Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 42

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн М-ы Б-д холбогдох 201714000024 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1. Б- овгийн М-ы Б-, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт ** аймгийн ** сумын ** багийн ** тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. /РД:УП********/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

1. Шүүгдэгч М.Б- нь 2016 оны 10 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод Б.Э-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас марган түлхэж унаган бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Э-ийн “2016 оны 10 сарын 27-ны өдөр Б-ийн гэрт Б- болон тэдний хажуу өрөө хөлсөлж байсан залуу Б-, өөр нэг танихгүй залуучуудын хамт сууж байгаад тэд нарын ууж байсан архинаас бага зэрэг уугаад Б-ийн охиныг дагуулаад унтахаар том өрөөнд орсон. Тэд нар жижиг өрөөнд үлдсэн. Тэгээд би том өрөөнд хэвтэж байтал унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь Б-ийн охин 6 настай А- эмээ хоёулаа жижиг өрөөнд оръё гээд татаад байсан. Ингээд А-г дагуулаад жижиг өрөөнд ортол Б-, Б- хоёр үлдчихсэн хоёулаа нилээн согтуу байсан. Намайг жижиг өрөөнд орох үед Б-, Б- нар муудалцсан байдалтай байхаар нь би ороод юу болоод байгаа юм бэ гэхэд Б- танд хамаагүй, та цаашаа бай гээд намайг түлхтэл би газар унахдаа баруун гараа газар тулж унаад баруун гар маань шуу хэсгээрээ өвдөж хавдаж эхэлсэн. Би гар хугалчихлаа гээд орилсон. Маш хүчтэй өвдөлт мэдэгдсэн. Ингээд Б-, Б- бид гурав эмнэлэг яваад хүлээн авах тасагт очтол миний гарыг гипсдэж өгсөн. Б- надад нийт 300 000 төгрөгийн хохирол барагдуулсан байгаа. Б- надад эмчилгээний зардал болох 1 000 000 төгрөг өгөхөөр анх ярилцаж байсан боловч гэрээг 800 000 төгрөгөөр хийсэн. Б-тай тохиролцон байсан учир би эм тариа авсан. Такси унаад зарцуулсан баримт гэж огт цуглуулаагүй. Б- тохиролцсоны дагуу эмчилгээний мөнгөө өгчих байлгүй гэж бодож байсан юм. Тийм учраас Б-гаас үлдэгдэл 500 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21-р хуудас/

 

2. Гэрч Г.Л-гийн “2016 оны 10 сарын 27-ны өдөр манай ээж гэртээ хоноогүй юм. Гэтэл 2016 оны 10 сарын 28-ны өдөр манай ээж Э- над руу утасдаад ээж нь Б-ийнд байна. Өчигдөр гараа хугалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би өвчин намдаах эм тариа аваад Б-ийн гэрт очтол ээж баруун гарынхаа тохойноос урагш хуруу хүртлээ гипс тавиулсан байдалтай байсан. Тэгээд би юу болсон бэ яагаад гараа гипсдуулчихсэн юм бэ? гэхэд өчигдөр орой Б-, Б- хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Б-ийг өмөөрөөд юу болоод байгаа юм бэ гэж асуухад Б- намайг та цаашаа байж бай гээд түлхэж унагаад гарыг минь хугалсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-р хуудас/

 

3. Гэрч Б.Б-ийн “Биднийг гэрт ирэх үед манай танил эгч болох Э- үүдэн дээр ирчихсэн байсан. Тэгээд манай гэрт ороод бүгдээрээ архи ууцгаасан. Би нэлээн халсан байсан бөгөөд нэг мэдэхэд Б-тай маралдаж байсан. Яг юунаас болж бидний хооронд маргаан болсныг би санахгүй байгаа юм.  Гэтэл Э- эгч унтахаар том өрөөнд орсон байснаа гарч ирээд намайг өмөөрөөд байх шиг байсан. Тэгээд Б- бид хоёр Э- эгчийг аваад эмнэлэг явж гарыг нь гипсдүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-р хуудас/

 

4. Гэрч Б.А-гийн “2016 оны 10 сарын 27-ны өдөр би гэмтлийн тасагт жижүүрийн ээлжтэй байсан. Жижүүртэй байх хугацаанд орой болсон хойно Э- гэх эмэгтэй хоёр хүнтэй хамт ирж үзүүлсэн. Яг хэдэн цагийн үед ирснийг мэдэхгүй байна. орой л болсон байсан. Ингээд уг иргэний биед үзлэг явуулахад түүний баруун гар хавдсан зовиур ихтэй байсан. Тэгээд түүний хавдартай гарыг дижитал рентгэн аппаратаар авч баруун гарын яс шуу хэсгээрээ хугарсан байсан тул хавдартай гарт нь гипсэн аравч тавьж өгсөн. Ингээд Э- гэх эмэгтэйд дахин гэмтлийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлээд явуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-р хуудас/

 

5. Гэрч Э.С-ын “Бид нар Б-ийнд очих гээд явж байгаад тэдний хаалганы гадаа орцны 4 давхарт Б-ийн хамаатны эгч Э-тэй тааралдсан. Э- эгч хаалгыг чинь тогшсон хүн байхгүй байсан одоо ирж байгаа юм уу гээд бид 5 Б-ийнд орсон. Бид хэд ярилцаж байгаад Б- бид хоёр гадагшаа дэлгүүр орох гэж гэрээс гарсан. Гадагш гараад 30 орчим минутын дараа гэрт ороход Э- эгч том өрөөнд баруун гараа сойж уясан байдалтай сууж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Б- Э- эгч гараараа хаалга налаад зогсож байхаар нь холд цаашаа гээд түлхсэн чинь гараа дараад шалан дээр унасан тэгээд ийм юм болчихлоо гэж хариулж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-р хуудас/

6. Гэрч Х-ийн “Зургаас харахад шууны үеэр хугарч зөрүүтэй, зөөлөн бороо үүссэн, ясан бороо үүсээгүй байсан. Энэ нь гүйцэд эдгэрээгүй эдгэрч байна. Бороолох процесс явагдаж байна гэсэн үг. Хугарал нь бага зэргийн зөрүүтэй бороолж эдгэрч байсан. Ийм учраас шарлага, шавар, иллэг зэрэг физик эмчилгээнд явахыг бичиж явуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-р хуудас/

 

7. Шүүх шинжилгээний албаны 2016 оны 12 сары 22-ны өдрийн 31 дугаартай дүгнэлтийн “Б.Э-ийн биед баруун гарын шуу ба богтос ясны далд хугарал үүсчээ.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 32-р хуудас/

 

8. Шинжээч эмч Ч.Б-гийн “Б.Э-ийн биед үзлэг хийхэд баруун гар өвдөнө гэсэн зовиуртай, баруун гарын шуу битүү боолттой, боолтыг авч үзэхэд ил харагдах гэмтэл үгүй, баруун сарвуу бага зэрэг хавдсан, сарвуу шуу эмзэглэлтэй, бугуйн үеийн хөдөлгөөн хязгаарлагдсан байсан. Б.Э- 2016 оны 10 сарын 27-ны өдөр уг гэмтлийг авсан байх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Э- нь “Хохирлоо төлүүлж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй учир намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Бүжинлхам ялын шүүмжлэлдээ “Шүүгдэгч М.Б-гийн гэм буруутай үйлдэл нь нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа. Иймд хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан албадан ажил хийлгэх ял шийтгэх саналтай байна” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч М.Б- нь 2016 оны 10 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод Б.Э-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түлхэж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Э-ийн “Намайг жижиг өрөөнд орох үед Б-, Б- нар муудалцсан байдалтай байхаар нь би ороод юу болоод байгаа юм бэ гэхэд Б- танд хамаагүй, та цаашаа бай гээд намайг түлхтэл би газар унахдаа баруун гараа газар тулж унаад баруун гар маань шуу хэсгээрээ өвдөж хавдаж эхэлсэн. Би гар хугалчихлаа гээд орилсон” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-ийн  “Гэтэл Э- эгч унтахаар том өрөөнд орсон байснаа гарч ирээд намайг өмөөрөөд байх шиг байсан. Тэгээд Б- бид хоёр Э- эгчийг аваад эмнэлэг явж гарыг нь гипсдүүлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Э.С-ын  “Гадагш гараад 30 орчим минутын дараа гэрт ороход Э- эгч том өрөөнд баруун гараа сойж уясан байдалтай сууж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Б- Э- эгч гараараа хаалга налаад зогсож байхаар нь холд цаашаа гээд түлхсэн чинь гараа дараад шалан дээр унасан тэгээд ийм юм болчихлоо гэж хариулж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Л-, Б.А- нарын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн “Б.Э-ийн биед баруун гарын шуу ба богтос ясны далд хугарал үүсчээ.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

М.Б-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Эрүүгийн 201714000024 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290,294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б- овгийн М-ы Б-г бусдын бие махбодид  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч М.Б-г 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн албадан ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч М.Б- нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  М.Б-д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.АЛТАНГАДАС