Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 305

 

   Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

- улсын яллагчаар, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нэргүй,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

            - шүүгдэгч М.Нямжав нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мягмаржавын Нямжавт холбогдох эрүүгийн 201619000691 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо Эмээлт хэсэг 1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Мягмаржавын Нямжав /РД:УБ90111817 / гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Нямжав нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн “Төмөр  замын ажилчдын тоглоомын талбай” орчимд 25 настай, эрэгтэй Хишиг-Очир овогтой Алтан-Очиртой сагс тоглож байгаад муудалцаж Х.Алтан-Очирын хөмсөгийг хазаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                         

                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Нямжав нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн.

Хохирогч Х.Алтан-Очир хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: ... Би эхнэр Н.Бямбацэцэгийн хамт 2016 оны 09 сарын 10-ны орой 19 цагийн орчимд сагс тоглож байхад нэг мотоцикльтой 2 залуу ирээд цуг сагс тоглосон. Тэгээд тоглож байхад М.Нямжав гэх өндөр залуу нь үгээр идээд тоглуулахгүй байсан. “Аая маая лаг юм, энэ хэн бэ?” энэ тэр гээд байсан. Би тэрэнд нь дургүйцсэн ч эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй байсан. Намайг бөмбөг залаад ортол М.Нямжав нь “яагаад байгаа юм бэ? гээд надруу орилоод намайг заамдаад авахаар нь би хавсраад унагачихсан. Тэгтэл М.Анхбаяр нь миний араас толгой руу нэг удаа гараараа цохьсон. Анхааг барьж авах гэтэл Анхаа цаашаа зугатсан. Тэгэхээр нь М.Нямжавыг барьж аваад морьдох мэх хийж унагасан. Тэр үед Дөлөө ах машинтайгаа ирээд М.Нямжавыг суулгасан. Машин дотроос М.Нямжав ална аа гээд орилоод байсан.... тэгээд миний урдаас хүрээд ирэхээр нь би 2 гарыг нь холбоод нуруугаар нь тэврээд авсан чинь хөмсөгнөөс М.Нямжав хазчихсан. Тэгээд салсан. ... Миний баруун хөмсөгний хэсэгт М.Нямжав хазаж гэмтэл учруулсан. ... Одоо гомдол санал алга, миний хөмсөг эдгэрсэн. .... надаас уучлалт гуйж 200 000 төгрөг өгсөн ... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Мөнхдөл хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: ... Тэр үед эхнэр бид хоёр гэрийнхээ гадна машин дотроо сууж байхад сагсны талбай дээр М.Нямжавыг Х.Алтан-Очир хавсраад унагаж байгаа харагдсан. Тэгээд би "хүүе нөгөөх чинь юу болж байна" гээд сагсны талбай руу очсон. Би очоод "ахын дүү нар одоо боль оо" гэж хэлээд Х.Алтан-Очирыг эхнэр нь хориглоод би М.Нямжав, М.Анхбаяр нарыг машинд суулгачихаад өөрөө суух гээд машинаа тойроод урд талд нь алхаж байсан.М.Анхбаяр нь хойд суудал дээр суучихсан, М.Нямжав нь бас суух гээд нэг хөлөө оруулж амжаагүй байхад нь Х.Алтан-Очир эхнэрээ тойрч гүйж ирээд М.Нямжавын суух гэж байгаа талын хаалгыг тийрсэн. Х.Алтан-Очир М.Нямжавыг машинтай хаалгатай хавсарч тийрээд тэврээд авсан. Тэгтэл Анхаа машинаас буугаад араар тойрч очоод Х.Алтан-Очирыг араас нь уэврээд авсан. М.Нямжав машинд суух гэж байснаа өндийгөөд боссон. Тэр үед Х.Алтан-Очир "яая хазчихлаа" гэхээр нь хартал хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэгээд би Анхаа, М.Нямжав хоёрыг машинд суулгаж авч явсан.", " ..Дараа нь М.Нямжав хэсэг унтаж байгаад гарч ирээд Х.Алтан-Очироос "уучлаарай хө" гэхэд Х.Алтан-Очир нь шууд М.Нямжавын цээж рүү тийрч байгаа харагдсан. Би "за за боль боль, маргааш эрүүлдээ учраа ол" гэж хэлсэн гэсэн мэдүүлэг.

 

Гэрч М.Анхбаяр хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: ... 9 сарын 10-ны өдөр манай ажлын эгч Пүрэвдуламын төрсөн өдөр гээд дөрөвүүлээ нийлж Багахангай руу Арвижих гэдэг караокед орж 1 шил архи уугаад 2 цаг дуулаад гарч ирсэн. Тэгээд Баян суманд ирээд Нямжавын гэрийн гадаа очоод хүмүүс сагс тоглож байхаар нь Нямжав бид хоёр очсон. Тэнд манай ажлын газрын Буяннэмэх ганцаараа тоглож болохгүй байна баг болоод орчих" гэхээр нь Буяннэмэх, Нямжав бид гурав нэг баг болоод нөгөөд багт Алтан-Очир гэдэг залуу эхнэр нь, тэгээд нэг охин, манай ажлын тор засагч Мөнхбат ах байсан. Сагс тоглож байгаад би бөмбөг аваад эргээд хартал Нямжавыг Алтан-Очир хавсраад унагаж байсан. Би очоод салгасан чинь Алтан-Очирын эхнэр нь миний өөдөөс "чи жижигхэн хар юм байсан чинь хэзээ ийм болчихсон юм, дүүгийн доод үе байсан юм байж хэзээ ийм болчихсон юм, тэнэг пиздаа вэ" гээд хараагаад байсан.Удалгүй Дөлөө ах машинтайгаа ирээд Нямжав бид хоёрыг "суу" гэсэн. Би эхлэж суугаад Нямжав араас суусан. Нямжавыг яг суух гэж байхад Алтан-Очир Дөлөө ахын машины хаалга руу нь хөлөөрөө жийж орж ирсэн. Тэгээд Нямжавыг заамдаж аваад зодолдох гээд байсан. Би нөгөө хаалгаар нь гараад Алтан-Очирыг араас нь тэврээд салгах гэхэд дийлдэхгүй байж байсан чинь Дөлөө ах бууж ирээд "больцгоо" гээд Нямжав бид хоёрыг суулгаад аваад явсан. Өөр юм болоогүй.", "...Алтан-Очирын хөмсөгийг Нямжав хазаагүй. Би хөмсөг хазаж байхыг нь хараагүй.", "...Би бодохдоо Алтан-Очир өөрөө Дөлөө ахын машин руу үсэрч орж ирэхдээ хаалганд нь хөмсөгөө цохичих шиг болсон. Эсвэл Нямжавын шүдэнд цохисон байж магадгүй....." гэсэн мэдүүлэг.

 

            - Хохирогч А.Алтан-Очир нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-ийн 40/.

 

- Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны 2016 оны 09  сарын 19-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №465 тоот актанд:

1. Х.Алтан-Очирын биед баруун хөмсгөнд язарсан шархт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй. /хх-19 тал/,

 

-Шүүгдэгч М.Нямжавын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас лавлагаа /хх-34/,

 

-Шүүгдэгч М.Нямжавыг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-25-26 тал/, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-29 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.Нямжав нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн “Төмөр  замын ажилчдын тоглоомын талбай” орчимд 25 настай, эрэгтэй Хишиг-Очир овогтой Алтан-Очиртой сагс тоглож байгаад муудалцаж Х.Алтан-Очирын хөмсөгийг хазаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Х.Алтан-Очир хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №465 тоот акт, гэрч М.Анхбаяр, Н.Мөнхдөл нарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Нямжавын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч А М.Нямжавын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч М.Нямжавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана”  зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нэргүй: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хохирогч Х.Алтан-Очир, шүүгдэгч М.Нямжав нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч Х.Алтан-Очир нь гомдол саналгүй, хохирол төлбөргүй гэсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Х.Алтан-Очир, шүүгдэгч М.Нямжавтай сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

            

             Шүүгдэгч М.Нямжав нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Мягмаржавын Нямжавыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нямжав нь хохирогч Х.Алтан-Очиртой сайн дураараа эвлэрсэн байх тул М.Нямжавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. М.Нямжав нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. М.Нямжавт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Нямжавт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  •                                     , ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА