Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 01

 

 

                                                                  Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй                                                                                                                                     болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.П-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ОАСХ-нд холбогдох

“ОАСХ нь нэр дэвшигч миний нэрийг “П” гэж жижиг үсгээр бичиж, хэвлүүлсэн болон алдаатай саналын хуудсаар сонгогчдын санал авсан нь илт хууль бус болохыг тогтоож, Г.П миний зүгээс сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан 5.3 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2020/0022/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.П би орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшиж өрсөлдсөн юм. Миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3 дугаар тойргийн 5, 6 дугаар хэсгийн хороонд явагдсан санал хураалтын үйл ажиллагаа нь нэр дэвшигч Г.П миний сонгогдох эрх ашгийг илт зөрчсөн, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “саналын хуудаст нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийнх нь нэрийг том үсгээр бичих...” гэснийг зөрчиж, “П” гэж нэрийг минь жижиг үсгээр бичиж, хэвлүүлэн алдаатай саналын хуудсаар сонгогчдын санал авсан нь илт хууль бус үйл ажиллагаа болсон.

Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Саналын хуудаст бичигдэх ....нэр дэвшигчийн өөрийн нэр болон эцэг, эхийн нэр үнэн зөв эсэхийг бүртгэсэн сонгуулийн хороо нь хариуцна.” гэсний дагуу хариуцагчаар ОАСХ-г татаж байгаа.

Нэр дэвшигч Г.П миний хувьд сонгуульд ялалт байгуулж, тангараг өргөсөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн бусад дэвшигчидтэй болон сонгуулийн ерөнхий үйл ажиллагааг хууль бус гэж маргаагүй. Зөвхөн саналын хуудаст Г.П миний нэрийг хууль зөрчиж, илт жижгээр бичсэн нь сонгогчдыг төөрөгдүүлэх, бусад нэр дэвшигчдийн нэрээс жижгээр бичигдсэн нь сонгуулийн хуудаст нэрийг хайхад хүндрэл учруулсан илт хууль бус үйлдэл байлаа.

Сонгогчид сонгууль өгөх үеэс буюу сонгууль явагдсан 2020-10-15-ны өдрийн 09:05 цагт надад сонгууль өгсөн эхний сонгогчдоос “Таны нэр аймагт нэр дэвшсэн сонгогчдын хамгийн сүүлд жижгээр бичигдсэн, эрж хайхад бэрхшээлтэй байна” гэсэн гомдол ирсэн ба сонгуулийн үйл ажиллагаа дуусгаад санал хураалт явагдахад Г.П надад итгэж 287 сонгогч саналаа өгсөн байсан. Сонгууль дууссаны дараа ОАСХ-нд гомдол гаргахад өөрсдийн алдааг хаацайлж, “Сонгуулийн ерөнхий хороонд” хамааралтай тухай мэдэгдсэн.

ОАСХ-ны эрхлэх ажлын хүрээнд хийгдсэн нэр дэвшигч Г.П миний сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн, хариуцсан ажилдаа хайнга хандсан нь нэр дэвшигч намайг сонгох иргэдийн сонголтонд сөргөөр нөлөөлсөн гэж үздэг.

Илт хууль бус саналын хуудсаар сонгууль явагдсаны улмаас Г.П надад учирсан эдийн засгийн хохирол болох 5.3 сая төгрөг /таван сая гурван зуун мянган төгрөг/-ийг ОАСХ-ноос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол Захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.” гэснийг болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “саналын хуудаст нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийнх нь нэрийг том үсгээр бичих...” гэснийг тус тус зөрчсөн.

ОАСХ нь нэр дэвшигч миний нэрийг “П” гэж жижиг үсгээр бичиж, хэвлүүлсэн болон алдаатай саналын хуудсаар сонгогчдын санал авсан нь илт хууль бус болохыг тогтоож, Г.П миний зүгээс сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан 5.3 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү”[1]

“...Төрийн сонгуульд хариуцлагатай ажиллах ёстой. Зургаан настай хүүхдээс саналын хуудасны ялгааг асуувал том, жижиг үсгээр бичсэн алдаа байгааг шууд хэлнэ. Би мөнгө авах гээд улайрсан зүйл алга. Монгол Улсад хууль хүмүүст тэгш үйлчилдэг зүйл байхгүй байна. Үүний төлөө би явж байна. Хуульд бичсэн зүйлийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Сонгуулийн хороо үүнийг бичиг үсгийн жоохон алдаа гэж хэлсэн. Энэ бол хууль зөрчсөн том алдаа. Би хууль илт зөрчсөн гэдгийг тогтоолгох гээд байгаа. Хуульд заасан зүйлийг илт зөрчсөн гэж үзэж байна. Хуульд цагаан дээр хараар тод бичсэн зүйлийг дагаж мөрдөхгүй бол хууль батлаад ямар ч хэрэггүй. Хууль илт зөрчсөн нь тодорхой. Алдаа гаргасан хүнийг нь олоод хэн нэгнийг гомдолгүй болгох хэрэгтэй. Сонгуулийн хороо буруугаа хүлээгээд нэр дэвшигчээс уучлалт хүсэх хэрэгтэй. Санал хураалт дууссаны дараа өргөдлөө өгөөд 2-3 удаа аймгийн Сонгуулийн хороонд очиж уулзсан. Наадах чинь үсгийн алдаа байна гэж хэнэггүй хэлсэн. Сонгуулийн хорооны доод шатанд ажилласан хүмүүс буруугүй. Хийх ёстой зүйлээ хийсэн байх. Ерөнхий гардаж ажилласан хүмүүс нь алдаа гаргасан.

Би хууль, журмаа дагаж амьдрахыг зорьдог. Би тэр үед нь энэ асуудлыг шийдэх тухай хэлсэн. Дахин санал хураалт явах үндэслэлтэй болсон. Дахин сонгууль болох юм бол хүмүүсээс гарах зардал, нийгэм эдийн засгийг бодож энэ тухай зарга хийгээгүй. Намайг тухайн үед “Миний нэрийг жижгээр бичсэн байна” гэж дарга нартай орж уулзахад тоохгүй байсан тэр хүмүүсийг уучлалт гуйгаасай гэж бодож байна. Хүний амьдралд зарга хийгээд явах нь сайн зүйл биш. Би хэн нэгний мууг үзэх гээгүй. М.М дарга албан ёсоор нэг өдөр дуудаж уучлалт гуйна гэж бодож байна. Би хариуцагчтай эвлэрч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна”  гэв.

Хариуцагч ОАСХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн хүрээнд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах журмын 2, 3 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн саналын хуудасны эхийг баталсан загварын дагуу бэлтгэн баталгаажуулж Сонгуулийн хороонд ирүүлнэ” гэсний дагуу аймгийн Сонгуулийн хороо нь баталсан загварын дагуу эхийг бэлтгэн аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.С, нарийн бичгийн дарга М.Ж, гишүүн Б.Г нар баталгаажуулан Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо нь нэхэмжлэгч Г.П-ийн эцэг, өөрийн нэрийг үнэн зөв бичиж баталгаажуулан журмын дагуу Сонгуулийн Ерөнхий хороонд явуулсан.

Захиргааны ерөнхий хуулийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан байна. Аймгийн Сонгуулийн хороо саналын хуудсыг батлагдсан журмын дагуу загварыг гаргаж баталгаажуулсан болно. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд саналын хуудсыг илт хууль бус саналын хуудас гэж үзэж гомдол гаргасан байна. Аймгийн Сонгуулийн хороо нь саналын хуудсыг хууль бус гэж үзэхгүй байна. Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу нэр дэвшигч нарын нэр, өөрийн болон эцэг, эхийн нэр үнэн зөв бичигдсэн учир нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье”[2]

“Бид нар загварын дагуу саналыг хуудсыг хийлгэхээр явуулсан. Хэвлэх үйлдвэрийг алдаа гаргасан гээд саналын хуудсыг буцааж дахин хэвлүүлэх боломж байхгүй. Саналын хуудас 3 хоногийн өмнө ирсэн. Заавал бид нарын зөв гэж хэлэхгүй. Хэвлэх газарт алдаа гарсан байна. Энэ зүйлийг бид нар хүлээн зөвшөөрч байна. Үүнийг та ойлгох хэрэгтэй. Би Сонгуулийн хорооны өмнөөс албан ёсоор уучлалт гуйж нэхэмжлэгчтэй эвлэрэх саналтай байна. Үг үсгийн алдаа гаргаад Сонгуулийн тухай хуулийн тодорхой зүйл, заалтыг зөрчсөндөө албан ёсоор уучлалт гуйж байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах саналыг тавьж байна” гэв.

Нэхэмжлэгч Г.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нар Эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Г.П миний бие нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. М.М дарга нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргасан. Хүсэлтийн хүрээнд Г.П татгалзаж байна.

Аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.С, нарийн бичгийн дарга М.Ж нарын өмнөөс уучлалт хүсч байгаагаа хэлсэн. Г.П-той албан ёсоор уулзаж, уучлалт хүсэх ажлыг миний зүгээс зохион байгуулна. Нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагч тал бүрэн хариуцаж нэхэмжлэгчийг хохиролгүй болгоно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Г.П-ийн нэхэмжлэлтэй ОАСХ-нд холбогдох “ОАСХ нь нэр дэвшигч миний нэрийг “П” гэж жижиг үсгээр бичиж, хэвлүүлсэн болон алдаатай саналын хуудсаар сонгогчдын санал авсан нь илт хууль бус болохыг тогтоож, Г.П миний зүгээс сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан 5.3 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан буулт хийж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид бүрэн төлөх, нэр дэвшигч Г.П-ийн нэрийг саналын хуудаст “П” гэж жижиг үсгээр бичиж, хэвлүүлж, хайнга хандан алдаатай саналын хуудсаар сонгогчдын санал авсан буруутай үйл ажиллагаандаа эрх бүхий албан тушаалтнууд нэр дэвшигч Г.П-той уулзаж уучлалт хүсэх талаар харилцан тохиролцож,  эвлэрлийн гэрээ байгуулсан.

Ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Г.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарын эвлэрлийг баталж, 119/2020/0022/з дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 / далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.УУГАНЦЭЦЭГ

 

 

 

[1] ХХ-ийн 10-11 дэх тал.

[2] ХХ-ийн 20 дахь тал.