Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 321

 

төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

- улсын яллагчаар, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

            - шүүгдэгч Л.Амартүвшин нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Лувсанцэрэнгийн Амартүвшинд холбогдох эрүүгийн 201619000740 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо Чингэлтэйн 2-40 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Бэсүд овогт Лувсанцэрэнгийн Амартүвшин /РД:ХД66100915 / гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.Амартүвшин нь 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Рекон”ХХК-ын туслах ажилтан Б.Ариунболдыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                         

                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Амартүвшин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн.

 

Хохирогч Б.Ариунболд хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би Төв аймгийн Зуунмод суманд ажилтай байж байгаад дуусаад 11 цагийн орчим Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын Рекон ХХК-ын ажилчдын байранд очтол Л.Амартүвшин согтуу байсан. Л.Амартүвшинг ажлын байрандаа архи уусан байна бусад ажилчдад архи өгсөн, архи  уусан хүмүүсийн цалинг 20 хувь хасна гэж захирал хэлсэн. Би Төв аймгийн Зуунмод сумаас байрандаа очих замдаа таньдаг хүн таараад нэг шил 0,5 литрийн Хараа гэдэг нэртэй архи хуваагаад уучихсан байсан болохоор бас цалингаа хасуулах болсон. Л.Амартүвшингийн байрладаг байранд ороод Л.Амартүвшинд хандаж чих яах гэж хүмүүст архи өгсөн юм бэ? Тэрнээс чинь болоод цалингаа хасуулахаар боллоо, би уг нь чөлөө аваад Төв аймгийн төв очихоод ирсэн шүү дээ гэж хэлтэл Л.Амартүвшин  босоод ирсэн, түлхсэн чинь миний нүүр рүү өшиглөчихсөн. Тэгээд цээжин дээр сууж байгаад толгойн хэсэгт гараараа цохиод байсан. Удалгүй манай эхнэр Б.Отгон, тогооч Б.Отгондаваа, жолооч н.Баяржаргал, инженер Б.Тэлмүүн нар орж ирсэн ... гэсэн мэдүүлэг,

                                                                                                              

Гэрч Б.Отгон хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: ... ажилчдын байрнаас гар утсаа авахаар 16 цагийн орчим ортол манай нөхөр Б.Ариунболдын нүд нь хавдчихсан Л.Амартүвшинтэй заамдалдчихсан зогсож байсан. Би гарч яваад тогооч Отгоо /Б.Отгондаваа/ гэдэг охиныг дуудаж буцаж ороод тэр хоёрыг салгасан. Тэр 2 хоёулаа согтуу байсан. Юунаас болсныг би сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Б.Отгондаваа хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: ... гал тогоонд ажиллаж байтал хамт ажилладаг Б.Отгон эгч гал тогоонд орж ирэн Б.Ариунболд, Л.Амартүвшин нар хоорондоо зодолдоод байна гэж хэлээд надтай хамт ажилчдын байранд орж салгасан. ... бид хоёрыг ороход Б.Ариунболд ахын нүд нь хавдчихсан...  гэсэн мэдүүлэг.

Гэрч Б.Тэлмүүн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: ... манай компаний ажилтан Б.Ариунболд, Л.Амартүвшин нар согтуу байж байхаар нь уулзаад цалинг нь тус бүр 20 хувь бууруулах арга хэмжээ авна гэж хэлсэн. Тэгээд би явсан. Маргааш нь Л.Амартүвшин нь Б.Ариунболдыг зодчихсон байна гэж ажилчид маань утсаар надад хэлсэн. ... 10 дугаар сарын 08-ны өдөр Л.Амартүвшинтэй таарахад нүд нь хавдчихсан байсан гэсэн мэдүүлэг.

Гэрч Б.Энхбаяр хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: ... хоол идээд сууж байтал тогооч Б.Отгон гаднаас орж ирээд Б.Ариунболд, Л.Амартүвшин нар зодолдоод байна гэж хэлсэн. ... намайг сүүлд ороход Б.Тэлмүүн Б.Ариунболдыг дагуулчихсан орж унт гээд урдаас гарч ирсэн гэсэн мэдүүлэг.

Сэжигтэн Л.Амартүвшин хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: ... гэнэт манай захирал М.Цэндпүрэв намайг сэрээгээд та яагаад ажилдаа гарахгүй байгаа юм бэ? Алив босоод ир гэхээр нь бостол та архи уусан байна гээд Б.Ариунболдын байсан байранд очсон та 2 хоёулаа архи уусан байна ажлын цагаар архи уусан гээд цалинг чинь 20 хувь хасна гэж хэлээд гараад явсан. Би ч араас нь гараад байрандаа очоод хэвтэж байтал гаднаас Б.Ариунболд орж ирээд чамаас болж цалингаа хасууллаа гэж хэлээд намайг шанаа руу нэг удаа гараараа цохьсон. Би босч ирээд Б.Ариунболдыг нэг удаа гараараа цохьсон. ... Намайг цохихоор нь би зөрүүлээд цохьсон гэсэн мэдүүлэг.

 

            - Хохирогч Б.Ариунболд нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-ийн 39/.

 

           - Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны 2016 оны 10  сарын 12-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №508 тоот актанд:

  1. Л.Амартүвшингийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 18/,

 

- Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 12-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №509 тоот актанд:

1. Б.Ариунболдын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй. /хх-22 тал/,

 

-Шүүгдэгч Л.Амартүвшингийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас лавлагаа: Үгүй гэх /хх-32/,

 

-Шүүгдэгч Л.Амартүвшинг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-26-27 тал/, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-30 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Л.Амартүвшин нь 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Рекон ХХК-ын туслах ажилтан Б.Ариунболдыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Б.Ариунболдын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №509 тоот акт, гэрч Б.Отгон, Б.Отгондаваа, М.Цэндпүрэв, Б.Тэлмүүн, Б.Энхбаяр нарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Л.Амартүвшингийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Л.Амартүвшинд холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана”  зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хохирогч Б.Ариунболд, шүүгдэгч Л.Амартүвшин нар нь эвлэрсэн, хохирогч Б.Ариунболд нь гомдол саналгүй, хохирол төлбөргүй гэсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Л.Амартүвшинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.Ариунболд, шүүгдэгч Л.Амартүвшинтэй эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

            

             Шүүгдэгч Л.Амартүвшин нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Лувсанцэрэнгийн Амартүвшинийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Амартүвшин нь хохирогч Б.Ариунболдтой эвлэрсэн байх тул Л.Амартүвшинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Л.Амартүвшин нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Л.Амартүвшинг бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Амартүвшинг бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  •                                     , ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА