Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/00258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Т Ц ХХК

Хариуцагч: Н Ш Ш Г Г 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А

хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхбаяр, П.Б

нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т Ц ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01312 дугаар захирамж, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 102/ГХ2018/00918 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас гарч Т Ц ХХК-иас 879,691,175.02 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг захирамжид үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 20 дугаар хороо үйлдвэрийн баруун бүс-1 Москвагийн гудамж 54 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205027858 дугаарт бүртгүүлсэн 1620 м.кв талбайтай авто засварын газар, Баянгол дүүргийн 20 дугаар хороо 5 шарын буудлын урд байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0286426 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 8022/5070 дугаартай зочид буудал, үйлчилгээний зориулалттай 600 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг худалдан борлуулсан үнээс үүргийг хангуулахаар заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг 2,237,974 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээн миний эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүсийн-1 54 тоотод байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай Их баян төвийг 2,237,974,000 төгрөгөөр үнэлсэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 436 дугаар үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 1312 дугаар захирамж, 2018 оны 08 сарын 31-ний өдрийн 918 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас гарч Т Ц ХХК-иас 879,691,175.02 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг захирамжид үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 20 дугаар хороо үйлдвэрийн баруун бүс-1 Москвагийн гудамж 54 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205027858 дугаарт бүртгэгдсэн 1620 м.кв талбайтай авто засварын газар, Баянгол дүүргийн 20 дугаар хороо 5 шарын буудлын урд байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0286426 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 8022/5070 дугаартай зочид буудал, үйлчилгээний зориулалттай 600 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг худалдан борлуулсан үнээс үүргийг хангуулахаар заасан. Нэхэмжлэгч талаас, уг байшин барилга нь 14,000,000,000 төгрөгийн үнэд хүрнэ,энэ үнээр худалдан борлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэх өөрийн үнэлгээг гаргаж өгсөн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэ тохиролцсонгүй гэх шалтгаанаар Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилж, үнэлгээ гаргуулсан. Үнэлгээ хийлгүүлэх шийдвэр нь 2019 оны 9 сард гарсан байдаг. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний төв нь 2019 оны 6 сарын үеийн үл хөдлөх эд хөрөнгдүүдийн үнэлгээг бичиж, мөн баримтан дээрээ 2019 оны 6 сарын огноог бичсэн байсан. Хөрөнгийн үнэлгээ төв нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 436 дугаар үнэлгээгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг 2,237,974,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээ нь нэхэмжлэгчийн 10,000,000,000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээнээс хэт доогуур буюу зах зээлийн үнийг буруу гаргаж эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 436 дугаар үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т Ц ХХК-иас гаргасан Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүсийн-1 54 тоотод байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай Их баян төвийг 2,237,974,000 төгрөгөөр үнэлсэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 436 дугаар үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1312 дугаар захирамжаар Т Ц ХХК-иас 882,004,477 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Т Ц ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс-1 Москвагийн гудамж 54 тоот хаягт байрлах 1620 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй 600 метр квадрат талбайтай газрыг битүүмжлэн хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилоход 2,237,974,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу талуудад 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдсэн. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т Ц ХХК-иас гаргасан Баянгол дүүргийн 20 дугаар хороо үйлдвэрийн баруун бүс-1, 54 тоотод байрлах үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг 2,237,974,000 төгрөгөөр үнэлсэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 436 дугаар үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 1312 дугаар шүүгчийн захирамжаар Т Ц ХХК-иас 882,004,477 төгрөгийг гаргуулж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Т Ц ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо үйлдвэрийн баруун бүс-1, 54 тоот хаягт байрлах 1620 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгө, мөн хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 600 м.кв талбайтай газрыг битүүмжлэн хурааж үнийн санал авахад харилцан тохиролцоогүй. Иймд хөндлөнгийн шинжээч томилж, Хөрөнгийн үнэлгээний төв нь тухайн хөрөнгийг 2,237,974,000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу талуудад 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдсэн. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н Ш Ш Г Гт холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлээгүй гэж тайлбарлаж байх ба харин хариуцагчийн төлөөлөгч нь үнэлгээ зах зээлийн үнэлгээгээр тогтоогдсон, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж маргаж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01312 дугаар захирамжаар хариуцагч Т Ц ХХК нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 879,691,175.02 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс-1, Москвагийн гудамж 54 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205027858 дугаарт бүртгэлтэй, 1620м2 талбай бүхий автозасварын газар болон Баянгол дүүрэг 20 дугаар хороо 5 шарын буудлын урд байршилтай, нэгж талбарын 8022/5070 дугаартай гэр бүлийн зориулалттай газар эзэмших эрхээр хангахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталжээ.

Дээрх шийдвэрийг Т Ц ХХК сайн дураар биелүүлээгүйгээс Н Ш Ш Г Г 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах авах ажиллагааг хийсэн, уг ажиллагаанууд хуульд нийцсэн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авсан боловч үнийг тохиролцоогүйгээс шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгосон байна. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээг өртгийн хандлагын, зах зээлийн харьцуулан жиших аргаар хийж, зах зээлийн харьцуулан жиших аргаар тогтоосон үнийг зах зээлийн үнэлгээ гэж санал болгожээ.

Дээрх аргаар үнэлгээ тогтоохдоо газрыг 2019 оны 6 дугаар сарын 3-5-ны өдөр, үйлчилгээний талбайг 2019 оны 5 дугаар сарын 3, 5 дугаар сарын 12-13-ны өдрүүдийн үнэлж буй эд хөрөнгөтэй ойролцоо байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг зарах үнийн саналыг үндэслэн тогтоожээ. Худалдан борлуулахаар тогтоож буй барилгын үнэлгээний зорилго нь түүний зах зээлийн өртгийг тухайн цаг хугацаанд байгаагаар нь тооцож тодорхойлох юм. Шинжээчээр ажилласан Ж.Уртнасангийн гэрчийн мэдүүлэгт хөрөнгийн үнэлгээний журмыг баримталж үнэлгээ тогтоосон, 4 сарын хооронд үнийн ямар нэгэн хэлбэлзэл гараагүй учир 2019 оны 6 сард хийсэ мэдээллээ ашиглаад 2019 оны 10 сард үнэлгээ хийсэн, хөрөнгийн үнэлгээний институтээс гаргасан журамд үл хөдлөх хөрөнгийн мэдээлэлд 3-4 сарын хугацаанд үнийн хэлбэлзэл байхгүй бол өмнө нь ашиглаж байсан материалаа ашиглан үнэлгээ хийж болно гэсэн журам бий гэж байгаа боловч 2019 оны 5-10 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийн үнийн хэлбэлзэл гараагүй талаар болон энэ талаарх баримтыг дүгнэлтдээ тусгаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Т Ц ХХК-ийн үүгийн гүйцэтгэлийг биелүүлэхээр хураан авсан Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс-1, Москвагийн гудамж 54 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205027858 дугаарт бүртгэлтэй, 1620м2 талбай бүхий автозасварын газар болон Баянгол дүүрэг 20 дугаар хороо 5 шарын буудлын урд байршилтай, нэгж талбарын 8022/5070 дугаартай гэр бүлийн зориулалттай газрын үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс-1, Москвагийн гудамж 54 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205027858 дугаарт бүртгэлтэй, 1620м2 талбай бүхий автозасварын газар болон Баянгол дүүрэг 20 дугаар хороо 5 шарын буудлын урд байршилтай, нэгж талбарын 8022/5070 дугаартай гэр бүлийн зориулалттай газрын үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т Ц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Түмэнцагаан ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА