Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2019/02822

 


 

2019 оны 12 сарын 20 өдөр

   Дугаар 183/ШШ2019/02822

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, байрлах, АХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тоот хаягт оршин суух, Боржигон овогт Б /РД:/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8 687 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанзул нар оролцов.                                  

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч АХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нарантуул захын өргөтгөлийн 362 дугаар лангууг түрээслэгч иргэн Ч.Бтай №07/53-2015 дугаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар нийлүүлэгч нь чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний нийлүүлэх, борлуулагч нь өөрийн дэлгүүр болон бусад хэлбэрээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, худалдан авсан барааны үнийг нийлүүлэгч талд 30 хоногийн дотор төлөх, хэрэв төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний 4.1-т заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Уг гэрээний дагуу нийлүүлэгч ХХК нь борлуулагчид хэлэлцэн тохиролцсон бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлж эхэлсэн ба борлуулагч Ч.Б нь худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний үнийг цаг тухай бүрт нь төлдөг байсан боловч 2017 оны 10 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй. Ч.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 5 791 600 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөртэй байх бөгөөд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 4.1-т зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хувь хэмжээгээр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд тооцоход 2 895 800 төгрөгийн алданги бодогдсон байна. Иймд Ч.Бгаас бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 791 600 төгрөг, алданги 2 895 800 төгрөг, нийт 8 687 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Ч.д холбогдуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 8 687 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ч. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...тус компани хариуцагч Ч.тай 2015 оны 10 сарын 21-ний өдөр 07/53-2015 дугаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж, борлуулагч Ч. нь үнийг цаг тухайд нь төлдөг байсан боловч 2017 оны 10 сараас хойш төлөлт хийгээгүй 5 791 600 төгрөгийн үлдэгдэлтэй, гэрээнд зааснаар алданги 2 895 800 төгрөгийн хамт нийт  8 687 400 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2015 оны 10 сарын 21-ний  өдөр 07/53-2015 дугаар бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ХХК-иас 5 000 000 төгрөгийн лимиттэй барааг /тамхи/ зээлээр авч 30 хоногийн дотор төлбөрийг төлөх үүрэг хүлээж, гэрээний хугацаа 2016 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэхээр тохиролцсон байна. /хх-6-8/

 

Талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасанд нийцсэн тул нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Ч. нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.  

 

            Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацааг 2016 оны 10 сарын      20-ны өдөр хүртэл үргэлжлэхээр заасан боловч гэрээний харилцаа дээрх нөхцөлөөр 2017 оны 10 сарыг хүртэл үргэжилсэн гэж тайлбарлаж, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээг нотлох баримтаар гаргасан байна. Тус баримтаас үзэхэд хариуцагч Ч. нь 5 791 600 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.  /хх-9/

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч татгалзаж шүүхэд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэв.

 

Харин талууд гэрээний хугацааг сунгахдаа анзын тохиролцоог бичгээр хийгээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар алданги шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

 

Иймд хариуцагч Ч.Бгаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 791 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги  2 895 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 153 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 107 615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Хариуцагчид шүүхээс шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасанд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Бгаас 5 791 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 895 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 153 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 107 615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ