Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0128

 

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0128

Улаанбаатар хот

 

“Х” ХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Х.О

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч: “Х” ХК

Хариуцагч: Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч С.Б

Гомдлын шаардлага: Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч С.Бийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 0013361 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0937 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Х.О,

Хариуцагч улсын байцаагч С.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц ,

Хэргийн индекс: 128/2025/0662/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гомдол гаргагч “Х” ХК-иас Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч С.Бөд холбогдуулан “2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 0013361 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0937 дугаар шийдвэрээр: Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.7, 31.4.5, 43 дугаар зүйлийн 43.2.11, Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч С.Бийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0013361 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч “Х” ХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн 12, 13 дахь хэсгийн дүгнэлт нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.4, Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий гүйцэтгэх захирлыг ч төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах боломжтой болохыг хуульчилж өгсөн зохицуулалтыг харгалзаж үзээгүй.

3.2 Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А-143 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилтийн хяналт, шалгалтын журам”-ын 3.2, 3.2.1, 3.2.2, 3.2.2.1, 3.2.2.2, 3.2.2.3-д заасан нөхцөлийг хангаж байвал төлөөлөн удирдах зөвлөл нь банкны үйл ажиллагаанд оролцохыг хориглосон нөхцөлийг хангаж ажиллаж байгаа гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэг хувь хүн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байгаа нь “Х” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл, түүний гишүүн банкны өдөр тутмын ажиллагаанд оролцсон гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.

3.3 Мөн дээрх журам болон Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Компанийн засаглалын кодекс” зэрэг Монгол Улсад болон банкны системд зохистой засаглалыг бий болгох, хэрэгжүүлэхтэй холбоотой голлох бодлогын баримт бичгүүдэд гүйцэтгэх удирдлага, түүний орлого нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхыг хориглосон зохицуулалт болон зарчим байдаггүй.

3.4 Түүнчлэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн А.Э нь “Х” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын цалин урамшуулал, нэр дэвшүүлэх хороонд гишүүнээр ажилладаггүй, гүйцэтгэх захирлыг сонгох, томилох чөлөөлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, хяналт, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэхэд оролцдоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

   4. Хариуцагч тал гомдол гаргагчаас гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.  Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,

3.1. “Х” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б-22/931 дугаартай тушаалаар А.Эийг Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор томилж,

хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох тухай” тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр сонгосон.

Улмаар, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар “Томилгоо хийх тухай” тогтоолоор А.Эийг дахин Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор баталгаажуулж,

хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох тухай” тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр томилсон.

3.2. Хариуцагч Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч С.Б нь Хны үйл ажиллагаанд зайнаас хяналт шалгалт хийх явцад тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албанаас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 25/64 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хуралдааныг тэмдэглэл зэргийг хянан үзээд “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн А.Э нь гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байгаа нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон” хэмээн үзэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,

2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0013361 тоот шийтгэлийн хуудсаар Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5-д заасныг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

4. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж,

11.3 дугаар зүйлийн 15-д “Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн,

Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т “Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг банкны дүрмээр зохицуулах бөгөөд уг журамд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний дараахь үүргийг заавал тусгана” гээд 31.4.5-д “банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх”,

34 дүгээр зүйлийн 34.3-т “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын, цалин урамшууллын, нэр дэвшүүлэх хорооны гишүүн байхыг хориглох бөгөөд гүйцэтгэх захирлыг сонгох, томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, хяналт тавихтай холбоотой асуудлаар шийдвэр гаргахад саналын эрхгүй байна” гэж тус тус заасан.

Зөрчлийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 80 дугаар тогтоолд[1] “...12. Тиймээс “... хэсэгт зааснаас бусад байдлаар” гэдэгт тодорхой үйлдэл, эс үйлдлийг, ... Зөрчлийн тухай хуулийн өөр бусад хэсэгт зөрчилд тооцохоор нэрлэн заасан байхыг ойлгоно. 13. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь аль хуулиар эсхүл захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн шинжтэй болох нь тодорхойлогдож тус зөрчилд нь ямар шийтгэл оногдуулах нь Зөрчлийн тухай хуульд зааснаар тодорхой байхыг шаардана...” гэж тухайлан тайлбарласан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн,

хариуцагч Монголбанкны хянан шалгагч нь “Х” ХК-ийн гүйцэтгэх захирлын Үйл ажиллагаа хариуцсан тэргүүн орлогч нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр томилогдсон нь Зөрчлийн тухай хуулийн хэд дүгээр зүйлд заасан зөрчил болох. Тухайлан, Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэг болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А-143 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилтийн хяналт, шалгалтын журам”-ын 3.2.2-т “Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-ийн гишүүнээр ажиллах тохиолдолд ТУЗ-ийн үйл ажиллагаанд оролцохыг хориглох дараах нөхцлийг хангаж байгаа эсэх:  3.2.2.1 Аудитын, цалин урамшууллын, нэр дэвшүүлэх  хорооны гишүүн байх; 3.2.2.2 Гүйцэтгэх захирлыг сонгох, томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, хяналт тавихтай холбоотой асуудлаар шийдвэр гаргахад саналын эрхтэй оролцох; 3.2.2.3 Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх” гэж нарийвчлан заасан байхад хууль болон захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдөөгүй “дотоод үйл ажиллагаанд оролцсон” ямар зөрчил гаргасан болохыг бүрэн гүйцэт шалган тогтоолгүй маргаан бүхий шийтгэлийн хуудас гаргасныг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж чадаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий шийтгэлийн хуудаст дурдагдаагүй “гүйцэтгэх захирлын Үйл ажиллагаа хариуцсан тэргүүн орлогч нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр томилогдсон асуудалтай холбогдуулан өмнө нь шаардлага хүргүүлснийг биелүүлээгүй” нь шийтгэлийн хуудсыг ногдуулсан нэг үндэслэл болсон гэх агуулгаар тайлбарлан маргаж байгааг тодруулах шаардлагатай бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомжид зааснаар эрх бүхий албан тушаалтны хийвэл зохих ажиллагааг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Иймд дээрх үйл баримтыг бүрэн гүйцэт шалган тогтоолгохоор маргаан бүхий шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гартал 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0937 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтыг тус тус үндэслэн Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 0013361 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, 3 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацаанд хариуцагч нараас дахин шинэ акт гаргаагүй бол Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 0013361 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

   

     ШҮҮГЧ                                                    З.ГАНЗОРИГ

  

     ШҮҮГЧ                                                    Л.ОДБААТАР

   

     ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА

 

 

 

 

 

 

[1] Х ХХК ба Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.Мөнх-Өлзий, 128/2021/0945/З, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2022/0080