Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2020/01075

 

2020 оны 4 сарын 27 өдөр                Дугаар 183/ШШ2020/01075       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Т,э,Д,ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Д-д холбогдох,

 

 

 

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 106.767.149 төгрөг, зээлийн хүү 35.239.494 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.058.877 төгрөг, нийт 144.065.520 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “Т,э,Д,ф ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Д нь манай байгууллагад 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хандан, орон сууц худалдан авахад зориулан 110.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлээр олгохыг хүссэн ба зээлдэгчийн хүсэлт болон холбогдох бусад баримтуудыг үндэслэн 60 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн хүүтэй, 108.379.000 төгрөгийг тоот зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан олгосон. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон өөрсдийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байгаа. Манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч, тодорхой хугацаанд зээлийн болон барьцааны гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байна. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч О.Дгээс зээлийн гэрээний үүрэг буюу нэмэгдүүлсэн хүү 2.058.877 төгрөг, үндсэн хүү 35.239.494 төгрөг, үндсэн зээл 106.767.149 төгрөг, нийт 144.065.520 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т,э,Д,ф ББСБ” ХХК-иас хариуцагч О.Дд холбогдуулан “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 106.767.149 төгрөг, зээлийн хүү 35.239.494 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.058.877 төгрөг, нийт 144.065.520 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч О.Д нь “Т,э,Д,ф ББСБ” ХХК-тай 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр дугаартай “Зээлийн гэрээ”[1] байгуулж, 108.379.000 төгрөгийг сарын 1,3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан, мөн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”[2] байгуулж, зээлийн барьцаанд орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр дуусах байсан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн 16 дугаар хуудаст авагдсан “”Т,э,Д,ф ББСБ” ХХК-ийн зээлийн график, хавсралт 1” гэсэн баримт, “Т,э,Д,ф ” ХХК-иас 4 удаа хүргүүлсэн “Мэдэгдэл” зэрэг баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч О.Дд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр[3] нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, хариу тайлбар өгөх хугацаа олгосон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй.

 

Мөн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн  захирамжаар хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэж байсан, түүнчлэн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор ханган, дараагийн шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13.30 цагт хийхээр тогтоосныг хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарт биечлэн мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс гадна хариу тайлбар өгөөгүй байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх болон 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.Дгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 106.767.149 төгрөг, зээлийн хүү 35.239.494 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.058.877 төгрөг, нийт 144.065.520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т,э,Д,ф” ХХК-нд олгож шийдвэрлэлээ. 

 

Түүнчлэн хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар О.Дгийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т,э,Д,ф” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 948.478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Дгээс 948.478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т,э,Д,ф” ХХК-нд олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх болон 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.Дгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 106.767.149 төгрөг, зээлийн хүү 35.239.494 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.058.877 төгрөг, нийт 144.065.520 /нэг зуун дөчин дөрвөн сая жаран таван мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т,э,Д,ф” ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч О.Дгийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т,э,Д,ф” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 948.478 /есөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун далан найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Дгээс 948.478 /есөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун далан найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т,э,Д,ф” ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА