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Б.А-ын хүлээн зөвшөөрсөн 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ХГҮ-1 гэж хаягласан боодол бүхий цагаан өнгийн самбайнд шингэсэн цус мэт зүйлийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Б-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.У, Б.А нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.У, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ХГҮ-1 гэж хаягласан боодол бүхий цагаан өнгийн самбайнд шингэсэн цус мэт зүйлийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ