Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2019/2067/И |
Дугаар | 001/ХТ2022/00619 |
Огноо | 2022-05-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2022/00619
Г.Гын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00877 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1164 дүгээр магадлалтай,
Г.Гын нэхэмжлэлтэй
Т.Х, Н.Б нарт холбогдох
Гэм хор учруулсны хохиролд 2,088,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Т.Харцагын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Т.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Г.Г нь Т.Х, Н.Бнарт холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 2,088,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00877 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Т.Хас 2 088 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Год олгож, хариуцагч Н.Бэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 368 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Т.Хас 48 368 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Год олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 764 051 төгрөгөөр ихэсгэсэн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гоос шинжээчид төлсөн зардал 230 000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг хариуцагч Т.Хас гаргуулан нэхэмжлэгч Г.Год олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1164 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Харцагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 368 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Т.Х хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. 1. Шүүх хуралдаанд хариуцагч талын төлөөллийг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь “шүүх хуралдаанд зохигчид биеэр оролцож, харилцан тэгш эрхтэй, мэтгэлцэх зарчмын дагуу шүүх хуралдаанд оролцоно” гэсэн ИХШХШТХ-ийн заалтыг зөрчсөн. Хэдийгээр шүүх хуралдааны товыг шүүхээс урьдчилан мэдэгдсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөдөө орон нутагт зорчин явсан байсан ба шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан ч үл харгалзан хүлээж аваагүй. /Хөдөө орон нутагт зорчин явсан нь үнэн болохыг тодорхойлсон бичгийг хавсаргав/ Хариуцагчийн зүгээс 2020.01.17-ны өдөр гаргасан хүсэлтдээ шүүх хуралдааныг түргэн хугацаанд шийдвэрлэж өгөх тухай илэрхийлж байсан ба ийм хүсэлт гаргаж байснаас үзэхэд шүүх хуралдаанд үндэслэлгүй /хүндэтгэхгүй/ оролцохгүй байх учиргүй. 2. Мөн 2019.12.16-ны өдөр болсон анхны шүүх хуралдаан дээр хариуцагчийн зүгээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргаж хэрэгт хавсаргах талаар хүргүүлэхэд шүүхээс “Нэгэнт шүүх хуралдаан хойшилж байгаа учир эдгээр баримтуудаа дараагийн шүүх хуралдаан дээр гаргаж өгч болно” гэж шүүгч Түмэнцэцэг хэлж бичиг баримтуудыг буцаан өгсөн. Эдгээр нотлох баримтууд нь иргэн Т.Х нь хариуцагчаар татагдах үндэслэлгүй учирсан хохирол нь нэхэмжлэгчийн шаардсан үнийн бодит дүнд хүрэх боломжгүй талаарх баримтууд байсан ба шүүхээр зайлшгүй хэлэлцүүлэх шаардлагатай байсан болно. Уг байрны дулаан, усны хангамжийг хариуцдаг түүгээрээ дамжуулж эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж үзлэг шалгалт хийж байх үүрэг хүлээсэн байгууллага болох ОСНААҮГ XYT-5-тай тухайн байрны СӨХ нь харилцан тохиролцон гэрээ байгуулж ажилладаг болох нь баримтаар нотлогддог. /Баримтуудыг хавсаргав/ 3. Мөн дээрх шүүх хуралдаан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийн материалаас зарим нэг нотлох баримт гэх иргэн Г.Гын гаргаж өгсөн материалуудыг хуурамч гэж үзэж хасуулах, шүүх хуралдаанд хуурамчаар нэг талыг барьсан СБД-ийн ХҮТ-ийн инженер Цолмонбаатарын №121 тоот актыг хүчингүй болгуулах хүсэлтийг амаар гаргаж хүргүүлсэн ба зөвхөн Цолмонбаатарыг гэрчээр асуух, шүүх хуралдаанд оролцуулах талаар л шийдвэрт тусгасан. Цолмонбаатарыг гэрчээр байцаахад байлцах талаар шүүгчийн туслахаар ажиллаж байсан Байгалмаад 2019.01.17, 2019,12.09-ний өдрүүдэд хүсэлтүүдийг хүргүүлж байсан боловч “Хэрэг түдгэлзсэн байгаа, хэрэгт ажиллагаа хийх боломжгүй, гэрчээр байцаахад тухайн үед нь мэдэгдэнэ” гэсэн хүсэлтүүдийг хангахгүй, шүүгчийн гэрч байлцуулах захирамжийг үл биелүүлсээр байсан. Сүүлд 2020.03-р сарын сүүлээр хэргийн материалтай танилцахдаа шүүгчийн шинээр томилогдсон туслах Тунгалагт гэрчээр Цолмонбаатарыг асуух, оролцуулах талаар хэлж утасны дугаар, ажлын газрын байршлыг нь хэлж өгч байсан болно. Хариуцагчаас түүнд тавих асуултууд няцаалт байсан боловч гэрчээр байцаалгүйгээр удаан хугацаанд явсаар шүүхийн шийдвэр гаргасанг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь Цолмонбаатар нь тухайн үед буюу 2017.07.14-ний өдрийн байдлаар 14/2и байрыг хариуцаж ажилладаггүй байсан ба уг байранд ус алдсан талаар огт мэдэхгүй байж эд зүйлсэд эвдрэл гэмтэл учирсан байна гэх зүйлийг актад тусгасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон ба шүүхээс түүний гаргасан актыг нотлох баримтаар үнэлсэн нь учир дутагдалтай. 4. Мөн дээрх хуурамч баримтыг үндэслэн шинжээч дүгнэлт гаргасан, уг шинжилгээнд хариуцагчийг оролцуулаагүй зэрэг нь хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан нь харагдаж байна. Шинжээчийн тайлбарт “Ус алдалтаас болж хэдий хэмжээний паркетан шал обой, таазны эмульс хийгдэх байсан, гэмтсэн эсэх нь хавтас хэрэгт баримтаар байхгүй байна. Ийм хэмжээний байранд тухайн үеийн ханшаар засвар үйлчилгээ хийх боломжтой” гэсэн дүгнэлтийг гаргасан байх ба яг нэхэмжлэгчийн байранд учирсан гэх бодит хохирол, үнийн дүнг гаргаагүй дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. 5. Нэхэмжлэгч Г.Г нь хувийн өш хонзонгийн улмаас бусдыг гэмт хэрэгт гүтгэх, хэл амаар доромжлох, өөрийн эзэмшлийн байрныхаа СӨХ-ийн төлбөрийг төлөхөөс зайлс хийх зорилгоор бусдыг тэр дундаа иргэн Т.Х миний биеийг холбогдуулан удаа дараалан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа ба харьяа дүүргийн шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрдөг, олны танил улс төрчидтэй холбогдуулан гүтгэдэг шүүгчдийг хүртэл тэдний нэг хэмээн хэлдэг, ийм ч учраас шүүх түүний байдлаас болж /магадгүй зарим нэг тохиолдолд дарамт учирсан байж болох /хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна. Цаашид иргэн Г.Гын эрүүл мэнд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлздэг ба энэ талаар холбогдох байгууллага албан тушаалтанд хүсэлтүүдийг тавьж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг үүгээр уламжилж байна. 6. Давж заалдах шатны шүүх дээрх гомдлын шаардлагуудад тайлбар, няцаалт хийж үг хэлэх боломжийг олголгүй, зөвхөн “ус алдсан гэх асуудалд маргахгүй байгаа юм байна” гэх асуулт асууснаар шүүх завсарлага авч хэргийг хэвээр үлдээсэн. Дээрх шалтгаан нөхцөлүүдийн улмаас дүүргийн иргэний хэргийн болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдол гаргав. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1,172.2.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
6. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Т.Хд холбогдуулан гэм хор учруулсны хохирол 2,088,600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хамтран хариуцагчаар Н.Бийг татан оролцуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 764,051 төгрөгөөр нэмэгдүүлсэн боловч нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзжээ. Хариуцагч Т.Х нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “...манай 00 өрөөний алчуур хатаагчинд бага хэмжээний цооролт үүсч, ус алдсан байсан, нэхэмжлэгчийн гэрт орж үзэхэд 00 өрөөний таазнаас ус шүүрч шарласан байдалтай байсан, их хэмжээний ус алдаагүй учраас тэр айлын паркетан шал болон бусад өрөөний хана тааз гэмтээгүй, тийм шинж тэмдэг ч байхгүй байсан, хохирлын хэмжээ үндэслэлгүй гэсэн бол хариуцагч Н.Бгэм буруугүй тул нэхэмжлэлийг хариуцахгүй, нэхэмжлэгчийн байрыг хөлсөлж байхдаа зохих ёсоор эзэмшиж ашигласан, 2017.07 сард дээд айлаас ус алдаснаас байр нилдээ усанд автаж, тааз шаланд эвдрэл үүссэн...” гэж маргажээ.
7. Анхан шатны шүүх хариуцагч Т.Хас 2,088,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Н.Бэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч 764,051 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
8.Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан шаардлага болон татгалзлаа нотлох хэргийн оролцогчийн үүргийн талаар зөв дүгнэжээ. Шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2, 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т заасан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг. Хариуцагч Т.Х нь орон сууцны өмчлөгчийн хувьд бусад өмчлөгчийн эд юмсад хохирол учруулахгүй байх үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй гэм буруу нотлогдсон талаар “Соёмбо даатгал” ХХК-ийн албан бичгүүд, ОСНААУГазрын харьяа ХҮТ-5-ийн дарга Ц.Амарсайханы баталсан Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох №121 тоот дүгнэлт, гэрч О.Цолмонбаатарын мэдүүлэг, Н.Бийн тайлбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан, шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийжээ. Иймд хариуцагч Т.Х хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.
10. Нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хэмжээг тодорхойлж, засвар хийлгэж хөлс төлсөн, материал худалдан авсан баримтуудыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилсон, шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээ нотлогдсон, хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэлийг хангасан нь буруу биш байна.
Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00877 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1164 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Т.Харцагын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 48,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД