Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 9

 

              Х.Б, Я.А, Д.Б, 

              Л.Л, Б.М нарт  холбогдох эрүүгийн 

               хэргийн тухай

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Н.Ц

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                            Г.Э, М.А,   Ц.Б, Н.Э

Шүүгдэгч                                                         Х.Б, Я.А,  Д.Б, Л.Л,   Б.М

Нарийн бичгийн дарга М.Э нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э, Н.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.М нарт холбогдох ,,,, дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Монгол Улсын иргэн,,,,-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ,,,тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Х.Б

Монгол Улсын иргэн, ,,,ны өдөр Архангай аймгийн ,, суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, өвөө, эмээ, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ,,,гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Д.Б

Монгол Улсын иргэн, ,,,,-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн Хотонт сумын ,,, гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Я.А

Монгол Улсын иргэн, ,,,-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эх. эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Хотонт сумын ,,,, гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Л.Л

Монгол Улсын иргэн, ,,,ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Хотонт сумын ,,,,оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б.М

  Шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.М нар нь 2019 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Богч гэх газраас хохирогч Г.Х-ийн 9 тооны үхрийг бүлэглэн хулгайлж, 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д.Б, Х.Б, Я.А, Л.Л, Б.М нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Х.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Я.А-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Л.Л-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Б.М-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Я.А, Л.Л, Б.М нарт оногдуулсан 2 /хоёр/ жил, шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 25, 26 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Х.Б-ын 09-00 АРХ улсын дугаартай 4.000.000/дөрвөн сая/ төгрөгийн үнэ бүхий Хюндай Портер маркийн автомашин, шүүгдэгч Б.М-ийн 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг тус тус хураан улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 метр 20 см урттай, цагаан өнгийн мяндсан уяаг устгаж, Шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдолд: Х.Б миний бие нь 2020 оны 01 дүгээр сарын 21-нд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангиар яллагдаж, 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Ар гэрийн гачигдалтай байнаа. Би эхнэр, хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Намайг эзгүйд эхнэр минь 1 нас 4 сартай хүүхэдтэйгээ байгаа. Манай хүүхдэд байнгын эмчилгээ шаардлагатай байдаг тул миний энэ хүсэлтийг харгалзан үзэж, миний 2 жилийн шийтгэлийг хөнгөлж өгнө үү гэжээ. 

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхбаярын гаргасан давж заалдах гомдолд: 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн иргэн Л.Л-г бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэм буруутайд тооцож, түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Л.Л нь үйлдсэн хэргийнхээ гэм буруутай үйлдэлд маргадаггүй. Мөн бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд хагас өнчин, ээжийнхээ хамт амьдардаг. Мөн өөрөө эмчийн хяналтанд байсан. Ээж н.Ч нь өрх толгойлсон эмэгтэй хүн бөгөөд хүнд өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг ба зайлшгүй бусдын асаргаанд байх шаардлагатай. Тэрээр ар гэрийн байдал хүнд юм. Л.Л өмнө нь ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Энэ хэрэгт Л.Л-ийн оролцоо бага байгаа зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Л.Л-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. 

2.  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн иргэн Я.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Я.А-д тухайн зүйл заалтаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Я.А тухайн хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж, хохирогчоос уучлалт гуйж, түүний сэтгэл зүйн байдлыг дээрдүүлсэн. Түүний ар гэрийн байдал хүнд бөгөөд аав н.Я, ээж н.О хэн аль нь хүнд өвчний учир эмчийн хяналтанд байдаг бөгөөд өөрийнх нь эрүүл мэнд ч сайнгүй байдаг. Анх удаагаа тохиолдлын шинж чанартай байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн хэрэгтээ чинь санаасаа гэмшсэн зэрэг болон бусад хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялыг багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.М өмгөөлөгч Н.Э миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь тус тогтоолоор Б.М-ийг бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэснийг хэт яллах талыг барьсан шийдвэр боллоо гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхээр хуульчилсан зүйл хэсгийг журамлан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Б.М нь бусдын олон тооны мал хулгайлсан гэх үйлдэлд ямар нэг маргаангүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлбөр бүрэн нөхөн төлөгдсөн, өмнө нь ямар нэг хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт үйлдэлдээ чинь санаанаасаа харамсаж гэмшдэг, мөн тэрээр ээж, 6 дүүгийн хамт амьдардаг, амьжиргааны түвшин доогуур нэн ядуу өрхийн тоонд бүртгэлтэй зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 тоот шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулан шийдврлэж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон нөхцөл байдлуудыг зөв үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрлийг гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Я.А, Л.Л нарын хувьд “есөн тооны үхэр хулгайлах үйлдэлд оролцоогүй, бид  зургааг хулгайлах санаа зорилготой байсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Х.Б, Д.Б нарын хувьд “гэмт хэрэгт ороцоогүй, н.Б гэдэг хүн хамт явсан” гэх тайлбарыг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад хэлж байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Хэргийн нөхцөл байдлын хувьд 2019 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу гэх газраас иргэн Т.Х-ийн есөн тооны үхэр алдагдсан нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нотлох баримтуудаар иргэн Т.Х-тэй ойролцоо амьдардаг буюу Хотонт сумын Улаанчулуу гэх газар оршин суудаг Я.А, Л.Л, Б.М нар нь Архангай аймгийн Цэнхэр суманд оршин суудаг Х.Б, Д.Б нар руу утсаар ярьсан байдаг. Эдгээр шүүгдэгч нарын хоорондын тохиролцоонд оронд нь хурдан удмын адуу өгөх талаар ярьсан нөхцөл байдлууд мэдүүлгийн нотлох баримтуудаар тодорхой харагдана. Шүүгдэгч нар нь хоорондоо утсаар ярьж, машинтай хоёр хүнээ дуудаж, хулгай хийгээд хохирогчийн мал бэлчэж байсан газраас 60-70 км зайтай аваачиж нуун далдалсан нь тогтоогдсон. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм, холбоо мэдээллийн хэрэгсэл ашигласан, үгсэн тохиролцсон зэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг нэмэгдүүлсэн шинжтэй гэмт хэрэг байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбар хэлсэн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэх ёстой. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдал байгааг шийтгэх тогтоолд  тусгасан байна. Тухайлбал гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал юм. Мөн шүүгдэгч Д.Б-ын хувьд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн юм. Иймд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Шүүгдэгч Л.Л-ийн хувийн байдлын талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Шүүгдэгч Л.Л болон түүний ар гэрийн хүмүүс нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Хэргийн бүрэлдэхүүн, зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Гол нь шүүхээс оногдуулж байгаа хоёр жилийн ялыг багасгуулах нөхцөлтэйгээр гомдол гаргаж байна. Гол шалтгаан нь шүүгдэгчийн болон түүний ар гэрийн хүмүүсийн хувийн байдал хүнд хэцүү байдаг. Л.Л-ийн хувьд түүний хэрэгт оролцсон оролцоог нь харгалзаж үзэхийг хүсч байна. Шүүгдэгч Л.Л нь эмчийн хяналтанд байдаг, аав нь нас барчихсан учраас малаа маллах гээд ар гэрийнхээ бүх ажлыг хийдэг, ээжийнх нь нүдний хараа муу, сахарын өвчтэй, даралт нь ихэсдэг юм. Л.Л-г хоригдсоноос хойш ээж нь малаа маллаж чадахгүй мал нь их хэмжээгээр үхэж байгаа бөгөөд малаа алдах зэрэг хүнд нөхцөл байдалд байна. Хэрэгт Л.Л-ийн оролцоог хэлбэрийн төдий байна гэж харахаар зүйл харагдаж байсан. Эдгээр нөхцөл байдлууд болон Л.Л өөрийн гэм буруугаа хүлээж байгаа, ээжтэйгээ хамт хохирогч дээр очиж биечлэн уучлалт гуйсан, хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, дахин ийм үйлдэл гаргахгүй байх талаар ухаарсан зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар багасгаж өгнө үү. Шүүгдэгч Я.А-ын гомдлын хувьд агуулга нь адилхан. Түүний аав, ээж хоёр нь өвчинтэй бөгөөд тэдний өвчинтэй болохыг нотолсон нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Я.А, Л.Л нарын хувьд адилхан ар гэрийнхээ ажлыг амжуулж, малаа малладаг залуу малчид юм. Өөрсдөө гэм буруугийн асуудлаа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлбөрөө барагдуулсан, хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлчихсэн байгаа. Я.А-ын аавынх нь өвчин хүнд байдалтай байгаа бөгөөд эмчилгээнд явж чадахгүй байгаа учраас ахуйн чанартай гомдол гаргаж байгаа.  Өөрсдийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, уучлалт хүсч, хохирол төлбөрөө барагдуулсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал нь  оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд харшлах зүйл байхгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялын нэг жилээр багасгаж өгнө үү. Зөвхөн шүүхээс гэм буруутай эсэхийг тогтооно. Шүүхийн гэм бурууг тогтоосон шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрсөн байгаа учраас шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээгээгүй гэж үзэх боломж байхгүй гэж үзэж байна. Ял шийтгэл оногдуулах шүүх хуралдаан дээр гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээж байсан.  Өмнө нь  буюу шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө маргаж байсан маргааныг гэм буруугаа хүлээхгүй байсан гэж ял шийтгэлийг хөнгөлөхгүй байх нь зохимжгүй гэж үзэж байна. Олон тооны бод дотроо хамгийн цөөн тооны бод буюу есөн тооны бод нь хамгийн хөнгөн хэлбэр байгаа учраас нэг удаа шүүхээс боломж олгох боломжтой байна гэж үзэж байна. Иймд Я.А, Л.Л нарт оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Б.М-д хууль зүйн туслалцаа үзүүлэн оролцож байна. Б.М-ийн хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн тал дээр маргахгүй байгаагаа тодорхой илэрхийлсэн. Мэдүүлгээ үнэн зөв өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулдаггүй нөхцөл байдалтай байсан. Бусад шүүгдэгч нарын адил ар гэрийн байдал нь хүнд нөхцөлд байна. Шүүгдэгч  Б.М-ийн хувийн байдалтай холбооотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Хохирогч шүүгдэгч нараас 5.100.000 төгрөг нэхэмжилсэн. Хохирогч хохирлоо биет болон мөнгөн хэлбэрээр аваад дуусчихсан. Мөн хохирол төлбөргүй болохоо шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Б.М өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд ял шийтгэл эдэлж байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлууд тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хэсэгт бүрэн хамрагдах нөхцөл байдал тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх зүйл ангийг журамлаж шийдвэрлээгүй нь буруу байна гэж үзэж байна. Тиймээс хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчдийн хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйл хэсгийг журамлаж шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Б.М Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “Аврах гал сөнөөх анги”-д ажиллаж байсан. Шийтгүүлсэн хугацаанд ажлаас нь түр түдгэлзүүлсэн байдалтай байгаа. Б.М-ийн хувьд цаашид өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж, төрийн албаны ажлаа үргэлжлүүлээд хийгээд явахаа илэрхийлж байгаа. Гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаангүй байгаа нь тогтоогдож байгаа. Мөн хохирогчийн зүгээс санал гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлууд тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан доод ялыг оногдуулж, ерөнхий ангийн зүйл заалтыг журамлан шийдвэрлэх боломжтой байна. Иймд  давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Я.А-д хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын хэмжээг багасгаж,  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдол гаргаж байгаатай санал нэг байна. Хуулийн ерөнхий зохицуулалтанд 2-3 үндэслэл заасан байгаа. Үүнд гэм буруугаа хүлээсэн байх, хохирлоо нөхөн төлсөн байх, хувийн байдлыг харгалзаж үзэх гэсэн байдаг. Я.А-ын хувьд гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө төлсөн. Хувийн байдлын хувьд шүүгдэгч Я.А нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм. Прокурор тайлбартаа өмнөх шүүх хуралдаан дээр Я.А, Л.Л нарыг зургаан тооны үхэр хулгай хийсэн, есөн тооны үхэр хулгайлахад оролцоогүй гэж ярьсан гэдгийг хэлж байна. Хэрэгт ийм нөхцөл байдал байгаа. Л.Л, Я.А, Б.М нарын хувьд бусдын үхрийг хулгай хийх талаар тохиролцож, очсон үйлдэлдээ маргадаггүй. Харин тооны хувьд зургааг хулгайлах зорилготой байсан гэж мэдүүлдэг. Мөн Л.Л, Я.А нар зургаан үхэр хулгайлаад одоо болно гээд хашаан дээр очиж суусан гэж ярьдаг. Харин гурван үхрийг бол нөгөө хэд нь нэмээд авчихсан байдаг. Гурван тооны үхрийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зөрчиж гүйцэтгэсэн нөхцөл байдал хэрэгт байдаг. Я.А, Л.Л нар зургаан үхэр хулгайлчихаад хараад сууж байсан. Гэтэл тэднийг сүүлд ачсан гурван тооны үхэр хулгайлахад оролцсон гэж шийдвэрлэсэн. Одоо гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байна. Иймд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын ялыг хөнгөрүүлэх боломжтой байна гэж харж байна. Шүүгдэгч нар нь 1994-1997 оны залуучууд байгаа юм. Тиймээс эдгээр залуучуудад нэг удаа боломж олгож, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Б-ын хувьд гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Тэрээр давж заалдах шатны журмаар гомдол гаргаагүй. Д.Б-д оногдуулсан ял шийтгэл нь тохирсон бөгөөд маргах зүйл байхгүй гэж үзэж байна. Х.Б-ын хувьд давж заалдах гомдол гаргасан. Тэрээр саналаа дэмжиж оролцож байна. Гомдол гаргасан шалтгаан нь хүүхэд нь 1 нас 5 сартай, цөөн хэдэн тооны малтай, малыг нь маллах хүнгүй, хүүхэд нь тархины даралттай төрсөн эмчилгээ хийлгэдэг зэрэг нөхцөлүүд байгаа. Мөн Х.Б-ыг хоригдсоноос хойш хүүхдийнхээ эм тариаг авч чадахгүй, эмчилгээндээ явж чадахгүй байгаа байдалтай байна. Хүүхэд нь юмны учир ойлгохгүй болохоор байнга аавыгаа асуудаг ийм нөхцөл байдалтай байна.  Х.Б-ын хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж,  ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Өмгөөлөгч нартай санал нэг байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Улсын яллагч шүүгдэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд тайлбар хэлэхдээ гомдлыг яаж шийдэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж хэлж байна. Оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд байгаа учраас шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж, тэдэнд нэг удаа боломж олгоод ял шийтгэлийг нь хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Х.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э, Н.Э нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

 2019 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Богч гэх газраас хохирогч Г.Х-ийн 9 тооны үхэр буюу олон тооны мал алдагдаж, түүнд 5.100.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дээрх гэмт хэргийг шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.М нар нь бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.  

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Д.Б, Х.Б, Я.А, Л.Л, Б.М нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Анхан шатны шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг,  7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1  жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2  жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож тус тус шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна. 

 

Иймд шүүгдэгч Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, Н.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нар нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хүртэлх хугацаанд гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн тул шүүхээс тэдгээрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм. 

 

 Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь өөрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, хууль бусаар олж авсан хөрөнгийн тоо, ширхэг, чанар зэргийг бүхэлд нь ямар нэгэн маргаангүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хүлээн зөвшөөрөхийг хэлнэ.

 

  Мөн эцэг, эх өвчтэй ар гэрийн байдал хүнд гэх шалтгаан нь шүүгдэгч нарыг  хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөлөх нөхцөл болохгүй.  

 

  Шүүгдэгч нар нь хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдах явцад тус бүр 59 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                         

                                                        ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, Н.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.М нар нь тус бүр 59 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Т.ДАВААСҮРЭН

                                                               ШҮҮГЧИД                Д.БЯМБАСҮРЭН

                                                                                               В.ЦЭЦЭНБИЛЭГ