Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 864

 

МАГАДЛАЛ

 

2018.04.06                                                     Дугаар 864                                  Улаанбаатар хот

 

 

 

 

М.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00242 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТОСК ТӨҮГ-т холбогдох,

 

ТОСКйн ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын   24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар М.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсаныг хүчингүй болгох, эрхэлж байсан ажил албан тушаалд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааг ажилласан жилд нөхөн тооцуулах, цалин, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Бат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирал А.Гын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/114 тоот тушаалаар Хөрөнгө оруулалт, санхүү удирдлагын газрын даргаар томилогдсон. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирал Б/145 тоот тушаалаар Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд томилогдон 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажиллажээ. "ТОСК" Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 10.2.3-р заалт /Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үргэлжилсэн нэг сарын дотор 24 буюу түүнээс дээш цаг ажлаас хоцорч, эсхүл ажлын цагаар удирдлагын зөвшөөрөлгүй ажлын байраа орхисон, ажил тасалсан бол Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу цуцлах/-ыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 13-11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшил суурьшлын байгууллага /UN-Habitat/, Бүгд найрамдах Солонгос Улсын Гангвон мужийн захиргаа болон Солонгос Улсын Олон улсын хот байгуулалтын сургалтын төв /IUTС/-ийн урилгаар, Солонгос Улсад зохион байгуулагдсан "Ази тивийн хотуудад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах нь, Гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх, хэрэгжүүлэх" сэдэвт сургалтанд 2017 оны 11 дүгээр сарын 13-с 11 дүгээр сарын 21-ний хооронд хамрагджээ. "Олон улсын хот байгуулалтын сургалтын төв" /IUTС/-өөс зохион байгуулсан энэхүү сургалт нь Ази тивийн улс, орнуудын хот тосгодын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, хот байгуулалтын тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээг зохион байгуулах, бодлого, стратеги, хөтөлбөрүүд боловсруулах арга барилаас суралцах, хотын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг шинэчлэн сайжруулах, амьдралын нөхцлийг дээшлүүлэх, хот суурин газрын нөхөн сэргээлт хийх тухай Солонгос болон бусад улс орнуудын туршлагаас суралцах, Энэтхэг, Филипин, Вьетнам, Индонези, Бутан, Непал, Кампучи, Шриланк гэх мэтчилэн Ази тивийн бусад улсуудын төрийн байгууллага, яам, агентлаг, орон сууцны корпорацийн удирдлагууд, экспертүүдтэй уулзаж, харилцан өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.

"ТОСК" шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь ерөнхий захирлаас албажуулсан албан тоотын дагуу, НҮБ-ын ажлын албанаас баталж, гаргасан төсөв, зардлын хүрээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоод ирсэнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжтой гэж ойлгож байна. "ТОСК" Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсаныг хүчингүй болгон, эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааг ажилсан жилд нөхөн тооцуулах, цалин, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч М.Б нь ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 10-наас 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 4 хоног, 2017 оны 8 дугаар сарын сүүлээр 3 хоног тус тус байгууллагын удирдлагаас зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр нийт 7 хоног ажил тасалж гадаад улсад зорчиж байсан. Тухайн үед байгууллагын удирдлагын зүгээс нэхэмжлэгч М.Бад хүндэтгэлтэй хандан аман байдлаар анхааруулж, ямар нэг сахилгын шийтгэл ногдуулалгүй өнгөрүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч М.Б нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг /хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн гаргасан тус газрын Ерөнхий захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/109 тоот /тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 10.2-т Ажилтан нь албан үүргээ гүйцэтгэхдээ удирдлагын зөвшөөрөлгүйгээр аж ахуй нэгж, иргэн, түүний дотор "гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчихыг хориглоно ноцтой зөрчин, дур мэдэн, байгууллагын удирдлагаас чөлөө авалгүйгээр дахин 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд буюу нийт 8 өдрийн ажил таслан, гадаадад сургалтанд явсан байдаг. Ажилтан М.Бын энэхүү биеэ тоосон, холбогдох хууль, журмыг үл ойшоосон байдал нь удаа дараа давтагдаж, тус байгууллагын удирдах, удирдуулах ёсыг алдагдуулсан, нийт ажилтан албан хаагчдад хууль бус муу үлгэр дууриалал үзүүлсэн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэснийг, мөн тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.2, тус газраас ажилтан М.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.2.3 дахь заалтыг тус тус зөрчсөн тул цаашид хамтарч ажиллах боломжгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.3, Хөдөлмөрийн гэрээний 3.2-т тус тус заасны дагуу ТОСК ТӨААҮГ-ын Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. М.Б нь Солонгос Улсын Олон Улсын хот байгуулалтын сургалтын төвд уг сургалтанд хамрагдахыг зөвшөөрч буй тухай тус газраас 1/978 тоот албан бичгийг хүргүүлсэн тухай дурьдсан байна. Дээрх албан бичгийг цаг хугацааны хувьд 2017 оны 10 дугаар сарын 13-нд Солонгос Улсын Олон улсын хот байгуулалтын сургалтын төвд хүргүүлсэн байдаг. Гэтэл тус байгууллагад Үндэсний аудитын газраас үйл ажиллагааны хяналт шалгалт орсон бөгөөд хяналт шалгалтын ажлын хэсэгт Хөрөнгө оруулалт, зөвлөлтийн газраас холбогдох танилцуулга, тайлан материал гаргаж өгөх, тайлагнах шаардлага үүссэн түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн уралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийхтэй холбогдуулан ТОСК ТӨААҮГ-аас Орон сууцны хангамж, ипотекийн зээл олголт болон Түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар танилцуулга бэлтгэх, Ерөнхий сайд болон Барилга, хот байгуулалтын сайдад танилцуулах зэрэг цаг үеийн нэн шаардлагатай ажил гарсантай холбогдуулан тус газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга зайлшгүй байх шаардлага гарсан бөгөөд иймд уг сургалтанд гадаадад явуулах боломжгүй байгаа тухай өөрт нь анхааруулсан гэсэн байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар "ТОСК" ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын даргын ажилд М.Быг эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар "ТОСК" ТӨҮГ-аас 7 919 535 төгрөгийг гаруулж М.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 343 656 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар М.Бын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг "ТОСК" ТӨҮГ-т үүрэг болгож, М.Б ажилгүй байсан хугацааг ажилласан жилд нөхөн тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар М.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, "ТОСК" ТӨҮГ-аас 141 663 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611016627 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М.Б шүүх хуралдаанд сургалтанд оролцохоор явахын өмнө гадаад сургалтанд оролцуулах шийдвэр гаргуулах өргөдлийг холбогдох баримтын хамт "ТОСК" ТӨААТҮГ-ын Ерөнхий захиралд гаргасан гэсэн тайлбар гаргасан бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгээгүй. Энэ байдлыг гэрч Б.Ц 2017 оны 11 дүгээр сард сургалттай гэж надад танилцуулсан... би чөлөө өгдөг субьект биш Ерөнхий захиралд танилцуулаад яв гэсэн, дараа нь захирал баталсан гээд урилга нь ирсэн гэж байсан гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ. Нөгөөтэйгүүр хариуцагч "ТОСК" ТӨААТҮГ-ын дүрмийн 6.1.8, Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар Ерөнхий захирал хууль тогтоомжид зааснаар тушаал шийдвэр гаргаж, үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, ажилтнаас гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй байна. Үүнд ажил олгогч "ТОСК" үүргээ биелүүлээгүй нь ажилтан М.Быг буруутгах үндэслэл болохгүй. Тухайлбал нэхэмжлэгчийн БНСУ-д сургалтанд оролцсон ажлын 8 өдрийг ажил тасалсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу бөгөөд хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2-т заасан ноцтой зөрчил болохгүй юм гэж дүгнэсэн байна. Гэтэл хариуцагчаас тус шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд /Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгч М.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ/-г шүүх үнэлээгүй байна. Нэхэмжлэгч М.Б нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг тус тус зөрчсөн.  2017 оны 11 дүгээр сарын эхээр нэхэмжлэгч М.Бын зүгээс сургалтын урилга ирсэн, тухайн сургалт нь 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 21-ний өдрүүдэд болох тул гадаад томилолт олгож өгнө үү гэсэн хүсэлт тавьсан бөгөөд үүнтэй давхцаад тухайн цаг үед манай байгууллагад Үндэсний аудитын газраас үйл ажиллагааны хяналт шалгалт орсон бөгөөд хяналт шалгалтын ажлын хэсэгт Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газраас холбогдох танилцуулга, тайлан материал гаргаж өгөх, тайлагнах шаардлага үүссэн, түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийхтэй холбогдуулан "ТОСК" ТӨААТҮГ-аас Орон сууцны хангамж, ипотекийн зээл олголт болон Түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар танилцуулга бэлтгэж Ерөнхий сайд болон Барилга, хот байгуулалтын сайдад танилцуулах зэрэг цаг үеийн нэн шаардлагатай ажил гарсантай холбогдуулан тус газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга зайлшгүй байх шаардлага гарсан бөгөөд "ТОСК" ТӨААТҮГ-ын Ерөнхий захирал дээрх үүссэн нөхцөл байдлыг өөрийн биеэр албан ёсоор мэдэгдэж, энэ удаадаа гадаадад сургалтанд явуулах боломжгүй тул гадаад томилолтын тушаал гаргаж өгөхгүй талаар нэхэмжлэгч М.Бад хэлж анхааруулсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч ТОСК ТӨҮГ-т холбогдуулан тус байгууллагын ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар М.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсаныг хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааг ажилласан жилд нөхөн тооцуулах, цалин, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл "ТОСК" /ТӨҮГ/-ын ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 10.2.3-р заалтыг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Дээрх тушаалд “...М.Б зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд ажил тасалсан...” гэжээ.

Нэхэмжлэгч М.Б нь тухайн өдрүүдэд Солонгос Улсын Олон улсын хот байгуулалтын сургалтын төв /IUTС/-ийн урилгаар, тус улсад зохион байгуулагдсан "Ази тивийн хотуудад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах нь, Гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх, хэрэгжүүлэх" сэдэвт сургалтад оролцсон, энэ сургалтад түүнийг оролцуулахыг дэмжиж байгаа талаар хариуцагч байгууллагын ерөнхий захирал нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/978 тоот албан тоотоор уг сургалтыг зохион байгуулагчид мэдэгдсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн заримыг хангасан нь үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

 

                                                               М.НАРАНЦЭЦЭГ