Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 123/ШШ2017/0047

 

 

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 123/ШШ2017/0047

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ЭЦ ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ЗДд холбогдох,

Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 211 тоот саналыг хүчингүй болгуулах, хуульд заасны дагуу дэмжсэн санал өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Уранбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЭЦ ХХК-ний захирал Х.Тогмид шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Шарга нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст журмын дагуу гаргасан. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрээр манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэр гаргасан. Тус шийдвэртэй холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэж байгаа бөгөөд тус хэргийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтийн даргаас хариу тайлбар ирүүлэхдээ Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 сарын 20-ны өдрийн 211 тоот албан бичгийг нотлох баримтаар хавсаргаж ирүүлснийг 2017 оны 10 сарын 12-ны өдөр хэргийн материалтай танилцахдаа гардан авсан. Манай компаниас гаргасан N12-027091 тоот өргөдөл Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-д заасан шаардлагыг хангасан тул тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-д заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу орон нутгаас санал авахаар хүргүүлэх арга хэмжээг авсан байна. Орон нутаг буюу Тов аймгийн Засаг дарга Ашигт малтмал газрын тосны газрын 2016 оны 3 сарын 16-ны өдрийн албан бичгээр мэдэгдэл хүргүүлж санал авахад 2016 оны 4 сарын 20-ны өдрийн 211 тоот албан тоотоор дэмжихгүй гэсэн санал хүргүүлэн байна. Т ЗД нь 2016 оны 04 сарын 20-ны өдрийн 211 тоотоор ирүүлсэн дэмжихгүй саналыг хүргүүлэхдээ Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасан үндэслэлээр татгалзжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д тусгай хэрэгцээний газар гэж, Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг хэлнэ гэж заасан бөгөөд тус хуулийн 19.5-д зааснаар дээрх үндэслэлээр татгалзаж болно. Гэвч Төв аймгийн Засаг даргын татгалзсан санал дурдаж буй бэлчээрийн газар гэх үндэслэлээр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах хуульд заасан үндэслэл биш бөгөөд тус талбайг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд, эсвэл тусгай хамгаалалтад авсан шийдвэр гараагүй, түүнийг ашигт малтмалын зураг зүйн нэгдсэн санд бүртгүүлээгүй тул Төв аймгийн Засаг даргын татгалзсан санал хууль зүйн үндэслэлгүй байна. Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 сарын 20-ны 211 тоот санал нь Ашиг малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг зөрчсөн байна. Иймд Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 сарын 20-ны 211 тоот саналыг хүчингүй болгож хуульд заасны дагуу дэмжсэн санал өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Уранбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ө.Эрдэнэ-Очир нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны 211 тоот санал нь Усны тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.2, Газрын тухай хууль 52 дугаар зүйлд зааснаар татгалзсан. Эдгээр заалтууд нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг татгалзах үндэслэл болохгүй. Өвөлжөө, хаваржааны газрын талаар Ашигт малтмалын тухай хуулинд зохицуулсан байдаг. Ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахад иргэдийн өвөлжөө, хаваржаа болон бэлчээрийн үйл ажиллагаатай зөрчилдөхгүй. Эхлээд геологийн үндсэн суурь судалгааны ажлууд хийгддэг. Геологийн судалгаа хийсний дараагаар илэрц гарч ирвэл тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Тусгай зөвшөөрөл олгох юм бол газраа ашиглах дараагийн үйл ажиллагаа юм. Ашиглалтын талбайн хэмжээ нь олдсон илэрцийнхээ хэмжээгээр эрс багасдаг. Хэрвээ ашиглах талбайд малчдын өвөлжөө, хаваржааны газар орсон бол нөхөн олговортойгоор ашиглах талаар тусгайлан зохицуулж өгсөн байдаг. Тусгай зөвшөөрөл зөвшөөрөл хүссэн талбайтай өвөлжөө, хаваржааны газар, бэлчээрийн талбай давхацсан гэдэг үндэслэлээр татгалзсан санал өгч болохгүй. Монгол улсын бүх талбай нь бэлчээрийн талбайд ордог. Хариуцагч талаас хариу тайлбар өгөхдөө орон нутгийн тусгай хэрэгцээнд орсон учраас тусгай зөвшөөрөл хүссэн саналд татгалзсан хариу өгсөн гэж бичсэн байна. Гэхдээ аймгийн Засаг даргын саналд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан учраас татгалзаагүй байсан. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бол энэ талаар Ашигт малтмал газрын тосны газарт мэдэгдэж бүртгүүлэх ёстой. Гэтэл тусгай хэрэгцээний талбай гэж бүртгүүлээгүй байдаг. Бүртгүүлсэн тохиолдолд тусгай хэрэгцээнд авсан гэдэг нь баталгаажих ёстой. Манай компани нь 2016 оны 04 өргөдлөө өгөхдөө шүүлт хийсэн. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын ямар нэгэн байдлаар тусгай хэрэгцээнд аваагүй гэж мэдэгдсэн. Хуульд зааснаар ямар нэгэн үндэслэл байхгүй учраас Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны 211 тоот саналыг хүчингүй болгож өгнө үү.

Мөн Захиргааны хэргийн шүүх захиргааны акт мөн гэж үзээд захиргааны хэрэг үүсгэсэн. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олж авах эрхийг үгүйсгээд байгаа учраас шууд гадагш чиглэсэн захиргааны акт юм. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тушаалд Засаг даргын 211 тоот саналыг үндэслэсэн учраас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа. Тушаалдаа 211 тоот саналыг үндэслээгүй байсан бол нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байсан. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 444 тоот тушаалын гол үндэслэл нь Төв аймгийн Засаг даргын 211 тоот саналаар татгалзсан тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн байдаг. 211 тоот санал нь хүчингүй болгосноор Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 444 дүгээр тушаал хүчингүй болох боломжтой гэж үзэж байна.

Бүх шатны Иргэдийн Төлөөлөгчийн Хурал, аймгийн Засаг дарга санал гаргахдаа хоёр зүйлийг буруу ойлгосон гэж үзэж байна. Ашигт малтмалын хайгуул, ашигт малтмалын ашиглалт гэдгийг ойлгоогүй. Хайгуул хийхийг хүссэн бүх талбайг ямарч бэлчээрийн зориулалтаар ашиглах боломжгүй болгох мэтээр ойлгож байна. Ашигт малтмалын эрэн хайх үйл ажиллагаа, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл гэдгийг буруугаар ойлгож, хуулийг буруу хэрэглэснээс болж Дэлгэрхаан сумын Шарга нэртэй газар ашигт малтмалын хайгуул хийхээр хүсэлт өгсөн "Эрдэнэ цагаач" ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг хөндөж, нөгөө талаас ашигт малтмалын нөөцөө тодорхойлох, эдийн засгийн эргэлтэнд оруулах гэсэн төрийн эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 211 тоот саналыг хүчингүй болгуулах, хуульд заасны дагуу дэмжсэн санал өгөхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Эрдэнэцагаач" ХХК-наас Ашигт малтмалын газарт гаргасан NE-027091 тоот өргөдөлд аймгийн засаг даргаас 2016 оны 211 тоот татгалзсан саналыг хүчингүй болгуулах, дэмжсэн санал өгөхийг даалгах талаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Аймгийн Засаг дарга Д.Баярбат нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар тэмдэглэлийн 1 дэх заалтыг үндэслэн 2 дахь заалтаар даалгасан үүргийг хэрэгжүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 211 тоот "Эрдэнэцагаач" ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй" гэсэн саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн билээ. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу Ашигт малтмалын газраас санал авахаар ирүүлсэн албан бичгийн хариуд аймгийн Засаг даргын зүгээс АМГ-т зөвхөн саналаа хүргүүлсэн байхад буюу Ашигт малтмалын газраас хэрхэн эцсийн шийдвэр гаргах нь тодорхойгүй байхад саналыг захиргааны шийдвэр гэж үзэж захиргааны хэрэг үүсгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т "19.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ..." гэж заасны дагуу сум болон аймгийн ИТХ-ийн саналыг авч, эдгээр саналыг харгалзан Ашигт малтмалын газарт уламжилсан билээ. Холбогдох сум болон аймгийн ИТХ-аас "дэмжихгүй" гэсэн санал ирсээр байхад аймгийн Засаг даргаас "дэмжиж" санал явуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй юм. Учир нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн ... харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх... гэж тодорхой заасан байдаг. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл нь захиргааны эрх зүйн акт биш бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно", Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно." гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу аймаг, сумын ИТХ болон аймгийн Засаг даргын санал нь захирамжилсан шинжийг агуулаагүй, захиргааны акт биш гэж үзэж байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг зөвхөн ашигт малтмалын газар эцэслэн шийдвэрлэдэг бөгөөд эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэж байна. Аймаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргаас татгалзсан санал ирсэн тохиолдолд Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах талаар хууль эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүй бөгөөд аймаг сумын санал нь тус компаний хууль ёсны эрх, эрх ашиг сонирхлыг шууд хөндөхгүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл нь төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг зохицуулсан заалт бөгөөд аймаг, сумаас ирсэн саналыг хууль ёсны эсэхийг хянан үзээд шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргах эрх хэмжээ нь зөвхөн Ашигт малтмалын газарт байгаа тул тус компани нь Ашигт малтмалын газрын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрт нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж байна. Иймд аймгийн Засаг даргаас өгсөн санал нь Ашигт малтмалын газар эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргахад нь шууд нөлөө үзүүлэхгүй, эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй гэж үзэж байна.

Аймгийн Засаг дарга нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаар тэмдэглэлийг үндэслэж татгалзсан саналыг өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.4-д заасны дагуу аймгийн Засаг даргаас Ашигт малтмал газрын тосны газарт зөвхөн саналаа хүргүүлсэн. Энэ саналыг Ашигт малтмал, газрын тосны газраас хүлээж аваад эцсийн шийдвэр гаргадаг. Аймгийн Засаг даргын санал хуульд нийцсэн үү гэдгийг Ашигт малтмалын газар өөрсдөө шалгаж үзээд шийдвэрээ гаргадаг. Өндөрширээт сум болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэж саналаа өгсөн байхад, аймгийн Засаг даргаас дэмжих талаар санал өгч болохгүй. Аймгийн Засаг даргын дэмжихгүй гэдэг санал шууд үр дагавар үүсгэхгүй учраас захиргааны акт биш. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар аймгийн Засаг дарга саналаа өгч болно гэж эрх олгосон заалт байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ашигт малтмалын газраас аймгийн Засаг даргаас 200 гаруй өргөдөлд санал авсан. Гэтэл 89 өргөдөлд хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн байдаг. Засаг даргын санал нь Ашигт малтмалын газрын саналд нөлөөлөхгүй гэж үзэж байна. ЭЦ ХХК-нд тусгай зөвшөөрөл олгохгүй гэдэг үр дагаврыг үүсгэхгүй гэж үзэж байна. Бэлчээрийн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохгүй гэх тийм зохицуулалт газрын тухай хуульд байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.5-д энэ хуульд заасан үндэслэлээр татгалзана гэж заагаагүй. Газрын тухай хуулинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно гэж заагаагүй ч гэсэн. Өргөдөл гаргахаас өмнө иргэдэд газрыг эзэмшүүлсэн байгаа. Иргэний эрхийг хөндөнө гэж үзэж байна. Тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь энд тэнд айлуудад газар эзэмшүүлсэн. Гэхдээ бэлчээрийн газрыг нийтээр ашиглах ёстой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас дүгнээд, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 211 тоот саналыг хүчингүй болгуулах, хуульд заасны дагуу дэмжсэн санал өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс: Т ЗДас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 211 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуульд зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэсэн заалтыг зөрчиж, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон заалтад хамааралгүй үндэслэл дурдаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн санал өгсөн нь хууль бус гэж, хариуцагчаас Сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, санал хүргүүлсэн гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Холбогдох үйл баримтыг авч үзвэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл гаргасны дагуу, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Шарга нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар санал авахаар Ашигт малтмалын газраас 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай 6/1694 тоот албан бичгийг Т ЗДд хүргүүлжээ. [1][1]

Үүний дагуу Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Шинээр хүссэн хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах тухай 07/201 дугаартай албан бичгээр Дэлгэрхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санал авснаар хариуцагч нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 12 дугаар тэмдэглэлд ...Дэлгэрхаан суманд 3489,72 га, ... газар нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх тухай асуудалтай танилцсан Тэргүүлэгчдийн 100,0 хувийн саналаар, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь заалтуудыг удирдлага болгон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй, албан ёсны саналыг хуулийн хугацаанд нь өгөхийг аймгийн Засаг даргад даалгав [2][2] гэж шийдвэрлэсний үндсэн дээр 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 211 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал-ын хуудсаар Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь заалтыг үндэслэн дэмжихгүй гэсэн саналыг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/578 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газарт хүргүүлсэн[3][3], Ашигт малтмалын газар 2016 оны 04 дугаар сарын 21-ний өдөр Ирсэн бичгийн бүртгэлийн карт-д хүлээн авч бүртгээд, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 444 дүгээр шийдвэрийн 16 дахь хэсгээр ЭЦ ХХК-ийн төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Засаг даргын дэмжихгүй гэсэн санал ирсэн тул гээд, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ. [4][4]

Нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь энэ үйл баримтаас үзэж, хариуцагч аймгийн Засаг даргын гаргасан санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал гаргах ёстой байхад үндэслэлгүйгээр татгалзсан санал гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газар тус саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул тус актуудыг хүчингүй болгуулна гэж тайлбарлаж байгаад холбогдуулан дүгнэвэл.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбайн байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ, 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэж тус тус заасан бөгөөд мөн зүйлийн 19.11-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.2.1 /Монгол улсын татвар төлөгч хуулийн этгээд, өргөдөл гаргахдаа талбайн байршил, зургийг шаардлагын дагуу гаргах, өргөдөлд дурдсан хайгуулын талбай нь хэлбэрийн шаардлага, хориглосон газар, нөөцөд авсан талбайтай болон бусад тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байх шаардлага/, 19.2.3 /...ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт... тэмдэглэх/, 19.2.4 /хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирсэн өргөдөлд дурдсан талбайтай бүхэлдээ давхацсан бол .../, 19.7 /тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан боловч 1 сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэлээс хасч/-д заасан шийдвэр гаргасан бол өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө гэж зааснаас үзвэл төрийн захиргааны байгууллага Засаг даргаас ирүүлсэн санал болон түүний үндэслэл болсон сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг харгалзан хянаж үзээд, хуульд заасан ашигт малтмал, эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, тусгай зөвшөөрлийн талбайтай ямар нэгэн хэмжээгээр давхацсан тохиолдолд л тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг буцаахаар заасан нь эцсийн шийдвэрийн төрийн захиргааны байгууллага өөрөө гаргах эрхтэй болохыг тодорхойлж байна. Нөгөө талаар Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэснээс үзвэл төрийн захиргааны байгууллага Засаг даргаас ирүүлсэн санал нь хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа эсэхийг хянан үзэх эрхтэй болохыг тодорхойлсон гэж үзэхээр байна.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т /хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын дагуу гаргасан өргөдөл/ заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна гэж тодорхойлсноор энэхүү 19 дүгээр зүйл нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын хийж гүйцэтгэх үйл ажиллагаа, түүнээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход холбогдох асуудлыг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны харилцааг зохицуулсан болох нь тодорхойлогдож байх бөгөөд энэ маргааны хувьд асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь 2016 оны 04 дүгээр сард Засаг даргын саналыг авсан боловч 2017 оны 07 дугаар сард хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хувьд маргаж байгаа актуудаас тусдаа дараагийн шийдвэр гарсан байгаагаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд өгсөн Засаг даргын санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19-д заасан шаардлагыг хангаагүй байх хэдий ч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг эцэслэн шийдвэрлэх, мөн хариуцагч Засаг даргын тухайн асуудалд холбогдуулан өгсөн ямарваа нэгэн саналыг Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх үүргийн дагуу дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй учир Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтсийн даргаас бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаартай шийдвэрээр асуудлыг нэгэнт шийдвэрлэсэн байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох, дахин санал өгсөн тохиолдолд ч нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл сэргэхээргүй буюу энэ актын улмаас нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөөгүй болох нь тогтоогдож байна гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.          Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 19.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Эрдэнэцагаач ХХК-ийн Т ЗДд холбогдуулан гаргасан Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 211 тоот Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал-ыг хүчингүй болгож, хуульд заасны дагуу дэмжсэн санал өгөхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

              3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

              Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЗОРИГТБААТАР

 

 

 


 

 

[1][1] Хавтаст хэргийн 52-55 дахь тал

[2][2] Хавтаст хэргийн 24 дэх тал

[3][3] Хавтаст хэргийн 23 дахь тал

[4][4] Хавтаст хэргийн 47-48 дахь тал