Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 10

 

             М.Б-д холбогдох эрүүгийн 

               хэргийн тухай

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                        Н.Ц

Хохирогч                                                         Д.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Б.А

Шүүгдэгч                                                         М.Б

Нарийн бичгийн дарга М.Э нарыг оролцуулан

 

  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Б-д холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Монгол Улсын иргэн, 1962 ны 03 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн З... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй М.Б

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Тайхар чулууны ойролцоо өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч хохирогч Д.Ц-г зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүзүүний жийргэвч мөгөөрсний урагдал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Архангай аймгийн Прокурорын газраас М.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч М.Б-ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би Д.Ц-г хүчтэй түлхсэний улмаас түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа ойлгож ухаарлаа. Энэ нь миний буруу байсан. Би одоо 58 настай бөгөөд биеийн эрүүл мэндийн хувьд сайнгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч Д.Ц-аас уучлалт гуйсан бөгөөд тэрээр намайг уучилсан. Хохирол төлбөр болон гомдол санал байхгүй гэсэн. Миний даралт байнга ихсэж байдаг бөгөөд сахартай, цөсний хагалгаанд ороод удаагүй, ходоодны шархтай, идсэн зүйлсээ шингээхгүй байнга гүйлгэж өвддөг. Мөн хамар байнга битүүрч амьсгал давчиддаг болон зүрх маш их дэлсдэг зэрэг өвчнүүд байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эдгээр байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэжээ.  

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч М.Б нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Тайхар чулууны ойролцоо өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч хохирогч Д.Ц-г зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүзүүний жийргэвч мөгөөрсний урагдал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Архангай аймгийн Прокурорын газраас М.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Учир нь шүүгдэгч М.Б-ын үйлдсэн хэргийн хор уршиг, хувийн байдал, хохирол зэргийг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээ буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Мөн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал тааруу талаар эрүүл мэндийн байгууллага болон эмчээс тогтоогдсон зүйл байхгүй байна. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Хэдийгээр шүүгдэгч нь аль ч шатны шүүх дээр өөрийн гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрөх эрх нь нээлттэй боловч шүүгдэгч М.Б-ын хувьд давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа нь хорих ялаас мултарч, уг ялыг тэнсэх зорилгоор гаргаж буй арга хэрэгсэл гэж бодож байна. Иймд шүүгдэгч М.Б-ын үйлдсэн гэмт хэргийг бодит баримт дээр тулгуурлан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч М.Б нь өнөөдрийн шүүх хуралдаан дээр гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нь шүүхийн аль ч шатанд гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч болно. Шүүгдэгч М.Б нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Тайхар чулууны ойролцоо өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч хохирогч Д.Ц-г зодож, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа нь шүүгдэгчийн тайлбараас харагдаж байна. М.Б нь хохирогч Д.Ц-аас уучлалт гуйсан бөгөөд хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй. Мөн хохирогч Д.Ц нь ямар нэгэн гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн. Хохирогч Д.Ц нь шүүгдэгч М.Б-ыг уучилсан. М.Б нь одоо 58 настай хөгшин хүн бөгөөд биеийн эрүүл мэндийн хувьд сайнгүй байдаг. Учир нь М.Б-ын даралт нь ихсэж, багасаж байдаг. Мөн шүүгдэгч нь сахарын өвчинтэй бөгөөд саяхан бас цөсний хагалгаанд орсон, ходоодны шархтай, идсэн ууснаа шингээж чаддаггүй. Хохирогч Д.Ц нь М.Б-ын хоолны дэглэм болон бусад зүйлсийг байнга зохицуулж байсан байдаг. Мөн шүүгдэгчийн хамар нь байнга битүүрдэг бөгөөд цаг ямагт хамрын дусаагуур хэрэглэдэг. М.Б нь хамрын дусаагуурыг өдөрт 5-6 ширхэгийг хэрэглэдэг. Шүүгдэгчийн хамар нь байнгын битүү байдгаас болоод юмны амтыг мэдэрдэггүй бөгөөд хүчил төрөгчийн дутагдалд ордог. Мөн зүрх нь байнга хүчтэй өвдөж, үе үе хүчтэй дэлсэдэг. Энэ мэт шүүгдэгч М.Б-д өвчин шаналал их байдаг. Миний хувьд шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч М.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа өнөөдрийн шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчийн хувьд хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Хохирогч Д.Ц-ийн эрүүл мэндийн байдал хуучин хэвийн байдалдаа орсон болон хохирогч нь өөрөө ч гэсэн давж заалдах гомдол гаргах гэж байсан боловч хөл хорионоос болоод гаргаж чадаагүй талаар шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна. Ингээд шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зүйл, ангийг хэрэглэж өгөхийг хүсч байна. Хэрэв шүүгдэгч М.Б-д оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг торгож өгнө үү гэв. 

 

Хохирогч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан саналдаа: М.Б бид хоёр 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр сарлагийн баяр дээр ундаа, ус болон бусад зүйлсийг зарж байсан. Яг тэр өдөр би архи уусан. Гэхдээ би М.Б-тай хамт архи уугаагүй. Харин би өөр хүмүүстэй уусан бөгөөд тухайн үед би маш их согтолттой байсан. Тухайн өдөр би айлаас яаж гарснаа санахгүй байгаа. Ямар ч байсан манай нөхөр намайг машиндаа оруулах гээд байсан. Тухайн үед их зүйл болсон юм байна лээ. Гэвч би түүнийг би сайн мэдэхгүй байгаа юм. Ямар ч байсан архины согтолт бага зэрэг гараад нэг мэдсэн чинь М.Б намайг “машиндаа ор ор” гээд байсан бөгөөд би тухайн үед машинд орохгүй, би ах, дүү нар дээрээ очино гээд эсэргүүцсэн. Тэгээд М.Б намайг түлхсэн бөгөөд би юм мөргөчихлөө гэж бодсон. Тэгээд л би нэг хэсэг ухаан алдсан байсан. Тэгтэл нэг сэрсэн айлд хэвтэж байсан. Тухайн үед миний нэг талын гар болон толгой маш их өвдөж байсан. Дараа нь эмчид үзүүлэхэд “таны гар хугараагүй байна” гээд олон шинжилгээ авсан. Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах гэж байсан боловч хөл хорионд ороод гомдол гаргаж чадаагүй. Миний эрүүл мэндийн байдал одоо өмнөх шигээ хэвийн байдалд орсон. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гарсан байна гэж хэлэхгүй. Миний хувьд одоо гомдол, саналгүй тул М.Б-ын хорих ялыг тэнсэж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан М.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

 

 Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Анхан шатны шүүхээс М.Б-д түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан “хорих” ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна. 

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгч гэм буруугаа давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй тул ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж гомдол, санал гаргасан нь үндэслэлгүй юм.  

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нь анхан шатны шүүх түүнд хорих ял оногдуулах хүртэлх хугацаанд хохирогчийг өөрөө унаж гэмтсэн мэтээр мэдүүлж гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, түүний хувийн байдал зэрэг  нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй байна. 

 

 Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хийсэн гэм буруутай үйлдлээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх үеэс бүрэн хүлээн зөвшөөрөхийг хэлнэ.

 

  Мөн шүүгдэгчийн биеийн байдал муу гэх үндэслэл нь шүүгдэгчийг  хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөлөх нөхцөл болохгүй.  

 

  Шүүгдэгч хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдах явцад 42 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүгдэгч М.Б нь 42 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ДАВААСҮРЭН

                                                               ШҮҮГЧИД                     Д.БЯМБАСҮРЭН 

                                                                                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ