Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2020/01262

 

2020 оны 05 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2020/01262 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  дугаар хороо,гудамж  байранд байрлах У ХХК  ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  дугаар хороо,  төвийн  тоотод байрлах Ж ХХК д холбогдох

 

Гэрээний үүрэгт 286,782,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С, хариуцагчийн төлөөлөгч С.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ц нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ тэмдэглэл хөтлөв.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У ХХК-ийн төлөөлөгч С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ж ХХК-тай 2018 оны 4 сард Өрөмдлөгийн ажил туслан гүйцэтгэх гэрээгээр Ө аймгийн Н сумын нутаг Цайлан гэх газарт хайгуулын болон гидрогеологийн цооногийн өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хэмжээг өрөмдсөн гүйцэтгэлээр тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээнд хайгуулын өрөмдлөгийн 1 тууш метрийг 150,000 төгрөг, гидрогеологийн өрөмдлөгийн 1 тууш метрийг 170,000 төгрөг байхаар, мөн захиалагч гэрээнд заасан хугацаанд санхүүжилтийг төлөөгүй тохиолдолд хоног тутам алданги 3000 юань төлөхөөр тохиролцсон. Алдангийг тооцохдоо 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ханшаар тооцож гаргасан. Хариуцагч тал ажлыг цааш үргэлжлүүлэхийг зогсоосон бөгөөд хайгуулын өрөмдлөг хийсэн газраас ашигт малтмалын нөөц тогтоогдоогүй тул өрөмдлөгийг зогсоосон тул ажлаа хийгээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм. Гэрээгээр дээж авах хайрцагны зардлыг нэхэмжлэгч төлөхөөр тохиролцоогүй тул ажлын хөлснөөс дээж авах хайрцагны зардал хасах хариуцагчийн татгалзлыг зөвшөөрөхгүй.Хариуцагчийн буруугаас ажлыг 10 хоног хоцроосон тул 10 хоногийн алданги ажлын хөлснөөс хасахыг зөвшөөрөхгүй харин 10 хоногийн хээрийн зардал 2,400,000 төгрөг хасахыг зөвшөөрнө. Манай компани нийт 477,488,000 төгрөгийн өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Захиалагч нийт 286,300,000 төгрөгийг төлж үлдэгдэл 191,188,000 төгрөгийг төлөөгүй. Иймд төлбөрийн үлдэгдэл 191,188,000 төгрөг, алданги 95,594,000 төгрөг, нийт 286,782,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

  

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ж ХХК нь У ХХК-тай 2018 оны 5 сарын 01-ний өдөр Өрөмдлөгийн ажлын туслан гүйцэтгэх гэрээгээр нүүрсний хайгуулын 5170 т.м, гидрогөологи хайгуулын 1670 т.м, нийт 6840 т.м өрөмдлөгийг 45 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр байгуулсан. Нэхэмжлэгч 6840 т.м өрөмдлөгийн ажлыг 45 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцсон боловч гэрээнд заасан ажлыг бүхэлд хийгээгүй мөн гэрээнд заасан хугацааг 10 хоногоор хэтрүүлсэн тул гэрээгээр тохиролцсон алдангийг төлөх ёстой. Нэхэмжлэгч худлаа өрөмдлөг хийсэн ба өрөмдлөгийн ажлыг каратожийн хэмжилтээр хийхээр тохиролцсон. Каратожийн хэмжилтээр 160,5 т.м өрөмдлөгийн ажил хасагдах тул ажлын хөлснөөс хасах ёстой. Мөн өрөмдлөгийн ажлын дээжийг авахаар 500 ширхэг хайрцаг захиалуулж, нэхэмжлэгч хариуцагчаар уг дээжний хайрцагийг авахуулсан. Одоо 3,000,000 төгрөгийн үнэ бүхий хайрцаг үлдсэн тул уг зардлыг хариуцагчийн ажлын хөлснөөс хасах ёстой. Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг заасан хугацаанд бүрэн хэмээгээр хийгээгүйгээс толгой компаниас санхүүжилт зогссон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч өрөмдлөгийн ажлын туслан гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 191,188,000 төгрөг, мөн гэрээний 4 дүгээр зүйл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алданги 95,594,000 төгрөг нийт 286,782,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2018.05.01-ний өдөр өрөмдлөгийн ажлын туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу Э ХХК-ийн захиалгын дагуу Ж ХХК нь хайгуулын ажил хийх бөгөөд өрөмдлөгийн ажилд У ХХК нь Өмнөговь аймгийн Н сумын нутаг Т гэх газарт хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн талбайд өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байх бөгөөд гэрээний 3-т зааснаар өрөмдлөгийн ажлыг 45 хоногт багтаан гүйцэтгэх, ажил гүйцэтгэх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 3000 юанийн төлбөрийг төлөх, Захиалагч нь дундын, сүүлийн хагас, сүүлийн санхүүжилтүүдийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй ба хугацаандаа төлөөгүй хоног тутамд 3000 юанийн алдангийг гүйцэтгэгчид төлөх, гэрээний 2-т хайгуулын ажлын өрөмдлөгийн 1 тууш метр /т.м/-ийн үнэ 150,000 төгрөг, гидрогеологийн өрөмдлөгийн 1 т.м үнэ 170,000 төгрөг, нийт өрөмдөх тууш метр хайгуулын өрөмдлөг 5170 т.м, гидрогеологийн өрөмдлөг 1670 т.м, нийт 6840 т.м байхаас өрөмдсөн гүйцэтгэлээр тооцохоор тохиролцсон байна./хх 6-13/

 

Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч дээр дурдсан гэрээний дагуу нийт 2780 т.м өрөмдлөгийн ажлыг хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч гэрээний төлбөрт нийт 477,488,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тооцоо нийлсэн актыг зохигч талууд үйлдэж, гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байна. /хх 15/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр ажлын нийт хэмжээ 6840 т.м байхаар тохиролцсон ба гэрээний төлбөрийг төлөхдөө нийт ажлын гүйцэтгэлийн хувиар тооцон төлбөр төлөх хугацааг тохиролцжээ. Нэхэмжлэгч нь хариуцагч өрөмдлөгийн ажлыг зогсоосон гэж тайлбарладаг. Харин хариуцагч гэрээнд заасан ажлыг нэхэмжлэгч бүрэн хийж гүйцэтгээгүй тул гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэж алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй юм.

 

Учир нь гэрээгээр тохиролцсон нийт ажлын хэмжээ 6840 т.м өрөмдлөгийн ажлыг Захиалагч захиалсан ба уг ажлыг захиалагч зогсоосон гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй тул төлбөр төлөх гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй байна.

 

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш 10 хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх ёстой.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хэзээнээс шаардаж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул алданги тооцох үндэслэлгүй гэж шүүх үзэж нэхэмжлэлийн шаардлагаас алданги 95,594,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч шүүхийн хэлэлцүүлгийн явцад каратожийн хэмжилтийн гүйцэтгэлээр ажлын үр дүн, хэмжээг тооцохоор тохиролцсон ба каратожийн хэмжилтээр үзэхэд нийт ажлын гүйцэтгэлээс 160,5 т.м өрөмдлөгийн ажлыг хасаж ажлын гүйцэтгэлийг тооцож, төлбөрийг төлөх ёстой гэж маргадаг.

 

Дээрх гэрээний 2-т ... Өрөмдлөг тус бүрийн хэмжээг гэрээнд заахгүй ба хайгуулын 5170 т.м, гидрогеологийн 1670 т.м байх ба нийт ажлын хэмжээ 6840 т.м байхаас өрөмдсөн гүйцэтгэлээр тооцно гэж тохиролцсон гэрээний агуулгаас каратожийн хэмжилтийн гүйцэтгэлээр ажлын үр дүн, хэмжээг тооцохоор тохиролцоогүй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд тус гэрээний 2-т каратожийн хэмжилтээр ажлын гүйцэтгэлийг тооцох агуулга тайлбарлагдахгүй байна.

 

Гэрээний 3-т ... Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх нийт хугацаа 45 хоног байна. Ажил гүйцэтгэлийн хугацаа 45 хоногоос хэтэрсэн тохиолдолд өдрийн 3000 юанийн төлбөрийг гүйцэтгэгч талаас захиалагч төлд төлнө гэж харилцан тохиролцсон байх ба гэрээ дүгнэсэн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн актаас үзвэл 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 2780 т.м өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэсэн, ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй, хугацаа хожимдуулж, ажлыг дуусгасан болох нь тогтоогдож байна. /хх 16/

 

Нэхэмжлэгч ажлыг 45 хоног гүйцэтгэхээр тохиролцсон, ажлыг 55 хоног гүйцэтгэсэн маргахгүй, гэхдээ ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж чадаагүй хоцроосон үндэслэл нь хариуцагчийн буруугаас болсон тул 10 хоногийн хээрийн зардал 2,400,000 төгрөг хасуулах хариуцагчийн татгалзлыг зөвшөөрнө. Харин хариуцагчийн буруугаас хугацаа хоцорсон тул 10 хоногийн алданги 30,000 юань буюу 11,853,600 /1 юань 395.12 төгрөг (нэхэмжлэх гаргах өдрийн Монгол банкны ханш) / төгрөгийг ажлын хөлснөөс хасах хариуцагчийн татгалзлыг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар хуульд нийцэхгүй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй ба хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс ажлыг хоцроосон хоног тутамд алданги тооцохоор гэрээнд зохигчид тохиролцсон тул ажлын хөлснөөс уг алдангийг хасуулах хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

Хариуцагч өрөмдлөгийн ажлын хүрээнд 500 ширхэг дээжний хайрцаг авч, нийт 3,000,000 төгрөгийн хайрцаг үлдсэн тул уг зардлыг нэхэмжлэгчийн ажлын хөлснөөс хасах ёстой гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Учир нь зохигчдын хооронд байгуулсан гэрээнд уг зардлыг хасах талаар харилцан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийн ажлын хөлснөөс хасах үндэслэлгүй болно.

 

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагчаас 176,394,400 /286,782,000 -95,594,000-11,853,600-2,400,00/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 109,847,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,591,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд тохирох 1,042,622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ж ХХК-иас гэрээний үүрэгт 176,934,400 төгрөг гаргуулж У ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 109,847,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,591,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд тохирох 1,042,622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.