Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0129

 

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0129

Улаанбаатар хот

 

                                                                                          “К” ЗБН-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Х,

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч “К ” ЗБН,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Дүгнэлтийг хүчингүй болгох тухай” 10/1340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2025/0943 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц ,

Хэргийн индекс: 128/2025/0894/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К ” ЗБН-өөс шүүхэд хандан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Дүгнэлтийг хүчингүй болгох тухай” 10/1340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2025/0943 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ЗБН-өөс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” 10/1340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

3.1 Анхан шатны шүүхээс  Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хашаатын аманд байгаа орд бүхий газрын нөөцийг урьдчилан тогтоосон бөгөөд үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд байсан учраас бичил уурхайн журмаар олборлох холбогдох шийдвэрүүд орон нутаг болон Ашигт малтмал, газрын тосны газраас тус тус гарсны үндсэн дээр хуульд нийцүүлэн манай нөхөрлөл гэрээ байгуулан үйл ажиллагаа эхлүүлсэн. Манай нөхөрлөл нь тухайн газрыг ашиглахаас өмнө Цагдаагийн байгууллага хамгаалалтад авсан байсан ба манай нөхөрлөлтэй гэрээ байгуулсны дараа бидний хамгаалалтад шилжүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл огт хөндөгдөөгүй газар хэмээн шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Мөн үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд байсантай холбоотой шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийж чадаагүй, бодит байдлыг тогтоогоогүй тул гомдолтой байна.

3.2 Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь Ашигт малтмал, газрын тосны газрын нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын өмнө нь гарч хэрэгжиж эхэлсэн “Дүгнэлт”-ийг хүчингүй болгох эрхгүй гэж үзэж байна. Мөн хэрэгжиж эхэлсэн дүгнэлтээ хүчингүй болгохдоо ямар нэгэн байдлаар урьдчилан тайлбар аваагүй, мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүйд гомдолтой байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан баримтаар,

          3.1. Нэхэмжлэгч “К” ЗБН нь Толбо сумын Засаг даргын 2023 оны А/83 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Хашаатын ам гэх газарт 1000 м.кв газрын кемп барих зориулалтаар, 5 жилийн хугацаатай, А/84 дүгээр захирамжаар 3 га газрыг бичил уурхайн олборлолтын зориулалтаар, 5 жилийн хугацаатай тус тус эзэмших эрхтэй болсон.

          3.2. Хариуцагч  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 06/5130 дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай хяналт шалгалтын танилцуулгыг үндэслэн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10/1340 дугаар “Дүгнэлтийг хүчингүй болгох тухай” албан бичгээр “...Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Хашаатын ам нэртэй 4.76 гектар талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаарх” Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн даргын 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11/3710 дугаар дүгнэлтийг  хүчингүй болгож, Уул уурхайн кадастрын бүртгэлээс хассан талаарх мэдэгдлийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

          3.3. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “...Уул уурхайн хэлтсийн даргын 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11/3710 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгохдоо ямар нэг хууль журмыг баримтлаагүй, бодит байдлыг тогтоогоогүй, Кадастрын хэлтсийн даргад Уул уурхайн хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгох эрх байхгүй...” зэрэг үндэслэлээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж маргасан.

4. Анхан шатны шүүх “...Хариуцагч төрийн захиргааны байгууллагын 2023 оны 11/3710 дугаар дүгнэлт нь “К” ЗБН-д тухайн талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох боломжтой талаар гаргасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаа газар нь эрүүл, эвдрэлгүй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд түүнд эрх олгосон уг дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж заасан үндэслэлд хамаарна... Ашигт малтмалын газар дотооддоо чиг үүргээ хэлтсүүдэд хуваарилдаг тул Кадастрын хэлтсийн дарга уг хяналтын хүрээнд шийдвэр гаргах эрхтэй, өөрөөр хэлбэл, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих эрхийг Ашигт малтмал, газрын тосны газрын нэгжүүд хэрэгжүүлэх боломжтой...” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   5. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” хэмээн тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

          6. Тухайн тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ дурдсан Кадастрын хэлтсийн даргад Уул уурхайн хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгох эрх байхгүй гэх үндэслэлтэй холбоотой хуульд заасан журмын дагуу ямар нэгэн нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулаагүй.

          Хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “2.16-д “Ашигт малтмалын газар дотооддоо чиг үүргээ хэлтсүүдэд хуваарилдаг тул Кадастрын хэлтсийн дарга уг хяналтын хүрээнд шийдвэр гаргах эрхтэй, өөрөөр хэлбэл, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих эрхийг Ашигт малтмал, газрын тосны газрын нэгжүүд хэрэгжүүлэх боломжтой юм.”, 2.17-д “Тодруулбал, нэхэмжлэгчид 2023 онд эрх олгосон дүгнэлт гаргасан Уул уурхайн хэлтэс-ийн чиг үүрэг өөрчлөгдөөгүй, харин байгууллагын дотоод зохион байгуулалтын нэршлийн хувьд Кадастрын хэлтэс болж өөрчлөгдсөн” гэх дүгнэлтийг хийсэн болох нь тодорхойгүй байх тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн хэмээн үзэх боломжгүй.

7. Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2025/0943 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

     

                             ШҮҮГЧ                                                Л.ОДБААТАР

 

                             ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН

 

                             ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА