Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 835

 

МАГАДЛАЛ

 

2018.04.02                                                     Дугаар 835                                 Улаанбаатар хот

 

 

 

 

“С к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00605 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “С к” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ц холбогдох,

Гэрээний үүрэгт 158 252 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.У,

Хариуцагч: Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.Ц нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 64784 тоот С үйлчилгээний гэрээг “С к” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг С гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Д.Ц нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 3.2.1, 3.5.1, 6.5.5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3-д заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тасалбар болгон зогсоосон. Гэсэн хэдий ч үйлчилгээний төлбөр болох 104 252 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд үйлчилгээний төлбөр 104 252 төгрөг, төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл 50 000 төгрөг, нотариатын зардалд 4 000 төгрөг нийт 158 252 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “С к” ХХК-иас ТВ-ийн үйлчилгээ авах гэрээ байгуулан холболт хийлгэсэн. Гэрээгээр сарын суурь хураамж дээр 5000 төгрөг нэмж сар бүр төлөлт хийж тоног төхөөрөмжийн төлбөрийг барагдуулна гэсэн. Гэтэл сарын дараа тоног төхөөрөмийн үнэ бүхэлд нь нэхэмжилсэн нэхэмжлэл ирсэн. Суурьлуултын хураамж 10 000 төгрөг, сарын төлбөр 9 500 төгрөг, нэг сарын төхөөрөмжийн түрээсийн төлбөр 5000 төгрөгийг төлөөд тоног төхөөрөмжийг шинэ дээр нь буцааж өгөх гээд танай буцаан үзэх үйлчилгээ чинь яг тэр нэвтрүүлэгийг үзэж болдоггүй доголдолтой, бид сарын суурь хураамж дээр 5000 төгрөг нэмж төлнө гэж тохиролцсон ч танайх бөөн мөнгө нэхсэн байна. Иймд гэрээгээ цуцлая гэж очсон ч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Иймд миний зүгээс    20 000 төгрөгийг төлж буцаан өгөх хүсэлтэй байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ц 154 252 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С к” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С к” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5398 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц 5277 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С к” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сар бүр 5000 төгрөг түрээсийн төлбөр авна гэсэн гэрээ байгуулсан болохоос тоног төхөөрөмж худалдана гэж гэрээ байгуулаагүй. Тухайн төхөөрөмж нь миний хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна, гэрээг цуцлая гэж очиход цуцлахгүй гэсэн хариу өгсөн нь гэрээний нэг талд давуу тал бий болгосон. Одоо жилийн хугацаа өнгөрсөн хуучирч хоцрогдсон гэж байгаа нь хэрэглэгчдэд тоног төхөөрөмжөө өндөр үнээр зарж байна. Шүүхийн шийдвэрт Д.Ц гэж бичигдсэн байгаа нь надтай холбоотой шийдвэр гэж үзэхээргүй болсон байна. Иймд намайг төхөөрөмжийн үнэ төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “С к” ХХК нь хариуцагч Д.Ц холбогдуулан гэрээний үүрэгт 158 252 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч төхөөрөмж доголдолтой байсан, 1 сарын үйлчилгээний төлбөр, төхөөрөмж суурилуулалтын төгрөгийг төлнө гэжээ.

Талуудын хооронд худалдах, худалдан авах болон түрээсийн гэрээний агуулгатай холимог гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “С үйлчилгээний гэрээ”-нд төхөөрөмжийг төлөх үнийг түрээсийн төлбөр гэж бичсэн, үйлчилгээ үзүүлэх үнийг тусд нь сар бүр 9 500 төгрөг байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүсэж, 1 сар төхөөрөмжийг түрээсэлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал, зохигчдын хооронд холимог гэрээ байгуулагдсан, тухайн гэрээний үүрэгт, тухайн төрлийн гэрээний ойролцоо зохицуулалтад хамааран хэрэглэгддэг. Тухайн төхөөрөмж, үйлчилгээг хүлээж авсан үйл баримт тогтоогдсон тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн байна. Иймд хариуцагч нь тухайн 1 сарын түрээсийн төлбөр болон үйлчилгээ авсан төлбөрт нийт 20 750 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, хэрэгт цугларсан баримтад хариуцагч “Д.Ц”-ийн нэрийг “Д.Ц” гэж бичсэн нь буруу боловч энэхүү үг үсгийн алдааг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгохгүй бөгөөд хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдын нэрийг шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрт зөв бичих талаар шүүх цаашид анхаарвал зохино.   

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.   

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00605 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт “Д.Цэцэнчимэг” гэснийг “Д.Ц” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цээс 20 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С к” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 137 502 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,   

  1. дахь заалтыг “...хариуцагч Д.Цэцэнчимэгээс 5 277 төгрөгийг гаргуулж...” гэснийг “Д.Цээс 4 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 5 278 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                  М.НАРАНЦЭЦЭГ